| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/04038/И |
| Дугаар | 101/ШШ2022/01294 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/01294
| 2022 03 22 | 101/ШШ2022/01294 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т Б ХХК,
тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг 786,151,800 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,
Шинжээч Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр Х ХХК-аас 795,918,539 төгрөгийг гаргуулж Т Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Х" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 602 м.кв талбай бүхий үйлчилгээ амины орон сууцны зориулалтаар олгогдсон газрыг 786,151,800 төгрөг, нийт 1,381,517,003 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч Д ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 504 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаартай, 602 м.кв талбай бүхий үйлчилгээ, амины орон сууцны зориулалтаар олгогдсон газар зэрэг нь хотын хамгийн үнэ цэнэтэй A зэрэглэлийн бүсэд байрладаг, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттаар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг, бүрэн цутгамал хийц бүхий төвлөрсөн дулаан болон цэвэр усан хангамж, бохир ус татан зайлуулах татуургын системд бүрэн холбогдсон, гадна орчны нөхцөл байдал нэн таатай, ашигтай байрлал бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ойролцоо ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын зах зээлийн жишиг үнэтэй харьцуулахад 504 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ ханш 3,000,000 төгрөг буюу нийт 1,512,000,000 төгрөгийн, 602 м.кв талбай бүхий газрын унэ цэнэ 1,100,000,000 төгрөг, нийт 2,612,000,000 төгрөгийн үнэ цэнэтэй байхад Нийслэлийн шуүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагчийн талд хэт үйлчлэн үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнээр буюу 1,381,517,003 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 504 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 602 м.кв талбай бүхий үйлчилгээ, амины орон сууцны зориулалтаар олгогдсон газрыг 786,151,800 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр шийдвэрээр Х ХХК-аас 795,918,539 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,207,743 төгрөгийг гаргуулж Т Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Х ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Баярмаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байрлах 504 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай 602 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 8/173 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Д ХХК-аар тогтоолгоход 1,381,517,003 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй этгээд Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцогч Т Б ХХК дараах тайлбарыг хүргүүлж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн тоот шийдвэрээр Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 795,918,539.82 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,207,743 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгох ажиллагаа явагдаж байна. Талуудын зөрүүтэй санал хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон боловч Хөрөнгийн үнэлгээний тайлан-д дурдсан хандлагын аргаар үнэлэхдээ хөрөнгийн шинээр баригдах өртгийг тооцох аргаар үнэлсэн. Мөн гэрчилгээнд дурдсан м.кв талбайн хэмжээ, план зургийн буюу бодит хэмжилтээс зөрж байдгийг олж тогтоогоогүй хэт өндөрөөр үнэлж төлбөр төлөгчийн асуудалд субьектив хандсан. Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг хэдээр үнэлэх нь нээлттэй байдаг ба төлбөр авагч ч өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Энэхүү маргаан бүхий байдлыг эцэслэх зорилгоор л шинжээчийн тусламжийг авдаг байтал шинжээч ийнхүү асуудалд тал бүрийн үнэлэлт өгөлгүй зайнаас буюу зарын сайтын мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь талуудад хүндрэл учруулж байна. Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа байршил, ашиглалтын нөхцөл байдлыг өнгөц дүгнэсэн. Өөрөөр хэлбэл эзэмших эрхтэй газрыг үнэлэхдээ өмчлөх эрхийн газартай жишсэн нь учир дутагдалтай ба Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл, бүсийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг шинэчлэн тогтоосон ба энэхүү хавсралтаас харвал маргааны зүйл болох газар үнэлгээний 2 дугаар бүсэд оршин байрлаж 82 сая төгрөгийн үнэлгээтэй нь харагдана. Банк эзэмших эрхтэй газрыг барьцаанд авдаг гол зорилго нь газраас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгийг дагалдуулж хөшүүргийн хэлбэрээр ашигладаг. Нэгэнт дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй болж гэрчилгээжсэн газрыг тодорхой үнээр үнэлдэггүй бөгөөд гагцхүү хөрөнгийн эрхийг шилжүүлэх үед Татварын алба, Газрын албанаас тогтоогдон төлөгддөг дээрх үнэлгээнд тулгуурлан зохих татварыг төлөөд явдаг юм. Иймд зах зээлийн хандлагаар үнэлсэн гэгдэх үнэлгээний тайлан, тайланд тулгуурлан төлбөр авагчид ирүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай'' албан тоотод дурдсан хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ тогтоосон байдал шаардлага хангаагүй гэж үзэж байна гэв.
Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр /хх-6-10/, итгэмжлэл /хх-161/, unegui.mn сайтаас авсан үл хөдлөх эд хөрөнгийн зураг, үнийн мэдээлэл /хх-188-190/,
Хариуцагч талаас: 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн /хх-27/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр /хх-28-32/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-33-34/, Т Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-35/, Т Б ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-36/, итгэмжлэл /хх-37/, Т Бны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мемориалын баримт /хх-38/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /хх-39/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол /хх-40/, хуулийн этгээдийн лавлагаа /хх-41-43/, зээлдэгчийн анкет /хх-44/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ /хх-45/, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12/17-141 дугаартай Барьцааны гэрээ /хх-46-47/, шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-48/, зарлан дуудах мэдэгдэл /хх-49/, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллааганы баримт бичиг хүлээн авах баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-50, 51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-188/33128, 4-188/33134 дугаартай албан бичиг /хх-52, 53,/, иргэний болон эд хөрөнгийн лавлагаа /хх-54, 55/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /56-58/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх-59-61/, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл /хх-62/, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-63, 64/, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8/1917 дугаар албан бичиг /хх-65-66/, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-67/, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20380787/05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-68-70/, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-71/, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20380787/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-72-74/, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-188/38775 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-75, 76/, Х ХХК-ийн итгэмжлэл /хх-77-78/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/18 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол /хх-79/, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-80, 81/, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-82-83, 84/, Х ХХК-ийн үнийн санал /хх-85-87/, Т Б ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-88/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8/173 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, холбогдох баримт /хх-89-92/, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-93-120/, төлбөр авагч, төлөгч нарт хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, үийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-121-122, 123-124/, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Албадан дуудлага худалдаанд оруулах санал /хх-125/, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1054 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, төлбөр авагч, төлөгч нарт мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-127, 128-133/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Т Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-139/, итгэмжлэл /хх-138/, тайлбар /хх-143-144/,
Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13/4150 дугаартай албан бичиг /хх-175/, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4/3803 дугаартай албан бичиг /хх-177-179/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын 18644312815359 дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг 786,151,800 төгрөгөөр, нийт 1,381,517,003 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т Б ХХК нь Д ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч байгаа гэх тайлбарыг гарган оролцсон.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Х ХХК-аас 795,918,539 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,207,743 төгрөгийг гаргуулж Т Б ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамж, дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
НШШГГ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг битүүмжилж, төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлөхийг мэдэгджээ.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.
Дээрх тогтоолоор барьцаа хөрөнгийг хураасан боловч коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг явуулаагүй хугацаа хэтэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/18 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20380787/09 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг битүүмжилсэн болон эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.
Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Х ХХК нь барьцаа хөрөнгө болох тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,116,800,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг 500,000,000 төгрөгөөр, нийт 2,616,800,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлжээ.
Төлбөр авагч Т Б ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагчийн үнийн саналаас зөрүүтэй байна гэх үндэслэлээр битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан.
НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8/173 дугаар тогтоолоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.
Шинжээчээр томилогдсон Д ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч Д ХХК нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг 786,151,800 төгрөгөөр, нийт үнийг 1,381,517,003 төгрөгөөр тогтоож үнэлсэн байна.
НШШГГ нь төлбөр төлөгч Х ХХК-ийн захирал Д.Баярмаад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн талаар шүүхэд маргаагүй.
Төлбөр төлөгч Х ХХК нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ барьцаа хөрөнгө болох хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газар нь хотын хамгийн үнэ цэнэтэй А зэрэглэлийн бүсэд байрладаг, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг, бүрэн цутгамал хийц бүхий, төвлөрсөн дулаан, цэвэр усан хангамж, бохир ус татан зайлуулах татуургын системд бүрэн холбогдсон, гадна орчны нөхцөл байдал нэн таатай, ашигтай байрлал бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж эрх ашгийг нь зөрчсөн гэж тайлбарлаж мэтгэлцсэн.
Төлбөр авагч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т Б ХХК нь Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан тайлбартаа үл хөдлөх хөрөнгийг шинээр баригдах өртгийг тооцох аргаар үнэлсэн, гэрчилгээнд дурдсан м.кв талбайн хэмжээ, план зургийн буюу бодит хэмжилтээс зөрж байдгийг олж тогтоогоогүй хэт өндөрөөр үнэлсэн, мөн эзэмших эрхтэй газрыг үнэлэхдээ өмчлөх эрхийн газартай жишсэн нь учир дутагдалтай, зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа байршил, ашиглалтын нөхцөл байдлыг өнгөц дүгнэсэн гэх тайлбарыг гаргасан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангасан байхаар заасан.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ.
Шинжээч Д ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зардлын хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцож 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувь ач холбогдолтойд тооцож 786,151,800 төгрөгөөр, нийт үнийг 1,381,517,003 төгрөгийн үнэлгээ тогтоосон... талаар дурджээ.
Шинжээч нь үнэлж буй хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох ёстой ба хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зардлын хандлагаар үнэлэхдээ өртгийн хандлагын 3 арга болох борлуулалтын өртгийн хандлага, дахин үйлдвэрлэлтийн өртгийн хандлага, нийлбэрийн аргаас ямар шалгуураар дахин үйлдвэрлэлтийн өртгийн хандлагыг ашиглах болсон үндэслэлээ дүгнэлтдээ тайлбарлаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг барилгын шинээр баригдах өртгийг тооцох буюу зардлын хандлагаар тооцох болсон үндэслэлийг тодорхой тусгаагүй, мөн тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг өмчлөлийн газар гэж тодорхойлон зах зээлийн үнэлгээг тогтоосон үндэслэлийг тайлбарлан тодорхойлж бичээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу гудамж, 106-1 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай олгогдсон эзэмших эрхтэй газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоосон байдлыг тодруулахад ... тус газар нь Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдсэний дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 13 дугаар тогтоолын дагуу 2 дугаар бүсэд оршиж байгаа болно. Үүнд газрын үнэлгээний 2 дугаар бүсэд худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар газар эзэмшиж байгаа тохиолдолд 1 м2 газрын жилийн төлбөрт 851 төгрөг төлөхөөр тогтоогдсон. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Засгийн газрын 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар дээрх байршлын 1 га газрын суурь үнэлгээ нь 1,216.0 /нэг тэрбум хоёр зуун арван зургаан/ сая төгрөг болно. Газрын дуудлага худалдааны анхны үнэ Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 3 дугаар хавсралтын дагуу засварлах итгэлцүүр нь 1.115 бөгөөд нэгжийн үнэ нь 135,584 /нэг зуун гучин таван мянга таван зуун наян дөрвөн/ төгрөг болно гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Шинжээч нь тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай олгогдсон эзэмших эрхтэй газрын үнэлгээг хийхдээ дээр дурдсан газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүр, газрын суурь үнэ зэргийг харгалзан тооцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу шинжээч тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах үүрэгтэй боловч энэ талаар дүгнэлтэд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй, мөн хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулах ёстой боловч хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ямар үндэслэлээр зардлын хандлагаар тооцох нь100 хувь ач холбогдолтой, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг зах зээлийн хандлагаар тооцох нь 100 хувь ач холбогдолтой гэж үзсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шинжээч Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нөлөөлөх боломжгүй, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж тайлбарлаж байх хэдий ч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийхээр заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь шинжилгээнд хамааралтай болно. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг шийдвэр гүйцэтгэгч хянаж үзэх үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үндэслэл бүрэн тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байх боловч шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3, 9.3 дугаар зүйлийн 9.3.8-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.
Иймд дээрх ндэслэлээр тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг 786,151,800 төгрөгөөр, нийт 1,381,517,003 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь хууль нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 595,365,203 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 602 м.кв талбай бүхий үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрыг 786,151,800 төгрөгөөр, нийт 1,381,517,003 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР