Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/151

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 2025           4                 16                                             2025/ШЦТ/151

 

                                                                                                                         

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б.А холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, .............................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн "Шүүшин хайрханы өвөр" гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Д үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Д-ын өгсөн: "Би 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Ногооны 8 гэх газар тариалангийн талбай дээр байж байх үедээ найз А руу утсаар залгаад “юу хийж байна, хаана байна” гэхэд А “талбай дээр байна” гэхээр нь “би яваад очъё” гэж хэлээд би өөрөө 3 лааз пиво уусан байсан болохоор эхнэр Алтанзулаар өөрийнхөө портер маркийн машиныг жолоодуулаад Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Шүүшин хайрхны энгэр гэх газарт Агийн тариалангийн талбай дээр очсон. Намайг очиход А тариалангийн талбайн захад танихгүй 3 хүнтэй хамт сууж байсан. Тэгээд би Аг машиндаа суучих гэж суулгаад машинтайгаа хөдлөөд тариалангийн талбайгаас 300 орчим метр газарт очиж зогсоод би Ад авч очсон нэг шил 0.75 грамм Хараа архиа задлаад Ад хийж өгсөн. Дараа нь би өөрөө уугаад бөөлжсөн. Тэгтэл А намайг дагаад бөөлжсөн. Тэгээд бид хоёр ойр зуурын юм ярьж муудалцсан. Тэгээд би Агийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. А намайг зөрүүлээд гараараа бас 2-3 удаа цохисон. Тэгтэл би гэнэт амьсгал давчдаад бие өвдсөн. А бид хоёр зодолдохоо болиод явж чадахгүй байхаар нь сумын эмнэлэг дуудсан. Удалгүй нэг шээгээд бие гайгүй болохоор нь эхнэрээрээ машинаа бариулаад сумын төвд ирээд эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд сумын эмнэлэгт ирж тариа хийлгээд гэртээ хариад шээх гэсэн чинь шээс гарахгүй байхаар нь буцаж сумын эмнэлэг дээр ирээд “миний бие өвдөөд болохгүй байна” гэж хэлээд Төв аймгийн эмнэлэг рүү явсан. Маргааш өглөө нь Төв аймгийн эмнэлэгт үзүүлээд дараа нь Улаанбаатар хотод нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд хөндийт эрхтний цоорол гэж хэлээд яаралтай хагалгаанд орсон чинь миний давсаг хагарсан байсан. Миний эхнэр Алтанзул нь Атай эр эмийн харилцаатай болсон байсан. Түүнээс болж би Б.Атай уулзаж ярилцах гэж очсон. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Б.А миний шанаа, нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Миний нүүрэнд учирсан гэмтэлгүй, давсаг хагарсан байсан. Би Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад сэтгэл санааны хохирол учирсан. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно. Би Б.А-гийн нүүр рүү 2-3 удаа цохисон. Агийн биед ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Б.А бид хоёрт өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ. ...Би урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Б.А бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаад би Б.Агийн нүұр рүү rapaapaa 2-3 удаа цохисон. Тэгтэл Б.А миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод, хөлөөрөө миний баруун цавь, хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний амьсгал давчдаад газар эвхрэлдээд уначихсан. Мөн шээс хүрээд байхаар нь босоод шээх гэхээр шээс гарахгүй байсан. Тэгээд сумын эмнэлэгт ирж үзүүлсэн тэр шөнөдөө Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд онош нь олдохгүй болохоор нь Улаанбаатар хотод очиж улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд миний давсгийг хагарсан байна гээд хагалгаанд орсон. Б.Атай маргалдаж муудалцахаас өмнө миний биед ямар нэгэн зовуурь байгаагүй. Би гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-н өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ." гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Б.А нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 2 дугаар баг “Шүүшин хайрхны өвөр" гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Дын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Д.Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 955 600.44 төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23/10 дугаартай Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.А-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч С.Б-н өгсөн: “Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би нөхөр хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Суварган гуу гэх газарт мал маллаж амьдардаг. Дорждэрэм овогтой Д нь миний том хүү байгаа. 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай бэр Алтанзул над руу утсаар залгаад “Д.Д-ын бие өвдөөд сумын төвийн эмнэлэгт үзүүлсэн чинь Төв аймгийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэллээ” гэж ярьсан. Тэгээд Төв аймгийн эмнэлэгт үзүүлэхэд “зүгээр байна” гэж хэлсэн байсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт очиж яаралтайгаар үзүүлэхэд “чиний гэдэс чинь дүүрсэн дотор чинь нэг эрхтэн хагарсан байна хагалгаа хийж байж мэднэ” гэж хэлээд ходоодны хагалгаанд орсон чинь давсаг нь хагарсан байсан. Тэгээд юу болов гэж асуухад 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Шүүшин хайрхны энгэр гэх газарт А гэх залуутай муудалцаж зодолдоод түүнээс болж бие нь өвдөж муудсан гэж эхнэр Алтанзул нь надад хэлсэн. Анхандаа надад хүнтэй маргалдаж, муудалцсан талаар хэлэхгүй нуугаад байсан юм. Тэгээд би Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар бичгээр гомдол гаргаж байна. Тухайн үед Д.Д, А, манай бэр Алтанзул нар байсан гэсэн. Өөр хүн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,  

Гэрч Г.А-н өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Д.Дын хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байдаг тариалангийн талбай дээрээ очих гээд Жаргалант сумын төвөөс гараад явж байтал манай нөхөр Д.Д утсаар Б.А руу залгаад “сайн уу миний найз яагаад над руу ярихгүй байгаа юм. Найз нь залгаж байна хаана байгаа юм” гэсэн чинь Б.А “өвөлжөөн дээрээ төмсний талбай дээр байна” гэж ярьсан. Тэгтэл Д “би яваад очих уу?” гэсэн чинь “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд би машин бариад Б.Агийн тариалангийн талбай дээр очсон. Тухай үед 18 цаг өнгөрч байсан. Д.Д бид хоёрыг очиход Б.А төмсний талбайнхаа захад хоолоо идчихээд сууж байна гээд байж байсан. Д бид хоёр дээр А хүрээд ирсэн. Тэгтэл Д Аг суучих хөгшөөн гээд машиндаа суулгаад намайг машинаа бариад хөдөл жаахан холдоод зогсчих гэж хэлсэн. Би машинаа бариад 300 орчим метр газар яваад зогссон. Тэгээд Д, А хоёр төмс ногооны талаар ярьсан. Тэгээд Д.Д “арвин их ургац авахын төлөө” гээд машиндаа байсан нэг шил 0.75 граммын Хараа архийг Ад гаргаж өгөөд А, Д хоёр тэр архинаас нэг нэг хийж уугаад дараагийн хундага дээрээ хоёулаа бөөлжөөд ууж чадахгүй машинаас буугаад явсан. Тэгээд машины ард юм яриад байсан. Би юу ярьсан талаар мэдээгүй машин дотроо сууж байсан. Тэгтэл барилдаж байгаа юм болов уу гэж бодсон чинь хоорондоо цохилцоод, зодолдоод байсан. Би тэгэхээр нь Аг эрүүл байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод машинтайгаа хөдлөөд утсаар ярих гээд хөдөлсөн сүлжээ орохгүй болохоор нь удалгүй буцаад ирэхэд А явчихсан манай нөхөр Д.Д газар өвдөглөөд суучихсан “шээх гээд шээж чадахгүй би яг үхлээ үхлээ” гээд байсан. Тэгэхээр нь би машинд байсан өвчин намдаах эмийг өгөөд эмнэлэг дуудсан. Тэгтэл удалгүй өвчин нь намдаад эмнэлгийн дуудлагаа буцаагаад би машинаа бариад Дыг суулгаад сумын төвд ирж эмнэлэгт үзүүлж өвчин намдаах тариа хийлгээд гэртээ ирээд байж байтал дахиад бие нь өвдөөд байсан. Буцаад эмнэлэг дээр ирэхэд эмч үзээд Төв аймаг орж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Д.Д бид хоёр маргааш өглөө нь Төв аймгийн эмнэлэгт очиж үзүүлээд тэндээсээ улсын нэгдүгээр эмнэлэгт очиж яаралтайгаар үзүүлэхэд хөндий эрхтний нэг нь цоорсон байна хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон. Тэгэхэд Д.Д-ын давсаг нь 15 см задарсан байна гэж хэлсэн. Д, Б.А нарыг юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. Тухай үед Б.А нарын биед ил харагдах гэмтэл шарх мэдэгдээгүй. Д.Д-ын зүүн хөмсөг бага зэрэг язарч цус гарсан байсан. Мөн бие өвдөөд байна гээд зовуурьтай байгаад байсан. Баруун гуя хэсэгт арьс нь зулгарч, улайсан байдалтай байсан. Д, Б.А нарыг маргалдаж, зодолдох үед надаас өөр хүн байгаагүй. Талбай дээр Мөнхбаяр ах, эхнэр, хүүхэдтэйгээ, Мөнхчимэг эгч бас хүүхэдтэйгээ байсан. Тэр хүмүүс харсан эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Надад урд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Д.Д, Б.А нар маргалдаж зодолдохоос өмнө Д.Д-ын давсаг хэвлий хэсэгт ямар нэгэн зовуурь байгаагүй. Д.Д нь надад бие өвдлөө гэж яриагүй зүгээр шээж байсан. Тухайн үед Д.Д, Б.А нар машины ард хоорондоо маргалдаад, барьцалдаад байх шиг болохоор нь би машинтайгаа хөдлөөд гар утасны сүлжээ хайгаад явсан. Сүлжээ орохгүй байхаар нь буцаад Д.Д, Б.А хоёрыг үлдсэн газарт ирэхэд А явчихсан Д.Д ганцаараа газар сөхрөөд дөрвөн хөллөчихсөн өмдөө шувтлаад шээх гээд шээж чадахгүй шээс нь бага зэрэг дуслаад байсан. Д.Д өвдөөд байна гээд орилоод байхаар нь машинд байсан өвчин намдаах эмээс уулгаад сумын эмнэлэг рүү эмч дуудчихаад байж байтал өвдөлт нь гайгүй болчихлоо гэхээр нь сумын эмнэлэг рүү утасдаад бид нар өөрсдөө яваад очъё гэж хэлчхээд Д.Д-ыг машиндаа суулгаад би машинаа жолоодоод сумын эмнэлэгт үзүүлсэн. Д.Д надад ярихдаа Б.А намайг хөшиглөснөөс болоод миний хэвлий хэсгээр хөндүүрлэж шээж чадахгүй байна гэж байсан. Д.Д урд өмнө нь давсаг өвдлөө шээж чадахгүй байна гэж ярьдаггүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30-31/,

Гэрч Б.Ю-н өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд эх баригч бага эмчээр 2020 оноос хойш ажиллаж байна. Би 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Орой 22 цаг 20 минутын үед 31 настай эрэгтэй Д.Д нь эхнэр Алтанзулын хамт манай эмнэлэг дээр давсаг дээгүүр хүчтэй өвдөнө, шээж болохгүй, дүлж дүлж бага зэрэг шээнэ, шээс тасалдана гэсэн зовуурьтай ирсэн. Үзлэгээр амин үзүүлэлт хэвийн, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, ил харагдах гэмтэл шархгүй байсан. Би юу болсон талаар асуухад хөдөө ногооны талбай дээр хашаа барьж байгаад пиво уусан чинь гэнэт давсган дээгүүр өвдөөд шээс гарахгүй болчихлоо, нэлээд хэдэн жилийн өмнө бөөрний чулуутай гэж оношлогдож байсан юм гэж надад хэлсэн. Би Д.Дт өвдөлт намдаах, булчин суллах эмчилгээ хийгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт онош тодруулахаар яаралтай явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Л.М-нөгсөн: “Би Б.Аг танина. Нэг сум орон нутгийн хүмүүс байгаа юм. 2024 оны зун нэг талбайд төмс тариалсан байсан юм. Д.Д гэх залууг танихгүй. Би 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 2 дугаар баг Шүүшин хайрхны өвөр гэх газарт өөрийн төмсний талбай дээр төмсөндөө маналт явж байх үед манай хажууд төмс тарьсан Б.А мөн төмсөө манаж байсан юм. Өдөр цайны үеэр манай эхнэр хоол хийгээд Б.А ирж цай хоол идээд байж байтал хөх өнгийн Портер машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр ирсэн. Эмэгтэй нь машинаа жолоодчихсон хажууд нь сууж явсан эрэгтэй нь согтуу бололтой байсан. Тэгээд Б.А-г дуудаж машиндаа суулгаад хөдлөөд явчихсан.Тэгээд манай тариалангийн талбайн зүүн талд байдаг хонхор руу ороод бид нарт харагдахгүй болчихсон. Удалгүй Б.А явган гүйж ирсэн. Тухайн үед Б.Агийн нүүр цус болсон, хамраас нь цус гарсан байсан. Би юу болсон талаар асуухад Б.А надад хэлэхдээ “бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Архи уу гээд намайг шахаад байхаар нь уухгүй гэсэн чинь миний нүүр рүү цохичихлоо би бас зөрүүлээд хоёр удаа цохисон эхнэр нь аваад явах байх” гэж ярьсан. Тэгээд тэр залуугийн эхнэр нь урд энгэр дээр зогсож байснаа буцаад нөгөө хонхор руу ороод нөхрөө аваад явсан. Тухайн үед Б.А, Д.Д нарыг цохилцож, зодолдсон талаар хараагүй. Тухайн үед манай эхнэр Л.Гэрэлмаа, хүү М.Д нар байсан. Бид нараас хол нүднээс далд харагдахгүй байсан. Тухайн үед Б.Агийн хамраас цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл, шарх мэдэгдээгүй. Д.Д буцаж бид нар дээр ирээгүй учраас ямар байсан талаар мэдэхгүй байна. Б.А, Д.Д нар машин суугаад маргалдаж муудалцаагүй Б.А машинд нь ороод суусан тэгээд хөдлөөд явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Шүүгдэгч Б.А-гийн өгсөн: “Д бид хоёр найз нөхдийн харилцаатай. Би 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Шүүшин хайрхны өвөр гэх газарт өөрийн тариалангийн талбайд төмс манаж байх үед өдөр 13 цаг өнгөрч байхад манай найз Д.Д “хаана байна” гэж утсаар залгасан. Тэгтэл Д.Д “найз нь яваад очих уу” гэхээр нь “тэгээ өөрөө мэд” гэж хэлсэн. Орой 17 цагийн үед талбай дээр хамт ажил хийж байсан Л.М ах болон түүний эхнэр Алтанзулаар бариулчихсан манай талбай дээр ирсэн. Д.Д намайг машиндаа суучих гэхээр нь би машинд нь ороод суусан. Тэгээд Д жаахан холдоод зогсчих гээд 100 метр орчим газар төмсний талбайн захад очоод зогссон. Д.Д ирэхдээ бага зэрэг халамцуу байсан надад нэг шил 0.75 граммын хараа архи авч ирсэн байсан. Тэр архиа Д.Д өөрөө аягалаад надад том аяганы ихэнхээр хийж өгсөн. Би тэр архийг нь уусан дараа нь Д.Д өөртөө хийж уугаад би нэг балгаад бөөлжсөн. Надад дахиад архи хийгээд өгөхөөр нь би нэг балгаад буцаагаад өгсөн чинь уучих гээд байхаар нь дахиад нэг балгасан чинь би бөөлжчихсөн. Тэгээд би машинд нь буцаж ороод сууж байтал Д.Д “хоёулаа сайхан эр хүн шиг зодолдчих уу” гэхээр нь би “өдий том болчхоод яах юм бэ” гэсэн чинь намайг машинаас буу гэсэн Д.Д бид хоёр машинаас буусан чинь Д.Д дахиад “хоёулаа хал палгүй сайхан зодолдъё” гээд байсан. Би Д.Д гар бариад салсан чинь Д.Д миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би Д.Д-ыг зөрүүлээд шанаа руу нь гараараа цохисон. Д.Д бид хоёр 2-3 удаа цохилцсон. Тэгээд би тэврээд авсан чинь миний хамар руу мөргөчихсөн. Тэгэхээр нь түлхсэн чинь буцаад над руу дайрахаар нь би зүүн хөлөө өргөөд хамгаалсан чинь миний хөл Д-ын гэдэс хэсэг рүү хүрсэн. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод Д.Д би шээгээдэхье гээд зогсож байснаа миний бие өвдөөд байна гээд газар суугаад байсан. Алтанзул машинаа унаад гар утасны сүлжээ хайгаад явчихсан байсан. Би Д-ыг орхиод талбай дээрээс трактороо аваад ирье гэж хэлээд талбай дээр ирж байх үед Алтанзул манай талбай дээр ирээд ус аваад Д.Д руу явсан. Тэгээд Д-ыг машиндаа суулгаад явчихсан. Би талбай дээрээ үлдсэн. Д.Д бид хоёр зүгээр архи уугаад сууж байтал гэнэт хоёулаа зодолдъё гээд байсан. Бид хоёр хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Би нэг аяга архи уусан эрүүл шахуу байсан. Д.Д ирэхдээ халамцуу бага зэрэг согтуу байсан. Би Д.Д-ын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Зүүн хөлөө өргөж хамгаалах үед Д.Д-ын гэдэс хэвлий хэсэгт хүрсэн өөр цохиж зодсон зүйл байхгүй.  Д.Д миний шанаа хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Хамар руу нэг удаа мөргөсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Д.Д бид хоёрыг зодолдох үед Д.Д-ын эхнэр Алтанзул байсан. Бид нараас 100 орчим метрийн цаана Мөнхбаяр ах, эхнэр 2 хүүхдийнхээ хамт байсан. Бид хоёрыг зодолдож байхыг харсан байх. Д.Д бид хоёрт өр, авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44,111/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №863 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.2.Д.Д-ын биед давсагны урагдал, задрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 91-92/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №1015 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.Иргэн Д.Д-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэжээ /хх-ийн 99-100/,

Хохирогч Д.Д-ын өвчний түүх /хх-ийн 58-88/,

Яаралтай тусламжийн хуудас №1228 /хх-ийн 123-124/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объект нь иргэний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа юм. Эрүүгийн эрх зүйн хамгаалалт нь хүний төрснөөс үхэх хүртэлх бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд хамаарна. Энэ гэмт хэргийн объектив тал нь хүний бие махбодод хууль бусаар хүнд гэмтэл учруулахад оршино. Гэм буруутай этгээдийн үйлдэл нь механик, бие махбодын, химийн болон тэдгээртэй адилтгах нөлөөлөл, эсхүл хохирогчийн сэтгэцэд нөлөөлсөн үйлчлэлээр илэрнэ. Бие махбодод хүнд гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн диспозицид заасан олон тооны шинжээр тодорхойлогдоно.         

 

Хохирогч Д.Д нь шүүгдэгч Б.Аг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Ногооны 8 гэх газар тариалангийн талбай дээр байж байхад нь очиж миний эхнэр Алтанзултай эр эмийн харилцаатай болсон гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдох явцад Б.А нь Д.Д-ын гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас Д.Д-ын эрүүл мэндэд давсагны урагдал, задрал бүхий Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т заасан хүнд зэргийн хохирол учруулсан болох нь Хохирогч Д.Д-ын өгсөн: "...Тэгээд би Аг машиндаа суучих гэж суулгаад машинтайгаа хөдлөөд тариалангийн талбайгаас 300 орчим метр газарт очиж зогсоод би Ад авч очсон нэг шил 0.75 грамм Хараа архиа задлаад Ад хийж өгсөн. ...Миний эхнэр Алтанзул нь А-тай эр эмийн харилцаатай болсон байсан. Түүнээс болж би Б.А-тай уулзаж ярилцах гэж очсон. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. ...Б.А бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаад би Б.Агийн нүүр рүү rapaapaa 2-3 удаа цохисон. Тэгтэл Б.А миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод, хөлөөрөө миний баруун цавь, хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний амьсгал давчдаад газар эвхрэлдээд уначихсан. Мөн шээс хүрээд байхаар нь босоод шээх гэхээр шээс гарахгүй байсан. Тэгээд сумын эмнэлэгт ирж үзүүлсэн тэр шөнөдөө Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд онош нь олдохгүй болохоор нь Улаанбаатар хотод очиж улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд миний давсгийг хагарсан байна гээд хагалгаанд орсон. Б.А-тай маргалдаж муудалцахаас өмнө миний биед ямар нэгэн зовуурь байгаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14/,

Гэрч Г.А-н өгсөн: “...нэг шил 0.75 граммын Хараа архийг Ад гаргаж өгөөд А, Д хоёр тэр архинаас нэг нэг хийж уугаад дараагийн хундага дээрээ хоёулаа бөөлжөөд ууж чадахгүй машинаас буугаад явсан. Тэгээд машины ард юм яриад байсан. Би юу ярьсан талаар мэдээгүй машин дотроо сууж байсан. Тэгтэл барилдаж байгаа юм болов уу гэж бодсон чинь хоорондоо цохилцоод, зодолдоод байсан. Би тэгэхээр нь Аг эрүүл байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод машинтайгаа хөдлөөд утсаар ярих гээд хөдөлсөн сүлжээ орохгүй болохоор нь удалгүй буцаад ирэхэд А явчихсан манай нөхөр Д.Д газар өвдөглөөд суучихсан “шээх гээд шээж чадахгүй би яг үхлээ үхлээ” гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30-31/,

Гэрч Б.Ю-н өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Орой 22 цаг 20 минутын үед 31 настай эрэгтэй Д.Д нь эхнэр Алтанзулын хамт манай эмнэлэг дээр давсаг дээгүүр хүчтэй өвдөнө, шээж болохгүй, дүлж дүлж бага зэрэг шээнэ, шээс тасалдана гэсэн зовуурьтай ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №863 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.2.Д.Д-ын биед давсагны урагдал, задрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 91-92/,

Шинжээч эмчийн өгсөн: "Тухайн гэмтэл нь хүний хэвлийн доод хэсэг буюу умдаг, давсаг орчимд хүч үйлчлэх үед нэг удаагийн цохих, өшиглөх, дэвсэх, дарах зэрэг хүч үйлчлэх үед үүссэн байх боломжтой." гэх мэдүүлэг /хх 94/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд учирсан давсагны урагдал, задрал гэмтэл нь шүүгдэгч Б.Агийн хөлөөрөө баруун цавь, хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант  холбоотой, шүүгдэгчийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.   

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч Д.Д-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл санааны хохиролд 12 000 000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 3 350 000 төгрөг нийт 15 350 000 төгрөгийн хохирол төлсөн  болох нь хавтаст хэргийн 127-131 дүгээр хуудас, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож, хохирогч ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

Хохирогчийн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2 950 000 төгрөгийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан талаар Хаан банкны шилжүүлгийн хуулбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн мөн хохирогчийн биеийн байдал бүрэн эдгээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 000 000 төгрөгөөр торгох санал,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга “Ял шийтгэл дээр тусгайлан гаргах саналгүй. Торгуулийн ялыг төлөх боломжтой хугацаа олгож өгнө үү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжээр торгох өгнө үү. Хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас нэлээдгүй их зардал мөнгө гарсан, бага насны 3 хүүхэдтэй  байгааг харгалзаж үзнэ үү." гэх санал тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ....................... багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар баримт хэрэгт авагджээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын төлсөн." заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын санал зэргийг харгалзаж, түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Агийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 10 000 000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Д-т 15 350 000 /арван таван сая гурван зуун тавин мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2 950 000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч  Д.Д нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

6.Эрүүгийн 00000000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ