| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 197/2025/0321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/292 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/292
2025 04 28 2025/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”10-р” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э овогт Гын Ад холбогдох эрүүгийн 2510 00000 0515 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
....................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Глобал хотхоны 12-75 дугаар байрны гадна хохирогч Б.Дын “Lexus NX-300” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээж улмаар 637,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Глобал хотхоны 12-75 дугаар байрны гадна хохирогч Б.Дын “Lexus NX-300” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээж улмаар 637,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5 дахь тал/,
2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дын өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Глобал гарден хотхоны 1275 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн ......улсын дугаартай “Lexus NX-300” маркийн тээврийн хэрэгслийг ил зогсоолд үл таних хүний тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр хааж байрлуулаад гэртээ орсон. Шөнө 01 цагийн үед намайг унтаж байхад ...... гэх дугаараас миний ...... дугаар руу залгахаар нь шөнө ямар хүн залгадаг билээ танихгүй дугаар байна гээд аваагүй. Тэгтэл дахин залгахаар нь би авах гэтэл гадаа түс, түс гээд сонсогдохоор нь би нээрээ машин хаагаад тавьсан байгаа шүү дээ гэж санаад цонхоор хартал хоёр үл таних эрэгтэй хүн миний машины хажууд зогсон цаад талд нэг машины гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би гар утсаа аваад ярихад хөөе машин гаръя гээд их ууртай ярихаар нь за одоо гарлаа гэж хэлээд гарах үед дахин түс, түс гээд чанга дуугараад байхаар нь миний машиныг өшиглөж, цохиод байгаа юм биш биз дээ гэж бодоод гараад очтол миний машины хажууд согтуу бололтой амнаас нь архи үнэртэж байсан хоёр эрэгтэй зогсож байсан бөгөөд надад хандан чи миний эрхийг хааж боолоо гээд их уур, уцаартай хэлэхээр нь би өөрийн машинаа эргэж тойроод хартал миний машины баруун хойд талын буюу жолоочийн ард талын хаалганы дунд хэсэгт гурван газарт гутлын мөр гараад хонхойсон байдалтай байхаар нь тухайн хүмүүстэй яагаад миний машиныг өшиглөж байгаа юм гээд маргалдаад байж байтал ......байрны 4 дүгээр давхараас нэг үл таних эмэгтэй цонхоор наад хоёр залуу чинь чиний машины ард талаас нэг юм хугалаад байсан шүү гэж хэлэхээр нь би очоод хартал шил арчигчийг хугалсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №1-1026 дугаартай: “...lexus NX 300 тээврийн хэрэгслийн текникийн эвдрэл, хохиролын үнэлгээ 637,500 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машиныг хаагаад хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан байсан. Тэгээд гарах гээд утасны дугаар луу нь 5-6 удаа залгахад утсаа авахгүй байхаар нь би бухимдаад тухайн тээврийн хэрэгслийг өшиглөж, хойд салхины шилний арчигчийг нь хугалсан. Өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Яллагдагч Г.Аийн хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Яллагдагч Г.Аийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 48 дахь тал/,
2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дын эд хөрөнгөд хохирол учирсан ба яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 697,500 төгрөг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 39 дэх тал/ байх тул шүүгдэгч Э.Аийг бусдад төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Гын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН