| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2003000530457 |
| Дугаар | 2021/ДШМ/381 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/381
Т.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч Б.Дима,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч У.Түвшинжаргал, Б.Дима нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Д-д холбогдох эрүүгийн 2003 00053 0457 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Т-н Д, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .....авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .................... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Т.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Ц А” хүнсний дэлгүүрийн урд замд “Volkswagen Polo” загварын 72-10 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж заасныг зөрчин ухрах үйлдэл хийсний улмаас явган зорчигч Б.Э-г мөргөж амь насыг нь хохирсон гэмт хэрэг холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Т.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Т-н Д-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Д-д оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Т.Д-н “В” ангиллын 1299850 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Т.Д-с 11.119.353 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-д олгож, Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч У.Түвшинжаргал, Б.Дима нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Т.Д нь эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, залуу гэр бүл юм. Эхнэр М нь оюутан. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас хохирлыг төлж чадаагүй.
Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-д хохирлын 1.500.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2.350.000 төгрөгийг тус тус төлсөн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоос 3.850.000 төгрөгийг нөхөн төлсөн. Одоо үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн хийсэн хэргээ ойлгон гэмшиж байгаа, бага насны хоёр хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч Б.Дима тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан. Харин шүүгдэгчийн зүгээс хохиролд 5.500.000 төгрөг төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж өгнө үү. Т.Д нь эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь оюутан учраас Т.Д нь өөрөө ажил хийж амьжиргаагаа залгуулдаг. Цар тахлын энэ үед нэг ч гэсэн хүнийг ар гэрт нь байлгаж, ажил төрлийг хийлгэж, эхнэр хүүхдүүдээ тэжээх боломжийг олгож өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар гаргасан санал хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан. Ингээд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулахад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол буюу оршуулгын зардалд зарцуулсан 11.119.353 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Д-д ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Шүүх хуралдааны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-д шүүгдэгчийн талаас хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан нь түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэнэ гэсэн хуулийн ойлголт биш гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Т.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тооцохоор заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тооцохоор өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Ц А” хүнсний дэлгүүрийн урд замд “Volkswagen Polo” загварын 72-10 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж заасныг зөрчин ухрах үйлдэл хийсний улмаас явган зорчигч Б.Э-г мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-н “... Би тэр даруй эмнэлэг дээр яваад очих үед ээжийн минь ухаан нь орж, гараад байж байсан. Цэргийн эмнэлэг яаралтай Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт ээж маань очоод, удаагүй 30-40 минутын дараа нас барсан. ...” /хх 25-26/,
гэрч Ч.С-ны “... Ослыг би хараагүй, осол болсны дараа хохирогчийг автомашин дороос татаж гаргаад жолооч толгой хэсгээс нь бариад сууж байхад нь ослын газарт очсон. ...” /хх 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
“... Б.Э-н биед өвчүү ясны хоёрлосон хугарал, баруун талын 1-9 дүгээр хавирга, зүүн талын 1-11 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хуралдалт /100 мл/, умдаг ясны баруун, зүүн салаа, ууцны олон яс уулзах үений хоёр талын аарцгийн цагариг тасарсан хугарал, бүсэлхийн 3 дугаар нугалмын арын сэртэн, баруун богтос, шуу, зүүн атгаалын далд хугарал, дух, баруун зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, уушгины уг, элэгний хадуур, дугуй хэлбэрийн холбоос, цөсний хэвтэшний цус хуралт, дух, хамарын нуруу, хоёр нүдний доод зовхи, хацар, хамарын баруун угалз, эрүү, зүүн сарвуу, зүүн өвдөг, ууцны зулгаралт, баруун бугуйн үе, зүүн мөр, баруун бугалга, тохой, бэлэг эрхтэн, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал, зам тээврийн ослын үед босоо болон хэвтээ байрлалд мөргөгдөх, дайрагдах үед үүссэн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2343 дугаартай дүгнэлт /хх 73-78/,
“Volkswagen Polo” загварын 72-10 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 10.14-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон.” 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 222 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 86-87/,
“...жолооч залуу буугаад хойшоо алхаж яваад буцаад автомашин луугаа 16:51:39 цагт гүйж очоод сууна. Энэ үед урдаасаа чиглэлд цагаан саарал өнгийн малгай, хар богино хувцастай настай эмэгтэй хүн зүүн гартаа жижиг зүйл барьсан алхаад автомашины зүүн талаар яваад хойд дугуйны харалдаа очих үед 16:51:57 цагт автомашин хойшоо ухрах үйлдэл хийж хойд дугуйгаараа зүүн хойд хөл рүү нь 16:59:39 цагт мөргөж газар унагааж, 16:52:04 цагт автомашин зогсож ухрах үйлдлээ дуусгаад урагшаа буюу зүүн чиглэлтэй 15:52:05 цагт хөдөлнө, энэ үед автомашинд мөргүүлсэн хүн баруун хойшоо харан хэвтэж байгаад автомашиныг өөр лүү нь хөдлөх үед зүүн тийшээ эргэж босох үйлдэл хийх үед нь автомашин урд хоёр дугуйгаараа дээгүүр нь 16:52:11 цагт гарч зогсоод 15:52:18 цагт жолооч автомашинаас бууж зүүн талд газар өвдөглөн автомашины доогуур харж хүн мөргөснөө мэдэж баруун талаар нь гүйн очиж мөргөж дайрсан хүнээ автомашины доогуур доод талаас татан гаргаж байлаа ...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24/,
цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-22/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Т.Д-н автомашин жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасныг зөрчсөний улмаас хохирогч Б.Э-н амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч У.Түвшинжаргал, Б.Дима нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар нь өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэгт заасан шинжийг өөр байдлаар буюу “... хүний амь нас хохироосон...” гэж тусгасныг давж заалдах шатны шүүх найруулгын хувьд хуульд нийцүүлэн зөвтгөж,
мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Т.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасахдаа уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцэхгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Д-н 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч У.Түвшинжаргал, Б.Дима нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “... Шүүгдэгч Д овогт Т-н Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “... Шүүгдэгч Д овгийн Т-н Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Д-н өмгөөлөгч У.Түвшинжаргал, Б.Дима нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б-д 5.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР