Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

2025       05         01                                         2025/ШЦТ/173

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч М.Мөнхтайван,

Хохирогч Ц.Ц,

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Гт холбогдох эрүүгийн 2434006930094 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ханги боомтод туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М.Г /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь Т.Абагийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгөлөг өнгийн “Toyota Aqua” маркийн “38-48 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчим зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгслийн ар талын суудалд зорчин явсан хохирогч Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Г нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч Ц.Ц нь: “Би одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434006930094 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас  шүүгдэгч М.Г нь Т.Абагийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгөлөг өнгийн “Toyota Aqua” маркийн “38-48 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчим зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгслийн ар талын суудалд зорчин явсан хохирогч Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-20 тал/,

Хохирогч Ц.Цийн “...Би 2024 оны 11 дүгээр 05-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сум Сумт 1 дүгээр баг Зүүн дэнжийн 3 гудамжны 13 тоотод гэртээ байж байгаад манай гэрээс баруун зүгт байдаг 2-3 тоотын хажуу талд нь манай гудамжны айл болох Очирын гэрт ороход Очироо, нэг залуугын хамт байсан тэгээд 1 шил архи гаргаж Очироогын гэрт нь хувааж уугаад Тэгээд Очироо хөдөө ойрхон яваад ирье гээд явсан тухай үед нь би нэлээн халчихсан байсан тэгээд нөгөө залуугын машины ард талд нь суусан тэгээ л Очироогын гэрээс урагшаа явсан би машинд суугаад унтаад өгсөн байсан нэг мэдсэн чинь жалганд орчихлоо гэсэн хэн гаргаж авсан зүйлийг нь мэдэхгүй байна. тэгээд л эмнэлэг дээр ирсэн эмнэлэгт ирээд анхны тусламж аваад тухай оройдоо Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн зүйл байгаа тэнд очоод эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ү.Т.Аын “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэрч Н.Т.Аын “...2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Төв аймаг Алтанбулаг сум Сумт 1 дүгээр багийн төвд байрлах Зүүн дэнжийн 3-5 тоотод гэртээ байж байтал Ганбаяр, Цэдэн-Иш гуа нар нь манайд 1 шил 0.5 грамтай "Хараа нэртэй орж ирээд тэгэхээр нь тэрийг уучихаад Ганбаярын унаж явсан тээврийн хэрэгсэлтэй Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас зүүн талд хүрчихээд эргээд явж байсан гэнэт буцаад сум руу явж байгаад замаас зайтай байсан эрэг рүү орчихсон тийм зүйл болсон тэгээд сумын эрүүл мэндийн төвд ирсэн зүйл байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Шүүгдэгч М.Гын сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сумын төвд баз хүргэн болох Н.Т.Аын гэрт нь 0.5 грамтай "Хараа нэртэй архийг Цэдэн-Иш ахын хамтаар 3 лаа архийг хуваад уугаад би тээврийн хэрэгсэл болох мөнгөлөг саарал өнгийн 38-48 төү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Алтанбулаг сумаас урагш гараад урд байдаг цэргийн ангиас цааш гарсан тэгээд тэнд Т.А нь адуу дурандсан тэгээд тэнд байдаг цагаан худаг дээр адуу мал харчихаад тухай үед миний унаж явсан тээврийн хэрэгсэл дотор хугас шил 0.33 грамтай архи байсан тэрийг дахиж хувааж уусан тэгээд шууд сум руу хөдөлсөн тэгээд цэргийн ангиас нааш явж байтал гэнэт жалга руу орсон. Төв аймгийн Алтанбулаг сумын эмнэлгээс хүн ирсэн бид 3-ыг аваад сумын эмнэлэг дээр очсон Цэдэн-Иш ахын цээжин хэсэг нь хөндүүрлээд байна гээд тариа хийсэн надад болон Т.А, бид хоёрын даралтыг үзсэн бид хоёрт гэмтсэн зүйл байхгүй тэгээд дараа нь цагдаа ирсэн тэгээд бид 3-ын согтолтын зэргийг тодорхойлж драгер багажаар үлээлгэсэн зүйл байгаа тийм зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №650 дугаартай “...1 дүгээр асуултад: Ц.Цийн биед өвчүү ясны хугарал, баруун 3,4-p хавирга, зүүн 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал гэмтэл тогтоогдлоо 2 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5 дугаар асуултад: Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,

“Вендо” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №49211 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 55-61 тал/,

-2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №52-15/45 дугаартай “...1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Aqua маркийн 38-48 ТӨҮ улсын дугаартай автомашины жолооч М.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал тэмдэг тэмдэглэл, нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 3. Toyota Aqua маркийн 38-48 ТӨҮ улсын дугаартай автомашины жолооч М.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-68 тал/,

Шүүгдэгч М.Гын яллагдагчаар өгсөн “..Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын сумт 1 дүгээр баг зүүн дэнж 3-13 тоот Т.А /нэг айлын хүргэн/ гэрт Цэдэн-Иш нарын хамт архи уусан. Тухайн үед 1 шил архи уугаад дахин нэг шил архи аваад би өөрийн Тоёота Акуа маркийн 38-48 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож сумын төвөөс гараас урд зүгт адуу харах гээд явсан. Тухайн үед явах замдаа нэг шил архи уугаад явсан. Тэгтэл жалга руу ороод машин осолдсон. Тухайн үед осолдсоны дараа ойрхон байдаг танил Бандиа гэх хүнийг дуудаад бид 3-г аваад эмнэлэг дуудаад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч М.Г нь Т.Абагийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгөлөг өнгийн “Toyota Aqua” маркийн “38-48 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчим зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгслийн ар талын суудалд зорчин явсан хохирогч Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч М.Г нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас шүүгдэгч М.Гын жолоодож явсан “Toyota Aqua” маркийн “38-48 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан  байна.

Шүүгдэгч М.Г Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг бөгөөд хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй байдаг.

Иймд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Мөнхтайван: “Шүүгдэгч М.Гт 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг нь: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч М.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч М.Гт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Гын ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчлагдсан байна.

 

Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч Ү.Т.Ад мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсонг”, хохирогч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт “...300.000 төгрөгийн хохирлоо хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Гаас гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн 2434006930094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Гын №676412 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-эрдэнэд даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Гт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Гын тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн 2434006930094  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М.Гын №676412 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-эрдэнэд даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Гын тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМАА