Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2335

 

 

Ц.У-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02988 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.У-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч ИЗОУИС д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч ИЗОИС-ийг төгссөн өдрөөс хойш уг сургуульд ажиллаж байгаад халагдсан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр түүнийг өмнөх албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ба ажилгүй байсан хугацааны цалинд 4 670 120 төгрөгийг тус сургуулиас гаргуулахаар болсон. Гэтэл хариуцагч тал энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өмнөх ажилд эгүүлэн томилсон боловч 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дахин ажлаас үндэслэлгүйгээр халсан. Уг тушаалд заасан үндэслэлийг авч үзвэл нэхэмжлэгчийг шүүхэд хандаж үндэслэлгүйгээр хууран мэхлэх замаар 4 600 000 төгрөгийг авсан гэсэн байна. Өөрөө хэлбэл, тус шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт авсан үйлдлийг хууран мэхэлсэн гэж үзсэн. Түүнчлэн шүүхэд хандах замаар дахиад 4 000 000 төгрөгийг авахаар санаархаж байна гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй, түүнийг дахиад ажилгүй байсан хугацааны цалин хөлс авахаар санаархаж байгаа гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй хугацааны цалинг гаргуулсан хүнийг хууран мэхэлж, цалин авсан гэж, үүнийг ноцтой зөрчил гэж үзэж, тушаалынхаа үндэслэл болгосныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн үндсэн цалин сарын 826 400 төгрөг байсан. Ийм учраас ажлаас халсан хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин буюу нийт 4 сарын цалин 3 305 600 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай магадлалын дагуу ИЗОУИС-с нэхэмжлэгчийг хуучин ажилд нь эгүүлэн томилсон. Гэвч нэхэмжлэгч багшлах эрхийн гэрчилгээгүй гэдэг нь нотлогдсон. Манай өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцлагагүй байдлаас болж багшлах эрхийн гэрчилгээгүй гэдгийг бид нар мэдээгүй байсан. Үүнийг Боловсролын үндэсний газраас манай сургуульд хийсэн шалгалтын явцад олж мэдсэн тул нэхэмжлэгчийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ИЗОУИС-ийн  дүрмийн 4.2.7 дэх зүйлд заасан ноцтой зөрчилд тооцогдсон бөгөөд тус сургуулийн нэр хүндэд халдсан үйлдэл болсон. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч тал ИЗОУИС-ийг 2006 онд төгссөн. Манай сургуулийн дотоод бодлогоор сайн төгсөгчдөөс сонгож, ажлын байранд авч үлддэг бөгөөд үүний дагуу түүнийг багшаар авсан. Тэрээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд дадлагажигч багш хийсэн бөгөөд энэ хугацаанд багшлах эрхийн гэрчилгээтэй байх шаардлагагүй. Учир нь, хичээл орохгүйгээр зөвхөн оюутнуудтай ажилладаг. Манай сургууль 2007 оноос хойш эхлэн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулдаг болсон ба нэхэмжлэгчид та одоо багш боллоо, багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн, гэвч тухайн үеийн захирал ямар нэгэн асуудлын улмаас ажлаас халагдсан бөгөөд нэхэмжлэгчийн багшлах эрхийн гэрчилгээний талаар дахин анхаарал хандуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид нэхэмжлэгчийг багшлах эрхийн гэрчилгээгээ авсан гэж ойлгож байсан боловч тэрээр эрхийн гэрчилгээгүй ажиллаж байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.У-г ИЗОУИС-ийн  Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 3 305 600 төгрөгийг хариуцагч ИЗОУИС-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар 67 840 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 139 дүгээр тушаалын 1 үгээр хавсралтын В хэсэгт "дээд боловсролын сургалтын багш нь багшлах эрх (сертификат) авсан байхын зэрэгцээ магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байхыг шаарддаг. Гэтэл Ц.У нь багшлах эрхийн гэрчилгээ байхгүй байхад анхан шатны шүүх багшийн ажилд нь буцаан томилохоор шийдвэр гаргасан нь биднийг хууль зөрчсөн гэсэн агуулгатай байна. Хуульд заасан шаардлагыг хангаагүй хүнийг багшийн ажилд нь буцаан ав гэдэг шийдвэр нь Монгол Улсад хууль хамаагүй, шүүхийн шийдвэр байхад болно гэсэн утгагүй тайлбарыг хийжээ. Ажилгүй байсан хугацааны цалин 3 305 600 гаргуулна гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй, зуны 6-8 сард багш зөвхөн амралтын мөнгө авч амардаг байтал амралтын үед 1 сарын цалиг 826 400 төгрөгөөр гаргуулж байгаа нь буруу. Ц.У хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, боловсролын стандарт зөрчсөн зэргээрээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг дурдах хэрэгтэй. Наад зах нь Зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт боловсролын стандарт, шаардлагыг хувь хүн биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг шүүхэд гаргаж өгснийг анхаараагүй. Ноцтой зөрчилд тооцох дараах үндэслэлийг тайлбарласаар байтал огт тоолгүй зориуд буруу шийдвэр гаргасан. Ажилд орох зорилгоор бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн, бодит байдлыг нуусан, худал мэдээлэл өгсөн. Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг унагах, байгууллагын нууцыг задруулах, худал мэдээлэх зэргээр байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагавар бий болгосон зэрэг болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч ИЗОУИС д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн 4-8 дахь талд авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалаар Ц.У-г ИЗОУИС-ийн  Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ИЗОУИС-ийн  Санхүү эдийн засгийн сургуулиас 4 670 120 төгрөг гаргуулан Ц.У-д   олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

            Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар талууд маргасан. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус үндэслэн хариуцагч ИЗОУИС-ийн  ректорын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.У-г 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс Санхүү эдийн засгийн сургуулийн багшаар томилсон бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн үйл баримт хэргийн  4-8, 17, 48 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлал, ИЗОУИС-ийн  ректорын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 тоот, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/80 тоот тушаалууд зэрэг бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                             

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/80 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ИЗОУИС-ийн   дүрмийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна.                                          /хх-17 дахь тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар заажээ.

 

            Хариуцагч ИЗОУИС  нь боловсролын байгууллага буюу ажил олгогчийн хувьд тухайн нэг этгээдийг багшийн ажил, албан тушаалд томилох тохиолдолд хууль болон журмаар тогтоосон шалгуур үзүүлэлтийг нягтлах, хянах, ажилтнаас лавлах, шаардах үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэгчийг анхнаасаа багшлах эрхийн гэрчилгээгүй гэдгийг мэдэж байсан байх тул тэрээр багшлах эрхийн гэрчилгээгүй байсан гэдгийг хожим шалтгалтаар илэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрийн мэргэшлийн бэлтгэлийн болон туршлагын талаарх мэдээллийг худал өгсөн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ц.У-г хариуцагч ИЗОУИС-ийн  Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 305 600 төгрөгийг хариуцагч ИЗОУИС-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д   олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг багшлах эрхийн гэрчилгээгүй гэдгийг мэдсээр байж багшийн ажил, албан тушаалд томилсон бөгөөд нэхэмжлэгчийг багшлах эрхийн гэрчилгээгүй гэдгийг бусад этгээд олж тогтоосон нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 67 840 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ