| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 1810004920788 |
| Дугаар | 2021/ДШМ/363 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/363
2021 04 08 2021/ДШМ/363 № Т M № 546 МАЛАЛ
Д.П-ид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нарангэрэл,
хохирогч Э.Т-, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн,
яллагдагч Д.П-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/418 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцэл болон яллагдагч Д.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.П-ид холбогдох 1810004920788 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө овгийн Д-гийн П-, Улаанбаатар хотод 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар: 00000000/
2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Д.П- нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43а байрны гадна зогсоолд байрлуулсан М.Э-ы эзэмшлийн 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 79-74 ДАР улсын дугаартай “Toyota prius” загварын автомашиныг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч аралын дугаарыг өөрчлөн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дээр Э.Т-өд өөрийн эзэмшлийн автомашин гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9,000,000 төгрөг худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргалаас “...П-ийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч Чинбат шалгаж 180900000326 дугаартай хэрэгт нэгтгэсэн байдаг. Энэ хэрэг нь Б, Б, И нартай нийлж нийтдээ 6 дүүргээс 14 автомашин хулгайлсан асуудал байгаа юм. Хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй мөрдөн шалгах ажиллагаанууд явагдсан. Таньж олуулах ажиллагаанууд бүгд хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль зөрчиж авсан баримт, мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. Нийслэлийн цагдаагийн газар шалгагдаж байгаа хэрэгтэй нэгтгэж шалгаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “... Д.П- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсаныг хүчингүй болгож, хэрэг бүтгэлтэд буцаасан ...” прокрурорын тогтоолыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
Дээрх хэргүүд нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан хоёр удаагийн гэмт хэрэгт хоёр өөр шийтгэх тогтоолоор яллагдагч Д.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй тул хэргийг нэгтгэн шалгуулах нь зүйтэй ...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаан, яллагдагч Д.П-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Нарангэрэл бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Д.П-ид холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан 1806014661297-б дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ, ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа эрүүгийн 190900000280 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Д.П-ийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасан. Энэ баримтыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар гэмт хэрэг мөн эсэх, мөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоодог. Шүүхэд шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхэд хэрэг бүртгэлтийн ажиллагаанд байгаа хэргийг шийдвэрлэсэн эсэх нь огт хамааралгүй, ач холбогдолгүй байхад тус шүүхийн шийдвэрт энэ талаар заасан нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Яллагдагч Д.П- гаргасан давж заалдах гомдолдоо: “Би хулгайн хэргийг үйлдээгүй, ямар ч холбогдолгүй байхад намайг яллах гэж нэг талыг барьж байгаад маш их гомдолтой байна. Хэрэгт хамааралтай С.И- нь гэмт хэргийг үйлдсэн байхад түүний мэдүүлгээр намайг хулгайлах гэмт хэрэг хийсэн гэж дүгнэн ямар ч нотлох баримтгүйгээр нэг талыг барьж, С.И-т ашигтайгаар хэргийг шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. 12 удаагийн хулгайн үйлдэлд гар бие оролцоод өөрийнхөө 2-3 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байгаа хүнийг надад гүтгэх шаардлага байхгүй. Иймд хэрэгт хамаарал бүхий С.И-ыг хуулийн дагуу шалгаж, өөрийн холбогдсон хэргийг нэгтгүүлж шийдвэрлэх хүсэлтэй байна.” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.П- нь 6 дүүргээс 14 автомашин хулгайлсан хэрэгт Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах газарт шалгагдаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн Бат-Оргил нь гадаад улсад гарсан гэх шалтгаанаар хэрэг бүртгэлтэд байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас асуухад манайхаас тайлбар хэлэхгүй гэдэг. Д.П- үйлдсэн хэргээ шалгуулахаар үнэн зөвөөр гэрчийн мэдүүлэг өгөх гэж байгаа гэж хэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Иймд Д.П- нь нийтдээ 14 автомашин хулгайлсан нь үргэлжилсэн гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заалтад заасан хэд хэдэн гэмт хэрэгт өөр өөр шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрх зүйн байдлыг дордуулах учраас хэргүүдийг нэгтгэн шалгаж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.П- мөрдөн байцаалтын шатанд ерөөсөө мэдүүлэг өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт их юм ярьсан. Шүүхэд өгсөн мэдүүлгээс нь үзэхээр хохирогчийн автомашины бичиг баримт худалдаж аваагүй, өөр хүний нэр дээр болгож шилжүүлэн зарж мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.П-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Д.П- нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43а байрны гадна зогсоолд байрлуулсан М.Э-ы эзэмшлийн 79-74 ДАР улсын дугаартай “Toyota prius” загварын автомашиныг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлж, аралын дугаарыг нь өөрчлөн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Т-өд өөрийн автомашины гэж итгүүлэн 9,000,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1806014661297-Б дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан хоёр удаагийн гэмт хэрэгт хоёр өөр шийтгэх тогтоолоор яллагдагч Д.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй тул хэргийг нэгтгэн шалгуулах нь зүйтэй ...” гэсэн дүгнэлт хийж Д.П-ид холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан байна.
Хэргээс үзэхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1806014661297-Б дугаартай прокурорын тогтоолд “... Д-гийн П- нь О.О-тай бүлэглэн ... Э.Б-ын эзэмшлийн 35-93УБП улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байх тул ... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэжээ. /2-р хх 67/
Гэтэл сүүлд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай прокурорын тогтоолоор дээрх Э.Б-ын эзэмшлийн автомашиныг хулгайлсан гэх үйлдлийг оруулаад нийт 11 үйлдэлтэй, 122,960,400 төгрөгийн хохиролтой хулгайлах хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Д.П-, С.И нар үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгон хэрэг бүртгэлтэд буцаажээ. Иймд анхан шатны шүүх хэргийг нэгтгэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж эрүүгийн хэргийг нэгтгэх журмыг хуулиар тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж, 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж, 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ” гэж тус тус заасан байх тул мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан этгээдэд холбогдох хэргүүдийг нэгтгэхээр хуульчилсан гэж үзнэ.
Мөн хэрэг бүртгэлт нь хэн нэгэн этгээд рүү чиглэсэн ажиллагаа биш тул хэрэг бүртгэлтэд байгаа хэргийг нэгтгүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/2162 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдийн дотор таньж олуулах ажиллагааны талаар тусгасан бөгөөд үүний дагуу нэмэлт мөрдөн байцаалтаар уг ажиллагааг явуулсан мөрдөгч, таньж олсон хохирогчоос мэдүүлэг авах зэргээр эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгасан байх ба шүүгчийн захирамжид дурьдсан дээрх зөрүүтэй байдлаас өөрөөр таньж олуулах ажиллагаанд гарсан зөрчил тогтоогдоогүй тул хууль зөрчсөн гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Д.П-ид холбогдох хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан ...” үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцжээ.
Д.П- нь 79-74 ДАР улсын дугаартай “Toyota prius” загварын автомашиныг хулгайлан авч аралын дугаарыг нь өөрчлөх замаар нэр дээрээ бичиг баримтжуулж бусдад худалдсан байж болзошгүй байна. Хэрэв гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, өмчлөгчийг нуун далдлах санаатай үйлдэл хийсний үндсэн дээр эд хөрөнгийг хууль ёсны болгож хувиргасан бол мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс Д.П-ид холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/418 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Д.П-ид холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Д.П-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН