2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1079

 

 

 

 

 

 

 

    2025      04         28                                    2025/ШЦТ/1079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

улсын яллагч Э.Ундармаа,

шүүгдэгч М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э д холбогдох эрүүгийн 2506 00000 0185 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Э  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 21 минутад 880894... дугаараас “нэг хүн миний хөмсгийг яз цохичихлоо” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1626 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18/, Шүүгдэгч М.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч М.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.Э  нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ын үүдэнд хохирогч Б.Г тай машины зогсоолоос болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 21 минутад 880894... дугаараас “нэг хүн миний хөмсгийг яз цохичихлоо” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

Хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо ...  руу орох гээд түгжрээд явж байсан чинь зогсоолоос нэг машин гараад тэр машины оронд зогсох гэсэн чинь нэг танихгүй залуу тухайн зогсоолд зогсохгүй гээд урд ирээд зогсоод оруулахгүй байсан болохоор би яагаад зогсож болдоггүй юм бэ гэсэн чинь би бараа буулгана, манай машин ирж байгаа гэхээр нь би тэр машин ирэх хүртэл зогсож байя, тэр машин чинь хэзээ ирэх юм гэсэн. Тэгээд ч чиний хувийн зогсоол биш нийтийн зогсоол шүү дээ гэсэн чинь намайг хараагаад байхаар нь би зүгээр байгаарай гээд машинаараа шахаад зогсоол руу ороод зогссон. Тэгээд машины цонхон дээр ирээд хэрүүл хийгээд байхаар нь чи холд, би цонхоо хаалаа гэсэн чинь намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан чинь баруун гараараа миний зүүн хөмсөг хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиод миний хөмсөгнөөс цус гарсан болохоор би цагдаад дуудлага өгсөн. Намайг цохисон гараараа утсаа барьсан байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1626 дугаартай: “Б.Г ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,

Шүүгдэгч М.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 12 дугар сарын 31-ний өдөр ... ын гадна ил зогсоол дээр торт зарж байсан. Тухайн үед торт түгээж байсан залуу над руу залгаад “би очиж байна шүү, зогсоол аваад байж байгаарай” гээд над руу залгахаар нь би зогсож байтал урд талд байсан нэг машин гараад явахаар нь би тухайн зогсоол дээр очиж зогсоод машин оруулахгүй гээд байж байтал саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд машинаа зогсоол дээр оруулна гэхээр нь би машинаа өөр газарт байрлуулчих гэхэд жолооч нь цонхоо нээгээд чиний зогсоол юм уу наанаасаа холд гэхээр нь би очоод түгээлтийн машин орж ирэх гээд байна, чи өөр газарт оччих гэхэд машинаараа шахаад ороод ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн ба намайг цонхоороо гараа гаргаад заамдаад авахаар нь зөрүүлж заамдаж байгаад баруун гартаа байсан гар утсаараа зүүн хөмсөг хэсэгт нь нэг удаа цохисон чинь цус гарчихсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Хохирогч Б.Г ын “Миний бие 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд болсон үйл явдалд нэхэмжлэх зүйл байхгүй, мөн сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Намайг зодсон гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч М.Э гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Г ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч М.Э  нь хохирогч Б.Г ын нүүрэн тус газарт цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсанзүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

       

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Э г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Э г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Б.Г  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Э гаас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч М.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Э  “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч М.Э д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

                 

Шүүгдэгч М.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Э  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч М.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э д оногдуулсан 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлрүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелэгдээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э г 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э д оногдуулсан 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелэгдээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.Г  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Э гаас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО