Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

  2025          4                02                                              2025/ШЦТ/135

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Н.Ч-т холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өглөө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн асфальтан замын 60 дахь км шонгийн орчим Хонда инсайт маркийн 00-00 ОООулсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэснийг зөрчиж замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс онхолдож, зорчигч Н.Э-нэрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Э-ын өгсөн: “Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Хууль ёсны төлөөлөгчөөр өөрийн төрсөн ээж Б.А-ийг байлцуулан мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Би 2024 оны 8-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад ээж Б.А аав Н.Б нарын найзууд ирээд бид нар цугтаа Төв аймгийн Ээж хад гэх газар руу машинтай явахаар болсон. Би тэд нартай цуг машинд явсан. Ингээд 2024 оны 8-р сарын 22-ны өглөө Төв аймгийн ойролцоо Н.Ч ахын унаж явсан Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машинд би хажууд нь сууж явж байгаад замын хажуу тал руу онхолдсон. Жолооч Н.Ч ах тэр үед согтуу байсан. Ослоос хойш би одоо ерөөсөө сайн юм санахгүй байгаа. Би маш удаан эмнэлэгт хэвтсэн. Нэг үеэ бодвол одоо гайгүй. Сургуульдаа явмаар байна. Манай багш намайг тархи толгой чинь гэмтэлтэй байгаа бол хичээл ном ойлгохгүй гэртээ эмчилгээгээ сайн хийлгээд эдгэрээд хичээлдээ яваарай гэсэн. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ий 27/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-н өгсөн: “Би нөхөр Н.Б, төрсөн хүү 9 настай Н.Э нарын хамт Соната 7 маркийн 00-00 ООО улсын дугаартай машинтай, манай гэр бүлийн найзууд болох З.М, О.Б нар Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машинтай дээр нь манай нөхөр болон О.Б нарын багын найз болон Н.Ч гэх залуутай цуг Улаанбаатар хотоос 2024 оны 8-р сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” гэх газарт гэр бүлээрээ очиж мөргөхөөр явсан юм. Бид нар тухайн өдрийн орой 21 цаг гэж Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Зуунмод сумын ойролцоо ирж хээр майхан барьж буудаллаж хоносон. Тэр шөнө хонохдоо бид нар 3 ширхэг том савтай пиво, нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад үүр цайлгасан. Өглөө нь О.Б, З.М, Н.Ч нар Хонда Инсайт маркийн машинтай урд гараад зам заагаад Төв аймгийн төвөөс Сэргэлэн сумын "4-р зөрлөг" гэх газраар дайраад урагшаа Налайх дүүргийн урдуур явсан. Багахангай дүүрэг Дорноговь аймаг Замын-Үүд сум руу явдаг авто замаар Сэргэлэн сумын "Ээж хад" гэх газар руу явдаг замыг сонгож явсан юм. Би ард нь нөхөр Н.Балжинням, найз З.М хүү Н.Э нартай цуг Соната 7 маркийн 00-00 ООО улсын дугаартай машинд сууж явсан. Би машин дотроо том пиво аягалаад явж байсан. Тэгсэн урд явсан машины жолооч О.Б гэнэт машинаа зогсоогоод жолоогоо Н.Чулуунбаатарт өгөөд өөрөө зам дээр бид нарыг тосож суугаад бид нарын ууж байсан пивоноос уусан. Тэгээд тэр газраасаа бид нар нэлээн холдоод явж байтал О.Б"за за би өөрөө машинаа жолоодно” гээд урд явсан Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг нь жолоодож явсан Н.Ч-гзогсоогоод өөрөө жолоогоо бариад Н.Ч-гхажуудаа суулгасан. Тэгээд бид нар Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг гэх газраасаа урагшаа даваа даваад засмал замаар явж байтал урд явсан Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг жолоодож явсан О.Б согтуу учраас замын цагаан зураас даваад замын хажуу руу орчих гээд байсан тул ард явсан эхнэр З.М нь хараад "зогсоо зогсоо наад машинаа чи барьж чадахгүй байна хажуудаа байгаа Н.Ч-аар бариул” гээд гараараа даллаж машиныг зогсоогоод О.Б-г хойно явсан манай машинд суулгах үед манай хүү 9 настай Н.Э “ээж би хойд талын машинд суулаа” гээд Н.Чулуунбаатарын жолоодож явсан Хонда Инсайт маркийн 00-00 ОООулсын дугаартай машинд суусан. Ингээд бид нар хөдлөөд тэр осол Хөндлөнгийн даваа гэх газрын орчим бид нар урдаа замаа заагаад ард Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг Н.Ч жолоодож хажууд нь манай хүү Н.Э зорчиж явж байсан машин харагдахаа байчихсан. Тэгэхээр нь бид нар ирэх байх гээд 5 минут орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь буцаад засмал замаараа яваад очтол Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машин замын зүүн гар талдаа онхолдоод осолдчихсон Н.Ч утсаар ярьчихсан зогсож байсан. Манай хүү 9 настай Н.Э жолоочийн хажуу талын урд дугуйны ойролцоо толгой, хөл орчмоос нь цус гоожсон байдалтай ухаангүй газар хэвтэж байсан. Би тэндээсээ шууд машин гар өргөж зогсоогоод хүүгээ аваад хамгийн ойр байх Налайх дүүргийн эмнэлэг рүү явсан. Тэр  өдрөө хүүгээ Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний сэхээн амьдруулах тасагт аваачиж үзүүлээд тус эмнэлэгт 13 хоног ухаангүй байдалтай эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 9-р сарын 06-ны өдрөөс хойш Эх нялхсын эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Гэмтлийн эмнэлэгт байхдаа бага тархины бяцралттай тархины хүнд гэмтэлтэй гэх онош тавигдаад 16 ширхэг оёдол тавиулсан. Хагалгаанд бол ороогүй. Баруун хөлийн өвдөг мөгөөрс гэмтэлтэй гээд дотор гадаргүй нийт 23 ширхэг оёдол тавиулсан. Одоо бол биеийн эрүүл мэндийн байдал харьцангуй сайжирсан ухаан орчихсон байдалтай байгаа. Урьд шөнө нь би нөхөртэйгөө З.М, О.Б, Н.Ч бид нар хээр майхантай хонохдоо 3 том савтай пиво болон 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан. Н.Ч архи уучихсан байсан. Сүүлд ослын дараа цагдаа нар согтуурал хэмжигч багаж үлээлгэхэд согтолттой байна гэж гарсан. Манай хүү Н.Э-н биеийн байдал одоо харьцангуй дээрдсэн. Улаанбаатар хотод эх нялхсын эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлж байна. Ер бол шүүх эмнэлгээр үзүүлэх хүсэлгүй байна. Уг осолд жолоо барьж явсан Н.Ч нь ар гэр гэх юм байхгүй өнчин өрөөсөн. Ахуй амьдрал нь ядруухан, эхнэр хүүхэд нь хаяад явчихсан. Нэн эмзэг амьдралтай хүн байгаа юм. Хүү Н.Э-н сэтгэцэд учирсан хор хохирлын зэргийг тогтоолгох хүсэлгүй байна. Тухайн үед ослын дараа Н.Ч цочролд орсон байдалтай дуугарахгүй байсан. Одоо хүртэл ер нь яг яаж байгаад осолдсон талаар Н.Ч ер юм яриагүй. Миний бодлоор бол согтуу жолоо барьсан жолооны хүрд шилжүүлснээс уг осол гарсан байх гэж бодож байна. Ослын дараа манай хүүг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад манай найзууд О.Б, З.М нар 1 000 000 гаруй төгрөгийн эм тариа авч өгсөн. Н.Ч бас нэг сая гаруй төгрөгийн эмчилгээний зардал гаргаж өгсөн. Ерөнхийдөө одоогийн байдлаар 3 сая гаруй төгрөгийн эм тариа эмчилгээний зардал гараад байна. Би өөрийн төрсөн хүү Н.Э хууль ёсны төлөөлөгчийн хувьд уг хэрэгт Н.Ч болон бусдад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: "Манай хүү Э 9 настай, хүүхдийн эмчилгээний зардалд 2 803 385 төгрөг болон эрүүл мэндийн даатгалаас гарсан төлбөрийг төлчихвөл хүүхдээ эмчлүүлэх гээд байна. 4 сая гаруй төгрөг гарсан, гэхдээ би талыг нь нэхэмжилж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ." гэх мэдүүлэг,  

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.М өгсөн: “Би нөхөр О.Бийн хамт 2024 оны 8-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод Баянхошуунд байдаг Алтанцэцэг, Н.Б гэх гэр бүлийн найзынхаа гэрт очсон. Бид нар тухайн өдөр ярилцаж тохироод Төв аймгийн Сэргэлэн суманд байх “Ээж хад” гэх нэртэй газар руу агаар салхинд гарах зорилгоор явахаар болоод бэлтгэлээ хангаад орой 19 цагийн орчим Улаанбаатар хотоос гарсан. Тухайн үед нөхөр бид хоёр Хонда Инсайт маркийн 00-00 ОООулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр О.Б өөрөө жолоодож явсан. Харин Алтанцэцэг, Н.Б хоёр болохоор Соната 7 маркийн машинтай явсан. Хотоос гарахдаа нөхөр, бид хоёр манай нөхөр О.Б ийн найз Н.Ч-г цуг аваад явсан. Харин Б.А, Н.Б хоёр 9 настай Н.Э гэрээсээ гарахдаа цуг машиндаа аваад явсан. Төв аймагт бид нар шөнө 23 цагийн орчим ирээд аймгийн төвөөс зүүн тийшээ авто замын хажууд майхан бариад хээр хоносон. Шөнө хонохдоо бид нар том савтай пиво 3-ыг, нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Ингээд маргааш өглөө буюу 2024 оны 8-р сарын 22-ны өглөө үүрээр босоод бид  нар цааш Төв аймгийн Сэргэлэн сумын ээж хад гэх газар руу явахдаа Налайх дүүргийн урдуур байдаг Замын-Үүд рүү явдаг замаар явсан. Замдаа манай нөхөр О.Б бид хоёр найз Н.Ч-гмашиндаа суугаад урдаа замаа заагаад машинтайгаа явж байсан. Хойд талд Н.Б эхнэр хүүхэдтэйгээ Соната-7 маркийн машинтайгаа явж байсан. Хэсэг явж байгаад замдаа зогссон чинь Н.Ч манай нөхрөөс "найз нь машиныг чинь ганц барьчихъя” гэж гуйсаар байгаад машиныг нь зогсоосон юм билээ. Би тухайн үед хойд сандал дээр унтаж байгаад машины жолооч солигдоод Н.Ч машин барихаар нь би нөхөр О.Бийг дагаж буугаад Н.Балжиннямын барьж байсан Соната-7 маркийн машинд суусан. Тэр Соната-7 маркийн машинд Н.Б эхнэр Б.А тэйгээ би нөхөртэйгөө суусан. Харин 9 настай хүү Н.Э нь зөрөөд Н.Ч ахын машинд сууна гээд Хондо Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд суудалд суусан. Зогссон газраасаа Н.Б бид нарын машин урдаа гараад хойноос Н.Ч манай Хонда Инсайт маркийн машиныг жолоодоод нэг их холдоогүй явж байтал ард явж байсан манай машин бараа нь харагдахаа байсан. Тэгэхээр нь бид нар яасан юм бол гэж бодоод эргээд очтол замын хажуу руу манай Хонда Инсайт маркийн 00-00 ОООулсын дугаартай машин онхолдсон байдалтай гарчихсан Б.А-ийн хүү Н.Э жолоочийн хажуу талын суудлын харалдаа газар унасан байдалтай ухаангүй толгойноос нь болон баруун хөлөөс нь цус гоожсон байдалтай байсан. Хажууд нь Н.Ч газар явган суучихсан байдалтай байсан. Тэндээсээ бид нар тэр даруй замын унаанд Б.А-ийг хүүхэдтэй нь Налайхын эмнэлэг рүү явуулаад араас нь удалгүй би Н.Балжиннямын хамт очсон. Манай нөхөр О.БН.Чулуунбаатартай цуг осолдсон машин дээрээ үлдсэн. Осол болох үед Н. Чулуунбаатар жолоодож явсан. Шөнө нь бол Н.Ч бид нар 3 том савтай пиво, нэг шит 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи хувааж уусан. Маргааш өглөө нь би Н.Чулуунбаатарын архи нь гарчихсан байх гэж бодсон юм. Н.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Урьд шөнө нь би эрүүл байхдаа нөхөр О Баттөрөөс хөдөө гараад машиныг чинь барьж үзье би жолооны курст сууж байгаа, Н.Ч удахгүй жолооны курст суух гэж байгаа гэж ярилцаж байсан. Хонда Инсайт маркийн 00-00 ОООулсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшил өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэл. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг. Би өөрийн Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар гаргуулах хүсэлгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Иргэний нэхэмжлэгч З.М-ын өгсөн: “Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би уг тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хувь хүнд 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд 7.000.000 төгрөгийг “Тэнгэр Аз Инвест" ББСБ-с зээл гаргуулж нийт 9.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд одоо банк бусын нэр дээр бүртгэлтэй, зээлээ хугацаандаа төлж байгаа болно. Зам тээврийн осол болсны дараа би машинаа харахад нэлээн их эвдрэл гэмтэлтэй байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо өөрөө хариуцна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

Иргэний хариуцагч З.М-ын өгсөн: "Хонда инсайт" маркийн 00-00 ОООулсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би уг тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хувь хүнд 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд өд 7.000.000 төгрөгийг "Тэнгэр Аз Инвест" ББСБ-с зээл гаргуулж нийт 9.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд одоо банк бусын нэр дээр бүртгэлтэй, зээлээ хугацаандаа төлж байгаа болно. 2024 оны 8 дугаар сарын 22-ны өглөө "Хонда инсайт" маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр О.Б нь өчигдөр уусан архи нь гараагүй байж машин барих гээд байхаар би бариулахгүй гэж уурлаад эрүүл нь жолоо баримаар байна гэж хэлэхэд Н.Ч нь би жолоо барьчихъя гээд Н.Ч нь арай гайгүй байхаар нь би зөвшөөрсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

 “Осол болох үед "Хонда инсайт" маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Ч жолоо бариад түүний хажуу талд найз Алтанцэцэгийн хүү Н.Э суугаад харин би урд талд нь "Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлд Балжинням, Алтанцэцэг, Баттөр гуравтай хамт явж байсан бөгөөд нийт зургуулаа 2 тээврийн хэрэгсэлд хуваагдаж суугаад явсан. Шөнө нь Н.Чбид нар 3 том савтай пиво, нэг шил 0.75 литрийн "Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Маргааш өглөө нь би Н.Чулуунбаатарын архи нь гарчихсан байх гэж бодсон. Н.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. "Хонда инсайт" маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Гэхдээ "Тэнгэр аз инвест ББСБ”-н өмчлөлийн тээврийн хэрэгсэл бөгөөд зээл бүрэн төлөгдөж дуусаагүй хугацаандаа төлж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэдэндамбын өгсөн: “Манай “Тэнгэр Аз Инвест” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. З.М зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж байгаа. Манай тээврийн хэрэгслийн урд гүпер, дээвэр, хаалга гэмтсэн. Мөн урд салхины шил хагарсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар нэгэн хүсэлтгүй байна. Зээлдэгч З.М нь зээлээ хугацаандаа төлөөд барагдуулж дууссан тохиолдолд гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

Гэрч О.Б-ийн өгсөн: “Би 2024 оны 8-р сарын 21-ний өөр Улаанбаатар хотод Баянхошуунд гэртээ эхнэр З.М ын хамт байж байтал бид хоёртой гэр бүлийн найзууд болох Б.А, Н.Б гэх эхнэр, нөхөр хоёр утсаар яриад манай гэрт хүрээд ир гэж урьсан. Ингээд тэр өдрийнхөө өдөр 14 цагийн орчим эхнэр бид хоёр Баянхошуунд байх Б.А, Н.Б нарын гэрт очсон. Гэрт нь очоод бид нар хоорондоо ярилцаж тохироод Төв аймгийн Сэргэлэн суманд байх "Ээж хад" гэх газар луу гэр бүлээрээ явахаар болсон. Тэгээд бид нар Б.А, Н.Б нарын унадаг Соната-7 маркийн машинтай дээр нь би өөрийн унадаг манай эхнэр З.М-ын нэр дээр бүртгэлтэй байдаг Ниссан Инсайт маркийн 00-00 ОООу лсын дугаартай машинтай цуг Төв аймаг руу явсан. Яг явахаар Улаанбаатар хотоос гарах үедээ Б.Ань гэртээ өөрийн 9 настай хүү Н.Э-ын үлдээх гэсэн чинь хүүхэд нь цуг явна гээд машинд суучихаар нь аваад явсан. Замдаа бид нартай гэр бүлийн найз Н.Ч гэх найзыгаа Улаанбаатар хотоос аваад гарсан. Бид нар Улаанбаатар хотоос Өлзийт хороолол руу явдаг замаараа Төв аймаг руу явсан. Орой 23 цагийн үед Төв аймагт орж ирээд бид нар аймгийн төв өнгөрөөд хөдөө хээр гараад замын хажууд майхантай хоносон. Шөнө нь хонохдоо би эхнэрийн хамт Б.А, Н.Б нар, мөн манай найз Н.Ч бид нар нийлээд 3 том савтай пиво, 1 шил 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи хувааж уусан. Маргааш буюу 2024 оны 8 сарын 22-ны өглөө үүрээр 06 цагийн бид нар босоод Төв аймгийн Сэргэлэн сумын "Ээж хад" гэх газар луугаа явахаар Төв аймгийн зүүн талаар Налайхаар урагшаа гардаг Говь-Сүмбэр, Дорноговь аймаг явдаг чиглэлийн засмал замаар явсан. Тухайн үед би буудалласан газраасаа өглөө анх хөдлөхдөө машиндаа Ниссан Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машинаа өөрөө жолоодоод хажуудаа найз Н.Ч-гсуулгачихсан явж байсан. Манай эхнэр З.М, Б.А, Н.Б нар Н.Э хүүхдийнхээ хамт тэр Соната-7 маркийн машинд сууж явсан. Н.Б жолоо бариад явж байсан. Бид нар Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн "4-р зөрлөг" гэх газар дөнгөж өнгөрөөд бие засах гээд түр зогсох үед Н.Ч надаас Найз нь машиныг чинь ганц жолоодчихъё гэж асуусан. Тэгэхээр нь би -За миний найз болгоомжтой машин бариарай гээд би жолоогоо шилжүүлээд өөрөө Н.Балжиннямын тэр Соната-7 маркийн машинд суусан. Яг тэгээд намайг машинд зөрөөд суухтай зэрэгцээд Б.Аийн 9 настай хүү Н.Э"агаа би машинд чинь суулаа” гээд миний Ниссан Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машины урд талд жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэндээсээ бид нар Н.Балжиннямын тэр Соната-7 машиныг урдаа гаргаад замаа заагаад хойд талд Ниссан Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг Н.Ч жолоодоод хажуудаа 9 настай Н.Э хүүхдийг суулгаад хөдлөөд явж байгаад 2024 оны 8-р сарын 22-ны өдрийн өглөөний 08 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг дэвсгэр "Хөндлөнгийн даваа" гэх газрын орчим явж байтал хойд талд явсан Н.Чулуунбаатарын жолоодож явсан Ниссан Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машин араас ирэхгүй толинд харагдахгүй удаад байхаар нь яасан юм бол гэж бодоод эргээд очтол миний Ниссан Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машин засмал замынхаа хойд талд ертөнцийн зүгээр зүүн гар талдаа онхолдоод хөмөрчихсөн байдалтай, 9 настай Н.Э хүү машинаас шидэгдээд газар унасан байдалтай ухаангүй хажууд нь Н.Ч машинаасаа буугаад ирчихсэн шокийн байдалтай газар явган сууж байсан. Тэр даруй Б.А ийг бид нар хүү Н.Эрдэнэ-Очиртой нь цуг замын унаанд дайгаад Налайх дүүргийн эмнэлэг рүү явуулсан. Удалгүй араас нь манай эхнэр 3.М, Н.Б нарыг явуулсан. Би өөрөө Н.Чулуунбаатартай цуг машин дээрээ үлдээд байх үед эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн. Осол болох үед Н.Ч жолоодоод дотор нь 9 настай Н.Э хүү зорчиж явсан. Өөр хүн байгаагүй. Урьд шөнө л би эхнэртэйгээ, Б.А нөхөртэйгөө, манай найз Н.Ч бид нар нийлж 3 том савтай пиво, 1 шил 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи хувааж уусан байсан. Өглөө босоод бид нар нэмж архи уугаагүй. Н.Чулуунбаатарын архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлтэй танилцсан. Н.Ч0.59 хувийн согтолтын зэрэгтэй гарсан байсан. 2024 оны хавар Н.Ч надаас "жолооны үнэмлэх гаргуулж байгаа найздаа машинаа зарахгүй биз” гэж асууж байсан. Тэгэхээр нь би жолооны үнэмлэхтэй юм байна л гэж ойлгож байсан. Түүнээс би жолооны үнэмлэхийг нь яг нүдээр харж байгаагүй. Үнэмлэхтэй эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз Н.Ч өөрөө л машин баримаар байна гэж гуйгаад байхаар нь бариулчихсан. Түүнээс би Н.Ч-гархи нь гараагүй байгааг мэдэж байсан. Бид нар яг машин осолдсон үед нь очоод би Н.Чулуунбаатараас "яасан бэ? яагаад осолдов гэж асуусан чинь Н.Ч“хажуугаар гүйцэт түрүүлсэн машинаас гэнэт цочоод жолооны хүрдээ баруун дарчихсан чинь хойд дугуй нь даялаад жолоодлого алдаад замынхаа зүүн гар тал руу замын хөвөө даваад өнхрөөд онхолдчихлоо” гэж хэлж байсан. Хажууд зорчиж явсан 9 настай Н.Э хүүхэд хамгаалалтын бүсээ зүүгээгүй байсан бололтой машинаас шидэгдээд гадаа уначихсан ухаангүй байдалтай байсан. Жолооч Н.Ч хамгаалах бүсээ зүүсэн бололтой байсан хамгаалах бүсний ором хүзүүгээр нь улайгаад харагдаж байсан. Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай эхнэр З.М-ын эзэмшлийн машин, одоогоор банк бусын нэр дээр бүртгэлтэй байдаг зээлтэй машин байгаа юм. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Б.Ч-н өгсөн: “Би 2024 оны 8-р сарын 22-ны өдрийн өглөөний 07 цаг 30 минутын орчим байх Улаанбаатар хотоос зүүн урагшаа Налайх дүүргийн урд талаар дамжаад Дорноговь аймаг Замын-Үүд сум орохоор авто замаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үед замын 60 дахь километрийн орчим миний урд явсан Хонда Инсайт маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл гэнэт жолоодлого тэнцвэр алдаад замын хоёр тал руугаа займчаад эхэлсэн. Би уг тээврийн хэрэгслийн хойно бараг 60-70 метрийн орчим зайд явж байсан. Тэр Хонда Инсайт маркийн машины хажууд болон хажуугаар нь зөрж өнгөрсөн тээврийн хэрэгсэл харагдаагүй. Харин урд талд нь нэлээн зайтай явж байгаа машин бол харагдаж байсан. Тэгээд тэр Хонда Инсайт маркийн машин замын хоёр тал руугаа займчаад жолоодлого алдаж байгаад замынхаа зүүн гар талын жалга руу ороод бүтэн нэг өнхрөөд буцаад дөрвөн дугуйн дээрээ тогтож осолдсон. Би тухайн үед уг осолдсон тээврийн хэрэгсэл дээр нь очиход жолооч нь Н. Чулуунбаатар гэх 20 орчим насны үл таних залуу намайг очиход машинаасаа буугаад ирсэн. Миний ажиглаж харснаар ил харагдах гэмтэл шарх гэх зүйлгүй гайгүй байсан. Харин тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудал дээр 8-9 орчим насны нэг эрэгтэй хүүхэд ухаан алдсан байдалтай байсныг Н.Ч гэх тэр залуу машинаас буулгаж газар хэвтүүлж нүүр амнаас нь гоожиж байсан цусыг арчиж байсан. Өөр тэр машинд зорчиж явсан хүн байгаагүй. Би тэгээд тухайн үед эдгээр хүмүүст туслаад Цагдаагийн 102 тусгай дугаарт утсанд залгаж осол аваар болсон тухай дуудлага өгсөн. Мөн эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгч яаралтай түргэн тусламж дуудаж өгсөн. Яг намайг ингээд утсаар дуудлага өгч байхад эдгээр хүмүүстэй цуг явж байгаа бололтой нэг суудлын тэрэгтэй үл таних хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй залуувтар хүмүүс уг осол болсон газар ирсэн. Лав нэг эмэгтэй нь тэр осолдож ухаан алдсан хүүхдийн ээж нь бололтой байсан. Ингээд би тэр хүмүүст цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн талаараа хэлчхээд цаашаа Дорноговь аймаг Замын-Үүд сум руугаа явсан. Би тухайн үед ганцаараа явсан. Өөр харсан үзсэн байхгүй байх. Сүүлд осол болсны дараа нь намайг утсаар дуудлага өгч байх үед замаар машин тэрэг өнгөрч л байсан. Миний харж багцаалдаж байгаагаар Н.Ч70-80 км/цагийн хурдтай авто зам дээр явсан байх. Жолоодлого алдаад замынхаа эсрэг урсгал руу ороод займчаад байсан. Жолооч нь нойр дутуу унтаж явсан уу согтуу байсан уу мэдэхгүй байна. Яг осол болсны дараа бол тэр жолооч гэх Н.Ч гэх залууг согтуу эрүүл байгаа эсэхийг нь би анзаарч сайн мэдээгүй. Үзэгдэх орчин өглөө эрт манан татчихсан шөнө нь бороо орчихсон бололтой замын гадаргуу чийгтэй ус тогтсон нойтон байсан. Үзэгдэх орчин бол замын зорчих хэсэг харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Шүүгдэгч Н.Чулуунбаатарын өгсөн: “Би 2024 оны 8-р сарын 21-ний өдрийн орой 22 цагийн Улаанбаатар хотод 21-р хороолол орчим явж байтал манай найз О.Б над руу залгаад "Андаа хаана байгаа юм. Б.А, Н.Б бид хэд гэр бүлээрээ Төв аймгийн Ээж хад руу явах гэж байна чи цуг явах уу" гэж асуусан. Ингээд би тэд нартай явахаар болоод 21-р хорооллын шөнийн зах дээр хүлээж байтал О.Б өөрийн Хондай Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машинтай эхнэр З.М-ын хамт Н.Бгэх манай найз эхнэр Б.А хүү Н.Э нарын хамт Соната 7 маркийн 00-00 ООО улсын дугаартай машинтай над дээр хүрээд ирсэн. Тэндээсээ шууд бид нар нисэх Өлзийт хорооллын замаар Төв аймаг руу явсан Төв аймагт бид нар шөнө 01 цагийн орчим орж ирээд аймгийн төвөөс жоохон зайдуу хээр майхан барьж хоносон. Шөнө нь хонохдоо манай найз О.Б, эхнэр З.М, Н. Балжинням, эхнэр Б.Анарын хамт бид нар 3 ширхэг том савтай пиво, 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Бид нарыг яг уугаад дуусаж байхад өглөө үүр цайгаад 5 цагийн орчим болж байсан тул бид нар босоод майхан саваа хураагаад 06 цагийн орчим Төв аймгийн зүүн талаар Налайх дүүргийн урдуур явсан Дорноговь аймгийн Замын-Үүд рүү явдаг авто замаар Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р багт байдаг гэх "Ээж хад" гэх газар луу хоёр машинтай хөдөлсөн. Тухайн үед Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг манай найз О.Б өөрөө жолоодож би хажууд нь сууж явсан. Харин нөгөө Соната 7 маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг Н.Б жолоодоод дотор нь З.М, Б.А, хүүхэд Н.Э нар зорчиж явсан. Тэгсэн харин замдаа О.Б нэлээн согтуу машинаа эвгүй барьж яваад байсан чинь эхнэр З.М нь урд талын машинаас бууж ирээд "машинаас буу согтуу машин бариулахгүй чи машин барьж чадахгүй байна гээд байхаар нь би тэр хоёроос "болохгүй бол найз нь машиныг чинь барьчих юм уу” гэж асуусан чинь О.Б би өөрөө барина гээд зөрүүдлээд байсан чинь эхнэр З.М нь загнаад түүнийг урд талын Н.Балжиннямын машинд суулгасан. Би нөгөө Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машинд нь үлдээд жолооны ард нь суутал хажуу талын хаалга онгойлгоод Н.Эгэх тэр Б.А-ийн 9 настай хүүхэд машинд суух гээд ороод ирэхээр нь би “чи яах гэж байгаа юм” гэж асуусан чинь өөдөөс "би тантай цуг явъя” гэхээр нь би за суудлын бүсээ зүүчих гэж хэлээд өөрөө би бүсээ зүүгээд хажуудаа суулгаад машиныг нь жолоодоод хөдөлсөн. Тэр хөдөлсөн газраасаа 20 км орчим л хол газар би жолоодсон байх миний урд Н.Бэд нар 200-300 метрийн зайтай урд замаа заагаад явж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг дэвсгэр "Хөндлөнгийн даваа" гэх газарт авто зам дээр баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлтэй жолоо бариад явж байтал гэнэт хажуугаар намайг гүйцэт түрүүлсэн машинаас би цочоод сандарсандаа баруун тал руугаа жолооны хүрдээ дараад торомз гишгэсэн чинь машины хойд дугуй бөгс нь шарваад замынхаа зүүн гар тал руу даялаад жолоодлогогүй болоод замын хөвөө даваад 1-2 удаа эргээд осолдож зогссон. Би тухайн үед яг өнхрөөд 4 дугуйн дээрээ зогсох үед суудлын бүсээ тайлаад машиныг тойрч гараад жолоочийн хажуу талын суудалд суусан байсан Н.Э-г машинаас тэвэрч буулгаад газар хэвтүүлсэн. Н.Э ухаан алдсан байдалтай толгойноос нь цус гоожиж байсан. Мөн баруун хөлийн өвдөгний ар эрээн булчингийн хавьд яс нь гараад ирчихсэн мах нь харагдаж байсан. Би шууд цамцаа урж тайлаад цусыг тогтоож боож байсан чинь урд явсан Н.Б Б.А-д нар машинтайгаа хүрээд ирсэн. Тэндээсээ шууд замын унаанд Б.А хүүхдээ аваад шууд эмнэлэг рүү явсан. Би нөгөө осолдсон Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машин дээрээ цагдаа нарыг иртэл О.Б-ийн хамт цуг үлдсэн. Осолдсон Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр 9 настай Н.Э зорчиж явсан. Өөр хүн байгаагүй. Би тээврийн хэрэгсэл жолоодох огт эрхийн үнэмлэхгүй. Намайг осол болсны дараа цагдаа нар ирж согтуурал хэмжигч багаж үлээлгэж шалгахад 0.59 хувийн согтолттой гарсан. Би тухайн үед осол суудлын даруулга бүсээ зүүчихсэн байсан учраас ямар нэг гэмтэл аваагүй. Биеийн эрүүл мэнд сайн байгаа. Би 50-60 км цагийн хурдтай л жолоодож явсан. Тухайн осол болох үед өглөө эрт бүрэнхий бороо орчихсон манантай байсан. Бороо орсны улмаас авто зам чийгтэй халтиргаа гулгаатай байсан. Тоормос гишгэхэд зам дээр гулгаж байсан. Би 2022 онд Улаанбаатар хотод согтуугаар машин барьж явж байгаад цагдаад баригдаад шүүхээр орж 10 хоног баривчлагдаж байсан. Би тухайн үед өөрөө согтуу үедээ байсан болохоор хөөрөөд биеэ барьж чадалгүй болчимгүй үйлдэл хийсэн гэж үзэж байна. Би тэр Н.Эгэх хүүгийн ээж Б.А болон түүний хойд аав Н.Б нартай найз нөхдийн харилцаатай юм. Тухайн тээврийн хэрэгсэл манай найз О.Бийн эхнэр З.М-ын нэр дээр өмчлөл бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл гэсэн. ...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон бүх үйл явдлыг үнэн зөвөөр нь ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Би пиво уусан байсан. Би жолооны үнэмлэх байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Манай найз Алтанцэцэгийн хүүхэд байгаа юм би эмчилгээний зардлыг нь төлнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 143/,

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн бүртгэлийн маягт /хх-ийн 68-91/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 56 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Н.Э-н биед баруун тал бөмбөлгийн хажуу ховдлын тархины эдэд, бага тархины эдэд няцралт, субарахнойдал зайнд цус хуралт, тархины эдэд цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, баруун өвдөгний дотор хэсэгт шарх, духанд шарх, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэжээ /хх-ийн 93-94/,

 Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №513 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Н.Чулуунбаатарын биед эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх-ийн 97-98/,

ВЕНДО Appraisal company-н Honda Insight 6638 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 4 946 800 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 102-106/,

З.М-н явах эд ангийг үнэлүүлэхгүй, ил харагдах эд ангийг үнэлж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 110/,

2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №46/45, 24/270 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Хэргийн материалтай танилцахад Honda Insight маркийн 00-00 ООО улсын дугаартай автомашины жолооч Н.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Энэ дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно. 3.Honda Insight маркийн 00-00 ООО улсын дугаартай автомашины жолооч Н.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ /хх-ийн 113-115/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 15-16/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр Н.Ч нь 0.59 хувийн согтолттой гэх /хх 17-18/, ГССҮТөвийн насанд хүрээгүй хохирогч Н.Э-н өвчний түүх /хх 68-90/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ч-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н.Ч нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өглөө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн асфальтан замын 60 дахь км шонгийн орчим Honda Insight /Хонда инсайт/ маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчиж замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс онхолдсоны улмаас зорчигч 9 настай Н.Э-нэрүүл мэндэд баруун тал бөмбөлгийн хажуу ховдлын тархины эдэд, бага тархины эдэд няцралт, субарахнойдал зайнд цус хуралт, тархины эдэд цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, баруун өвдөгний дотор хэсэгт шарх, духанд шарх, духанд зөөлөн эдийн няцралт бүхий Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4-т зааснаар хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Н.Ч-гдээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр эрүүл мэндийн даатгалын сангаас 1 903 312 төгрөг  зарцуулсан болох  нь иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн өгсөн “Иргэн Н.Э нь 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 1 903 312 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Даатгалын сангаас гаргуулсан 1 903 312 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23/132 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зардлын түүх /хх 37/ зэргээр тогтоогдсон дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 1 903 312 төгрөгийг шүүгдэгч Н.Ч болон иргэний хариуцагч З.М нараас хувь тэнцүүлэн гаргах.

  Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ань насанд хүрээгүй хохирогч Э-н эмчилгээний зардалд 2 803 385 төгрөгийг зарцуулсан үүнийг нотлох баримтаар нэхэмжилж байна гэсэн бөгөөд хавтаст хэргийн 154-163 дугаар хуудсанд 1 848 385 төгрөгийн баримт ирүүлж, баримтгүй тэргэнцрийн үнэ 955 000 төгрөг /35 000 төгрөг, 00-ийн суултуурын үнэ 6500 төгрөг, нана бальзамын үнэ 540 000 төгрөг/ гаргуулна гэжээ.  

Ирүүлсэн баримтуудыг дугаарласан байх бөгөөд дугаарласан баримтуудаас 4,2,5,6,7,8,9,10,12,14,16,17,18,19,22,23,24,26,27,28,29,30,34,35,36,37,39,38,40,42,46,44,47,49,56,57 гэж дугаарласан баримтууд нь эмчилгээний болон шатахууны баримтууд байх бөгөөд нийт 1 389 395 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхээр байх тул хангаж шүүгдэгч Н.Чулуунбаатар, иргэний хариуцагч З.М нараас хувь тэнцүүлэн гаргуулах,

үлдэх баримтгүй нэхэмжилсэн 955 000 төгрөг, 458 990 төгрөгийн баримтад дурдагдсан зүйлс нь зарим нь юунд зарцуулсан нь харагдахгүй, хүний өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагддаг эд зүйл байх тул /ахуйн хэрэглээнд зарцуулагдах хүнсний бүтээгдэхүүн, ор дэвсгэрийн даавуу алчуур зэрэг г.м/ гэмт хэргийн улмаас үүссэн хохирол гэх үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Н.Чулуунбаатарын барьж явсан иргэний нэхэмжлэгч З.М эзэмшлийн Honda Insight 6638 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 946 800 төгрөгөөр хохирол тогтоогдсон болох нь ВЕНДО Appraisal company-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 102-106/-аар тогтоогдсон бөгөөд уг хохирлыг иргэний нэхэмжлэгч нэхэмжлэхгүй, мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.А сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдав.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ашүүх хуралдаанд хохирогч Н.Э-н цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх  хүсэлтэй байх тул 9 настай Н.Э-н гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

 

Honda Insight 6638 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч З.М эзэмшлийн түүний нөхөр О.Бунаж эзэмшдэг болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон. Дээрх шүүгдэгч, иргэний хариуцагч, нэхэмжлэгч, гэрч нар нь замд явж байхдаа архидан согтуурч улмаар О.Б согтууруулах ундаа хэрэглэсний улмаас З.М тээврийн хэрэгслийг Н.Чулуунбаатарт бариулах зөвшөөрлийг өгч сольж бариулсан болох нь гэрч Б.Аийн өгсөн: "Би ард нь нөхөр Н.Балжинням, найз З.М хүү Н.Э нартай цуг Соната 7 маркийн 00-00 ООО улсын дугаартай машинд сууж явсан. Би машин дотроо том пиво аягалаад явж байсан. Тэгсэн урд явсан машины жолооч О.Б гэнэт машинаа зогсоогоод жолоогоо Н.Чулуунбаатарт өгөөд өөрөө зам дээр бид нарыг тосож суугаад бид нарын ууж байсан пивоноос уусан. Тэгээд тэр газраасаа бид нар нэлээн холдоод явж байтал О.Б"за за би өөрөө машинаа жолоодно” гээд урд явсан Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг нь жолоодож явсан Н.Ч-г зогсоогоод өөрөө жолоогоо бариад Н.Ч-г хажуудаа суулгасан. Тэгээд бид нар Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг гэх газраасаа урагшаа даваа даваад засмал замаар явж байтал урд явсан Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машиныг жолоодож явсан О.Б согтуу учраас замын цагаан зураас даваад замын хажуу руу орчих гээд байсан тул ард явсан эхнэр З.М нь хараад "зогсоо зогсоо наад машинаа чи барьж чадахгүй байна хажуудаа байгаа Н.Ч-р бариул” гээд гараараа даллаж машиныг зогсоогоод О.Бийг хойно явсан манай машинд суулгах үед манай хүү 9 настай Н.Э“ээж би хойд талын машинд суулаа гээд Н.Чулуунбаатарын жолоодож явсан Хонда Инсайт маркийн 00-00 ООО улсын дугаартай машинд суусан." эх мэдүүлгээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.М-г иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зөрчөөгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагч гэнэ", Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.", 499.3."Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.", 499.4."Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй." дахь хэсэгт зааснаар О.М нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэв.

    

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдаж шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах" санал,

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, шүүгдэгч Н.Ч нар нь тусгайлан санал гаргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ...................тоотод оршин суух хаягтай, өөрт ногдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, тогтсон орлогогүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа /хх-ийн 166-172/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 175/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Н.Ч-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 450 000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо ажил эрхэлж байгаад нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувиараа дээврийн засвар хийж, хар цаас наадаг гэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй/ зэргийг харгалзан мөн ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг нөхөн төлөх боломжоор хангаж улсын яллагчийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авч түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Ч-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,  хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-с 951 656  /есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун таван зургаа/ төгрөг, иргэний хариуцагч З.М-с 951 656 /есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун таван зургаа/ төгрөг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Н.Ч-с /694 697 /зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөг, иргэний хариуцагч З.М-с /694 697 /зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөг тус тус гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо Баянхошууны 36-25 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч Н.Э-н хууль ёсны төлөөлөгч Б.Б.А /РД:00000000/-т олгосугай.

 

7.Шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

 

8.Эрүүгийн 0000000000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ