Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0897

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*********  **** ХХК

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******, О.А****, З.М******, Ж.Т**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Налайх дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрс-ийн жагсаалтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Д********** **** ********" ХХК-ийн эзэмшиж байсан Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Налайх ложистикийн төв, төмөр замын дэд бүтэц зориулалттай 300,00 га газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралт "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрс"-ийн жагсаалтын 3 дахь хэсэгт заасан "Д********** **** ********" ХХК-ийн Налайх дүүргийн 3-р хороонд байрлах Налайх ложистикийн төв, төмөр замын дэд бүтэц зориулалттай 300,00 га газар"-ыг хүчингүй болгосон бөгөөд "Д********** **** ********" ХХК-аас уг захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн газрын албанаас гардан авч /захирамжийн хуулбар хувийг өгсөн/, захирамжийг эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 92- р зүйлийн 92.1, 93-р зүйлийн 93.1, 94-р зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21/05 дугаартай албан бичгээр Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралт "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрс-ийн жагсаалтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан билээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/6127 дугаартай албан бичгээр Хууль, эрх зүйн хэлтсээс гомдлыг хангаагүй буюу Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжаар "Д********** **** ********" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна гэж гомдлын хариуг өгсөн. Уг албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М**** ***** ХХК-ийн баталгаат шуудангаар авсан болно. 

"Д********** **** ********" ХХК-ийн зүгээс Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/6127 дугаартай албан бичгийг тус тус эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1. Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан "61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэсэн заалтыг үндэслэл болгож газрыг хүчингүй болгосон.

Уг заалтад газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй юм. Налайх дүүргийн Газрын албанаас 2021 оны 19/1309 дугаартай албан бичгээр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 дугаартай "Зөрчил арилгуулах албан бичигт Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.2-т зааснаар "Газрын тухай хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд манай компанийн хувьд 2018 онд "Налайх ложистик парк төсөл"-ийг Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулан танилцуулж, хурлаас хамтарсан ажлын хэсэг гарч тухайн жилийн газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгаж баталсан ба ингэхдээ дүүргийн газрын албанаас саналыг тодруулан авч хуралдаанаар хэлэлцүүлсэн. Налайх дүүргийн Засаг дарга болон газрын албанд Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолын 2-р хавсралтаар баталсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-ын дагуу "Налайх ложистик парк төсөл"-ийг сонгон шалгаруулж, газар олгох саналыг хүргүүлсэн бөгөөд Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/88 дугаартай захирамжаар Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 га газрыг "Налайх-ложистик төв, төмөр замын дэд бүтэц"-ийн зориулалттайгаар олгосон. Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-т зааснаар "Д********** **** ********" ХХК-аас дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулахад газрын дуудлага худалдааны үнийг төлөх талаар гэрээг байгуулаагүй, өөрөөр хэлбэл манай компаниас төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших санал гаргасан бөгөөд дүүргийн ИТХ, Засаг дарга, газрын албанаас хамтарсан ажлын хэсэг гарч төслийг сонгон шалгаруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор дүүрэгт өндөр ач холбогдол бүхий төсөл учраас төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэсэн.

Уг газрыг манай компани дуудлага худалдаагаар эзэмшиж ашиглаагүй тул Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолын 1-р хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9.7.5-т заасан анхны үнийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Налайх дүүргийн газрын албанаас Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/88 дугаартай захирамж гарсан тул газрын эзэмших эрхийн гэрчилгээний холбогдох материал бүрдүүлж газар эзэмших гэрчилгээгээ авах талаар мэдэгдсэн. Ийнхүү 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн газрын албанаас тус дүүргийн 3-р хороонд 300,00 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 3***** дугаартай гэрчилгээг гардан авсан. Газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус байгуулсан.

Газар эзэмшүүлэх гэрээг байгуулах уг гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг 0 нөхцөлтэй байгуулсан бөгөөд энэ нь засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам-ийн 3.1, Газрын тухай хуулийн 33.1.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсгийн 9, 11, 12 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэлтэй гэснээр газрын төлбөрийн гэрээнд 0 нөхцөлтэй хийсэн.

Гэтэл Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19/1309 дугаартай албан бичгээр "Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 дугаартай албан бичгээр танай байгууллагад олгогдсон газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр олгогдсон тул газрын дуудлага худалдааны анхны үнэ 1*.***.***.*** /тэрбумаар/ төгрөг төлөх албан шаардлага гарсан.

Иймд энэ төлбөрийг төлөхгүй бол газар эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэсэн мэдэгдэл ирсэн. "Д********** **** ********" ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 04/01 албан бичээр хариуг хүргүүлсэн.

А. Газрыг Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-ийн 3.1, Газрын тухай хуулийн 33.1.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсгийн 9, 11, 12 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэлийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг О нөхцөлтэй эзэмшиж байгаа.

В. Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 дугаартай албан бичигтэй танилцахад Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 дугаартай "Зөрчил арилгуулах" албан бичигт Нийслэлийн Засаг даргын А/307, A/309, А/915, А/1075 дугаар захирамжуудыг тус тус зөрчсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байгаа.

Учир нь Нийслэлийн Засаг даргын А/915 дугаар захирамж бол А/307, А/309 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний талаар захирамжилсан бөгөөд уг захирамжийн үйлчлэх хугацаа нь захирамжийн 1.1-т зааснаар захирамжийн 1.2-т заасан арга хэмжээг зохион байгуулахыг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл "Д********** **** ********" ХХК нь Налайх дүүрэгт эзэмшсэн газар нь 2018 онд дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон бөгөөд А/915 дугаар захирамжийн биелэлт 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн захиргааны акт байх тул 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш олгогдсон газар эзэмших харилцаанд баримтлах эрхийн акт биш байна.

Нийслэлийн Засаг даргын А/1075 дугаар захирамж бол А/915 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гаргасан захирамж бөгөөд А/1075 дугаар захирамжийн 1.1-т "Захирамжийн нэг дэх хэсгээс дүүргийн засаг дарга нарт гэсэн хэсгийг хасаж, Нийслэлийн өмчийн харилцааны газар үүрэг болгож өөрчилсөн, захирамжийн 1.2-т "Захирамжид дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр дүүргийн Засаг даргын захирамжаар 2003 оноос хойш эзэмшихээр олгосон газарт дуудлага худалдааны анхны үнэ ногдуулах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан шийдвэрлүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож" тус тус өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн дүүрэгт газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшихээр олгосон газарт дуудлага худалдааны анхны үнэ ногдуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх эрхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлсэн тул "Д********* **** *******" ХХК-аас дуудлага худалдааны анхны үнийг шаардах эрх Налайх дүүргийн Засаг дарга болон танай газрын албанд олгогдоогүй байгаа тул Нийслэлийн өмчийн харилцааны газарт дуудлага худалдааны анхны үнэтэй холбоотой асуудлыг шилжүүлэх үндэслэлтэй байна гэж Налайх дүүргийн газар зохион байгуулалт алба болон Нийслэлийн Засаг дарга гомдол гаргахдаа хууль зүйн үндэслэлийг дурдсан боловч уг үндэслэлийг хууль зүйн дагуу няцааж чадаагүй байгааг анхаарна уу.

3. Налайх дүүргийн газрын зохион байгуулалтын албанаас 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19/118 дугаартай албан бичгээр Д********* **** *******" ХХК-ийн дээрх эзэмшиж буй газрыг Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгох мэдэгдлийг ирүүлж байсан. "Д********* **** *******" ХХК-ийн зүгээс Ковид-19 цар тахлын улмаас Ложистик төвийн төслийн 30 хувийн гадаад хөрөнгө оруулалт зогссон, энэ нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас газрыг 2 жил дараалан ашиглаагүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар "...нийтэд илэрхий үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж зааснаар Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын хил 2020 оноос хойш хаалттай, хязгаартай байсны улмаас ложистикийн төслийн хөрөнгө оруулалт тур зогссон, авто зам, төмөр зам, барилга угсралтын ажил барилгын материалын 100 хувь гадаад улсаас орж ирэх, мэргэжлийн ажиллах хүчний инженерүүд гадаад улсаас ирэх байсан зэрэг нь өөрөө давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас төслийн ажил зогсонги байдалтай байсныг форс мажор гэж үзэх үндэслэлтэй байгаа талаар Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд албан бичгээр тайлбар хүргүүлсэн.

Харин Налайх дүүргийн газрын зохион байгуулалтын алба дээрх газар ашиглах хугацааг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоо больж 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19/1309 дугаартай албан бичгээр "Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 дугаартай албан бичгээр газар хүчингүй болгох мэдэгдэл өгч эхэлсэн ба захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-р зүйлд зааснаар нөхцөл байдлыг дүгнэх тайлбар авах, сонсох ажиллагааг дэс дараалалтай явуулаагүй, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19/1309 дугаартай албан бичгийн хариу тайлбарыг "Д********** **** ********" ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/01 тоот албан бичгээр хариу явуулсны дараа Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нөхцөл байдлыг дүгнээд хариу тайлбар аваад байгаа юм уу, сонсох ажиллагаа явуулаад хариу тайлбар аваад байгаа эсэх нь тодорхойгүй байна.

4. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт төр-хувийн хэвшлийн хамтарсан хуулийн этгээд байгуулж Налайх ложистик хуурай боомт барьж байгуулах ажил нь Нийслэлийн зүгээс хүлээгдэж өдийг хүрч байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн харьяа "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-тай хамтран төр-хувийн хэвшлийн хуулийн этгээд байгуулахаар 2021 онд ажиллаж байсан бөгөөд 2021 оны 4-р улирлаас уг компани үнэт цаас гаргах үйл ажиллагаа явуулахаас төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг дүрмээр явуулах боломжгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн харьяа Хөрөнгө оруулалт төрийн өмчит компанитай хамтран ажиллахаар одоо тендерийн баримт бичгээ боловсруулж байгаа билээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10-р тогтоолын хавсралтаар батлагдсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам"-д зааснаар энэхүү төслийг явуулахаар харилцан тохиролцож Нийслэлээс гаргасан Энэхүү журмыг судалж, хууль эрх зүйн орчин хангалттай гэж дүгнэн, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-тай Налайх хуурай боомт ложистикийн төсөлд төр-хувийн хэвшлийн хамтарсан хуулийн этгээд байгуулах ажлын явцад "Д********** **** ********" ХХК-аас төслийн ТЭЗҮ /техник эдийн засгийн үзүүлэлт/-ийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба хэрэв энэ төслийн хэрэгжүүлэх 300,00 га газрыг ингэж хууль зүйн үндэслэлгүйгээр дүүргийн Засаг даргаас хүчингүй болговол манай компани ТЭЗҮ хийсэн тэрбумаар яригдах зардлын өрөнд орж, төр засгийн шийдвэрээс болж эдийн засгийн хүнд байдалд орохоор байна.

Төр засгийн зүгээс уг төслийг анхнаас дэмжиж одоо эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 24-р тогтоолд тусгагдсан, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.6-т тусгагдсан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 81-р тогтоолын 1, 1.2-т тус тус тусгагдан 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил тул "Д********** **** ********" ХХК-аас Нийслэлийн Засаг даргын тамгын газартай төр-хувийн хэвшлээр хамтран "Налайх ложистик парк" нэртэй төслийн ТЭЗҮ өөрийн зардлаар хийж гүйцэтгэж, Нийслэлийн засаг даргын тамгын газарт танилцуулаад хамтран ажиллаж байна.

Ийнхүү дан ганц "Д********** **** ********" ХХК-ийн эрх ашиг биш Налайх дүүргийн иргэдийн орлого нэмэгдэх, шинэ ажлын байр 10.000 болж эдийн засгийн эргэлтэд томоохон хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөр бөгөөд Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөр юм. Уг төсөл хэрэгжсэнээр тээвэр ложистик 10 дахин өсөж, эцсийн үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэнэ, эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 10-20 дахин өсөж, татварын орлого 10-20 дахин өсөх үзүүлэлт гарсан ба 40 сая тонн ачааг ялгах хүчин чадалтай 1 сая тэрбум долларын ашиг орлого орох боломжтой ложистикийн төв юм.

Иймд дээрх Налайх засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралт "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрс-ийн жагсаалтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/88 тоот захирамжаар, Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар Д********** **** ******** групп ХХК-д 15 жилийн хугацаатайгаар бүрэн эрхийн хүрээнд тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, комисс байгуулагдаж улсын чанартай стратегийн ач холбогдолтой ложистикийн төмөр замын дэд бүтцийг хийлгэхээр уг компанид тус газрыг олгосон байгаа. Үүний дагуу газар эзэмших гэрчилгээ мөн газрын гэрээ байгуулж, кадастрын зураг газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Газрын төлбөрийн хувьд гэрээнд 0 гэж заасан байгаа. Манай газар эзэмших эрхийг сүүлд дуудлага худалдааны төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Төсөл сонгон шалгаруулах замаар авсан, анхнаасаа Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон газрын албанд бүрдүүлж өгсөн материалууд бүгд төсөл сонгон шалгаруулах замаар өгч ажлын хэсэг байгуулагдсан. Сүүлд гаргасан нэхэмжлэлийн өмнө компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Тэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэсэн байсан санагдаж байна. Тэр нь боломжгүй болоод 300га газар дээр хийгдэх ажлуудыг бүгд өөрсдөө мэдэж байгаа. Би ч өөрөө газар зохион байгуулагч мэргэжилтэй. 2 жил хүчингүй болгосон нь ковид цар тахлын үе таарсан. Энэ газрын эзэмших эрхийг хүчингүй болгох гээд сонсох ажиллагаа явагддаг. Тэр маргаанаар шүүхэд очиход 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болговол эргээд өөрсдөө буруудахыг мэдээд хүчингүй болгоогүй буюу захирамж гараагүй.

Газрын алба удаа дараа энэ компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэсэн үйлдлүүдийг хэлж байна. Үндэслэлүүд нь өөрчлөгдөөд байсан юм. Гэнэт 19 тэрбум 800 сая гэдэг дуудлага худалдааны үнийг гаргаж ирсэн. Газрын тухай хуульд газар олгох тухай заалтууд байгаа. Дуудлага худалдаагаар эсвэл төсөл сонгон шалгаруулах замаар гэж байдаг. Дуудлага худалдаагаар олгодгийг бид мэднэ. Газрын алба дуудлага худалдаагаа зохион байгуулаад дэнчин тавиад оролцдог. Бид тийм зарчмаар аваагүй. Төсөл сонгон шалгаруулахаар авсан. 2 жил гаруй төслөө бичиж тухайн дүүргийн зохион байгуулалтын дагуу дүүргийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төслөө өгсөн. Өгсөн бүх зүйл хууль журмын дагуу байсан учраас гэрчилгээ олгогдоод хугацаа нь дуусаагүй байгаа. Газар дээр юм бариагүй юм шиг харагдаж болно. Одоо баримттайгаа 600 гаруй мянган доллар орсон байгаа гээд өмнөх хурал дээр хэлсэн байсан. Зөвхөн кадастрын зураг гэхэд 300га газарт хэдэн төгрөгөөр хийхийг бүгд мэднэ. Хамгийн багадаа 100-150 гээд Барилга хот байгуулалтын яамнаас тогтоочихсон байдаг. Ингээд бодоход 3 тэрбум гаруй төгрөг орсон байгаа. Хүн харахад газар дээрээ байшин босгосон бол хөрөнгө оруулалт хийсэн, харин цаасан дээр явж байгаа тэр олон хүн ажилласныг хоосон юм шиг яриад байгаа. Энэ компанид төрөөс хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээ олгоогүй байсан бол энэ хүмүүс ийм зүйл хийхгүй байсан. Тэр байтугай газрын төлбөр байхгүй. Жимс жимсгэнэ, мод, бут гээд үр ашгаа өгдөг бол газрын төлбөр авахгүй гэж байдаг. Түүн шиг улсын чанартай ложистикийн гээд 300га дээр газрын төлбөр аваагүй 0 гэж байдаг. Ж.Т**** даргын өмнөх н.Д******* гээд газрын албаны дарга гарын үсэг зураад, газар зохион байгуулагч зураад, Налайх дүүргийн Засаг дарга өөрөө зураад Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тогтоол гарсан. Компани бол төсөл сонгон шалгаруулалтад материалаа өгнө. Дуудлага худалдаагаар ярихад жишээ нь 5 дуудлага худалдаанд оролцогчид байлаа гэж үзэхэд цуг хараад байж байдаг. Харин төсөл сонгон шалгаруулалтад бол материалаа өгөөд, бид өөрсдөө оролцдоггүй. Тусдаа ажлын хэсэг байгуулагдаад эрх бүхий субъектүүд нь өөрсдөө шийдээд шалгаруулаад, гэрээ гэрчилгээ байгуулчхаад гэнэт дуудлага худалдааны үнэ гэж хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны хувийн компаниудыг дампууруулж, гэрээ гэрчилгээ олгочхоод хэдэн жилийн дараа гэнэт дуудлага худалдааны үнэ төл гэж байна. 19 тэрбум 800 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар авах байсан бол анхнаасаа авахгүй шүү дээ. Газрын төлбөрийн тухай Газрын тухай хуульд байгаа. Энэ том ложистикийн ажил нь Үндэсний Аюулгүй байдлын газар, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байдаг. Төр энэ хувийн компанийг ингэж хохироож болохгүй гэж бодож байна. Налайх дүүргийн Засаг дарга гарын үзүүрээр хүчингүй болгодог ийм зүйл байж болохгүй. Ийм жишиг бас тогтож болохгүй. Би өөрөө маш олон ийм практикт орж байсан. Иймд Налайх дүүргийн Засаг даргын захирамжийн 3 дугаар зүйлд орсон нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Барилга хот байгуулалтын яамны сайдын баталсан тушаал байдаг. Нэг өрхийн 0,07га газрын кадастрын зураг бол 50.000 төгрөг гээд тогтоосон ханш байдаг. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Д********** **** ********" ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/88 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр технологийн парк зориулалтаар 300 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №03/189 УAT-HAT-2019/07/НА дугаар "Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Тус албан шаардлагад Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон буран эрхийн хүрээнд "Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх-д хийсэн нийцлийн аудит хийсэн ба илэрсэн зөрчлийг арилгах, албан шаардлагыг хэрэгжүүлж биелэлтийг ирүүлэхийг шаардсан. Маргаан бүхий "Д********** **** ******** ХХК-д олгосон дээрх газар нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр олгогдсон зөрчилтэй газар байх тул дуудлага худалдааны анхны үнэ ДХАҮ болох 1*************** **** тэрбум н**** ***** ***/ төгрөгийг төлүүлэх, зөрчлийг арилгуулахаар дээрх албан шаардлагын зөрчлийн жагсаалтад багтсан байна.

Дээрх эрх бүхий байгууллагын албан шаардлагыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа өгч, холбогдох арга хэмжээг авч байсан. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "Д********** **** ******** ХХК-д Нийслэл дэх Төрийн аудитын газрын дээрх албан шаардлагын талаар 2021 оны 19/1309 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагаас илрүүлсэн дээрх зөрчлийг арилган газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 1* *** *** ******* **** тэрбум ****** **** ***/ төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэн.

Гэвч газар эзэмшигч "Д********** **** ********" ХХК нь дээрх эрх бүхий байгууллагын албан шаардлагыг биелүүлж, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэрийн төслийн сонсох ажиллагааг явуулж, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг баримтлан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61 1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны № 03/189 УАТ-НАГ-2019/07/НА дугаар "Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргын 2021 оны А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тухайн албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд намайг ажилд орохоор өмнө 2018 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тухайн компанид газар олгох шийдвэр гарсан байдаг юм. Бусад дүүрэг болон орон нутагт ийм жишиг байдаггүй. Зөвхөн Налайх дүүрэгт тухайн оны жишиг дээр Д********** **** ******** групп ХХК-д 300га, иргэн н.Э****** дээр тэдэн га газар гээд оруулж өгсөн байдаг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хэн нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар олгох эрхийг олгодоггүй. Хаана тухайн иргэн, аж ахуй нэгжид газар олгох вэ гэдэг байршлыг тогтоодог юм.

Гэтэл анхнаасаа Д********** **** ******** ***** ХХК-д гээд олгосон байгаагаас эхлүүлээд алдаатай шийдвэрүүд гарч эхэлсэн. Манай зүгээс өнөөдрийн байдлаар хувийн хэрэг болон нотлох баримтуудыг үзэхэд ямар ч төсөл сонгон шалгаруулалт зарласан баримт нотолгоо байхгүй. Энэ нь юугаар тогтоогдсон бэ гэхээр бид Монгол Улсын ерөнхий аудитор руу албан бичиг явуулахад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2424 гэсэн дугаартай албан тоотоор тус албан шаардлага үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн. Ямар тохиолдолд газрыг төлбөргүйгээр эзэмшүүлэх вэ гэдгийг хуулиар зохицуулсан байдаг. Үүнд зөвхөн сургалт байгууллага ордог. Гэтэл энэ компанид давуу эрх олгоод газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо тухайн үеийн хүмүүс нь зориудаар газрын төлбөрийг 0 гэж бичсэн байсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа юм. Миний мэдэхийн намайг байхад 2 жил хүчингүй болгох төсөл яваагүй. Зөвхөн аудитын албан шаардлагыг хэрэгжүүлж ажилла гэдэг чиглэлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн. Үүний дагуу зохион байгуулж байсан боловч удаашралттай байсан учраас Төрийн албаны тухай хуулиар намайг ажилдаа хайнга хандсан гэж үзэж надад сахилгын шийтгэл ногдуулсан.

Би өөр дээрээ сахилгын арга хэмжээ авхуулсан учраас сонсох ажиллагаа явуулсан. Компанийн оффис дээр очиж, хүнээ явуулж мэдэгдэл өгүүлж байсан. Хүн нь олдохгүй, утсаар ярихаар ирдэггүй, албан шаардлагаа гудамжинд хүртэл өгч байсан. Тухайн хүнийх нь фото зураг зэрэг зүйлс байдаг. 2018 онд тус компани газар эзэмших гэрээ гэрчилгээгээ аваад, 2019 онд Нийслэл дэх Төрийн аудит манай байгууллагад орсон юм. Энэ төрийн аудитын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/180 дугаартай албан шаардлага байгаа. Энэ албан шаардлагад тухайн компани 1* тэрбум *** сая төгрөгийг төлөх үндэслэлтэй байна, иймд төлж барагдуул гэсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны тухайн үеийн дарга болон Кадастрын хэлтсийн дарга нар хянаж үзээд хүлээн зөвшөөрөөд албан шаардлагыг авсан байдаг. Энэ албан шаардлагыг биелүүлэх хугацаа зөндөө байсан. Д********** **** ******** групп ХХК нь төлөхгүй гэдэг шалтгаанаа ирүүлсэн. Манай алба болон дүүргийн Засаг даргаас шахаж, шаардаад байгаа зүйл байхгүй. Дүүргийн Засаг даргаас хүчингүй болгосон гэхдээ албан шаардлага нь Нийслэл дэх төрийн аудит болон Монгол Улсын ерөнхий аудитор н.З******** гэж хүний албан тоотоор тухайн компани 1*,* тэрбум төгрөгийг төлөх ёстой гээд байгаа юм. Үүнийгээ төл гэсэн шаардлагыг өгөөд төл гэсэн боловч төлөхгүй байсан учраас сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Өдрийн сонин-д бид сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэд мэдээлсний үндсэн дээр хүчингүй болгох арга хэмжээг авсан.

Кадастрын зурагтай холбоотой нэмэлт тайлбар хэлье. Нэхэмжлэгч тал анх төрийн байгууллагын ямар нэг шийдвэр гарахаас өмнө хүсэлтээ өгөхдөө тухайн байршилдаа кадастрын зураг хийгээд манай байгууллагад хандсан. Иймд төрийн байгууллагын шийдвэр гарсны дараа мөнгөө төл гээгүй. Хүсэлт гаргахдаа анх 300га газрынхаа кадастрын зургийг ямар нэгэн хувийн компаниар тохиролцож хийлгээд манайд өгсөн байгаа. Түүнийг нь үндэслэж дараа нь төрийн байгууллагын шийдвэр гарч байгаа. Эхлээд кадастрын зураг батлаад өгөхөд гэрчилгээг батлаагүй бол энэ хүмүүс хохирно гэсэн үг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан 300га газрыг улс, нийслэл, дүүргийн, эдийн засгийн тодорхой ашигтай төсөл байна гэсэн танилцуулга хийсэн. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал зөвхөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг. Тус төлөвлөгөөнд тусгагдсаныг үндэслээд тухайн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргаас 2018 оны А/88 дугаар захирамжаар үйлдвэр технологийн паркийн зориулалтаар 300га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамжийг гаргасан. 2018 оноос хойш тухайн байгууллага ямар нэг байдлаар газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3/189 дугаар зөрчил арилгуулах албан шаардлага гарсан. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд аудит хийсэн бөгөөд тухайн аудитаар илэрсэн зөрчлийг арилгах албан шаардлагыг хэрэгжүүлээд биелэлтийг ирүүл гэсэн чиглэл ирсэн. Тус компанид олгогдсон дээрх газар нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг аль алийг нь баримтлахгүйгээр олгогдсон зөрчилтэй газар байгаа тул дуудлага худалдааны анхны үнэ болох 1* тэрбум *** сая төгрөгийг төлүүл гэдэг албан шаардлагын жагсаалтад багтаж ирсэн. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас энэ албан шаардлагыг хангаж ажиллах талаар тухайн компанид мэдэгдэл хүргүүлсэн, сонсох ажиллагаа хийсэн. Тус компани дээрх албан шаардлагыг биелүүлээгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тул захиргааны шийдвэрийн төслийг сонсох ажиллагааг явуулсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 3 дах хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61.1 юм. Төсөл сонгон шалгаруулах зарчмаар тухайн газрыг авсан гэдгийг няцааж байгаа үндэслэл нь нэхэмжлэгч тал төсөл сонгон шалгаруулалт явуулсан гэдэг баримтыг хавтаст хэрэгт өгөөгүй. Налайх дүүргийн Засаг дарга болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа баримт шаардахад төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа явагдаагүй гэдэг тайлбарыг амаар болон албан бичгээр ирүүлсэн. Хавтаст хэрэгт тухайн маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар авсан гэдэг баримтыг өөрсдөө албан ёсоор гаргаж өгөөгүй. Гэрч асуухад тухайн гэрч нь нэхэмжлэгч компанид ажиллаж байсан хүнийг гэрчээр асуусан. Гэрч нь мэдүүлэхдээ албан ёсоор бичигт хэрэгт өгөөгүй, Засаг даргынх нь өрөөнд орж биечилж ярьсан гэдэг тайлбарыг өгдөг.

Бичиг хэргээр дамжуулаад албан ёсоор бүртгүүлээгүй. Дүүргийн Засаг даргатай уулзаад материалаа өгсөн, түүний дагуу шийдвэр гарсан гэж хэн ч хэлнэ. Гэхдээ үүнтэй холбоотой баримт өнөөдөр хэрэгт авагдаагүй байна. Төсөл сонгон шалгаруулалт явсан гэж үзвэл өнөөдөр Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн байгууллагын вэб сайт болон дүүргийн вэб сайтуудаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлах ёстой. Зарлагдаад дор хаяж 2-3 иргэн, аж ахуй нэгж материал бүрдүүлж өгсний дараа төсөл сонгон шалгаруулалт явагдах ёстой. Нэхэмжлэгч талын яриад байгаагаар материалаа биечилж уулзаж өгөөд, шууд шийдвэр гарсан гэж хэлээд байгаа. Үнэхээр тэгсэн бол тухайн төсөл сонгон шалгаруулалт нь зарчмын дагуу явагдаагүй. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар зөвхөн давуу эрх буюу нэхэмжлэгч талын ганцхан материалын дагуу тухайн газар олголт хийгдсэн гэж харахаар байгаа. Гэхдээ дүүргийн Засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албанд төсөл сонгон шалгаруулалт зарлаж, түүнд холбогдуулж өгсөн материал байна уу гээд харахад байхгүй. Иймд нэхэмжлэгч талын яриад байгаа сонгон шалгаруулалтын дагуу явсан гэсэн тайлбар нь өөрөө нотлох баримтын хүрээнд нотлогдох ёстой. Маргаан бүхий захиргааны акт буюу 61.1 нь 2018 онд нэхэмжлэгч талд газар олгохдоо хууль бус захиргааны акт гаргасан байна гэж үзэж байгаа юм. Учир нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох ёстой буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, энэ хуулийн 33.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар тогтооно гэсэн заалтын дагуу олгох ёстой байсан боловч олгогдоогүй байна. 29.1, 29.2, 29.3 нь өөрөө хэмжээг зааж өгсөн.

Үүнд жимс жимсгэнэ гэр бүлийн зориулалттай газар тариалангийн зориулалттай 0,1га хүртэл үнэ төлбөргүй олгоно. Харин бусад тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаж газрын төлбөр болон дуудлага худалдааны үнийг заавал авах нь зүйтэй гэж Газрын тухай хуульд заасан байна. Иймд Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгч талд 2018 онд газар олгосон байна гэдэг асуудлыг 2021 оны А/255 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Өнөөдөр ямар нэгэн байдлаар дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар нэхэмжлэгч талд газар олгоогүй байна гэдгийг зөвхөн Засаг дарга бус төрийн аудиторын газраас хүртэл тогтоочихсон. Үүнийг маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт оруулсан байгаа.

Хэрвээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй юм бол дуудлага худалдааны үнийг төлүүлэх ёстой гэсэн агуулга харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч тал төсөл сонгон шалгаруулалтаар авсан, дуудлага худалдааны үнэ төлөхгүй гээд байгаа. Төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй гэсэн тайлбарыг Засаг дарга болон газрын албанаас нь өгчихсөн. Нэхэмжлэгч тал өөрсдөө төсөл сонгон шалгаруулалтад оролцсон баримтаа хэрэгт өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2021 оны А/255 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч "Д********** **** ********" ХХК нь: Нийслэлийн Налайх дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрс-ийн жагсаалтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Налайх дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/255 дугаартай захирамжийн хавсралтын 3 дах хэсгээр[1][1] Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 03/189 УАТ-НАГ-2019/07/НА дугаар албан шаардлагыг биелүүлж, Газрын тухай хуулийн 29.1, 29.2-д заасан хэмжээнээс хэтрүүлж үнэ төлбөргүйгээр олгосон болон газар олгохдоо дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Дээрх Налайх дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 03/189 дугаар албан шаардлагыг үндэслэсэн байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасан байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 03/189 УАТ-НАГ-2019/07/НА дугаар албан шаардлагад[2][2] ... хийсэн нийцлийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: ...2.Иргэн хуулийн этгээдэд гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр 2018 онд 650.0га /өмчлөх эрхээ худалдсан шилжүүлсэн зэргийг хассан/ 326 нэгж талбар газрын дуудлага худалдааны анхны үнэ ** ***.* сая төгрөгийг тухайн үед алба хашиж байсан холбогдох албан тушаалтнууд төлүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй байна., ... Шаардах нь: Иргэн хуулийн этгээдэд хууль заасан хэмжээнээс хэтрүүлэн болон дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн зөрчлийг давтан гаргахгүй байх гэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр газар эзэмших эрх олж авсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгчид анх Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/88 дугаар захирамжаар[3][3] Налайх ложистикийн төв, төмөр замын дэд бүтэц зориулалтаар, 300 га газрыг эзэмшүүлсэн байна.

Дээрх А/88 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, ... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 8/01 дүгээр тогтоолын 2.4.5 дах заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ...тухай 8/01 дүгээр тогтоолын 2.4-ийн 5-д[4][4] 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн бүс, Олон улсын тээвэр ложистикийн төв, 300 га, Д********** **** ******** ХХК гэсэн байна.

Энэхүү Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/88 дугаар захирамжаас үзэхэд, нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоогүй буюу уг захирамж нь төсөл сонгон шалгаруулалтыг дүнг үндэслэн гэсэн үндэслэлээр гараагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр газар эзэмших эрх олж авсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1867 дугаар албан бичигт[5][5] Д********** **** ******** ХХК -д Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/88 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо ... төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байх бөгөөд энэ талаарх баримт ...архивт авагдаагүй байна...гэсэн байна, мөн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/456 дугаар албан бичигт[6][6] Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2018 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй болно. гэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд нэхэмжлэгчид анх А/88 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй гэж тодорхой тайлбарлаж байна.

Дээрхээс нотлох баримтуудаас үзэхэд, төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр газар эзэмших эрх олж авсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар мөн үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, сонгон шалгаруулсан гэж тайлбарлан маргаж байх хэдий ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхэд төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах чиг үүрэг, эрх хэмжээ байхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан сонгон шалгаруулсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх боловч Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/136 дугаар захирамжаар[7][7] байгуулагдсан Ажлын хэсэг нь ...төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах судалгаа хийх ажлын хэсэг байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг мөн шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ... гэж заасан ба нэхэмжлэгчид 300 га хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн байх тул тус хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид дуудлага худалдаа эсхүл төсөл шалгаруулалтыг үндэслэн газар эзэмших эрх олгох ёстой байжээ.

Иймд дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн газар эзэмших эрх олгох хуулийн зохицуулалттай байхад нэхэмжлэгчид дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байна.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд, Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой төрөлжсөн шүүх юм.

Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д үндэслэсэн талаар дээр тайлбарласан ба урьд гаргасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2018 оны А/88 дугаар захирамжийн алдааг засах зорилгоор Засаг даргын 2021 оны А/255 дугаар захирамжийг гаргасан байх тул уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох аль 1 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох байтал үүнийг баримтлаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба маргаан бүхий захиргааны актыг урьд гаргасан 2018 оны А/88 дугаар захирамжийн алдааг засах зорилгоор, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг үндэслэн гаргасан байх тул энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тоочиж заасан үндэслэлүүдийг баримтлах шаардлагагүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Налайх дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаартай захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрс-ийн жагсаалтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч "Д********** **** ********" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Д********** **** ********" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******