Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 122

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0048/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Иргэдийн төлөөлөгч Д.Алтанпүрэв,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ***,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт ***од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000575 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, 1955 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийнхээ хамт Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух, улсаас Биеийн тамир спортын улсын хорооны хүндэт жуух бичиг, Алтангадас одон тус тус шагнуулж байсан, 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан хотын Наймдугаар хэсгийн Ардын 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169а-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж, бүгд 3 жил хорих ялаар шийтгүүлснийг 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн 330 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 424 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 2 жил, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 1 жил, 224 дүгээр зүйлийн 224.3-т зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж бүгд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор ***ыг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** 

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 6,000,000 төгрөгний барьцаанд тавьсан иргэн ***ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг иргэн ***т 35,000,000 төгрөгөөр зарна гэж 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11,000,000 төгрөг давтан үйлдлээр авч, мөн өдөр үлдэгдэл мөнгөний зөрүүд Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг Ширээ нуруунд байрлах 1730 мкв талбайтай улсын бүртгэлийн *** дугаартай бүртгэгдсэн газрын гэрчилгээг итгэмжлэл хийн өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад 34,788,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *** гэдэг хүнийг сайн танихгүй. ***ын эхнэр нь эмч учраас би тариа тариулж байсан. ***ын эхнэр нь надад хэлэхдээ маш их хэмжээний мөнгөний хэрэгтэй байна. Иймд байраа худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгье. Хэрвээ бид нар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өгч чадахгүй бол энэ байрыг зарж болно гэж хэлсэн. Би хариуд нь ***т тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй бол байрыг чинь зарна шүү гэж хэлсэн. Ингэж хэлж ярьж байсан талаараа *** мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Тэгтэл *** байр худалдаж авъя гэж хэлчхээд нэлээн удсаны дараа над руу залгаад байр худалдах, худалдан авах гэрээгээ хийе, би таны байрыг авна. Тэгэхдээ газар оролцуулмаар байна гэсэн. Тухайн үед би газрыг нь Дархан-Уул аймагт древенгийн ойролцоо байдаг юм байхдаа гэж бодсон. Тэгтэл Сэлэнгэ аймгийн харьяалалтай газар байсан. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** бид хоёр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, мөн хуулийн 243 дугаар зүйлийг тус тус үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух, ***гийн *** цаашид худалдах тал гэх, нөгөө талаас Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Ширээ нуруу 6 дугаар гудамж, 8 тоот хаягт оршин суух, ***гийн *** цаашид худалдан авах тал гэх, бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гээд *** гарын үсгээ зурж надад 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сэлэнгэ аймгийн харьяа газраа 9,000,000 төгрөгөөр үнэлж, итгэмжлэл хийсэн. Би энэ газрыг худалдаж аваагүй прокурор худлаа хэлээд байна. Газар болон байрны гэрчилгээ ***т өөрт нь байгаа бөгөөд захиран зарцуулах эрх нь нээлттэй байхад яагаад эрхээ эдлэхгүй байгаа юм бэ? мөн би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөгүй, хэргийн материалтай ч танилцаагүй. Энэ хэрэг нэг талыг барьж байна. Энэ хэрэгт гэрч гэж хувийн сонирхолтой хүмүүсийг татсан байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байна гэж заасан байна. Е.Сагсай прокурорын хариунд 95 дугаар зүйлийн 95.4-т хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр  нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гээд энэ хуулийг баримтлаад надад хариу өгсөн байдаг. Прокурор ***г авилгатай тэмцэх газар өгчихсөн байгаа. Би 4 жил, 4 сар чанга дэглэмтэй хорих ангид хууль бусаар хоригдож байсан. Би шоронгоос айж байна. Би ***аас мөнгөө авах уу? байраа авах уу гэж хэлж байсан, надад хийсэн хэрэг байхгүй, иргэд хоорондын гэрээний маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “ЛХА” телевизэд 2 өрөө байр авах зар өгсөн. Тухайн үед 2 хүн 2 өрөө байр, 1 хүн 3 өрөө байр зарахаар над руу ярьсан. Эхний ээлжинд 3 өрөө байрыг авах гээд 15,000,000 төгрөгний урьдчилгаа бэлдээд төрийн банкны байрны зээлэнд хамрагдах гэсэн боловч бүтээгүй. Тэгээд ***ын байрыг 2016 оны 08 дугаар сарын сүүлээр 3-4 удаа очиж үзэхэд тухайн байранд ***ын эхнэр нь байсан ба энэ байр *** гэдэг хүний өмч мөн, би түрээсэлж амьдардаг гэж хэлсэн. Ингээд би ажлынхантайгаа зугаалгаар явсны дараа манай эхнэр хадам ахын хамт байрыг үзээд 35,000,000 төгрөгөөр авахаар ***той тохиролцсон байсан. Дараа нь би ***той уулзаад “надад бэлэн 15,000,000 төгрөг,  11,000,000 төгрөгийн цалингийн зээл авахаар нийт 26,000,000 төгрөг болох байх гэж ярьсан. *** нь 35,000,000 төгрөгөөр байраа зарахаар болж, надад хэлэхдээ “чи надад 26,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 9,000,000 төгрөгтөө ордероо барьцаалаад нийлээд 35,000,000 төгрөгөөр худалдаж ав” гэсэн санал тавьсан. Тэр орой байрныхаа ордерийг барьцаанд тавихаар тооцож интернет сайтаас судалж үзэхэд 3,5 билүү 4,5 хувийн хүүтэй байсан. Тэгээд ч би өөрөө цалингийн зээлтэй. Байрныхаа ордерыг зээлэнд тавьчих юм бол болохгүй юм байна гэж тооцоолоод ***той уулзсан. Ер нь наймаа тохирохгүй юм байна. Гэхдээ надад нэг газар байгаа. Тэр газрыг наймаандаа оролцуулмаар байна гэхэд *** “надад өчнөөн их газар байгаа” гэж хэлээд бид хоёр салсан. Харин орой нь *** манай гэрийн гадаа ирээд “газрыг чинь үзье гээд машиныхаа миллийг тэг” болгоод газар үзэхээр явсан. Ингээд 8 км явж Ширээ нуруунд байрлах газрыг очиж үзсэн. ***од газар маань таалагдсан учраас бид хоёр наймаа тохирсон. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө ээжтэйгээ хамт аймгийн захиргааны үл хөдлөх, хөрөнгийн газар  ***од уулзаж бэлэн 15,000,000 төгрөг өгсөн, *** надад “...миний дүү 35,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгөөр гэрээ хийхээр өндөр татвар төлдөг юмаа гээд 10,000,000 төгрөгөөр гэрээ хийе тэгвэл татвар бага төлдөг юм” гэж зөвлөсөн тэгээд бид хоёр 10,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр цалингийн зээл бүтээгүй учраас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ***од бэлнээр 11,000,000 төгрөг, газрын гэрчилгээний хамт өгсөн. Сэлэнгэ аймгийн үл хөдлөх дээр очиж шилжилт хөдөлгөөн хийх болоход би ажилтай байсан учраас *** нь “миний дүү ахдаа 1 сарын хугацаатай итгэмжлэл хийгээд өгчих, ах нь өөрөө хөөцөлдөж байгаад газрыг чинь нэр дээрээ шилжүүлье” гэж хэлсэн. Тэгээд би ***од итгэмжлэл хийж өгсөн. Байр түрээсэлж байгаа хүмүүс байрыг хэд хоногийн дотор суллаж өгөх юм бэ? гэхэд *** “ 3 хоногийн дотор суллаж өгнө гэж хэлсэн. Ингээд 3-4 хоногийн дараа би *** руу залгаж “нөгөө хүмүүс чинь байраа суллаж өгөөгүй талаар хэлэхэд Улаанбаатар хотод завгүй ажил ихтэй байна” гэж хэлээд утсаа салгасан. Ийм байдалтай 2016 оны 10 дугаар сар хүрсэн. Анх наймаа хийж байхдаа би ***ыг ийм хүн гэж бодоогүй. 60 гаран насны хүн учир шулуун шударга, хүн залилахгүй байх гэж бодсон. Энэ хүний яриа бүх юм нь худлаа, зөвхөн 10,000,000 төгрөг авсан бас газраа очиж үзээгүй гэж байгаа нь хүртэл худлаа. Би ярьсныхаа дагуу 35,000,000 төгрөг бүх юмаа шилжүүлсэн. Энэ явдлаас хойш эхнэр бид хоёр 8 сарын хугацаанд цалингийн зээлдээ сард 440,000 төгрөг, эхнэр 250,000 төгрөгийг төлдөг ба бид хоёрын цалин нийлээд 900,000 төгрөг ***ог. 1 сардаа банкинд нийтдээ 700,000 төгрөг, түрээсийн байранд 200,000 төгрөг төлдөг. Энэ хүн худлаа хэлж залилаагүй бол бид нар ингэж хүнд байдалд байхгүй. Би энэ хүн шиг тийм олон удаа шүүх, цагдаагийн байгууллагаар явж байгаагүй миний цагдаагийн газрын тодорхойлолт харвал надад ганц ч ял шийтгэл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Монгол Улсын иргэний хуулиар олгогдсон өөрийн өмчийн байраа худалдах, худалдан авах гэрээ хийж бусдад худалдсан. Өөр надад хийсэн зүйл байхгүй. Би хэнийг ч хохироохгүй, гомдоохгүй, тийм хүмүүжил боловсролтой хүн. Харин тэр *** надад мөнгөө бүрэн өгөөгүй газар өгч намайг хуурсан. Тэр үйлдэл дээр нь эрүүгийн хариуцлага тооцож хүлээлгэж өгөөчээ. Энэ хүн өөрөө залилан хийж байна.
“...би Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 164-165/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***ын санал болгосон байр бусад байрнаас 5-7 сая төгрөгний хямд байсан. Миний хувьд зах зээлийн үнээс хямд болохоор сайн байр биш байх гээд их сонирхоогүй. Анх эхлээд эхнэр тэр байрыг үзсэн болохоор эхнэр юу гэж бодож байсныг бол би мэдэхгүй байна. Ингээд зах зээлийн үнээс арай хямд болохоор нь би өөрөө ***ын гэх Дархан сумын ***оот 2 араа орон сууцыг эхнэрийн хамт очиж үзсэн. Намайг анх эхнэртэй очиход нэг эмэгтэй байрыг түрээслэж байгаа гэж хэлээд байж байсан. *** дагуулж ороод байрыг үзүүлсэн. *** байрыг үзүүлэхдээ би байрны наймаа хийдэг энэ найдвартай сайн байр байгаа юм. Энэ хүмүүс түрээсэлдэг та нарыг энэ байрыг авах юм бол энэ хүмүүс шууд гараад сулалж өгнө гэж хэлсэн. Ингэж би өөрийн биеэр тухайн байрыг анх очиж үзсэн. Байрнаас гарахдаа би 35 000 000 төгрөг гэсэн билүү гэсэн тиймээ 35,000,000 төгрөгөөр ав гэж хэлж байсан...” 
“...тэр эмэгтэй өвөлжсөн дулаахан байр түрээсэлж байгаа мэтээр хэлж байсан болохоор тэр эмэгтэйг уг байрыг түрээсэлж суудаг юм байна гэдэгт бид хоёр бүрэн итгэсэн. Хэрэв тэр эмэгтэй түрээсэлдэггүй ***ын байр биш гэдгийг шууд хэлсэн бол бид нар энэ байрыг юу гэж авах билээ...”
“...*** урьдчилгаа бэлэн байгаа юм уу гэж асуухаар нь бид хоёр 15 000 000 төгрөг бэлэн байгаа. Бид хоёр цалингийн зээл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл *** та хоёр цалингийн зээл авах юм бол хэд гарах боломжтой вэ гэхээр нь би 10 000 000 гаруй төгрөг гаргаж болох байхаа ингээд нийлээд 25 000 000-26 000 000 төгрөг байх байх гэдгийг хэлсэн чинь *** тэгвэл бэлэн байгаа мөнгөө надад өгөөд чи өөрийн нэр дээр байраа авч байгаад барьцаанд тавиад үлдсэн мөнгийг нь бэлнээр гаргаад өгчих. Тэгвэл та хоёр зээл авахгүйгээр байр авах боломжтой юм байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь энэ маягаар байрыг авч болох юм байна гэж ойлгоод ***оос салсан...”
“...бэлэн мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгөн дээр нь байрыг барьцаанд тавьж худалдаж авч чадахгүй гэдгийг хэлэхэд *** надаа өөр ямар боломж байна гэж асуухаар нь надад Ширээн нуруунд 2 айлын хашаатай газар байдаг юм. Энэ газрыг үлдсэн мөнгөнд нь тооцож авах боломж байна. Өөрөөр бол ямар нэгэн байхгүй гэсэн чинь  надад газар дэмий бэлэн мөнгийг авмаар байна. Танай эхнэртэй очиж уулзаж ярьлцъяа гээд *** бид хоёр манай гэрт ирж гэрийн гадаа эхнэр бид 3 уулзсан...”
“...*** манай газрыг 9,000,000 төгрөгөөр тооцож авахаар болсон...”
“...***той нөгөө хүмүүс чинь байрнаас гараагүй байна. Яагаад гарахгүй байгаа юм гэсэн чинь би завгүй явж байна, дахин 3-4 хоног хүлээ гэсэн. Хүлээж байгаад дахин ***той ярихад би ажилтай явж байна. Та нар 1 сар ч гэсэн хүлээсэн яадаг юм гэж хэлээд утсаа салгасан. Энэ хооронд нөгөө байранд өглөө оройд байнга очиж байсан. Тэгтэл ерөөсөө хаалгаа тайлахгүй, хүн байхгүй юм шиг цонхон дээрээ сонин наачихсан байсан. Ингээд бид нар Иргэний хэргийн шүүхэд манай байранд байгаа хүмүүсийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан чинь тэр байрны эзэн гэх *** шүүхэд дахин ***ыг  худалдаж аваагүй, бид хоёр наймаа хийгээгүй гэсэн асуудал гарч ирсэн. Тэгээд би өмгөөлөгчтэй зөвлөлдөөд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байрны гэрчилгээ шилжүүлж байна гээд материалыг бүрдүүлээд өгсөн, би хүү ***ын хамтаар үл хөдлөх дээр очиж материалыг бүрдүүлсний дараа 15,000,000 төгрөгийг ***од бэлнээр өгсөн. Тэгээд манай хүү банкнаас 12,000,000 төгрөгний зээл аваад 11,000,000 төгрөгийг ***од нэмж өгөөд нийт 26,000,000 төгрөг бэлнээр дээр нь газрын гэрчилгээг 9,000,000 төгрөгт бодож өгсөн байгаа юм. Мөн би байр худалдаж авсан 2 хувь болох 200,000 төгрөгийг би төлсөн. Гэтэл *** өөрөө тушаасан юм шиг баримт  дээр нь гарын үсэг зурсан байгаа юм. Энэ мэтээр анхнаасаа бид нарыг залилах зорилгоор биднээс мөнгө авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх бэлэн 26,000,000 төгрөг өгөөд үлдсэнд нь газар өгөхөөр болсон” “...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр хадам ээж Батцэцэгийн хамт явж гэрээгээ хийж бэлэн 15,000,000 төгрөг өгсөн. Тэгээд маргааш нь Төрийн банкнаас зээл хөөцөлдсөн чинь бүтээгүй учраас ***инд материалаа өгч нөхрийн нэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны 12,000,000 төгрөгний зээл гарч 11,000,000 төгрөгийг ***од бэлнээр өгч ингээд ***од 26,000,000 төгрөгийг бэлнээр өгч 9,000,000 төгрөгөнд нь Ширээн нуруунд байрлах газрыг өгч манай нөхрийн нэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байрны гэрчилгээ гарсан. Ингээд наймаа хийж дууслаа, байрнаасаа хүмүүсээ гаргаач гэсэн чинь хэд хоног хүлээгээч гэсэн. Манай хүүхдийн цэцэрлэг уг байрны орчим байдаг болохоор өглөө оройд байнга очиход нөгөө байрны хүмүүс хаалга тайлахгүй байсан. Ингээд бүр байрнаас гарахгүй болохоор нь  нөхөр шүүхэд манай байранд байгаа хүмүүсийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан чинь  нөгөө байрны хүмүүс өргөдөл өгөөд ***од байраа зараагүй, ***ын байр биш *** гэж хүний байр гэдэг асуудал гарч ирэхээр нь цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-129/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ***той 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай мөнгө зээлээд өөрийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 335 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан...” “...Би барьцааны гэрээ хийсэн. Би ***оос 6,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Хэрэв 1 сарын хугацаанд ***од мөнгийг төлөхгүй бол миний байрыг зарна гэсэн...” “...Би ***оос 2016 оны 08 дугаар сарын  10-нд мөнгийг авсан. Бэлнээр манай гэрт *** өөрөө авчир өгсөн. Тэр үед миний төрсөн дүүгийн нөхөр Чинзориг байсан. Өөр хүн байгаагүй...” “...Би ***оос авсан 6,000,000 төгрөгийг хүүтэй нь 6,500,000 төгрөг болгоод 2016 оны 09 дүгээр сарын 10-15-ны хооронд бэлнээр өгсөн...” “...Аймгийн захиргааны үл хөдлөхийн газар очиж гэрээг хийсэн, эхнэр Энхтайван бид хоёр хамт байсан. Өөр хүн байгаагүй...” “...*** анх эхлээд гэрээ хийхдээ мөнгө зээлэхдээ хугацаандаа төлөхгүй бол байрыг чинь зарна гэж байсан. Би тоглож байгаа байлгүйдээ гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130-132/,

Гэрч Т***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...мөнгө зээлэхэд барьцаа хэрэгтэй барьцаагүй яаж чамд мөнгө зээлэх вэ гэхээр нь байрны гэрчилгээ болох уу гэсэн чинь болно гээд тэр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр гэрээ хийсэн. Гэхдээ би ямар гэрээ хийснийг сайн мэдэхгүй. Би хамт байсан. Сандал дээр сууж байсан. Манай нөхрийг гарын үсэг зурчих гээд гарын үсэг зуруулсан...” “...***оос 6,000,000 төгрөг зээлсэн. Хэзээ төлөх хугацааг нарийн яриагүй. Би эхлээд мөнгө зээлэх талаар ярьж байхдаа 1 жилийн хугацаатай мөнгө авмаар байна гэж байсан юм...” “...надаас энэ байр дулаахан уу гэж асуухаар нь би дулаахан гэж хэлсэн. Би өдөр сарыг нарийн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн *** утсаар яриад хүн очиж үзвэл байрыг түрээсэлдэг гэж хэлээрэй гэхээр нь би тэгж хэлэх ёстой юм байх гэж бодоод байрыг түрээсэлдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133-134/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн захиргаан дээр нэг цэгийн үйлчилгээн дотор нотариатын үйлчилгээ үзүүлж байхад зүс таних *** нь *** гэж хүнээс 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ хийлгүүлж би баталсан...” “...Би *** болон *** нараас та нар худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа юм уу гэдгийг асуусан чинь *** болон хамт явсан эмэгтэй нь тиймээ бид нар байраа зарж байгаа юм. Яаралтай зараад Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гээд байна гэхээр нь би байраа зарж байгаа юм байна гэж ойлгоод гэрээг гэрчилсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 136-137/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын  01-ний өдөр *** овогтой *** гэж зүс таних хүн Худалдах худалдан авах гэрээний дагуу нэг байр худалдаж аваад өөрийн нэр дээр өмчлөх гээд мэдүүлэг бөглөж байсан...” “...нотариатаар батлагдсан Худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжиж байгаа бол зөвхөн худалдан авч байгаа тал өөрөө л байхад мэдүүлгийг хүлээн авч гарын үсэг зуруулна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 16 дугаар баг 1-р хороолол 7-р байрны 05 тоот орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын дундуур *** гэх хүнд зарсан...” “...би бэлэн 22,000,000 төгрөгөөр зарсан. Одоо ***той ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй. Би мөнгөө бэлнээр тухайн үед авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 35,000,000 төгрөгөнд авъя гэсэн чинь үнэ тохирч байна гээд гар бариад салсан...” “...байр үзүүлсэн хөгшин 60 орчим насны ах нэрийг одоо сайн санахгүй байна. Харин байранд дотор нэг 40 орчим насны эмэгтэй байсан. Уг эмэгтэй байр түрээсэлж байгаа хүн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 03/,
-Радио, телевизийн “Лха” ХХК-ийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 10/,
-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 12-13/,
-Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/2274 дугаартай албан бичиг, орон сууцны өмчлөлийн талаарх холбогдох материалууд /1 дүгээр хавтаст хэргийн 25/,
-Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 80-82/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 84-85/,
-Үнэлгээ тогтоох, шинжээч томилох тогтоол,  “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 87-89/,
-Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 94, 106/,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01317 дугаартай шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 108-109/,
-Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гадаад паспортын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 120-122/,
-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 123/,
-Үнэлгээ тогтоох шинжээч томилох тогтоол, “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 145-148/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 171/  зэрэг болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь иргэн ***ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум *** тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг 6,000,000 төгрөгний барьцаанд авах нэрийдлээр 10,000,000 төгрөгөөр худалдсан талаарх худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан  иргэн ***т 35,000,000 төгрөгөөр зарна гэж 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11,000,000 төгрөг нийт авч хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний буюу 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч ***ын “...***ын санал болгосон байр бусад байрнаас 5-7 сая төгрөгний хямд байсан. “...би өөрийн биеээр тухайн байрыг анх очиж үзсэн. Байрнаас гарахдаа би 35,000,000 төгрөг гэсэн билүү гэсэн тиймээ 35,000,000 төгрөгөөр ав гэж хэлж байсан...” “...тэр эмэгтэй өвөлжсөн дулаахан байр түрээсэлж байгаа мэтээр хэлж байсан болохоор тэр эмэгтэйг уг байрыг түрээсэлж суудаг юм байна гэдэгт бид хоёр бүрэн итгэсэн. Хэрэв тэр эмэгтэй түрээсэлдэггүй, ***ын байр биш гэдгийг шууд хэлсэн бол бид нар энэ байрыг юу гэж авах билээ...” “...*** урьдчилгаа бэлэн байгаа юм уу гэж асуухаар нь бид хоёр 15,000,000 төгрөг бэлэн байгаа. Бид хоёр цалингийн зээл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл *** та хоёр цалингийн зээл авах юм бол хэд гарах боломжтой вэ гэхээр нь би 10 гаруй сая төгрөг гарч болох байхаа ингээд нийлээд 25-26 сая төгрөг болох байх гэдгийг хэлсэн чинь *** тэгвэл бэлэн байгаа мөнгөө надад өгөөд чи өөрийн нэр дээр байраа авч байгаад барьцаанд тавиад үлдсэн мөнгийг нь бэлнээр гаргаад өгчих. Тэгвэл та хоёр зээл авахгүйгээр байр авах боломжтой юм байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь энэ маягаар байрыг авч болох юм байна гэж ойлгоод ***оос салсан, ...бэлэн мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгөн дээр нь байрыг барьцаанд тавьж худалдаж авч чадахгүй гэдгийг хэлэхэд *** надаа “өөр ямар боломж байна” гэж асуухаар нь надад Ширээн нуруунд 2 айлын хашаатай газар байдаг юм. Энэ газрыг үлдсэн мөнгөнд нь тооцож авах боломж байна. Өөрөөр бол ямар нэгэн байхгүй гэсэн чинь  надад газар дэмий бэлэн мөнгийг авмаар байна. Танай эхнэртэй очиж уулзаж ярилцъя гээд *** бид хоёр манай гэрт ирж гэрийн гадаа эхнэр бид 3 уулзсан...” “...*** манай газрыг 9,000,000 төгрөгөөр тооцож авахаар болсон...” “...***од нөгөө хүмүүс чинь байрнаас гараагүй байна. Яагаад гарахгүй байгаа юм гэсэн чинь би завгүй явж байна, дахин 3-4 хоног хүлээ гэсэн. Хүлээж байгаад дахин ***той ярихад би ажилтай явж байна. Та нар 1 сар ч гэсэн хүлээсэн яадаг юм гэж хэлээд утсаа салгасан. Энэ хооронд нөгөө байранд өглөө оройд байнга очиж байсан. Тэгтэл ерөөсөө хаалгаа тайлахгүй, хүн байхгүй юм шиг цонхон дээрээ сонин наачихсан байсан. Ингээд бид нар Иргэний хэргийн шүүхэд манай байранд байгаа хүмүүсийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан чинь тэр байрны эзэн гэх *** шүүхэд дахин ***ыг  худалдаж аваагүй бид хоёр наймаа хийгээгүй гэсэн асуудал гарч ирсэн. Тэгээд би өмгөөлөгчтэй зөвлөлдөөд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126/, гэрч ***ийн “...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байрны гэрчилгээ шилжүүлж байна гээд материалыг бүрдүүлээд өгсөн гээд би хүү ***ын хамтаар үл хөдлөх дээр очиж материалыг бүрдүүлсний дараа 15,000,000 төгрөгийг ***од бэлнээр өгсөн. Тэгээд манай хүү банкнаас 12,000,000 төгрөгний зээл аваад 11,000,000 төгрөгийг ***од нэмж өгөөд нийт 26,000,000 төгрөг бэлнээр, дээр нь газрын гэрчилгээг 9,000,000 төгрөгөнд бодож өгсөн байгаа юм. Мөн би байр худалдаж авсан 2 хувь болох 200,000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127/, гэрч ***ийн “...манайх бэлэн 26,000,000 төгрөг өгөөд үлдсэн төгрөгөнд нь газар өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-129/, гэрч ***ын “...Би ***той 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай мөнгө зээлээд өөрийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 335 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан...” “...Би ***оос авсан 6,000,000 төгрөгийг хүүтэй нь 6,500,000 төгрөг болгоод 2016 оны 09 дүгээр сарын 10-15-ны хооронд бэлнээр өгсөн...” “...Аймгийн захиргааны үл хөдлөхийн газар очиж гэрээг хийсэн эхнэр Энхтайван бид хоёр хамт байсан. Өөр хүн байгаагүй...” “...*** анх эхлээд гэрээ хийхдээ мөнгө зээлэхдээ хугацаандаа төлөхгүй бол байрыг чинь зарна гэж байсан. Би тоглож байгаа байлгүйдээ гэж бодож байсан... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130-132/, гэрч Т***ы “...мөнгө зээлэхэд барьцаа хэрэгтэй барьцаагүй яаж чамд мөнгө зээлэх вэ гэхээр нь байрны гэрчилгээ болох уу гэсэн чинь болно гээд тэр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр гэрээ хийсэн. Гэхдээ би ямар гэрээ хийснийг сайн мэдэхгүй. Би хамт байсан. Сандал дээр сууж байсан. Манай нөхрийг гарын үсэг зурчих гээд гарын үсэг зуруулсан, ...***оос 6,000,000 төгрөг зээлсэн. Хэзээ төлөх хугацааг нарийн яриагүй. Би эхлээд мөнгө зээлэх талаар ярьж байхдаа 1 жилийн хугацаатай мөнгө авмаар байна гэж байсан юм, ...*** утсаар яриад хүн очиж үзвэл байрыг түрээсэлдэг гэж хэлээрэй гэхээр нь би тэгж хэлэх ёстой юм байх гэж бодоод байрыг түрээсэлдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133-134/, гэрч ***ын “...Би Дархан сумын 16 дугаар баг 1-р хороолол 7-р байрны 05 тоот орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын дундуур *** гэх хүнд зарсан...” “...би бэлэн 22,000,000 төгрөгөөр зарсан. Одоо ***той ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй. Би мөнгөө бэлнээр тухайн үед авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139/,  гэрч ***ы “...би 35,000,000 төгрөгөнд авъяа гэсэн чинь үнэ тохирч байна гээд гар бариад салсан...” “...байр үзүүлсэн хөгшин 60 орчим насны ах нэрийг одоо сайн санахгүй байна. Харин байранд дотор нэг 40 орчим насны эмэгтэй байсан. Уг эмэгтэй байр түрээслэж байгаа хүн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
хэлэлцүүлгийн
Шүүхийн ажиллагааны явцад шүүгдэгч *** “ямар ч хэрэг үйлдээгүй, иргэд хооондын, иргэний эрх зүйн маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж мэдүүлж байх боловч ***, *** нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, харин 6 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ***ын ““...Би ***той 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай мөнгө зээлээд өөрийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 335 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан...” “...Би ***оос авсан 6,000,000 төгрөгийг хүүтэй нь 6,500,000 төгрөг болгоод 2016 оны 09 дүгээр сарын 10-15-ны хооронд бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг, ***ын 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн ***ын нэхэмжлэлтэй ***од холбогдох “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий иргэний хэргийн шүүх хуралдаанд өгсөн ” би байраа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад миний нэр дээр шилжүүлбэл 6 сая төгрөг өгье, би хүүд нь 500,000 төгрөг авна гэсэн. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрчилгээ хүчингүй болгуулахыг зөвшөөрч байна, ...2016 оны 9-р сарын 15-нд *** надруу залгаад 6,500,000 төгрөгөө ав гэж хэлсэн. Тэгээд би ***аас авсан” гэх тайлбар /1-р хавтаст хэргийн 108, 110-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

*** нь “зээлээ хугацаанд төлөхгүй бол байрыг зарна” гэж хэлсний дагуу зарсан гэж байх боловч ***т орон сууцыг худалдах үед *** өөрийн гэр бүлийн хамт байрандаа амьдарч, худалдсан гэх үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй болохыг лавтай сайн мэдэж байсан боловч “түрээслэж байгаа гэж хэлээрэй” гэж жинхэнэ өмчлөгч нарт хэлж, өөрийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг үзүүлэн бодит байдлыг гуйвуулан ***ыг төөрөгдүүлжээ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч тохирсон үнийг төлж тухайн эд хөрөнгө худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжсэнээр өмчлөх эрх бүрэн дүүрэн хэрэгжиж эхэлнэ. ***, *** нарын хооронд байгуулагдсан гэх “худалдах, худалдан авах” гэх гэрээний дагуу ***ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болохоос уг эд хөрөнгө түүний өмчлөлд бүрэн шилжээгүй байхад бодит байдлыг нуух замаар ***аас 26,000,000 төгрөгийг аваад уг эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй нь Эрүүгийн хуульд заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. 

Харин орон сууцны үлдэгдэл  мөнгөнд Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг Ширээ нуруунд байрлах 1730 мкв талбайтай улсын бүртгэлийн *** дугаартай бүртгэгдсэн газрын өмчлөх эрхийг авах итгэмжлэл хийлгүүлсэн байх боловч уг газрын өмчлөх эрх ***ын нэр дээр шилжээгүй байх тул уг газрыг залилан мэхлэж авсан гэж үндэслэлгүй байна.

Иймд ***од холбогдуулан 34,788,000 төгрөг залилан мэхлэж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 8,788,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч ***ыг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч  26,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт ... 26,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн 200,000 төгрөг, энэ хэргээс болж авсан зээл бусад хохиролд 6 сая төгрөг нийт 32,200,000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч ***од өгсөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 26,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн гэх 200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй ба нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Үл хөдлөх хөрөнгө бодит байдал дээр ***т шилжээгүй боловч худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварыг төлсөн байх тул уг 200,000 төгрөгийг уг хохирол хэргийн зүйлчлэлд хамааралгүй боловч  гэмт хэргийн улмаас учирсан хохирол дээр нэмж нийт 26,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ***ын хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх  нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас урдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ***ын эзэмшлийн 000163022 дугаартай газрын гэрчилгээг буцаан олгож, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ***, *** нарын хооронд хийгдсэн итгэмжлэлийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ***оос битүүмжилсэн Эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоот 18.6 мкв талбайтай орон сууцыг төлбөрийн баталгаанд шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***оос 26,200,000 төгрөг /хорин зургаан сая төгрөг/ гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум *** тоотод оршин суух Боржигон овогт ***гийн ***т олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
 
ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***од холбогдуулан  хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 34,788,000 төгрөг авсан гэх хэргээс 8,788,000 төгрөгийг  залилан мэхлэж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.***ыг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг  залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар ***од ногдох хөрөнгөнөөс  100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 05 жил 10 хоног /таван жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан ***од оногдуулсан 05 жил 10 хоног /таван жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар энэ хэрэгт ялтан *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***оос 26,200,000 төгрөг /хорин зургаан сая хоёр зуун мянган төгрөг/ гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг, Ширээн нуруу 6-8 тоотод оршин суух ***гийн ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ***ын эзэмшлийн  дугаартай газрын гэрчилгээг буцаан олгож, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ***, *** нарын хооронд хийгдсэн итгэмжлэлийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***од авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***оос битүүмжилсэн Эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоот 18.6 мкв талбайтай орон сууцыг төлбөрийн баталгаанд шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ЭНХЖАРГАЛ

                                            ШҮҮГЧИД                              Т.БАТЖАРГАЛ

                                                                                        Г.ГЭРЭЛТ-ОД