Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2022/00097

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2022/00097

Булган сум

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 12 сарын 17-ны өдөр төрсөн, 57 настай, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн Булган сумын Алаг-толгой багт оршин суух Хасгууд овогт Галсангийн Анхбатын хүсэлттэй цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч Г.Анхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Анхбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 1985-1988 онуудад Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан. Цэргийн алба хаасан цэргийн батлах надад байгаа боловч батлахын эхний хуудас алга болсон учир нийгмийн даатгалын байгууллагаас цэргийн батлахын эзэмшигч мөн гэдгийг тогтоолгох шаардлагатай байна гэсэн. Намайг цэргийн алба хаасан байдлыг надтай цуг цэргийн алба хаасан Р.Цогтгэрэл болон намайг цэргийн албанд татагдан очиход цэргээс халагдаж байсан Т.Даваасүрэн нар сайн мэднэ. Цэргийн алба хаах хугацаанд штабын дарга нь Чулуунхүү, арын албаны дарга нь хошууч Пүрэвдорж нар ажиллаж байсан. Миний цэргийн үнэмлэхийн эхний хуудас байхгүй бусад бүх хуудас болон цэргийн алба хаасан талаарх бичилт бүрэн бичигдсэн байх тул 1985-1988 онуудад цэргийн алба хаасан цэргийн батлахын эзэмшигч мөн болохыг шүүхээр тогтоож өгнө үү. Тагнуулын ерөнхий газраас архивын лавлагаа авсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Анхбат 1985 оны 06 сарын 24-ны өдөр Ховд аймгийн цэргийн хэлтсээс олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г.Анхбат 1985 оны 06 сарын 24-ны өдрөөс 1988 оны 06 сарын 14-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангид хилчин байлдагчаар цэргийн алба хаасан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,болон шүүх хуралдаанд тайлбарлаж буй тайлбар,

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 08/3513 дугаартай....Галсангийн Анхбат нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0214 дүгээр ангид цэрэгт татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0214 дүгээр ангийн 1988 онд халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул Г.Анхбатын цэргээс халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй байна гэх архивын лавлагаа

Ховд аймгийн цэргийн хэлтсээс 1985 оны 06 сарын 24-ны өдөр олгосон цэргийн алба хаасан байдлын талаарх бичилттэй цэргийн батлах

Гэрч Шарынхан овогт Равжаагийн Цогтгэрэлийн шүүхэд мэдүүлсэн....Миний бие 1985-1988 оны 6 сар хүртэлх хугацаанд 3 жилийн цэргийн алба хаасан.1985-1988 оны хооронд цэргийн алба хаахдаа Г.Анхбаттай хамт хаасан. Бид хоёры цэргийн алба хаасан анги нь Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр анги. Ангийн захирагч нь Эрдэнэ-очир, штабын дарга нь Чулуунхүү ахмад байсан. Г.Анхбат нь цэргийн алба хаах хугацаандаа гавьяа шагнал авч байгаагүй жирийн цэргийн алба хаагч байсан. Г.Анхбатын талаар надад өөр ярих зүйл байхгүй цэргийн албыг 1985-1988 оны 6 сар хүртэл алба хаасан нь үнэн гэх мэдүүлэг

Гэрч Бага шарнууд овогт Таравжийн Даваасүрэнгийн шүүхэд мэдүүлсэн... Би 1983-1986 оны 6 сар хүртэл цэргийн алба хаасан.Цэргийн албаа Хилийн цэргийн 214 дүгээр ангид алба хаасан. Намайг цэргийн албаа хаагаад халагдаж байхад Г.Анхбат шинэ цэрэг татагдаад ирчихсэн байсан. Цэргийн албаа яаж хаасан талаар мэдэх зүйл байхгүй. Г.Анхбат нь Говь-Алтай аймгийн Алтай суманд Хилийн цэргийн 0214 дүгээр алба хаасныг сайн мэднэ. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгоход нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар 1985 оны 05 сарын 30-ны өдрийн 364 тушаалаар 0214 дүгээр ангид цэргийн албанд татагдаж 1985 оны 06 сарын 24-ны өдөр цэргийн батлах авсан болох нь тогтоогдож байх тул тухайн цэргийн алба хаасан байдлын талаарх бичилттэй цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Галсангийн Анхбат мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хасгууд овогт Галсангийн Анхбатыг 1985 оны 06 сарын 24-ны өдөр Ховд аймгийн цэргийн хэлтсээс олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Анхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ