Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2022/00273

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2022/00273

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....... тоотод байрлах А..Л ХХК

Хариуцагч: ...... тоотод оршин суух, Н. Ц.

Нэхэмжлэлийн шаардлага: Төлөгдөөгүй сэлбэгний үнэ болон алданги нийт 73,928,570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.У.,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А..Л ХХК нь хариуцагч Н.Ц.т холбогдуулан 73,928,570 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэгч А..Л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ц. нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А..Л ХХК-тай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус компаний үйл ажиллагаа явуулж буй газарт 4 тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж, эхэлсэн байна. Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээнд тухайн жолооч түлш, кемп, сэлбэгийг тухайн тээврийн хэрэгслийн нэр дээр авлага үүсгүүлэн дараа тооцоогоор авч тээврийн хөлснөөс суутгуулж тооцоо нийлэхээр зохицуулагдсан байдаг. Гэтэл Н.Ц. нь тээвэрлэлт гүйцэтгэх хугацаандаа өөрийн эзэмшлийн парк-. УБГ улсын дугаартай автомашин, парк-. УНБ улсын дугаартай автомашин, парк-. УБИ улсын дугаартай автомашин, парк-. УНП улсын дугаартай автомашин, . БЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн нэр дээр дараа тооцоогоор нийт 57,796,540 төгрөгийн сэлбэг авснаас 49,285,713 төгрөгийн сэлбэгийн үнийн дүнг гэрээний дагуу эргэн төлөлтийг хийгээгүй, ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгээгүй байна. Н.Ц. нь 2020 онд уурхайн бүсээс гарсан ба сэлбэг, түлшний өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч одоогийн байдлаар өр төлбөрийг барагдуулаагүй байдалтай байх ба өр төлбөр барагдуулах талаар мэдэгдэхээр утсаар холбогдоход би өр төлбөрөө мэдэж байгаа төлнө. Танай уурхай дээр миний . УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Түүнийг өрөндөө ав. Уурхай дээрээ байгаа машиныг ав, наад машин чинь миний дүүгийн нэр дээр байдаг. Дүү маань Япон улсад байгаа, нэрийг нь шилжүүлж өгч чадахгүй гэдэг. Иймд А..Л ХХК-тай байгуулсан ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хоног тутамд 0,3 хувиар алданги тооцсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож нийт 73,928,570 төгрөгийг Н.Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Ц. нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А..Л ХХК-тай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн парк-466 13-58 УБГ улсын дугаартай автомашин, парк-. УНБ улсын дугаартай автомашин, парк-. УБИ улсын дугаартай автомашин, парк-. УНП улсын дугаартай автомашинуудаар тус компаний үйл ажиллагаа явуулж буй газарт тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн. Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээнд тухайн жолооч түлш, кемп, сэлбэгийг тухайн тээврийн хэрэгслийн нэр дээр авлага үүсгүүлэн тээвэр хийсэн сарын цалингаас нь суутгуулж тооцоо нийлэхээр тохиролцсон байдаг. Гэтэл Н.Ц. нь тээвэрлэлт гүйцэтгэх хугацаандаа буюу 2018, 2019 онд өөрийн эзэмшлийн дээрх 4 автомашинд сэлбэг авснаас 49,285,713 төгрөгийн сэлбэгийн үнийг гэрээний дагуу төлөөгүй. Н.Ц. нь компанитай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг 2020 он хүртэл амаар сунгасан. Тэрээр 2018 онд бүтэн тээвэрлэлт хийж, цалин хөлсөө авсан, 2019 оны 3 дугаар сар хүртэл цалин олгогдсон байдаг. Тэгээд 2020 оны 2 дугаар сард уурхайн бүсээс гарсан ба ингэхдээ парк-. УНП улсын дугаартай автомашинаа үлдээгээд явсан, дахин ирээгүй. Н.Ц.тай ачаа тээвэрлэлтийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Зөвхөн сэлбэгний төлөгдөөгүй төлбөр байгаа. Компаний зүгээс сэлбэгний өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэхэд тэрээр би өр төлбөрөө мэдэж байгаа төлнө. Танай уурхай дээр миний . УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Түүнийг өрөндөө ав. Наад машин чинь миний дүүгийн нэр дээр байдаг. Дүү маань Япон улсад байгаа, нэрийг нь шилжүүлж өгч чадахгүй гэдэг.

Иймд А..Л ХХК-тай байгуулсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан сэлбэгний төлөгдөөгүй үнэ 49,285,713 төгрөг, энэхүү үнийн дүнд тооцогдсон алданги 24,642,857 төгрөг, нийт 73,928,570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Н.Ц. нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А..Л ХХК-тай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулан өөрийн эзэмшлийн парк-. УБГ улсын дугаартай автомашин, парк-467 . УНБ улсын дугаартай автомашин, парк-. УБИ улсын дугаартай автомашин, парк-. УНП улсын дугаартай автомашинуудаар тус компаний үйл ажиллагаа явуулж буй газарт тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн. Хэрэгт 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А.Л ХХК-тай байгуулагдсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээ авагдсан боловч хариуцагч нь энэ гэрээ байгуулагдсан эсэх талаар маргахгүй. Гэрээ байгуулагдсан нь үнэн. Харин гэрээ сунгагдаагүй, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон уурхайгаас гарсан байдаг. Энэ хугацаанд автомашинд сэлбэг авсан, сэлбэгний үнийг авсан цалингаасаа суутгуулсан гэдэг. Тэрээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш уурхайгаас гарах гэтэл гаргахгүй байсан учир парк-. УНП улсын дугаартай автомашинаа үлдээгээд явсан гэдэг. Одоо энэ машин нь тоногдоод зөвхөн торх л үлдсэн гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.1. Сонорын оргил ХХК-ны зарлагын баримт (хх-ийн 5-18 хуудас)

4.2. Уулын баяжуулах таняннуурын үйлдвэр А..Л ХХК-ний албан

бичгийн конандсан хуулбар (хх-ийн 19 хуудас)

4.3. Материалын зарлагын бүртгэл (хх-ийн 21-33 хуудас)

4.4. Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний занондсон хуулбар

(хх-ийн 34-38 хуудас)

4.5. Өглөг авлагын товчоо тайлан (хх-ийн 39 хуудас)

4.6. Нийт олгосон тээврийн хөлс

4.7. А..Л ХХК-ний тээвэрлэлтийн мэдээ

 

5. Хариуцагч талаас хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.1. Н.Ц.ын нэр дээрх ХААН банк дахь . тоот дансны хуулга

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А..Л ХХК нь хариуцагч Н.Ц.т холбогдуулан ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 73,928,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг төлөгдөөгүй сэлбэгний үнэ 49,285,713 төгрөг, энэхүү үнийн дүнд тооцогдсон алданги 24,642,857 төгрөг, нийт 73,928,570 төгрөг гаргуулна гэж тодруулж тайлбарлалаа.

2. Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Н.Ц. нь компанитай байгуулсан гэрээний дагуу 2018, 2019 онд өөрийн эзэмшлийн 4 автомашинд авсан сэлбэгний үнийг төлөөгүй тул төлөгдөөгүй үлдсэн сэлбэгний төлбөр болон, уг үнийн дүнд ногдох алданги төлөх ёстой гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Н.Ц. нь гэрээ ёсоор 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тээвэрлэлт хийсэн, үүнээс хойш тээвэрлэлт хийгдээгүй, гэрээг ч сунгаагүй. 2018, 2019 онд компаниас сэлбэг аваагүй гэж мэтгэлцлээ.

4. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч А..Л ХХК, хариуцагч Н.Ц. нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан, уг гэрээгээр тээвэрлэгч нь А..Л ХХК-иас автомашины сэлбэгийг тухайн тээврийн хэрэгслийн нэр дээр авлага үүсгүүлэн тээвэрлэлт хийсэн сарын цалингаас нь суутгуулахаар тохиролцсон болох нь нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Харин нэхэмжлэгч тал нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 114/17 дугаартай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэн сунгасан гэх боловч сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, тус гэрээг амаар сунгасан гэх боловч энэ нь Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт Г. аймгийн С. ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны зарлагын баримт /хх-ийн 5-18/-ыг хавсаргасан боловч талууд С. ХХК-иас сэлбэг өгч, авахаар тохиролцсон болон А..Л ХХК нь Сонорын оргил ХХК-ний нэрийн өмнөөс сэлбэгний төлбөр нэхэмжлэх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...А..Л ХХК нь Н.Ц.тай байгуулсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 6.6-д зааснаар сэлбэгийг зээлээр олгосон, харин сэлбэгний үнийг тээвэрлэлт хийсэн хөлснөөс суутгаагүй, иймд төлөгдөөгүй төлбөр бүрт алданги тооцох нийтлэг заалт болох гэрээний 5.15-д зааснаар алданги төлүүлнэ гэх тайлбар нь хуульд заасан алданги тооцох зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл түүний шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагч Н.Ц.ын эзэмшлийн машинууд нь 2018-2019 онуудад тээвэрлэлт хийгдэж парк-. УБГ улсын дугаартай автомашин нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, парк-. УНБ улсын дугаартай автомашин нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, парк-. УБИ улсын дугаартай автомашин нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, парк-. УНП улсын дугаартай автомашин нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тээвэрлэлт хийж цалин тооцогдсон боловч цалингаас нь суутгал хийгээгүй... гэх боловч 2018-2019 онуудад хариуцагч Н.Ц.ын эзэмшлийн дээрх тээврийн хэрэгслүүдэд сэлбэг авсан эсэх, зээлээр авсан сэлбэгний төлбөрийг цалингаас нь суутгаагүй гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байдаг ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 114/17 дугаартай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан талаар хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдсан гэрээ авагдаагүй боловч 2017 онд тээвэрлэлт хийгдэж байсан эсэх талаар талууд маргаагүй, хариуцагч тал 2017 онд гэрээ байгуулагдсаныг зөвшөөрсөн тул тус гэрээг байгуулагдсан гэж үзэж шийдвэрт дүгнэлт хийсэн болно. Харин талууд 2018-2019 онд автомашины сэлбэг зээлээр авсан эсэх талаар маргаж байх бөгөөд энэхүү маргаан нь талуудын хооронд байгуулагдсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ дээр тусгагдсан тохиролцоо байх тул тус маргааныг талуудын хооронд үүссэн тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн маргаан гэж үзэж, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар нэхэмжлэгч А..Л ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ц.т холбогдох төлөгдөөгүй сэлбэгний үнэ 49,285,713 төгрөг, энэхүү үнийн дүнд тооцогдсон алданги 24,642,857 төгрөг, нийт 73,928,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан материалын зарлагын бүртгэл /хх-ийн 21-31/, Цолмон шонхор А..Л ХХК-иас 2019 оны 2 дугаар сард авсан сэлбэгийн тооцоо /хх-ийн 32-33/ гэх баримт нь тооцоо нийлсэн этгээдийн болон сэлбэг хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, өглөг авлагын тайлан /хх-39/-д сэлбэг хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй, хавтаст хэргийн 34-38 дугаар хуудаст авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 114/17 дугаартай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тээврийн хөлсний материал, А..Л ХХК-ний тээвэрлэлтийн мэдээ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А..Л ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ц.т холбогдох төлөгдөөгүй сэлбэгний үнэ 49,285,713 төгрөг, энэхүү үнийн дүнд тооцогдсон алданги 24,642,857 төгрөг, нийт 73,928,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА