| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/1009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1290 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1290
2025 05 16 2025/ШЦТ/1290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгч Н.М, Т.А, тэдгээрийн өмгөөлөгч О.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М, Т.А нарт холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/1009/Э индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т.А,
2. Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь “ххх” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ххх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдаж байгаа барилгад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой ажлуудыг барилгын тухай хууль, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн эрүүл мэндийн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллах үүргээ бүрэн биелүүлэлгүй уг компанийн харуул, хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэгч ажилтай Т.Дыг хамгаалах хэрэгсэлгүй, 48 цагийн хугацаанд ажиллуулснаас үүдэн, Т.Д нь баригдаж байсан барилгын 2 давхраас В1 давхрын шат руу унаж улмаар гавал тархины гэмтлийн улмаас нас барсан,
Шүүгдэгч Н.М нь “ххх” ХХК-ийн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ххх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдаж байгаа барилгад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой ажлуудыг барилгын тухай хууль, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн эрүүл мэндийн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллах үүргээ бүрэн биелүүлэлгүй уг компанийн харуул, хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэгч ажилтай Т.Дыг 48 цагийн хугацаанд ажиллуулснаас үүдэн Т.Д нь баригдаж байсан барилгын 2 давхраас В1 давхрын шат руу унаж улмаар гавал тархины гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...талийгаач манай төрсөн аав, тухайн өдөр 11 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Орой ээж утсаар яриад аав нь ийм болсон юм шиг байна гэсэн. Тэгээд аавын ажил дээр очсон. Тэгээд аавыг эмнэлэгрүү аваад явсан байсан ингээд аав маань нас барсан байсан. Оршуулгын зардалд 20,000,000 төгрөг төлсөн. Сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд төлнө гээд баталгаа гаргаж өгсөн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хавтас, 22-26 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дын:...манай аав 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тухайн барилгын харуулаар бүтэн гарсан. Маргааш нь үргэлжлүүлж 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан. Хэний шийдвэрээр 48 цагийн хугацаанд гарсан гэдгийг мэдэхгүй байна. Талийгаачийн нас барсны дараа А гэх хүнтэй уулзахад 1 ээлжний хүн нь ажлаасаа сайн дураараа гарсан. Талийгаачтай ээлжилж гарч байсан хүн 24 өөр гарах юм уу, 48 цагаар гарах юм уу, гэж ярилцаж байгаад 48 цагаар гарахаар болсон байсан. Тэрнээс тэр талын мэдээллийг сайн мэдэхгүй байна. Талийгаачийг нас барсны дараахан шөнийн 23:00 цагийн орчим талийгаачийг ямар газарт ажиллаж байсан гэдгийг нь харах гээд очсон. Тухайн барилгын 3 давхарт баригдаж дуусаагүй засмал зам руу харсан өрөөнд газар унтдаг гээд кардонин цаасан дээр хонодог гээд манаач ах хэлж байсан. 3 давхарт бол ямар ч гэрэл цахилгаан байхгүй, дээшээ, доошоо буух шат хэсэг нь бариул хамгаалалт хашлагагүй байсан. Мөн нэг давхарт нь болохоор ус гэрэл цахилгаантай учраас ус буцалгагч тавьчихсан байсан. Тухайн үед бол аюулгүй ажиллагааг хариуцсан касс малгайчгүй байсан. Талийгаачийн өдөр нь 11 дүгээр сарын 28-ны өдөр учраас хэд хоногийн өмнө нь аавтай уулзах гээд гэрт нь очиход ажилтай гээд ерөөсөө таарч өгөхгүй байсан. Миний санаж байгаагаар ямар ч байсан 48 цагаар 3 удаа бол гардаг байсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас,15 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Чын:...би өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ххх салбарт ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дуудлага мэдээлэл авч иргэдэд түргэн тусламж үзүүлэн ажиллаж байсан, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 42 минутад ххх дүүргийн 19 дүгээр хороо “ххх”-ын харалдаа арын барилга дээр шатнаас унаад амьсгалахгүй, ухаангүй, 62 настай, эрэггэй хүн байна гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авч 16 цаг 50 минутад ирж шалгахад зүүн талын дагз, чамархай хэсгээс их хэмжээний цус гарсан, зүүн талын чихнээс цус гарсан, 2 нүд бүлцийж хөхөрсөн, хүүхэн хараа гэрэлд ямар нэгэн урвал үзүүлэхгүй нарийссан амыг ангайлгаж үзэхэд хэлээ хазсан, доод эрүүний яс хугарсан, 2 гарын үзүүр хэсгийг шалгахад хөшилт, хөрөлт үүссэн, зүрх цохилохгүй, даралт мэдрэгдэхгүй нас барсан байдалтай байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 42-43 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Нийн:...би бол дарга ахлах нартай 48 цагаар ээлжилж байгаа гэдгийг хэлээгүй харин талийгаач хэлэхдээ Атай ярьчихсан гэж хэлсэн. Ажлын газраас ямар нэгэн зүйл ярихгүй байсан учраас болчихсон юм байна гэж ойлгосон. Бид 2 cap гаруй хугацаанд 48 цагаар ээлжилсэн. Аг бол хүн байхгүй дутуу байгаа гэдгийг өөрсдөө мэдэж байсан учраас бид 2 ажлаа хийгээд чимээгүй яваад байсан. Аюулгүй байдлын сургалтад хамрагдаж байгаагүй. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан нь амаараа хэлдэг байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 52-55 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Шийн:...2022 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 07:00 цагт амь хохирогч Т.Д ажилдаа явна гээд гэрээс гараад явсан, тэр өдөртөө 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19:00 цагийн орчимд ххх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ярьж байна. Ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад шатнаас унасан байна гэж хэлсэн. Ингээд ххх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн. Бид нарыг ирэхэд манай нөхрийн харуулын албаны дарга нь гээд хүн ирчихсэн байсан. Уг нь манай нөхөр 24 цаг гараад 48 цаг амардаг байсан. Гэтэл оронд нь гарах ёстой хүн нь ажлаасаа гарчихсан хоёулаа үүрэг гүйцэтгэж байгаа гэж хэлсэн. Өмнө нь манай нөхөр 48 гарч байсан гэхдээ яг хэзээнээс эхэлж гарч байсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,57-59 дүгээр тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Гын:...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ байхад 17-18 цагийн үед би материал авахаар 7 давхараас В-1 давхарлуу бууж байхад В1 давхарын хамгийн доод талын шатан дээр тухайн барилгын харуул ах доошоо хараад хэвтэж байсан. Би гараад ХАБ-ын ажилтан Ч дуудаад бид хоёр харуул ахыг дээш нь харуулаад шатнаас хажуу тийшээ гаргаад ХАБ-ын ажилтан анхны тусламж үзүүлээд 103 дуудаад түргэн ирээд үзээд машндаа аваад эмнэлэг авч явсан. Талийгаач нүүр ам, 2 нүд дух нь хавдсан байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 61 дүгээр тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дын:...би 13 давхараас доошоо граж руу буухад граж руу буух шатны хажууд талийгаачийг газар хэвтүүлсэн байдалтай нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, түргэн дуудсан гээд байж байсан. Миний хувьд өмнө нь ийм зүйл харж байгаагүй учраас айгаад ойртож хараагүй холоос л харсан, нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байсан, осол болохоос 10-20 минутын өмнө 2 давхарт явж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 63 дугаар тал/,
2.8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3065 дугаартай дүгнэлтэд:..
1. Талийгаачийн биед баруун чамархай хуйханд цус хуралт, зулгаралт, баруун чамархай, дух, гавлын урд хонхор, титэм заадал, зүүн чамархай, дагзны салаалсан шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан доорх цус харвалт, тархины няцралт, баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Нас барахын өмнө үүссэн байна.
4. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.6. Талийгаач нь судас хатуурах өвчин, зүрхний архаг цус хомсрох өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.
7. Талийгаачийн цус ходоодны шингэн спиртийн агууламж болон мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 67-70 дугаар тал/,
2.8. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглап / 1 дүгээр хавтас, 152 дугаар тал/,
2.9. Аюулгүй ажиллагааны ерөнхий дүрэм. / 1 дүгээр хавтас, 154 дугаар тал/,
2.10. “ххх” ХХК-ны захирлын тушаал. / 1 дүгээр тал, 156 дугаар тал/,
2.11. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам. / 1 дүгээр хавтас, 157-182 дугаар тал/,
2.12. Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм. / 1 дүгээр хавтас, 183- 204 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: ялах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг хавтас хэргээс: шүүгдэгч нарын хувийн байлдалтай холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 70-81 дүгээр талд, 83-95 дугаар талд авагдсан нотлох баримтууд болон шинээр гаргаж өгсөн баримтыг шинжлэн судлав.
3.3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар хавтас хэргээс: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/, 15 дугаар тал, 154 дүгээр тал, 105-110 дугаар тал хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д болон шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Т.А нь “ххх” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ххх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдаж байгаа барилгад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой ажлуудыг барилгын тухай хууль, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн эрүүл мэндийн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллах үүргээ бүрэн биелүүлэлгүй уг компанийн харуул, хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэгч ажилтай Т.Дыг хамгаалах хэрэгсэлгүй, 48 цагийн хугацаанд ажиллуулснаас үүдэн, Т.Д нь баригдаж байсан барилгын 2 давхраас В1 давхрын шат руу унаж улмаар гавал тархины гэмтлийн улмаас нас барсан,
Шүүгдэгч Н.М нь “ххх” ХХК-ийн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ххх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдаж байгаа барилгад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой ажлуудыг барилгын тухай хууль, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн эрүүл мэндийн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллах үүргээ бүрэн биелүүлэлгүй уг компанийн харуул, хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэгч ажилтай Т.Дыг 48 цагийн хугацаанд ажиллуулснаас үүдэн Т.Д нь баригдаж байсан барилгын 2 давхраас В1 давхрын шат руу унаж улмаар гавал тархины гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дын:...манай аав 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тухайн барилгын харуулаар бүтэн гарсан. Маргааш нь үргэлжлүүлж 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан. Хэний шийдвэрээр 48 цагийн хугацаанд гарсан гэдгийг мэдэхгүй байна. Талийгаачийн нас барсны дараа А гэх хүнтэй уулзахад 1 ээлжний хүн нь ажлаасаа сайн дураараа гарсан. Талийгаачтай ээлжилж гарч байсан хүн 24 өөр гарах юм уу, 48 цагаар гарах юм уу, гэж ярилцаж байгаад 48 цагаар гарахаар болсон байсан. Тэрнээс тэр талын мэдээллийг сайн мэдэхгүй байна. Талийгаачийг нас барсны дараахан шөнийн 23:00 цагийн орчим талийгаачийг ямар газарт ажиллаж байсан гэдгийг нь харах гээд очсон. Тухайн барилгын 3 давхарт баригдаж дуусаагүй засмал зам руу харсан өрөөнд газар унтдаг гээд кардонин цаасан дээр хонодог гээд манаач ах хэлж байсан. 3 давхарт бол ямар ч гэрэл цахилгаан байхгүй, дээшээ, доошоо буух шат хэсэг нь бариул хамгаалалт хашлагагүй байсан. Мөн нэг давхарт нь болохоор ус гэрэл цахилгаантай учраас ус буцалгагч тавьчихсан байсан. Тухайн үед бол аюулгүй ажиллагааг хариуцсан касс малгайчгүй байсан. Талийгаачийн өдөр нь 11 дүгээр сарын 28-ны өдөр учраас хэд хоногийн өмнө нь аавтай уулзах гээд гэрт нь очиход ажилтай гээд ерөөсөө таарч өгөхгүй байсан. Миний санаж байгаагаар ямар ч байсан 48 цагаар 3 удаа бол гардаг байсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас,15 дугаар тал/,
- гэрч Г.Чын:...би өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ххх салбарт ххх улсын дугаартай тзэврийн хэрэгсэлтэй дуудлага мэдээлэл авч иргэдэд түргэн тусламж үзүүлэн ажиллаж байсан, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 42 минутад ххх дүүргийн 19 дүгээр хороо “ххх”-ын харалдаа арын барилга дээр шатнаас унаад амьсгалахгүй, ухаангүй, 62 настай, эрэггэй хүн байна гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авч 16 цаг 50 минутад ирж шалгахад зүүн талын дагз, чамархай хэсгээс их хэмжээний цус гарсан, зүүн талын чихнээс цус гарсан, 2 нүд бүлцийж хөхөрсөн, хүүхэн хараа гэрэлд ямар нэгэн урвал үзүүлэхгүй нарийссан амыг ангайлгаж үзэхэд хэлээ хазсан, доод эрүүний яс хугарсан, 2 гарын үзүүр хэсгийг шалгахад хөшилт, хөрөлт үүссэн, зүрх цохилохгүй, даралт мэдрэгдэхгүй нас барсан байдалтай байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 42-43 дугаар тал/,
- гэрч Г.Нийн:...би бол дарга ахлах нартай 48 цагаар ээлжилж байгаа гэдгийг хэлээгүй харин талийгаач хэлэхдээ Атай ярьчихсан гэж хэлсэн. Ажлын газраас ямар нэгэн зүйл ярихгүй байсан учраас болчихсон юм байна гэж ойлгосон. Бид 2 cap гаруй хугацаанд 48 цагаар ээлжилсэн. А бол хүн байхгүй дутуу байгаа гэдгийг өөрсдөө мэдэж байсан учраас бид 2 ажлаа хийгээд чимээгүй яваад байсан. Аюулгүй байдлын сургалтад хамрагдаж байгаагүй. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан нь амаараа хэлдэг байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 52-55 дугаар тал/,
- гэрч Ц.Шийн:...2022 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 07:00 цагт амь хохирогч Т.Д ажилдаа явна гээд гэрээс гараад явсан, тэр өдөртөө 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19:00 цагийн орчимд ххх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ярьж байна. Ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад шатнаас унасан байна гэж хэлсэн. Ингээд ххх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн. Бид нарыг ирэхэд манай нөхрийн харуулын албаны дарга нь гээд хүн ирчихсэн байсан. Уг нь манай нөхөр 24 цаг гараад 48 цаг амардаг байсан. Гэтэл оронд нь гарах ёстой хүн нь ажлаасаа гарчихсан хоёулаа үүрэг гүйцэтгэж байгаа гэж хэлсэн. Өмнө нь манай нөхөр 48 гарч байсан гэхдээ яг хэзээнээс эхэлж гарч байсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,57-59 дүгээр тал/,
- гэрч А.Гын:...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ байхад 17-18 цагийн үед би материал авахаар 7 давхараас В-1 давхарлуу бууж байхад В1 давхарын хамгийн доод талын шатан дээр тухайн барилгын харуул ах доошоо хараад хэвтэж байсан. Би гараад ХАБ-ын ажилтан Ч дуудаад бид хоёр харуул ахыг дээш нь харуулаад шатнаас хажуу тийшээ гаргаад ХАБ-ын ажилтан анхны тусламж үзүүлээд 103 дуудаад түргэн ирээд үзээд машндаа аваад эмнэлэг авч явсан. Талийгаач нүүр ам, 2 нүд дух нь хавдсан байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 61 дүгээр тал/,
- гэрч Б.Дын:...би 13 давхараас доошоо граж руу буухад граж руу буух шатны хажууд талийгаачийг газар хэвтүүлсэн байдалтай нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, түргэн дуудсан гээд байж байсан. Миний хувьд өмнө нь ийм зүйл харж байгаагүй учраас айгаад ойртож хараагүй холоос л харсан, нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байсан, осол болохоос 10-20 минутын өмнө 2 давхарт явж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 63 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3065 дугаартай дүгнэлтэд:
- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглап / 1 дүгээр хавтас, 152 дугаар тал/,
- Аюулгүй ажиллагааны ерөнхий дүрэм. / 1 дүгээр хавтас, 154 дугаар тал/,
- “ххх” ХХК-ны захирлын тушаал. / 1 дүгээр тал, 156 дугаар тал/,
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам. / 1 дүгээр хавтас, 157-182 дугаар тал/,
- Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм. / 1 дүгээр хавтас, 183- 204 дүгээр тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шүүх бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.А нь баригдаж буй барилга дээрээ харуул хамгаалалтын ажилтан авч ажиллуулах явцдаа шатны гарцыг хааж битүүлэхдээ шатны хөндий рүү хүн унаж бэртэхээс урьдчилан сэргийлсэн хаалт, хамгаалалт хийлгүй орхисон нь аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байх ба тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцсан мэргэжилтэн Н.М нь уг зөрчлийг илрүүлэх, арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т.Д нь харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ баригдаж буй барилгын 2 давхраас шатны уруу унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тооцно.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.А, Н.М нарыг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгдэгч нар нь амь хохирогчийн оршуулгын зардлыг төлж барагдуулсан, харин сэтгэцэд учирсан хор уршиг, хохиролд шүүгдэгч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь 15.000.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Т.А, Н.М нар нь 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх тул шүүгдэгч Н.Мээс 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Т.Ааас 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мт 1 /нэг/ жил, шүүгдэгч Т.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар тус бүр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг Н.Мийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг, Т.Аийг оршин суугаа газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг тус тус хориглох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.А, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг,
Шүүгдэгч Н.Мн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.
4. Шүүгдэгч Т.А, Н.М нар нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг тус тус анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Н.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Мээс 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Т.Ааас 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А, Н.М нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ