Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Төмөрхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00179 дугаар шийдвэртэй,  Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын орон сууцны 17 тоотод оршин суух, Хэрээдэй овогт Банзраагийн Төмөрхүү /ПЮ80081078/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох  иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

            Нэхэмжлэлий агуулга: “Нэхэмжлэгч Б.Төмөрхүү нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар тус газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн байгууллагад шуурхай дуудлага үйлчилгээний жолооч гэдэг ажлын байранд ажиллаж байсан. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцэд байсан мал эмнэлгийн нэгжийг шинээр бие даасан агентлаг болгон аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Мал эмнэлгийн газар байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай тушаалаар аймаг нийслэлийн мал эмнэлгийн бүтэц орон тоог тогтоосон. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дугаартай тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн тогтоосон.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд холбогдуулан шинээр мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан хуучин аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн бүтцэд байсан Мал эмнэлгийн албыг Мал эмнэлгийн газар шилжүүлээд Мал эмнэлгийн албан хаагчдын орон тоо цалингийн санг шинээр байгуулагдаж байгаа Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанд ажиллаж байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлсөн шалтгаанаа мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан гэж гаргасан. Угтаа ажлаас чөлөөлөх биш ажлаас шилжүүлэх тушаал гаргах байсан. Ажилд зайлшгүй авах шаардлага нь нэхэмжлэгчийн орон тоо цалингийн сан, ажлын байр нь Хүнс хөдөө аж ахуйн газраас мал эмнэлгийн газарт бүрэн дүүрэн шилжсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: 2018 онд Улсын их хурлаас батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль гэсэн хуулиуд шинээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн алба нь шинээр бие даасан газар болсон. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дүгээр тушаалаар мал эмнэлгийн газрын бүтэц орон тоо батлагдан ирсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-209 дугаартай тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо батлагдсан. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь 4 албатай байж байгаад нэг алба бие даасан газар болсон. Энэ албанд ажиллаж байсан 10 хүний цалин үйл ажиллагааны зардлыг мал эмнэлгийн газар руу шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга мал эмнэлгийн албанд байсан 10 ажилтнаа чөлөөлөх шийдвэр гаргасан. Д.Батцэнгэл дарга нададтай яриад танай байгууллага 10 ажилтнаа чөлөөлөх юм байна. Танай байгууллага чөлөөлөхөөр манай байгууллага ажилд томилох юм байна гэж ярьсан юм. Бүтэц орон тоогоороо цалингийн сан нь хасагдаад ирсэн тохиолдолд тэр хүндээ учир байдлаа хэлээд гарах боломж байсан. Бүтэц орон тоо нь хэвээр хадгалагдаад орж ирсэн байгаа гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00179 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-тзаасныг баримтлан шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Хэрээдэй овогт Банзраагийн Төмөрхүүг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,737,427 /нэг сая долоон зуун гучин долоон мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Төмөрхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,746 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Төмөрхүүгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамж нийт 112,949 /нэг зуун арван хоёр мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Б/01 дүгээр тушаалаар нэр бүхий 10 ажилчдыг ажлаас чөлөөлсөн байдаг ба нэхэмжлэгч Б.Төмөрхүү нь тэдгээр ажилчдыг төлөөлөн нэхэмжлэл нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байдаг ба хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилснийг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тооноос Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжсэн байх бөгөөд тус иргэний хэргийн хариуцагч нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох зохицуулалт болохоос нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт биш юм.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь нэхэмжлэлийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Төмөрхүү нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байранд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаа “Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын Б.Төмөрхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа “Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох”,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаа “2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,874,173 төгрөгийг гаргуулах”, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагаа “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Ховд аймгийн Хүнс хөдөө аж хайн газрын дарга Г.Гончигсүрэн нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дугаартай тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн бүтэц орон тоо батлагдсан. Үүний дагуу аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллаж байсан 10 хүний цалин, үйл ажиллагааны зардлыг мал эмнэлгийн газарт шилжүүлсэн. Хүнс хөдөө аж ахуйн яам сангийн яамнаас нарийн төлөвлөлтүүдийг хийгээд хуулиараа төсөв санхүү нь сууж бүтэц орон тоо нь шилжсэн.

            Ингээд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл бид хоёр ярилцаж байгаад манайх 10 хүнээ чөлөөлсөн тушаал гаргахаар болсон. 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал дээр хуульчаас зөвлөгөө аваагүй нь бид нарын буруу.

            Тушаалаа шилжүүлсүгэй гэж гаргах байсан уу чөлөөлсүгэй гэж гаргах байсан уу бид нар алдаа гаргасан. Хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоогүй хүнийг ажилд авахгүй байгаа нь буруу гэж үзэж байна гэж тайлбарлажээ.

            Хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нь аймгийн Хүнс хөдөө аж хайн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар 10 хүнийг манайд шилжүүлж өгөөгүй, харин ажлаас нь чөлөөлсөн, 9 хүний хувьд мэргэжлийн мэргэшсэн хүмүүс байсан учраас манайх томилсон. Манай байгууллага нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй гэж тайлбарлажээ.

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай тушаал, түүний хавсралт, мөн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дугаартай тушаал, түүний хавсралт, Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллаж байсан нэг албаны 10 хүнийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

            Иймд аймгийн Мал эмнэлгийн газар нь Хүнс хөдөө аж ахуйн газраас шилжиж ирсэн 10 хүний 9 хүнийг ажилд томилж, нэхэмжлэгч Б.Төмөрхүүг ажилд томилоогүй нь хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Учир нь Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар нэр бүхий 10 хүнийг ажлаас чөлөөлөхдөө Мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан мал эмнэлгийн албаны эмч, мэргэжилтэн, лабораторийн эмч, үйлчилгээний ажилчдыг үүрэгт ажлаас нь 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.

            Энэ тохиолдолд Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь нэхэмжлэгч Б.Төмөрхүүгийн хувьд ажил олгогч нь болох бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажилд авсан, ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.  

            Иймд нэхэмжлэгч Б.Төмөрхүүг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн мал эмнэлгийн газарт даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар нэр бүхий 10 хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон” мэтээр тайлбарлаж байгаа татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал нь шүүхийн шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж дүгнэн, Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогтын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дагуу хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэвэл.

Нэг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсгийг зөрчсөн гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаа “Ховд аймгийн Хүнс хөдөө аж хайн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын Б.Төмөрхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна. Иймд шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг тодруулсан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Хоёр. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа “Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулсныг шүүх хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт, хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус бүр гардуулан хариу тайлбар авсан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг дахин явуулах шаардлагагүй юм.

Гурав. Харин өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос шүүх Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаарх зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь нэхэмжлэгч Б.Төмөрхүү нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч үйлчилгээний ажилтан байхад Төрийн албаны хуулиас төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарах зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлаагүй орхигдуулсан байх тул шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00179 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан гэж” өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

            ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

                             

М.НЯМБАЯР