Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2022/00279

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2022/00279

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...байрлах Б.БХХК

Хариуцагч: Х... баг, Н.М.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.У.,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н.

Хариуцагч Н.М.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.БХХК нь хариуцагч Н.М.д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.М.нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газраас 10,000,000 төгрөг авч, автомашинаа барьцаалсан. Тэгэхдээ тухайн өдрийн орой мөнгө орж ирнэ гэж хэлээд Toyota sai-k10 маркийн .УБХ улсын дугаартай машинаа барьцаалж, 10,000,000 төгрөгийг 300,000 төгрөгийн хүүтэй зээл авч машинаа үлдээгээд явсан. Орой хүүхэд халуураад байна, эмнэлэг хүргэж өгөөд ирье гэж хэлээд барьцаалсан байсан машинаа авч яваад одоо болтол мөнгөө өгөхгүй байна. Н.М.нь манай барьцаалан зээлдэх газарт хажуудаа нэг хүнтэй орж ирсэн бөгөөд ...би картгүй явна, энэ хүний данс руу хийчих гээд 5,970,000 төгрөгийг хамт яваа хүнийхээ данс руу хийлгэсэн. Үлдэх 4,030,000 төгрөгийг Н.М.өөрөө бэлнээр тоолж аваад явсан. Иймд Н.М.ийн машиныг барьцаалж түүнд мөнгө өгсөн тул Н.М.гээс 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Н.М.шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний танил Б.С.нь таньтай уулзах хэрэгтэй байна гэж утсаар залгасан. Тэгээд бид уулзсан, Б.С. хэлэхдээ ...та машинаа надад 1 цагийн хугацаатай иргэн .гийн барьцаат зээлийн газар тавиулаач. Дүүд нь мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэхэд би тухайн үед .гийн Б.г гэх барьцаат зээлийн газар чинь машин барьцаалах эрхтэй юм уу гэхэд уул нь барьцаат зээлийн газар биш, би .гийн найз болох Н гэх эмэгтэйг сайн танина. Тэр эмэгтэй .тай яриад машиныг чинь 1 цагийн хугацаанд барьцаанд тавиад 10,000,000 төгрөг аваад өгье гэсэн. Тэгээд миний машиныг .д үзүүлсэн, . нь миний машины бичиг баримтыг машинтай хамт авч үлдээд надад хандан нэг цагийн дараа Б.С. 10,000,000 төгрөгөө надад өгөхөөр нь та ирж машинаа аваарай гээд нэг цаасан дээр надаар гарын үсэг зуруулаад үлдсэн. Тухайн үед би Б.С., Н., . нарын хооронд яригдсан асуудал учраас нэг их ач холбогдол өгөөгүй. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Б.С. түүнд мөнгө зээлдэж өгсөн Нтай утсаар холбогдоод мөнгөө төлөөд машиныхаа бичиг баримт болон машинаа авья гэхэд миний бие Б.С.тай хамт Н. гэх эмэгтэйтэй уулзахаар очиход Н гэх эмэгтэй нь миний машины түлхүүрийг надад өгөхөөр нь тухайн үед би ажил ихтэй байсан тул яараад маргааш нь машины бичиг баримтаа авья гэж бодоод явсан. Би тухайн үед Б.С.ыг .гаас зээлж авсан 10,000,000 төгрөгөө .гийн найз болох Нд нь өгөөд тооцоо нь дууссан тул миний машины түлхүүрийг өгч байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл гэнэт надаас 10,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би .гаас нэг ч төгрөг бэлнээр болон дансаар аваагүй, Б.С. авсан гэв.

4.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.1. Б.БХХК, Барьцаат зээлийн үйлчилгээний баримт

(хх-ийн 4 хуудас)

4.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

(хх-ийн 5 хуудас)

4.3. Toyota sai-k10 маркийн . УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн

гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 хуудас)

 

5. Хариуцагч талаас хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.1. Г.Р.ийн нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга

(хх-ийн 19 хуудас)

5.2. Н..М.н нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга

(хх-ийн 28 хуудас)

5.3. С.З.ын нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга

(хх-ийн 63 хуудас)

5.4. Н.Б.ий нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга

(хх-ийн 64 хуудас)

5.5. Шүүх хуралдаанд Б.С., С.З. нарын хоорондоо чатаар

харилцсан гэх материал

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

6.1. Н.М.ийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн

хуулбар (хх-ийн 57 хуудас)

6.2. С.З.н нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга

(хх-ийн 95-97 хуудас)

6.3. С.З.ын нэр дээрх Хас банк дахь дансны хуулга

(хх-ийн 98 хуудас)

 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

7.1. Б.С.ын нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга (хх-ийн 43 хуудас)

7.2. Гэрч Н.Б.ий мэдүүлэг (хх-ийн 80-81 хуудас)

7.3. Гэрч С.З.ын мэдүүлэг (хх-ийн 83-84 хуудас)

7.4. Гэрч Г.Р.ийн мэдүүлэг (хх-ийн 86-87 хуудас)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.БХХК нь хариуцагч Н.М.д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Н.М.нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн машинаа барьцаалж, 10,000,000 төгрөгийг 300,000 төгрөгийн хүүтэйгээр зээлсэн. Тэрээр хажуудаа нэг хүнтэй орж ирээд ...би картгүй явна, энэ хүний данс руу хийчих гээд 5,970,000 төгрөгийг хамт яваа хүнийхээ данс руу хийлгэсэн. Үлдэх 4,030,000 төгрөгийг Н.М.өөрөө бэлнээр тоолж аваад явсан. Одоо хүү нэхэмжлэхгүй, зээлсэн 10,000,000 төгрөгөө авна гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...би Б.БХХК-иас дансаар болон бэлэн хэлбэрээр нэг ч төгрөг аваагүй, өөрийн машиныг Б.С.ын гуйлтаар барьцаанд тавьж, түүнд мөнгийг нь авч өгөхөд тусалсан гэж мэтгэлцлээ.

3. Хэрэгт авагдсан Б.БХХК, Барьцаат зээлийн үйлчилгээний баримт (хх-ийн 4 хуу) болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар Н.М.нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.БХХК, Барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эзэмшлийн Toyota sai-k10 маркийн .УБХ улсын дугаартай машиныг 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

Харин зээл болох 10,000,000 төгрөгийн 5,970,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Н.М.ийн хүсэлтээр түүнтэй хамт явсан хүний данс руу хийсэн, үлдэх 4,030,000 төгрөгийг Н.М.д бэлнээр тоолж өгсөн гэж, харин хариуцагч нь үүнийг үгүйсгэж, нэг ч төгрөг аваагүй гэж зөрүүтэй байдлаар маргалаа.

Хэрэгт авагдсан авагдсан дээрх Б.БХХК-ний Барьцаат зээлийн үйлчилгээний баримтад: 3 сарын 11 өдөр Н.М., ...зээлийн хүү 10,000,000, хүү 300,000, нийт 10,300,000, ...Журамтай танилцсан зөвшөөрсөн М.гэх гарын үсэг зурсан байх бөгөөд тус гарын үсгийг хариуцагч Н.М.өөрөө зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин Б.БХХК-иас зээл 10,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал нь энэхүү баримт нь машиныг барьцаанд тавиад мөнгө хүлээлгэн өгсөн баримт гэж хариуцагчийг дээрх зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн гээд гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч энэ нь машин барьцаалуулахыг хүлээн зөвшөөрсөнийг нотлох баримт байна. Харин мөнгө шилжүүлсэн, мөнгийг хүлээлгэн өгсөн баримт гэж үзэх боломжгүй юм.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д барьцааны гэрээний агуулга түүнд тусгах зүйлсийг заасан, 10.4-д Бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, 5 дугаар зүйлийн 5.3-д барьцаалуулагч нь гуравдагч этгээд байж болно гэж, мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан Б.БХХК, Барьцаат зээлийн үйлчилгээний баримт (хх-ийн 4 хуу)-ыг талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй.

Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан.

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх баримт болох хэрэгт авагдсан бусад баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг мөн 10,000,000 төгрөгийг хариуцагч Н.Монломсүрэнгийн нэр дээрх данс болон түүнд бэлнээр шилжүүлсэн эсэх, зээлдэгч нь мөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх зэрэг үйл явдал нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Н.М.нь машинаа барьцаанд тавьж, өөрөө мөнгө зээлэхийг хүссэн эсэх зээлдэгчийн хүсэл зориг үнэн зөв бодит байдлаар илэрхийлэгдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.БХХК нь хариуцагч Н.Монломсүрэнд барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.БХХК нь барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Монломсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.БХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч Н.Монломсүрэнгээс 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.БХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА