Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01462

 

 

 

 

 

 

 

 

2022 03 31

101/ШШ2022/01462

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  А хоршоо /ХЗХ/,

 

Эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21380592/2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21380592/4 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01057 дугаар захирамжаар Ш.Сгаас 38,055,705 төгрөгийг гаргуулж А Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн дагуу НШШГГ ажиллагаа хийж, төлбөр төлөгч Ш.Сн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн  дугаартай,  тоотод байрлах 39 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжлэн хураахдаа төлбөр төлөгч Ш.Сг байлцуулаагүй, түүний аав, охин хоёроор гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, 33 дугаар зүйл талуудын эрх үүрэг 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах гэж заасныг зөрчсөн. Мөн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулаагүй мөртлөө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж түүнд мэдэгдсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс Ш.Сн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,  тоотод байрлах 39 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилсэн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө хураасан тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01057 дугаар захирамжаар Ш.Сгаас 38,055,705 төгрөг гаргуулж А Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.Сн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  тоотод байрлах 39 метр квадрат талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4-187/18349 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Ш.Сн эхнэр Т.С 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсний дагуу талууд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус газар ирж үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад харилцан тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/266 тоот шинжээч томилох тогтоолоор Виннэр-Вэй ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгоход 137,501,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн   дугаартай утсаар ярьж ирж авахыг мэдэгдэхэд очих боломжгүй Сэлэнгэ аймагт аавыгаа харж байгаа тул шуудангаар гэрийн хаягаар явуулж болно гэж тайлбар өгсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ш.Стай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж үнэлгээний тайлантай танилцуулж анхны албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг гардуулж өгсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ш.Сн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-д 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид дамжуулан өгөхийг даалган хүлээлгэн өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Ш.С хариуцлага нэхэх хууль зүйн үндэслэлгүй. Төлбөр төлөгч тал шинжээчийн дүгнэлт гарсныг мэдсэн бөгөөд танилцахаас зайлсхийсэн, хуулийн дагуу мэдэгдлийг хүргүүлсэн, үнэлгээний тэмдэглэлтэй танилцсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой. Бүх ажиллагаа хийгдсэний дараа шууд шүүхэд гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ш.С өөрийг нь байлцуулаагүй учраас миний эрх ашгийг зөрчиж байна гэж тайлбар гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас талуудын ая талыг хараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гацах, процесс саатах үзэгдэл байж болохгүй. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хугацаатай, мэдэгдлийг 3 хоногийн дотор гардуулдаг, 3 хоногийн хугацаанд хүрэлцэн ирэхгүй бол ямар ажиллагаа явуулах талаар хуульд заасан. Битүүмжлэх, хураан авах тогтоол гаргаад мэдээж урьдчилаад мэдэгдэж байгаа. Тийм учраас энэ ажиллагааг хойшлуулж болохгүй, хөндлөнгийн гэрч гэх мэт олон хүмүүс цуглуулж оролцож байгаа. Ш.Сг хөдөө байгаа гээд энэ ажиллагааг хойшлуулж болохгүй, ажиллагааг хуулийн дагуу хийсэн. Ш.С 2021 оны 10 дугаар сард өөрийгөө оролцоогүй гэдгээ мэдэж байсан мөртлөө намайг оролцуулаагүй гээд гомдол гаргаж байгаа нь утгагүй. Учир нь өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байвал хөндөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой. Бүх процессын ажиллагаа хийгдсэний дараа намайг оролцуулаагүй байна гээд байх юм. Хууль мэдэхгүй байгаагаа давуу тал болгож ашиглаж болохгүй. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан гомдолд нь битүүмжлэх, хураан авах тогтоолыг хүчингүй болгоод өгөөч гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байна, харин дуудлага худалдааг хойшлуулаад өгөөч гэсэн хүсэлт байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааг хойшлуулдаггүй. Төлбөр авагчид албан ёсоор санал хүсэлтээ тавьсан бол манайх дуудлага худалдааг хойшлуулах арга хэмжээ авч болох байсан. Төлбөр авагчтай ямар ч харилцаа үүсгээгүй, зугтаад алга болсон. Бид санаа зовоод хөрөнгө нь дуудлага худалдаанд орчих вий, хүмүүс авчих вий гэж санаа зовж байхад өр өшиглөж байгаа юм шиг өнөөдөр шүүх дээр огт өөр хүсэл зоригийн илэрхийлэл яриад байна, хууль, шүүхийн байгууллага тоглоом биш. Битүүмжлэх, хураан авах тогтоолыг хүчингүй болгуулах талаар ямар нэгэн гомдол гаргаагүй юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: итгэмжлэл /хх-5/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-7-10/, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21380592/2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-11-12/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21380592/4 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-13-14/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-15/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4-166/18349 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хх-16/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-187/21887 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдэл /хх-17/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-187/24182 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдэл /хх-18/,

Хариуцагч талаас: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-34, 35/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн   дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тухайн захирамжид өөрчлөлт оруулсан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ дугаартай шүүгчийн захирамж /хх-36-37, 38-39/, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн   дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол /хх-40/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх-42-44/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хх-45, 46/, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21380592/2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-47-48/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хх-49/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21380592/4 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-50-51/, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4-166/18349 дугаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн албан бичиг /хх-52/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-53/, төлбөр төлөгч Ш.Сгийн үнийн санал хүргүүлсэн бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-56-57/, А ХЗХ-ны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-58/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/266 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, холбогдох баримт /хх-59-64/, Виннэр Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-65-84/, төлбөр авагч, төлөгч нарт хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-85-88/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/57 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-89/, төлбөр төлөгчид мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-90-91/, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 213805921 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-92/, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-93-94/, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай танилцуулга /хх-95/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Сгаас Д.Эд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон итгэмжлэл /хх-96/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, төлбөр төлөгчид мэдэгдсэн албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-97, 98-100/, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-101-104/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр төлөгчид хүргүүлсэн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-106-107/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: шүүхэд гаргасан хүсэлт /хх-108/, итгэмжлэл /хх-109/, А Хадгаламж зээлийн хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-110/, А хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хх-111/, шүүхэд ирүүлсэн тайлбар /хх-115/,

шүүхээс бүрдүүлсэн баримт: төлбөр төлөгч Ш.Сгаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр НШШГГт гаргасан гомдол.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч НШШГГт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,   тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргасан.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А Хадгаламж зээлийн хоршоо нь төлбөр төлөгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад оролцох, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, шинжээчийн дүгнэлт гарсныг мэдсэн ч танилцахаас зайлсхийсэн, шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу мэдэгдлийг хүргүүлсэн, үнэлгээний тэмдэглэлтэй танилцсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбарыг гарган оролцсон.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01057 дугаар захирамжаар хариуцагч Ш.Сгаас 37,872,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 203,705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Хадгаламж зээлийн хоршоонд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,   тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр төлөгч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар шүүгчийн захирамж,   дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

НШШГГ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн   дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,   тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор төлөхийг мэдэгджээ.

 

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн   дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Ш.С нь барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн  дугаартай,   тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлжээ.

 

Төлбөр авагч А Хадгаламж зээлийн хоршоо нь төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагчийн үнийн саналаас зөрүүтэй байна гэх үндэслэлээр битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/266 дугаар тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,   тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.

 

Шинжээчээр томилогдсон Виннэр Вэй ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, үнэлгээчин Д.Биндэръяа нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

 

Виннэр Вэй ХХК нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай,  тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 137,501,000 төгрөгөөр тогтоож үнэлсэн байна.

 

НШШГГ нь төлбөр төлөгч Ш.Сд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-187/19864 дугаартай албан бичгээр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгджээ.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг баримтлан Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор төлбөр төлөгч Ш.Сгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,   тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч Ш.Сд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-187/21887 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь уг тогтоол болон мэдэгдэл хүргүүлсэн талаар шүүхэд маргаагүй.

 

Анхны албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Ш.Сгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-оор 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч Ш.Сд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-187/24182 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

 

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа болж, төлбөр төлөгч Ш.Сгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,  тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, барьцаалсан үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон талаар төлбөр төлөгчид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-187/25268 дугаартай албан бичгээр мэдэгджээ.

 

Нэхэмжлэгч Ш.С нь шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй эрхийг нь зөрчсөн, хөрөнгийн үнэлгээг албан ёсоор хуульд заасны дагуу танилцуулалгүй албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж түүнд мэдэгдсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл заан мэтгэлцсэн.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч Ш.Сд шүүхийн шийдвэрийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн болох нь, мөн тухайн өдөр шүүхийн шийдвэрийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах болохыг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч Ш.Сд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр уг үүргээ биелүүлээгүй, мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг төлбөр төлөгчийн охин С.Оюунчимэг, аав Т.Шагдаржав нарыг байлцуулан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгчийн эхнэр Г.Саранмижид болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хийж гүйцэтгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчөөгүй байх бөгөөд төлбөр төлөгч Ш.С нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа заасан мэдэгдлийг хүлээн авсан хирнээ эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд оролцож шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр томилогдсон Виннэр Вэй ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ш.Сд утсаар мэдэгдэхэд биечлэн авах боломжгүй гэснийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-187/19864 дугаартай албан бичгээр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул үнэлгээний тайланг мэдэгдэж танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ш.С нь шинжээч Виннэр Вэй ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан шүүхэд гомдлын шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч НШШГГ нь битүүмжлэн хураагдсан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хариу өгөөгүй учраас шүүхэд хандсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд түүний гаргасан гомдлын агуулгаас үзэхэд түүний байрыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хойшлуулах хүсэлтийг гаргасан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ш.С нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэр тухайлбал, гомдлын шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэртэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнэхэд хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч Ш.Сгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013868 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ТЗ-н 23 дугаар байр, 74 тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 49 дүгээр зүйлийн 49.4, 55 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу явуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тал болох нэхэмжлэгч Ш.Сгийн хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21380592/2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21380592/4 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн   дугаартай,  тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн   дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн   дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/00719 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР