Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

                 

 

 

 

                                   

 

 

  2025          3                31                                              2025/ШЦТ/128

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.М.Ц-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 000 дугаар сарын 00-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 22:00 цагийн орчим "Тоёота Алфард" маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт байх Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А/0301 асфальтан замын 49 дэх километрийн замын орчим замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчиж, эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Д.Х-н "Тоёота Приус-30" маркийн 11-82 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч Д.Х-ын өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу гэр рүүгээ явахаар 13 цагийн орчим явсан. Би ганцаараа өөрийн эзэмшлийн Toyota prius-30 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай явж байсан. Би өөрөө машинаа жолоодоод явж байсан. Би цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан гэгээ тасарсан харанхуй болсон байсан болохоор 20-21 цагийн хооронд байх Аргалант сумын нутагт явж байхад хурц гэрэлтэй 2 машин зөрөхөд эсрэг урсгалд явж байсан цагаан өнгийн Alphard маркийн машин миний явж байсан эгнээ рүү шууд ороод ирэхээр нь би машиныхаа тоормосыг гишгэсэн боловч очоод урсгал сөрж орж ирсэн машинтай мөргөлдөөд зогссон. Тэгээд би тэр үед ухаан алдсан байсан. Би ухаан алдаад сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Ослоос болж миний нуруу, хүзүү сээр, баруун хөл, зүүн гар хоёр жаахан удаашралтай, мэдээ муутай байгаа. Ийм л зүйл болсон. Би угаасаа аажуухан явдаг хүн 70-80 километр цагийн хурдтай явж байсан. Би суудлын бүсийг давуулж бүсэлсэн байсан. Осол болохын өмнө машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Миний явж байсан эгнээнд осол болсон. Цагаан өнгийн Аlphard маркийн машин урсгал сөрж орж ирснээс болж осол гарсан. Миний машин Улсын бүртгэлд "Бичил глобус" ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ байгууллагаар дамжуулж машинаа авч байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолооны ВС ангилалтай. 2012 онд жолооч болоод 2014 онд С ангилал даруулж байсан. Би машинаа янзлуулаад авчихвал болох гээд байна. Тэр хүмүүс миний эмчилгээний зардлыг төлсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

“Би Архангай аймаг Цэнхэр сумаас Улаанбаатар хот Налайх дүүрэгт  байрлах гэр рүүгээ явж байсан. Тэгээд замдаа явж байтал хоёр хурц гэрэлтэй машин зөрж гараад хартал урдуур машин ороод ирсэн. Зогсож байсан. Гарц хайгаад олоогүй. Эсрэг урсгалд машин ирж байсан. Би тоормос гишгээд зогсоож чадаагүй. Өөрийн урсгалд байсан цагаан өнгийн машиныг очиж мөргөсөн. Тэгээд би мэдэхгүй ухаан алдсан байсан. Би нэг сэрсэн эмнэлэгт байсан. Шаардлагатай бол би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний зүүн гар мэдрэлгүй юм барьж чадахгүй байна. Зүүн хөл мөн адил мэдээ муутай байна. Би сайн өргөж, гишгэж удирдаж чадахгүй байна. Би засмал замаар өөрийн зорчих хэсэг дээр явж байсан. Би 80-90 км орчмын хурдтай явж байсан. Би ганцаараа явж байсан. Би харсан машин миний урсгалд ороод ирсэн байсан. Би тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн. Миний машинд өмнө нь эвдрэл гэмтэл сэвгүй байсан. Би машинаа зээлээр авсан харамсалтай байна. Би энэ машинаар мөнгө олж амьдралаа залгуулдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-н өгсөн: ”Toyota Alphard маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улсын бүртгэлд Г.А миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай нөхөр бид нарын гэр бүлийн хэрэгцээний тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн: “Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Лавлагааг харахад иргэн Д.Х нь 2,039,042 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан Д.Х-ын эмчилгээнд хөнгөлөлт үзүүлсэн 2,039,042 төгрөгийн мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Иргэний  нэхэмжлэгч Ж.Г-ын өгсөн: “Би "Бичил глобус ББСБ" ХХК-гийн үндсэн салбарт нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Би 2017 оноос хойш ажиллаж байна. “Бичил глобус” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О нь надад итгэмжлэл олгосны дагуу энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Манай байгууллага нь 30 орчим салбартай. Дээрх автомашиныг Д.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барьцаалан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг манай байгууллагын Сүхбаатар дүүрэг дэх салбараас авсан байна. Энэ 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг төлж дуусах хугацаанд манай байгууллагад Тоёота prius-30 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашиныг барьцаалсан байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр нь 15.558.000 /арван таван сая таван зуун тавин найман мянган/ төгрөг байна. Энэ зээл нь 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусна. Зээлийн бас барьцааны гэрээ байгуулсан байгаа. Манай байгууллагын зүгээс зээл нь дуусаагүй байгаа учраас уг автомашинд учирсан хохирол болох 4.545.000 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Учир нь энэ зээл нь унаж явах нөхцөлтэй учраас зээл авсан Хонгорзул нь гэрээ ёсоор автомашиныг унаж ашиглах явцдаа аливаа гэмт хэрэг зөрчил, торгууль татвар зэрэг автомашинтай холбоотой бүхий л асуудлыг дангаараа хариуцах ёстой талаар гэрээнд тусгасан заалтуудтай байгаа. Хэрэг осол болсон талаар хаана болсон талаар би мэдэхгүй. Зээлдэгч өөрөө автомашиныг унаж ашиглах гэрээтэй юм. Уг ослын талаар мэдэхгүй яагаад гэвэл уг автомашиныг Хонгорзул унаж ашиглаж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Гэрч Ц.Б-н өгсөн: “Осол болох үед манай эхнэрийн дүү Ц-н жолоодож явсан Альфард маркийн машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Шатахуун авахаар эргэх гэж байсан учраас зөөлөн явж байсан. Машины гэрэлд зам харагдаж байсан. Гэрлээ асаачихсан явж байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргийн дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрч М.О-ын өгсөн: “Би дүү болох Ц-н машины жолоочийн арын суудал дээр гол хэсэгт нь сууж явсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Миний охин суудлын бүс зүүгээгүй байсан. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэргийн дүгнэлт гаргуулахгүй. Миний охин 2 настай, мэдүүлэг өгөх боломжгүй жаахан хүүхэд байгаа юм. Миний охинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Гэрч Ж.О-ны өгсөн: “Би осол болох үед бэр эгч А-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг Альфард машины хамгийн арын суудлын баруун захын суудал дээр сууж явсан. Тухайн машиныг ах Ц жолоодож явсан. Би суудлын бүс зүүсэн байсан. М.Ц хэдэн км цагийн хурдтай явсныг би хараагүй унтаж явсан. Би осол болсны дараа сэрсэн. Осол болох үед үзэгдэх орчин ямар байсныг би мэдэхгүй байна. Унтаж явсан. Осол болсны дараа сэрэхэд үзэгдэх орчин хэвийн байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэргийн дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

Гэрч М.Т-н өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 06-ны орой гэгээтэй Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнговь сум явахаар төрсөн дүү Ц, төрсөн дүү О, хүргэн Б, түүний бага охин У, ахын хүү О, миний хүү Ө, би бид нар явж байсан. Бид нарын сууж явсан машиныг Ц нь жолоодож явсан. Бид нар замдаа явж байхад би нойр хүрээд зүүрмэглэж явсан. Нэг мэдэхэд миний сууж явсан машин аажмаар эргэлдэх шиг болсон. Тэгээд сэрэхэд колонкийн уулзвар дээр машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд бид нар бууж ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. Би колонк орж дулаацаад сууж байсан. Ослын газарт удаагүй. Тэгээд ахин машин дуудаад бид нар өөр машинд суугаад Увс аймаг Зүүнговь сум явсан. Машин Ц өөрөө жолоодож явсан. Ц нь хурдтай яваагүй. Хамгийн аажуу тайван явдаг хүн байгаа юм. Би хурдыг нь сайн хараагүй. Ослын улмаас миний хүү Ө болон миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Шүүгдэгч М.Ц-н өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний ээж маань бурхан боллоо гэж сонсоод эхнэр Ариунбилэгийн машиныг үзлэгт оруулж шалгуулж аваад Улаанбаатар хотоос өглөөний 17 цаг өнгөрч байхад хүргэн Ц.Б, эгч М.О, эгч М.Т, ач Ж.О, миний зээ дүү О.Ө, эгчийн жаахан охин Ундрам би бид нар Увс аймгийн Зүүнговь сум явахаар явсан. Машиныг би жолоодож явсан. Тэгээд Улаанбаатар хотоос 49 дэх километрийн шонгийн орчим "зам зуур" нэртэй шатахуун түгээх станцаас шатахуун авахаар зүүн гар тал руу дохио өгөөд, хурдаа хасаад эргэсэн. Миний явж байсан эгнээний эсрэг урсгалд 1 машин явж байгааг харсан. Тэр машин зайтай явж байсан болохоор би хангалттай амжих юм байна гээд зүүн гар тал руу эргэх хөдөлгөөн хийсэн. Би хурдаа хасаад, тасархай шугам даваад колонк руу ороод эсрэг урсгал бүрэн чөлөөлөгдсөн байхад эсрэг урсгалд явж байсан машин баруун гар тал руу даялж орж ирээд миний жолоодож явсан машины баруун гарын талын урд дугуй руу ирж мөргөөд газар дээрээ нам зогссон. Тэгээд би машинаасаа буугаад тэр машины жолооч талаар очиход тэр жолооч хүн суудлын бүс зүүгээгүй, ослын дэр нь гарсан байсан. Би хаалгыг нь онгойлгоход юу болчхов миний дүү гэж хэлж байсан. Би Ө, О нарын хамт тэр машины хаалгыг онгойлгосон. Тэгээд нэгэнт аваар болсон учир би "зам зуур" колонкийн хүнийг гуйгаад та нар хаана харьяалагддаг юм бэ, эмч, цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд эмч, цагдаа дуудуулсан. Тэгээд 10 минутын дараа эмнэлэг түрүүлээд ирсэн. Эмнэлэг ирээд нөгөө машины жолооч Хонгорзул ахыг машинаас буулгаж газарт хэвтүүлээд даралтын аппарат залгаад, шингэн залгаад машинаар Улаанбаатар хот руу авч явах болсон. Тэгэхээр нь би дүү О-д өөрт байсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг өгөөд энэ хүний эмчилгээг хийлгээрэй гэж хэлээд хамт түргэний машинтай Улаанбаатар хот руу явуулсан. Би түргэн авч явснаас хойш 5-10 минутын дараа дүү О руу утсаар ярихад Онон маань энэ хүн ухаан орлоо Налайх дүүрэгт амьдардаг хүн юм байна. Биеийн байдал нь гайгүй болж байна. Одоо шокийн байдлаасаа гарч байна гэж хэлж байсан. Тэр үед цагдаа нар ирсэн байсан. Цагдаа нар ирээд бүх хэмжилтээ хийгээд дуусаад Улаанбаатар хотоос ачлагын 2 машин дууд гэж хэлээд би тэгээд ачлагын машин дуудаад 2 машиныг Лүн сумын журмын хашаа руу зөөвөрлөсөн. Тэгээд хохирогч Хонгорзул ахын бие нь гайгүй байсан учир би тэр цагдаад тайлбарлаж хэлээд би ар гэрийн гачигдал гарсан юм, ээжийнхээ ажил явдалд оролцоод ирж болох уу гэж хэлсэн. Тэгсэн тэр цагдаа нар нь эмнэлгийн эмч нартай ярьсан байх. Тэр цагдаа нар хэргийн газрын үзлэг, хэмжилт хийгээд, гэрэл зураг аваад болчихлоо та ямар ч байсан ажил явдалдаа оролцоод ир гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос 2 машин дуудаад ирсэн. Миний дуудсан 2 машин ирсний дараа би хүмүүсээ суулгаад 1 машинтай нь Зүүнговь руу явуулсан. Нөгөө машин маань ачилтын 2 машинтай журмын хашаанд машин байршуулаад эргээд Улаанбаатар хот руу буцсан. Би 60 километр цагийн хурдтай явж байсан. Эргэх үйлдэл хийхдээ 5-10 километр цагийн хурдтай явж байсан. Хүргэн ах Б суудлын бүс зүүсэн байсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Г.А гэж миний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө үзлэг оношилгоонд ороод гарсан. Миний жолоодож явсан машинд эвдрэл гэмтэл байгаагүй. Намайг зүүн гар тал руу "зам зуур" шатахуун түгээх станц руу эргэх үед замын голын цагаан шугам нь тасархай цагаан шугам байсан. Би хангалттай хол зай байсан гэж харсан. Тэр машиныг хурдтай явж байгааг би тооцоолж чадаагүй. Хангалттай зай байна гэж харж байсан. Өнгөрөөж байгаад эргэж болох л байсан байх. Их зайтай байна гэж харсан. Би осолд орсон машины жолоочийн сандлын арын түшлэгийг нь хойшлуулаад гэдийлгэж суулгасан. Тэгээд гайгүй юу ахаа гэж асуухад юу болов миний дүү гэж хэлж байсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн.

Эсрэг урсгалд явж байгаа машиныг харуй бүрий гэрэл гэгээтэй байсан болохоор би бараг 120-130 метр зайтай байсан байх гэж бодож байгаа. Миний өмнө явж байсан 1 машин байсан. Тэр машин 40-50 метр орчим зайтай явж байсан. Энэ осол шатахуун түгээх станцын талбайд болсон. Осол болох үед миний машин зогсож байсан. Осол болонгуут миний машин байж байсан газраасаа 1-2 метр орчим газарт шидэгдсэн. Х-н машин миний багцаагаар их л өндөр хурдтай явсан. 80 километр цагаас дээш хурдтай явж байсан. Би өнөөдрийн байдлаар нийт 6.800.000 /зургаан сая найман зуун мянга/ орчим төгрөг төлсөн байгаа. Камерын бичлэгийг хэмжилт хийж байх үед Лүнгийн цагдаа нар авсан байхад үзсэн. Би дараад нь ахин камерын бичлэгийг үзмээр байна гэж хэлэхэд Б байхгүй гэж хэлсэн. Ахалж байсан хүн нь тэгж хэлсэн. Та боломжтой бол “зам зуур” ороод утсан дээрээ бичлэг хийж авч болно гэж хэлсэн. Тэгээд намайг "зам зуур" колонк дээр очиж уулзахад манай бичлэг устсан, цагдаа нар авсан, бас мөргөлдсөн хүний дүү байна гэж хэлээд 1 хүн хуулаад авсан гэж хэлсэн. Надад үзүүлэх бичлэг байхгүй гэж хэлсэн. Х ах надад бичлэг байгаа гэж хэлж байсан. Надад өөр ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №635 дугаартай шинжээчийн дүгнэлт: " 1.Д.Х-н биед C4,C5, C7,L4, L5 нугасны мэдрэлийн дарагдал, С4,C5, C6, C7, L4, L5, S1 нугалмын цүлхийлт, L2, L3, L5,S1 нугалмын мөгөөрсний урагдал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн болон хөдөлгөөний хязгаарын улмаас үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Нурууны зарим жийргэвчинд яс ургалт өөрчлөлттэй. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэх /хх-ийн 57-58/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №6640 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “001374077” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 63-64/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 59/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №500 техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг хх-ийн 68-71,

“Ашид үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1297 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг хх-ийн 73-76/,

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №46-06/11 дугаартай шинжээчийн: “1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Alphard маркийн 02-74 УЕО улсын дугаартай автомашины жолооч М.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota prius-30 маркийн 11-82 УБТ улсын дугаартай автомашины жолооч Д.Хонгорзулыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Toyota Alphard маркийн 02-74 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Ариунбилэгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4.Toyota prius-30 маркийн 11-82 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч "Бичил глобус" ББСБ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 5.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 6.Toyota Alphard маркийн 02-74 УЕО улсын дугаартай автомашины жолооч М.ЦМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 7.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 8.Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 80-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч М.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 22:00 цагийн орчим "Тоёота Алфард" маркийн 02-74 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт байх Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А/0301 асфальтан замын 49 дэх километрийн замын орчим замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчиж, эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Д.Хонгорзулын "Тоёота Приус-30" маркийн 11-82 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан өдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч М.Ц-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Хохирогч Н.Б нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны товыг утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Хохирогч Д.Х-д гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирч эрүүл мэндийн даатгалын сангаас 2 039 042 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн мэдүүлэг /хх 34/, тусламж үйлчилгээ авсан талаарх Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23/15 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тодорхойлолт /хх 30/ зэргээр тогтоогдсон. Дээрх 2 039 042 төгрөгийн зардлыг хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Ц-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаар дансанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх, Эрүүл мэндийн даатгалын санд олгох зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Ц нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ц-ын тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч М.Ц-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-с 2 039 042 /хоёр сая гучин есөн мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаар дансанд шилжүүлсүгэй.

 

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ