2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1248

 

 

 

 

 

 

 

2025         05        13                                          2025/ШЦТ/1248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн  шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч М.А,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2503 00000 0315 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Б овогт М.А

Монгол улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.А нь урьд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон  эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайвны өргөн чөлөө Зүүн 4 замын уулзварын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд “Тоёота Приус /Toyota Prius/” загварын .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад “Тоёота коралла Филдер /Toyota Corolla Fielder/” загварын .......улсын дугаартай автомашиныг мөргөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

            Шүүгдэгч М.А нь урьд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон  эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайвны өргөн чөлөө Зүүн 4 замын уулзварын тээврийн хэрэгсэл зорчих замд “Тоёота Приус /Toyota Prius/” загварын .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад “Тоёота коралла Филдер /Toyota Corolla Fielder/” загварын .......улсын дугаартай автомашиныг мөргөсөн үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1.35% согтолттой гэх /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эрх хасагдсан гэх /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 - Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 916 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Иймд шүүгдэгч М.А нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулжээ. Улмаар дахин 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайвны өргөн чөлөө Зүүн 4 замын уулзварын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд “Тоёота Приус /Toyota Prius/” загварын .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад “Тоёота коралла Филдер /Toyota Corolla Fielder/” загварын .......улсын дугаартай автомашиныг мөргөж осол гаргасан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            Шүүгдэгч М.Ад ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал, согтолтын зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал орлого олох боломжийг нь харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.Ад оногдуулсан эрх хасах ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Бусад асуудлын талаар

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3000  /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Аыг торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ