Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02108

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02108

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: У холбогдох

 

1 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г.******* оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Г.*******д холбогдуулан ... 1 600 000 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч Г.******* надад iphone 11 promax утасныхаа доголдлыг нууж 1,600,000 төгрөгөөр зарсан. Орой нь энэ утсаараа хүн рүү залгахад дэлгэц нь ажиллахгүй тасрахгүй байсан. Яг адилхан өөр утастай харьцуулаад харсан чинь дэлгэц нь шарласан байсан. Тэгээд хариуцагчид хэлсэн. Засуулж өгнө гээд нэг найзтайгаа яриадахъя гээд алга болсон. Ажлынх нь ойролцоо машиныг нь хараад залгасан тэгээд сүүлд ажлынх нь хүнтэй чатлаад асуусан чинь хэд хэдэн удаа унагаж байсан сүүлд дэлгэцээ солиулсан одоо ажлаасаа гарчихсан гэж хэлсэн. Тэр ажлынх нь хүнтэй чатласан мөн хариуцагчтай бичсэн зурвасууд миний фэйсбүүк дээр байсан боловч хаягаа хакердуулаад гаргаж өгч чадахгүй байна. Тиймээс утсаа авахад өгсөн 1,600,000 төгрөгөө хариуцагчаас гаргуулмаар байна... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... миний бие 2022 оны 4 сарын 06-ны өдөр фэйсбүүкд зар тавьж гар утсаа Г.******* гэх хүнд зарсан. Өдрийн 16:00 цагийн алдад 19-р автобусны буудлын ард утсаа шалгаж, шалгуулж мөнгөө шилжүүлж наймаа дууссан. 4 сарын 07-ны өдөр надтай холбогдож, нэмж мөнгө нэхсэн тул би өгөхгүй гэснээр шүүх цагдаагаар явна хэмээн сүрдүүлж удаа дараа ирсэн. Миний бие ямар нэгэн доголдол, бусад гэмтэлтэй утас зараагүй тул нэхэмжилсэн 1 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд шийдэж өгнө үү.... гэжээ.

  

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Г.*******ын иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/ баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 9 дүгээр тал/ баримтууд

 

6.Шүүхээс

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...iphone 11 pro max маркийн гар утсыг хариуцагчаас 1600 000 төгрөгөөр худалдан авсан ба тухайн утас нь доголдолтой, дэлгэцийг нь сольсон утас байсан тул 1600 000 төгрөгөө буцаан гаргуулна ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,

3. хариуцагч эс зөвшөөрч ... утсаа шалгаж, шалгуулж мөнгөө шилжүүлж наймаа дууссан, ...ямар нэгэн доголдол, бусад гэмтэлтэй утас зараагүй тул нэхэмжилсэн 1 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж маргаж байна.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2022 оны 04 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчаас iphone 11 pro max маркийн гар утсыг хариуцагчаас 1600 000 төгрөгөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1, 9 дүгээр тал/

 

 6. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч амаар байгуулсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх эсэх талаар зохигчид маргаагүй.

        

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

10. Амаар байгуулсан хэлцлийн дагуу хариуцагч гар утсыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч гар утасны үнэ болох 1600 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

11. Нэхэмжлэгч худалдан авсан гар утсыг хариуцагчтай биечлэн 2 удаа уулзахад буцаан өгөөгүй, одоо хүртэл ашиглаж байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

12. Нэхэмжлэгч худалдан авсан хөрөнгө нь доголдолтой бол тухайн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

13. Нэхэмжлэгч гар утсыг худалдан авсан үнийг буцаан гаргуулах шаардлага гаргасан нэхэмжлэлийн агуулгаас гэрээг цуцлах шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд өөрийн шаардлага үндэслэл тайлбараа буюу тухайн худалдан авсан гар утас доголдолтой чанарын шаардлага хангахгүй, дэлгэцийг нь сольсон гэх үйл баримтыг нотлох үүрэгтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан өөрийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл нотлогдохгүй байна.

 

15. Тодруулбал нэхэмжлэгч худалдан авсан гар утасны дэлгэцийг сольсон нь доголдолтой талаар засварын газар үзүүлэхэд тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

16. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гар утас дахь зурагт үзлэг хийсэн бөгөөд тухайн зурагт байгаа захидлын эх сурвалж тодорхойгүй, нэхэмжлэгч хариуцагчтай харилцсан захидал гэж тайлбарласан боловч захидал биш зурган хэлбэрээр хадгалагдсан тул шүүх тухайн баримтыг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй бөгөөд өөр бусад баримтаар тухайн баримт нь давхар нотлогдохгүй байна.

 

17. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдоогүй үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагчаас худалдан авсан гар утасны үнэ 1600 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод оруулахаар тогтоов.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 9, 35, 37 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.*******гаас гар утасны үнэ 1 600 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ