| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/00544/И |
| Дугаар | 101/ШШ2022/02423 |
| Огноо | 2022-05-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/02423
| 2022 05 24 | 101/ШШ2022/02423
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХК,
Хариуцагч: О нарт холбогдох,
1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,
хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ц.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.Н би шинжлэх ухааны доктор, профессор зэрэгтэй, Оросын холбооны улсад докторын зэрэг хамгаалахаар монгол хэл дээр бичсэн эрдмийн ажлыг орос хэл рүү хөрвүүлэхийн тулд Э ХХК гэх орчуулгын товчоотой холбогдож ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулсан. Миний номыг хөрвүүлэх ажлыг 1,800,000 төгрөгөөр хийнэ гэж тохиролцсон. Урьдчилгаа мөнгө 900,000 төгрөгийг орчуулгын товчоог төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Оын данс руу хийсэн. Би өөрийн гаргасан толь бичгийг бас хэрэг болно гээд хамт өгсөн. Ажлыг өгснөөс хойш 14 хоногийн дараа орчуулгын материалаа буцааж авъя гэхэд мэйл хаягаар хөрвүүлсэн хэд хэдэн материал явуулсан. Монгол хэлнээс орос хэл рүү орчуулсан тухайн материал нь чанарын шаардлага хангахгүйгээс гадна, дотроо англи хэлний үг үсэгтэй, орчуулагдах боломжгүй тусгайлан нэрлэсэн оноосон үгнүүдийг орос хэл рүү хөрвүүлэн бичсэн байсан учраас тухайн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл доголдолтой байна гэж үзэж интернэт программ ашиглан орчуулсан байна, үүнийгээ өөрчил гэсэн. Хариуцагч Ц.Оын зүгээс орос хүнээр орчуулуулсан мэргэжлийн орчуулга, үүнээс өөрөөр орчуулах боломж байхгүй, маш хүнд мэргэжлийн түвшний орчуулга байсан учраас бид хангалттай хийсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж мөнгөө авъя гэдэг шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс тавихад бид хангалттай орчуулсан учраас урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх боломжгүй, өөр ханддаг газар байвал хандаад яваарай гэсэн хариу өгсөн гэсэн. Монголын мэргэжлийн орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагад өргөдөл гаргахад Ц.Оын бичиж өгсөн тайлбарыг өгч манай орчуулагч орчуулгаа хангалттай сайн хийсэн гэх хариуг утсаар мэдэгдсэн. Гэтэл уг орчуулга нь үнэхээр шаардлага хангахгүй байгаа учраас л би удаа дараа залгаж хэлж, төлсөн мөнгөө авахыг шаардсан. Энэ хугацаанд миний орчуулгын ажил цалгардаж сэтгэл санаагаараа хохирсон тул сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн Э ХХК-тай гэрээгээ цуцалж, төлсөн мөнгө болох 900,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 900,000 төгрөг, түүнтэй холбогдуулан гарсан зардал 1,000,000 төгрөгийг гаргуулах болгон өөрчилсөн. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг хагас дутуу, чанарын шаардлага хангахгүй хийсэн, ажлаа сайн хийсэн гэж хариу хэлж байсан учир тус байгууллагын үйл ажиллагааг шалгуулахаар мэргэжлийн хяналт, дүүргийн цагдаагийн хэлтэс, Монгол орчуулагчдын нэгдсэн товчоонд хандсан, сүүлд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэгчид төлсөн мөнгөө авахын тулд мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, хууль зүйн туслалцаа авч, гарсан зардал нь 1,000,000 төгрөг болсон тул уг мөнгийг хариуцагч талаас нэхэмжилсэн болно. Уг төлбөрийг надад ингэж их зардал чирэгдэл учруулж цаг хугацаа алдахад хүргэсэн хариуцагч төлөх ёстой гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орчуулга зөв эсэхийг дүгнүүлэхээр шинжээч томилуулж, Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэлний тэнхим болон Монголросцветмет ТӨҮГ-ын орос ажилчдаар орчуулгыг хийлгэж, дүгнэлт гаргуулах гэсэн боловч тухайн орчуулгыг хийж чадах этгээд Монгол Улсад байгаагүй учраас гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Хариуцагч тал орчуулгын тавин хувийг орчуулсан гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгчийн зүгээс орчуулга нь шаардлага хангахгүй орчуулга гэж үзсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 900,000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК болон Ц.О нараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.О би англи хэлний орчуулагч, хэл-утга зохиол судлаач мэргэжилтэй. Холбогдох шалгууруудыг хангасны үндсэн дээр, 2011 оны 06 сарын 29-ний өдөр Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээ, тамгын хамт гардан авснаас хойш тасралтгүй 9 жил орчуулгын ажил, үйлчилгээ эрхэлсэн туршлагатай. Өнөөдөр 6 гадаад хэлний 11 мэргэшсэн орчуулагчдын багтайгаар онлайн 24/7-баталгаат орчуулгын төрөлжсөн үйлчилгээ үзүүлж байгаа, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг тээсээр яваа билээ. Энэ хугацаанд нэг ч удаа бусдын итгэлийг алдаж, буруутай үйлдэл хийж, шүүх болон цагдаагийн хаалга татаж байгаагүй. С.Н нь Монгол орны суумтгай алтан химэрлэг маягийн ул хөрсөнд барилгын буурь, суурь төсөллөх онцлогийн судалгаа нэртэй 150 хуудас монгол хэл дээрх мэргэжлийн номыг 14 хоногийн дотор орос хэл рүү орчуулуулахыг хүссэн. Үндсэн үнийн доод хэмжээ 2,250,000 төгрөг болохоор байсан боловч үнэ буулган, 1,800,000 төгрөгөөр, 1 хуудсыг 12,000 төгрөгөөр орчуулахаар амаар тохирч, урьдчилгаа 900,000 төгрөгийг миний хувийн данс руу шилжүүлснээр 2019 оны 11 сарын 20-ны өдөр ажлаа эхлүүлсэн. Уг орчуулгын ажил дээр унаган орос хэлтэй, мэргэжлийн баг ажилласан. 14 хоногийн дараа 150 хуудасны талыг орчуулснаа мэдэгдэн, хугацаа сунгахыг хүсч жишиг орчуулга явуулсан боловч тухайн үйлчлүүлэгч 100 хувь google translate ашигласан байна, орчуулгын чанарын шаардлага хангахгүй байна, орос хэлний анхан шатны ч мэдлэггүй хүн хийсэн байна гэх зэргээр худал гүтгэн, тулгаж, энэ нь асуудал болж цааш ажлаа үргэлжлүүлэн дуусгаж, үр дүнг нь үзэх нөхцөл бүрдүүлээгүй тул ажил зогсоход хүрсэн. Бидний орчуулгын явц 6 үе шаттай явагддаг. Орчуулга хийхэд нэгдүгээрт гэрээгээ хийнэ, хоёрдугаарт урьдчилгаа авна, гуравдугаарт орчуулгаа хийж эхлээд шаардлагатай бол орчуулгын явцыг үйлчлүүлэгчдээ танилцуулдаг, дөрөвдүгээрт орчуулга хийж дууссаны дараа уншлага хийдэг, хамгийн сүүлд тав дахь үе шатанд хянаад баталгаат орчуулгын тамгаа дардаг. Нэхэмжлэгч нь ажлын явцыг танилцуулж байсан үе шатанд буюу орчуулга хийх явцад ажлаа хийж байгаа гэдгийг танилцуулсан анхны драфтыг авчихаад худал байна, болохгүй байна гэсэн өнцгөөс ямар ч тайлбар сонсохгүйгээр орчуулгаа цуцалъя гэсэн. Игорь гэдэг барилгын мэргэжилтэй, унаган орос хүн, нарийн мэргэжлийн түвшинд орчуулга хийж чадах, 19 жил орчуулга хийж байгаа хүн илүү сайжруулах боломж байсан, гэтэл хүлээцтэй хандаагүй. Уг орчуулгыг 2 мэргэжлийн хүнээр хянуулж, албан бус дүгнэлт гаргуулахад дүрмийн болон логикийн алдаагүй, google translate дээр байдаггүй хүнд үг хэллэг ашиглаж, маш сайн орчуулсан байна хэмээн дүгнэсэн болно. С.Н өөрөө орос хэлний өндөр түвшний мэдлэгтэй, Орос-Англи-Хятад-Монгол хэл дээр нарийн мэргэжлийн нэвтэрхий толь бичиг гаргасандаа бардан, бидний хийсэн ажлыг өнгөцхөн харж дүгнэсэн. Манай орчуулагчид өөрийнх нь гаргасан нэвтэрхий толь бичигт байгаа мэргэжлийн үг хэллэгийг бүрэн ашиглаж чадаагүй. Энэ хүн ийнхүү хөнгөн хуумгай хандсанаар санхүү, цаг хугацаа болон бусад чухал зүйлээрээ хохирсонд өөрөө буруутай гэдгийг итгэлтэй хэлмээр байна. Тухайн үед яах ёстой вэ гэвэл чанарыг эрхэмлэж байгаа л бол, хугацаагаа 10 хоногоор сунгаж, мэргэжлийн хэллэгээ судлаач, мэргэжилтэн С.Н өөрөө засаад, зөвлөөд эцсийн бүтээгдэхүүн гаргаж болох байсан. Бид ингэж ажилладаг, учир нь бид судлаачид, мэргэжлийн орчуулагчид мөн боловч салбар бүрийн нарийн мэргэжилтэн биш. Санхүүгийн, уул-уурхайн, барилгын, анагаахын, тоног төхөөрөмжийн гэх мэт салбар салбарын орчуулгыг судалсны үндсэн дээр, мөн тухайн салбарын хүнээс нарийн хэллэгийг асууж лавласны үндсэн дээр төгс орчуулга гаргадаг. Орчуулагч биш хүн бол орчуулахуйн ухааныг ойлгохгүй. Манайх орчуулгын тал төлбөрийг авсан, нийт ажлын тал нь орчуулагдсан тул хэн хэндээ өгөө аваа тооцоо байхгүй, дуусгахад асуудалгүй. Хамгийн чухал асуудал болох жишиг орчуулж үзүүлсэн материал нь чанарын шаардлага хангаагүй гэдэг нь нотлогдоогүй. С.Н нь биднийг худал гүтгэсэн, шүүх цагдаагаар дуудуулж сэтгэл санаа болон цаг хугацаагаар хохироосон, байгууллагын нэр төрд халдсаны хариуд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ, мөн хийсэн орчуулгын хэсгээс тастан өөрт нь харуулахаар өгсөн 24 хуудасны үнийн дүнг өнөөгийн бодит ханш 1 хуудсыг 35,000 төгрөгөөр тооцож 840,000 төгрөг нэхэмжилнэ. Компани болон хувь хүний зүгээс хариуцлага хүлээх боломжгүй, орчуулга хийх ажлаа хийгээд явж байсан, орчуулсан материалаа өгсөн, орчуулга хийх ажиллагаа явах ёстой журмаараа явж байсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4//, итгэмжлэл /хх-18/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт /хх-76/, 2020.04.03-ны өдрийн итгэмжлэл /хх-87/, 2020.04.10-ны өдрийн итгэмжлэл /хх-131/, 2020.06.29-ний өдрийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага /хх-188/, 2020.07.23-ны өдрийн нэхэмжлэлд хийсэн тодруулга /хх-191/, иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт /хх-214/, Монгол орны суумтгай алтан химэрлэг маягийн ул хөрсөнд барилгын буурь, суурь төсөллөх онцлогийн судалгаа нэртэй ном, Монгол-Англи-Хятад-Орос Барилгын геотехникийн толь бичиг ном,
Хариуцагч талаас ирүүлсэн: Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/, Ц.Оын орчуулга хийх эрхийн гэрчилгээ /хх-27/, хариу тайлбар /хх-33-34/, орос хэл дээр орчуулсан материал /хх-37-59/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-75/, хариу тайлбар /хх-209/, иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт /хх-215/,
Шүүхээс бүрдүүлсэн баримт: иргэдийн төлөөлөгч оролцуулахтай холбоотой баримтууд /хх-65-67, 69-74/, 2020.05.13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-137-178/, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн 2020.06.16-ны өдрийн 7д/438 дугаартай албан бичиг /хх-187/, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн 2020.09.28-ны өдрийн 132 дугаартай албан бичиг /хх-198/, шинжээч томилж орчуулга хийлгэхтэй холбоотой утсаар ярьсан тэмдэглэл /хх-200/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Э ХХК болон Ц.О нарт холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 900,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 900,000 төгрөг болон өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1,000,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нар нь орчуулга хийх ажиллагаа зохих журмаараа хийгдэж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс ажлыг цааш үргэлжлүүлэн дуусгаж, үр дүнг нь үзэх нөхцөл боломж олгоогүй тул ажил зогсоход хүрсэн, орчуулж өгсөн 30 гаруй хуудас материалаа 1 хуудас орчуулгын үндсэн үнэ 35,000 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгчийн шилжүүлсэн 900,000 төгрөгтэй дүйцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч С.Н нь Оросын холбооны улсад докторын зэрэг хамгаалах эрдмийн ажил болох Монгол орны суумтгай алтан химэрлэг маягийн ул хөрсөнд барилгын буурь, суурь төсөллөх онцлогийн судалгаа нэртэй 150 хуудас монгол хэл дээрх мэргэжлийн номыг 14 хоногийн дотор орос хэл рүү хөрвүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр Э ХХК-д хандаж, тус компанийн захирал Ц.Отой 1 хуудас орчуулгыг 12,000 төгрөгөөр, 150 хуудсыг орчуулах ажлын хөлсийг нийт 1,800,000 төгрөгөөр тохирч, Ц.Оын данс руу ажлын хөлсний урьдчилгаанд 900,000 төгрөгийг шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн санаачилгаар талуудын хоорондох тохиролцоо дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчдын тохиролцооноос үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч тохиролцсоны дагуу хөлс шилжүүлсэн, хариуцагч орчуулгын ажлыг хийсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Н, хариуцагч Э ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул зохигчид гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгч нь Э ХХК-ийн захирал Ц.Оод холбогдуулан түүний данс руу ажлын хөлсний урьдчилгаа 900,000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан байх боловч тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зориг бодитой илэрхийлэгдээгүй, эрх үүрэг үүсээгүй байна.
Зохигчид монгол хэл дээрх 150 хуудастай номыг орос хэл рүү хөрвүүлэх асуудлаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсийг 1,800,000 төгрөгөөр тохирч урьдчилгаа төлбөрт 900,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй боловч хариуцагчийн хийсэн орчуулга буюу гэрээний зүйл доголдолтой байсан эсэх талаар маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орчуулгын ажлыг тохирсон хугацаа болох 14 хоногийн дараа шаардахад хариуцагчаас цахим шуудангаар ирүүлсэн материал нь бүрэн бус, орчуулга нь мэргэжлийн түвшний орчуулгын чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээг цуцалж, ажлын хөлсийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан, урьдчилгаанд төлсөн 900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.
Захиалагч буюу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн орчуулгын ажлыг доголдолтой болохыг нотлох үүрэгтэй.
Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан.
Зохигчдын амаар байгуулсан гэрээгээр ажлын үр дүнгийн чанарын талаар нарийвчилсан нөхцөл тохиролцоогүй байх ба гэрээний зүйл болох орчуулгын ажил нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой буюу дундаас доошгүй чанар бүхий ердийн шаардлагад нийцсэн байхаар дээрх хуульд зохицуулсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг монгол хэл дээрх 150 хуудас материалыг орчуулахаас 50 хувьд хүрэхгүй хэсгийг орчуулсан, тухайн орчуулга нь чанарын шаардлага хангаагүй гэж, хариуцагч нь материалын 60 хуудсыг орчуулснаас 50 орчим хуудсыг нэхэмжлэгчийн шаардах үед түүнд хүргүүлсэн гэж тус тус маргаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь орчуулгын материалд suumgain, S.Wahlowsky, Ч.Лхамсүрэн, Даланзадгад, Джонгаддад, Н.Батсүх, О.Мөнхцэцэг, А.К.Ларионов, DEZzsurzer гэж, мөн англи үсэг бүхий тоо, тэмдэгтүүд бичигдсэн байгаа нь орчуулгын ажил чанарын шаардлага хангахгүй доголдолтой болохыг нотлож байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн байдал нь хариуцагчийн орчуулсан материалын 6 хуудаст бичигдсэн байгаа боловч энэ үндэслэлээр орчуулгын ажлыг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь орчуулгын ажлыг доголдолтой байсан гэх үндэслэлээ дээр дурдсан тайлбараас өөр баримтаар нотлоогүй бөгөөд орчуулга чанарын шаардлага хангаагүй гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э ХХК нь 150 хуудастай номын 55 дугаар хуудас хүртэлх материалыг орос хэл рүү хөрвүүлэн А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн 37 хуудас орчуулгын материалыг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь орчуулгын ажлын 50 хувийг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн гүйцэтгэсэн орчуулгын ажлыг бүхэлд нь биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул ажлын үр дүнгийн доголдлын улмаас гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээг цуцлах нөхцөл бий болоогүй байна.
Харин Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.5-д зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, ажил гүйцэтгэгч нь өөрөө гэм буруугүй тохиолдолд мөн хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг эдгээр үндэслэлээр цуцлагдсан гэж дүгнэх үндэстэй байна.
Энэ тохиолдолд гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй ба хариуцагч Э ХХК нь Монгол орны суумтгай алтан химэрлэг маягийн ул хөрсөнд барилгын буурь, суурь төсөллөх онцлогийн судалгаа нэртэй номын 55 хуудасны орчуулгыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул тухайн ажлын үр дүнд тооцогдох ажлын хөлс 660,000 төгрөг (55*12,000)-ийг авах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгчийн ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 900,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн орчуулгын ажлын хөлс 660,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 240,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч олон хуудас материал орчуулахтай холбоотойгоор нэг хуудсыг 12,000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгчээс шалтгаалж ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул орчуулж өгсөн материалыг нэг хуудас орчуулгыг 30,000-40,000 төгрөгөөр орчуулдаг жишиг үнээр тооцох ёстой гэх тайлбарыг гарган маргасан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг тайлбар татгалзал нь баримтаар тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгчээс ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 900,000 төгрөгийг хариуцагч Ц.Оын данс руу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасантай нийцсэн байх бөгөөд уг мөнгө нь хариуцагч Э ХХК болон нэхэмжлэгч С.Н нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс төлсөн мөнгө байх тул хариуцагч Ц.Оод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс өөрт хохирол учирсан гэсэн үндэслэлээр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч С.Н нь уг шаардлагатай холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагад дурдсан хэмжээний хохирол нэхэмжлэгчид учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Э ХХК-аас 240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,660,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Оод холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.Оюунгэрэлд нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар шийдвэрлэв.
Хариуцагч нар нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...С.Н нь худал гүтгэн, шүүх цагдаагаар дуудуулж сэтгэл санаа болон цаг хугацаагаар хохироосон, байгууллагын нэр төрд халдсан тул 1,000,000 төгрөг нэхэмжилнэ, хийсэн орчуулгын хэсгээс тастан өөрт нь харуулахаар өгсөн 24 хуудасны үнийн дүнг 1 хуудсыг 35,000 төгрөгөөр тооцож 840,000 төгрөг нэхэмжилнэ... гэж дурдсан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 7,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.5-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,660,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Оод холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 7,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.ЭНХЖАРГАЛ