Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 134

 

                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0139/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 201709000188 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцлээ.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эмэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхэд, зээ охин нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /Регистрийн дугаар: /,

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд хажуу талын өрөөнд амарч байсан иргэн ***ий өрөөнд сэм нэвтэрч Самсунг галакси Жи7 маркийн гар утас хулгайлж 550.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би архи уугаад согтуу байсан гэтэл намайг 2 хүн “***” нэртэй зочид буудалд оруулж өгсөн байсан. Шөнө унтаж байхад *** гэх залуу надаас гал асууж орж ирсэн би байхгүй гэж хэлтэл гараад явсан. Би хаана байгаагаа мэдэхгүй гайхаад буудлын хүлээн авагчаас асуутал та “***” нэртэй зочид буудалд байна гэж хэлсэн,  би буцаад өрөөндөө орох гээд явж байтал *** гэх залуугийн өрөө онгорхой байсан дуудаад сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан, гэтэл утас нь ширээн дээр нь ил байхаар нь би аваад гарсан,

 

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би архи уучихсан гадуур согтуу *** зочид буудлын тэр хавьд  явж байхад намайг 2 залуу *** буудалд оруулж унтуулсан байсан. Хэдэн цагийн үед буудалд орсноо, хэн намайг буудалд оруулсныг ч санахгүй байгаа. Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө үүрээр миний унтаж байсан өрөөнд 1 залуу орж ирээд гал байна уу? гэж асуусан тэгээд би сэрсэн чинь *** зочид буудлын нэг өрөөнд унтаж байсан. Сэрээд буудлын үйлчлэгчтэй уулзаж хэзээ буудалд ирснээ асуухад урд орой нь 22 цагийн үед 2 залуу оруулж ирсэн гэж хэлсэн. Буцаад өрөө рүүгээ явж байхад миний хоносон өрөөний урд талын өрөөний хаалга онгорхой, 1 залуу унтаж байсан. Ширээн дээр нь 1 гар утас байхаар нь сэмээрхэн орж аваад гараад явчихсан. Тэгээд шууд *** буудлаас гараад өрөөнийхөө тооцоонд би чигчий хуруундаа зүүж явсан жижиг нарийхан монетон бөгжөө тавьж үлдээгээд гарсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас бөгжөө тооцоонд нь тавиад гарсан. Би *** буудлаас 09 цагийн үед гарсан. Тэндээс гараад шууд Бирж ороход зах дөнгөж онгойж байсан. Захын гар утасны лангуун дээр очиход нэг залуу ирчихсэн лангуугаа нээж байсан. Тэгээд би нөгөө залуугийн өрөөнөөс авсан гар утсаа өгөөд худалдаж авах уу гээд өгсөн чинь тэр залуу шалгаж үзээд нэг талынх нь товчлуур ажиллахгүй байна 40.000 төгрөгөнд авбал авна гээд би 40.000 төгрөгөөр зарсан. Тэр зарсан 40.000 төгрөгөөр дахиад архи аваад уучихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,

 

Хохирогч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Дархан сумын 8-р багт байрлах *** зочид буудалд *** гэх 2 найзтайгаа ороод 1 тоот өрөөнд нь хоносон Ингээд шөнө нь *** түрүүлж яваад *** үүрээр явсан бөгөөд би өрөөндөө унтаж үлдээд 04-ний өдөр 12 цагт сэртэл миний гар утас алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Ингээд буудлын камер шүүж үзэхэд нэг эмэгтэй миний байсан өрөөнд ороод юм бариад гарч яваа бичлэг үлдсэн байсан. Одоо цагдаагаас гар утсаа буцааж авсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би Дархан сум Дархан зах дээр хувиараа гар утасны лангуу ажиллуулдаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө зах онгойгоод лангуугаа нээж байтал эрэгтэй, эмэгтэй нийлсэн 3 хүн ирээд 40 гаран насны болов уу гэмээр эмэгтэй нь гар утас худалдаж авах уу гээд самсунг галакси Жи7 маркийн гар утас үзүүлэхээр нь шалгаж үзээд, нэг талын товчлуур нь ажиллахгүй хагас ажиллагаатай гар утас байхаар нь 40.000 төгрөгөөр сэлбэгэнд худалдаж авсан. Ингээд дараа нь Цагдаагаас намайг дуудаж хулгайн гар утас байна гэхээр нь худалдаж авсан гар утсаа хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би Дархан сум 8-р баг *** зочид буудалд ресепшн ажилтай бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн хавьцаа нэг хүүхэн, 2 залуугийн хамт орж ирж 4 тоот өрөөнд орсон. Тэгээд удаагүй 2 залуу нь гараад явчихсан, хүүхэн нь өрөөндөө хоносон. Ингээд өглөө 06 цаг 30 минутын үед камераар харахад нөгөө хүүхэн коридорт явж байснаа 1 номерт байгаа залуугийн өрөөнд ороод нэлээн удаж байгаад гарч ирэхээр нь би түүнийг дуудаад яагаад өөр өрөөнд ороод яваад байгаа юм бэ гэтэл энэ өрөөний залуу манай өрөөнд шөнө орж ирсэн тэгээд би сэрээж нэг өрөөнд орох гэсэн юм гэснээ миний утсыг гуйж аваад хүмүүс рүү залгаж ярьж байгаад гараад явсан. Гарахдаа өрөөнийхөө тооцоог хийгээгүй нэг бөгж барьцаанд үлдээгээд эргэж ирээд хийнэ гээд явсан. Гэтэл түүний орсон 1 тоот  өрөөнд хоносон залуу өглөө нь сэрээд утас алга болчихсон байна гээд цагдаад мэдэгдсэн. Тэдний өрөөнд тэр 4 тоот өрөөнд байсан хүүхнээс өөр хүн ороогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дашдуламтай 1991 оноос хойш гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй. Бага хүүхэд минь одоо 7 настай одоог хүртэл хамт амьдарч байна. Дашдулам нь яахав хүүхдүүдээ хараад нээх ажил төрөл хийж байгаагүй гэрээр хүүхдээ харж байсан. Ер нь ажил төрөл хийвэл ажилд сайн, гэр орныхоо ажилд сайн, үр хүүхдээ сайн харж хүмүүжүүлж өсгөсөн. Сүүлийн үед манай эхнэр архи их уугаад архины хамааралтай болж байна. Ах нь ажил төрөл хийгээд эхнэрийнгээ архинаас гаргах гэж, өөд нь татах гэж хичээж байна. Өнгөтэй өөдтэй юм авч өгөхөөр барьцаанд тавиад архи уучихдаг. Тэгээд л ийм гар утасны хулгайн хэрэгт холбогдчихоод байна. Уг нь гэртээ байхдаа архи ууя гээд байдаггүй. Гэрээсээ гараад явахдаа архи уудаг хүмүүстэй таардаг юм уу яадаг юм архи нэг уучихвал цаашид өөрийгөө удирдах чадваргүй архи уугаад явчихдаг. Энэ байдал нь хэцүү байна. Би гайгүй явуулах гэж монетон ээмэг бөгж , гар утас өнгөтэй өөдтэй зөндөө юм авч өгсөн. Гэрээсээ гараад архи уучих л юм бол цаашаа давраад бүх юмаа зарж, барьцаанд тавиад юу ч үгүй болоод гэртээ орж ирдэг. Би хүүхдүүдтэйгээ нийлээд зөндөө хэлж яриад болж өгөхгүй л байна. Хулгайн гэмт хэрэг хийж байгаагүй, архинаас болж ийм хэрэг хийсэн байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/

 

  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 9-10/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 12/,
  • Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18/,
  • Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/
  •  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44/,  зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч *** нь 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 08 дугаар баг нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 1 тоот өрөөнд амарч байсан иргэн ***ий гар утсыг хулгайлж бусдад 550.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч ***ий “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Дархан сумын 8-р багт байрлах *** зочид буудалд *** гэх 2 найзтайгаа ороод 1 тоот өрөөнд нь хоносон. Ингээд шөнө нь *** түрүүлж яваад *** үүрээр явсан бөгөөд би өрөөндөө унтаж үлдээд 04-ний өдөр 12 цагт сэртэл миний гар утас алга болчихсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/, гэрч ***ын “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө зах онгойгоод лангуугаа нээж байтал эрэгтэй, эмэгтэй нийлсэн 3 хүн ирээд 40 гаран насны болов уу гэмээр эмэгтэй нь гар утас худалдаж авах уу гээд самсунг галакси Жи7 маркийн гар утас үзүүлэхээр нь шалгаж үзээд, нэг талын товчлуур нь ажиллахгүй хагас ажиллагаатай гар утас байхаар нь 40.000 төгрөгөөр сэлбэгэнд худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/, гэрч ***гийн “...өглөө 06 цаг 30 минутын үед камераар харахад нөгөө хүүхэн коридорт явж байснаа 1 номерт байгаа залуугийн өрөөнд ороод нэлээн удаж байгаад гарч ирэхээр нь би түүнийг дуудаад яагаад өөр өрөөнд ороод яваад байгаа юм бэ гэтэл “энэ өрөөний залуу манай өрөөнд шөнө орж ирсэн тэгээд би сэрээж нэг өрөөнд орох гэсэн юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, Капитал зууч ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *** урьд ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан ял шийтгэлийг шалгах хуудсаар нотлогдож байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэрэг  нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***ын эзэмшлийн SONY XPERIA маркийн 120 000 төгрөгний үнэлгээ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.***ыг орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг  хураахгүйгээр  2  /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***д оногдуулсан 2  /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.       

    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан  2  /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар  шүүгдэгч ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3,  298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын эзэмшлийн SONY XPERIA маркийн гар утас битүүмжлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан  батлан даалтад өгөх,  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЭНХЖАРГАЛ