Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Хохирогч Б.Н-

Шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-ад холбогдох эрүүгийн 201622000710 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.Н-,

Шүүгдэгч О.Н- нь 2016 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоот хашааны гадаа иргэн Б.Н-ийг таксины мөнгө төлсөнгүй гэх шалтгааны улмаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч О.Н- нь 2016 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоот хашааны гадаа иргэн Б.Н-ийг таксины мөнгө төлсөнгүй гэх шалтгааны улмаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой найзтайгаа уулзчихаад 00 цагаас 01 цагийн хооронд Нэкст дэлгүүрийн үүднээс гэртээ харих гээд такси барьсан. Тэгээд таксинд суугаад гэрийнхээ хаягийг хэлээд гэр лүү машин хөдөлсөн. Гэрийн гадаа очоод би хэдэн төгрөг гарч байна гэсэн чинь таксины жолооч 2.000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орж мөнгөө аваад ирье гэж машинаас буугаад гэртээ ороод ээжээс мөнгө асуусан чинь ээжид мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаж гарч ирээд жолоочид ээж мөнгөгүй ажлаасаа гараад ирчихсэн байна. Маргааш өглөө миний ажил дээрээс очоод мөнгө авчихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь жолооч намайг машинд суучих гэж хэлсэн тэгэхээр нь би машинд нь суусан. Тэгсэн жолоочийн хажууд сууж байсан хүн наадах чинь мөнгөгүй юм чинь хойш нь гаргаж байгаад зодоод хаячихъя гэж хэлэнгүүт би айгаад машинаас зугатаагаад гарсан. Тэгээд гэрийнхээ хашааны хаалгаар орох гэж байхад жолооч миний хувцаснаас татаж хашааны гадаа гаргаж ирж байгаад миний дээрээс 2-3 удаа цохисон. Би ээжийгээ дуудаж 1 удаа орилсон. Тэгээд намайг цохиж байгаад чамд барьцаанд тавих юм байна уу гэсэн. Тэгээд би барьцаанд гар утсаа гаргаж өгсөн. Би жолоочид миний утсыг битгий унтраагаарай би өөрөө залгаж мөнгөө өгөөд гар утсаа авчихъя гэж хэлсэн. Тухайн үед цохиулсны дараа цээж хавиар нэг л эвгүй байгаад байсан. Гэрлүү ороод өвдөөд өвчин намдаах эм уугаад хоносон. Маргааш өглөө нь сэрээд босох гэсэн чинь бие өвдөөд босч чадахгүй байсан. Эмнэлэг орж үзүүлсэн чинь эгэм дал 2-ын холбоос яс хугарсан байна гэж эмч хэлээд эмнэлэгт хэвтсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р тал/,

Гэрч Л.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний 00 цаг 30 минутын орчим манай хүү Б.Н- гэр лүүгээ такси бариад ирлээ гээд орж ирсэн. Тэгээд орж ирээд ээж танд таксины мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь мөнгө байхгүй байна гэж хэлсэн чинь за гээд буцаад гараад явсан. Манай хүү таксины жолооч 2 чанга чанга дуугаралдаж байсан тэгсэн манай нөхөр энэ гадаа чанга чанга дуугаралдаад байх шиг байна хоорондоо зодолдож магадгүй шүү гэж хэлсэн чинь удалгүй манай хүү ээжээ гэж орилсон. Би хувцасаа өмсөөд яг гарах гэж байсан чинь манай хүү гэртээ зүүн мөрөө бариад орж ирээд ор луу шууд орилоод унаад өгсөн. Тэгээд ёолоод хэвтээд байхаар нь өвчин намдаах эм өгсөн. Өглөө эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь эгэм хугарчихсан гэж хэлсэн. Би тэр жолоочтой уулзаад чи манай хүүг цохисон байна лээ ш тээ гэж манай хүү өчигдөр хашааны гадаа ээж гэж орилохоор нь би гарах гээд хувцасаа өмсөөд байж байхад манай хүү гэрт орж ирэхээр нь хартал хувцас нь цас болчихсон орж ирсэн гэж хэлсэн чинь нөгөө жолооч би олон удаа цохиогүй гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 00 цагийн үед манай хүү гэрт орж ирээд таксины мөнгө асууж байсан. Тэгсэн Л.О- мөнгө байхгүй талаар хэлсэн. Хүү хэсэг зогсож байгаад гэрээс гараад явсан. Тэгээд намайг орондоо хэвтэж байхад гадаа хүмүүс чанга чанга дуугаралдаад байсан. Б.Н- ээжээ гэж гаднаас орилж байх шиг сонсогдсон. Л.О-ийн гадаа хэрэлдээд, маргалдаад байх шиг байна гараарай гэж хэлсэн чинь Л.О-ийг хувцасаа өмсөж дуусаагүй байхад Б.Н- гаднаас ёолсоор орж ирсэн. Тэгээд Б.Н- шууд ор луу хэвтсэн. Эхнэр өвчин намдаах эм өгч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Гэрч П.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед Эрдэнэс бааранд намайг сууж байхад Б.Н-той тааралдсан байх. Тэгээд би цуг явж байсан найзтайгаа баарнаас гараад найзынхаа машинд сууж байсан чинь Б.Н- баарнаас гарч ирээд миний сууж байсан машинд суугаад гэрэлтэй цонх ороод гэртээ харих гээд би буугаад үлдсэн. Б.Н- зүгээр явж байсан биедээ ямар нэг бэртэл, гэмтэл аваагүй байсан. Бааран дотор хүнтэй зодоон, цохион хийгээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 632 дугаартай

- Б.Н-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

- Б.Н-ийн биед зүүн дал мөрний үений холбоосны гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,й

Хохирогч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Миний мөрөн дээрээс зуурч аваад сэгсэрч 2-3 удаа цохисон. Мөн хашаатай хавсарсан. Гомдолтой байна. Эмчилгээ болон бусад зардлыг нэхэмжилнэ. Хохиролын асуудлыг нээлттэй орхиж өгнө үү. Иргэний журмаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000710 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

Эрүүгийн 201722000710 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч нь эмчилгээний болон цалингийн зардал 1.200.000 төгрөг нэхэмжилсэн боловч түүний нотлох баримтаар гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 55, 56-р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно. Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний болон бусад зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ