Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/382

 

                                                       Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Д.Т,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Оргил,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцэл, хохирогч Д.Т-н гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.М-д холбогдох эрүүгийн 2009 02086 1206 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Д-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, “М а” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эх, эгч дүү нарын хамт ........................тоотод оршин суух, /РД:.................. /;

Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

Д.М нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төвөөс “Г-Э” ББСБ-ын эзэмшлийн “Mercedes Benz G350” загварын 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар бусдад зарж борлуулан “Г-Э” ББСБ-д их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Д-н М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-д 10.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялын шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.М-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт прокурорын тогтоолоор “... Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн “Мercedes Вenz G350” загварын WDB4633411X195493 арлын дугаартай, 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...” битүүмжилснийг хүчингүй болгож, эзэмшигч ........................ тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигин овогт Л-н Ш /РД:.............../-т буцаан олгож, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М-д ял оногдуулахдаа “... 10.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /арван сая төгрөг/-р торгох ял ...” оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хэмжээтэй бичигдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялд байхгүй хэмжээг зааж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна.” гэсэн хуулийг заалтыг зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурч мэхлэх замаар 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төвд хандаж, “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Mercedes Benz G350” загварын 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар бусдад зарж борлуулан “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэсэн атлаа “... Шүүгдэгч Д.М нь уг гэмт хэргийн улмаас “Г Э” ХХК-д учирсан 60.000.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус байгууллагын Хаан банкны 5009687688 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй...” гэж, “... хэрэгт прокурорын тогтоолоор “Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн “Mercedes Benz G350” загварын WDB4633411X195493 арлын дугаартай, 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг” битүүмжилснийг хүчингүй болгож, шударга эзэмшигч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, 16-14 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б овогт Л-н Ш /РД:.........../-т буцаан олгож шийдвэрлэв. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Mercedes Benz G350” загварын 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авч, бусдад зарж борлуулсан Д.М-н үйлдлийг гэмт хэрэг мөн гэж үзсэн атлаа хохирлыг тодорхойлохдоо хохирогчид 60.000.000 төгрөгийн хохирол учирсан мэтээр дүгнэж, гэмт хэргийн замаар бусдад шилжсэн манай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад хууль ёсоор шилжсэн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж байна.Тодруулбал:

            1. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М нь “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан асуудал, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үнийн дүн нийт 100.775.000 төлбөр хохирол учруулсан асуудлын талаар болон манай байгууллагын эзэмшил /өмчлөл/-ийн “Mercedes Benz G350” загварын 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг хуурамч бичиг баримт үйлдэн манай зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан хохирол учруулсан асуудлаар маргаагүй, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар өгсөн байдаг бөгөөд энэ талаарх хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон.

            2. Улсын яллагчаас “Д.М нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурч мэхлэх замаар 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төвд хандаж, “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Mercedes Benz G350” 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар бусдад зарж борлуулан “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний хохирол учруулан залилсан” үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх ч яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж Д.М-г яллах дүгнэлтэд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон гэж бид ойлгож байгаа.

            3. Шүүхээс шүүгдэгч Д.М-г дээрх яллах дүгнэлтэд заасан үйлдэлд гэм буруутайд тооцож байгаа бол манай эзэмшилд байсан автомашин буюу түүний үнэлгээгээр хохирлын хэмжээг тодорхойлох нь хуульд нийцэх бөгөөд яллах дүгнэлтээр Д.М-г манай “Г-Э” ББСБ-аас 60.000.000 төгрөгийн зээл авсан үйлдэлд буруутгаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Мөн “Г-Э” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн бусдад хууль бусаар буюу гэмт хэргийн замаар шилжсэн тээврийн хэрэгслийг манайд бус Л.Ш гэгчид олгож байгаа талаар болон Л.Ш нь хэрхэн автомашины шударга эзэмшигч болсон талаар хууль, эрх зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх огт хийгээгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолд манай байгууллагад учирсан хохирлыг буюу автомашин, эсхүл түүний үнэлгээгээр тооцон шүүгдэгчээс бүрэн гаргуулахаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ө.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хохирогч “Г-Э” ББСБ-н гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Д.М нь хохирогч “Г-Э” ББСБ-д учруулсан бодит хохирол болох зээлийн гэрээгээр байгуулсан 60.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, шүүхээс шууд учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, прокуророос Д.М-г “Г-Э” ББСБ-ын эзэмшилд “Mercedes Benz G350” загварын 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг тээврийг хэрэгслийг бусдын эзэмшилд шилжүүлэн их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд, Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгүүдэд “... зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн ...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр /энгийн бүрэлдэхүүнээр/ тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Түүнчлэн, шүүх “Д.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал...”, 2.4 дэх хэсэгт заасан “... шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт ...” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал ...”, мөн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ...”  гэж тус тус заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна...” гэснийг болон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээг илтэд зөрүүтэй бичсэн зөрчил гаргажээ.

Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч Д.Т-н гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР