Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 120

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0128/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,  
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000148 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 01-нд Завхан аймгийн Булнай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын *** оршин суух албан ёсны хаягтай, одоо Дархан-Уул аймаг *** гэх газарт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** 

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *** 2017 оны 02 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Күйен" төвийн хашаан дотор төрсөн дүү ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай хар саарал өнгийн Хьюндай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийх явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.в-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж 285.000 /Хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан зам тээврийн осол гаргаж ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд : 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед орой үйлчилгээний төвийн хажууд байх баарны үүдэнд 2 хүн буулгачихаад ухарч байхдаа Түвшинбатын машиныг мөргөсөн нь миний буруу.” гэх мэдүүлэг,
“...00 цагийн үед Дархан буудлын орчмоос 2 хүн миний машинд сууж *** pub-нд хүргүүлнэ гэсэн. Тэгээд би тэр 2 хүнийг зааж өгсөн *** pub-нын хашаанд орж буулгаж өгчихөөд гарах гээд ухарч байгаад хучаатай байсан нэг жижиг машиныг мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар с арын 15-ны орой 18 цагийн үед Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байх *** pub-н хашаан дотор өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай приус 20 маркийн машинаа байрлуулж тавьсан юм. 2017.02.18-ны өглөө намайг гэртээ байж байхад 08 цагийн үед тэр хашааны манаач нь над руу залгаад “Жрьд шөнө машиныг нь нэг машин мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очсон чинь миний машины зүүн хойд талын куперыг машин мөргөөд хагалчихсан байсан. Тэр мөргөсөн гэх машин нь байхгүй байсан. Тэгээд тэр манаач надад *** гэсэн дугаартай Соната маркийн машин ухарч байгаад мөргөчихсөн. Тэгээд хүүе гэхийн завдалгүй яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би машинаа үзсэн чинь миний машины зүүн хойд талын купер хагарчихсан, зүүн хойд талын гэрэл нь цуурчихсан байсан. Би тэгээд манаачид “цагдаад дуудлага өгөхгүй яасан юм бэ” гэж хэлсэн чинь тэр хашааны сахиул гэх ах “ би дэгдэг гэдгийг нь мэдэхгүй байсан” гэж хэлсэн...”
“... *** ах миний машины хохирлыг төлж барагдуулсан байгаа. *** миний машины эвдрэлийн хохиролд 250.000 / хоёр зуун тавин/ мянган төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Надад миний машиныг мөргөж гэмтээсэн жолооч болон *** гэдэг хүнд гомдол санал болон цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө намайг хашаан дотор зогсож байтал буудлын үүдэн дээр нэг машин ирээд зогсоод 2 эрэгтэй хүнийг буулгаад явсан юм. Би тэр машинаас буусан 2 эрэгтэй хүн гражийн хаалганы тийшээ явахаар нь тэр 2 хүний араас “ Хөөе миний дүү нар хаачих гэж байгаа юм” гэж хэлээд тэр хоёр хүн рүү маанаачийн пүүдэкнээс буугаад алхаад очтол тэр хоёр хүнийг буулгасан машины жолооч ухарч байгаад манаачийн пүүдкэний тэнд хучаатай байсан машиныг мөргөчихөөд яваад өгсөн юм. Би тэр машины араас нь “Хөөе” гэж дуудсан чинь зогсохгүй явчихсан...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн төрсөн ах ***т 2016 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай соната 5 маркийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж бай гэж Дархан-Уул аймаг руу өгч явуулсан юм...” “... Би ХААН банканд зээлийн төлөлтийг төлж дуусгаад өмчлөлд шилжүүлсэн байсан. Тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Яагаад гэвэл манай ах *** нь миний машиныг Дархан-Уул аймагт унаж, хэрэглэж байсан болохоор тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй явсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,
 -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 1/,
 -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
 -Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6/,
 - Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10/,
 -Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 11-12/,
-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 13/,
-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28/,
-Тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 32-33/,
- Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38/,
-Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 39/,
-Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 46-47/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 59\ зэрэг   болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь  2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багт байрлах *** төвийн хашаан дотор төрсөн дүү ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Хьюндай Соната 5 маркийн автомашин жолоодон жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  7 дугаар бүлэг 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх, мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.5в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгааллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг  үйлдсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч ***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 60/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ***ын нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч *** нь үйлдсэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 250.000 төгрөг төлж, нөхөн төлөх төлбөргүй болсныг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ***ын жолооны үнэмлэхийг буцаан өгөх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 
 
1.***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***ыг  1 жилийн / нэг жил/ хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *** оногдуулсан 1 жилийн / нэг жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар ялтан *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***гийн эзэмшлийн 83-29 УНУ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрийн баримтаар хураагдэн ирсэн ***ын 938954 дугаартай жолооны үнэмлэхийг ***т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд  хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХЖАРГАЛ