Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

 

 

 

Ш.Мөнхбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Азжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /онлайнаар/, А.Мөнхтулга,

Шүүгдэгч Ш.Мөнхбат /онлайнаар/

Нарийн бичгийн дарга О.Лхагвадорж нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 17-ны  өдрийн 2020/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Мөнхбатад холбогдох 1934006590288 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш.М нь,

Шүүгдэгч Ш.Мөнхбат нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөг” гэх газарт байрлах “Гангар инвест” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас 28-89 УНХ улсын дугаартай Норд бенз загварын тээврийн хэрэгсэл, ковш зэргийг ашиглаж швеллер, булан төмөр, суурийн блок зэргийг хулгайлж бусдад 6.596.290 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хотгойд Шижээгийн Мөнхбатыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбатыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Энхбатын эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн үнэ 29 750 000 /хорин есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.Мөнхбатаас гаргуулж улсын төсөвт оруулж,

Хэрэгт Ц.Энхбатын эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхээс учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Бодит байдалд учрах саадыг арилгахыг оролдож машин механизм ашиглаагүй бөгөөд зөвхөн өргөх зөөх зориулалтаар л машин механикмыг ашигласан байдаг. Тухайн суурийн блок байсан газар нь хашаа, хамгаалалтгүй, 5-6 жил тухайн газарт эзэнгүй мэт байсан бөгөөд түүнд ямар нэгэн учрах саадыг арилгах зорилго байгаагүй гэдэг нь хэргийн баримтаас тодорхой харагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Ш.Мөнхбатын хувьд эзэнгүй мэт байсан суурийн блокыг авсан үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн асуудал байхгүй. Эзэнгүй гэж ойлгоод авсан, эзэн нь гарч ирвэл буцаагаад эсхүл мөнгийг өгч болно гэж хөнгөмсгөөр найдсан. Эдгээр нөхцөл байдлаас харахад хохирол, хор уршигт зориуд хүргэх нөхцөл байхгүй гэдэг нь харагддаг. Гагцхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн үйлдэл байдаг.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 1 жилийн хорих ялаар шийтгэх саналтай байхад шүүхээс тухайн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “Гангар инвест” ХХК-д хохирол төлбөрөө төлсөн, түүний харуул гэх Цэцэгжаргал гэх хүнд Төв аймаг руу ирж байцаалт мэдүүлэг өгсөн зардалд 300.000 төгрөгийг мөн нэмж төлж барагдуулсан байхад шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ш.Мөнхбат нь эрүүл мэндийн байдал тааруу, гэр бүлийн бусад гишүүд ажилгүй, хөдөлмөрийн чадваргүйн улмаас мөн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь өөртөө ашиглах бус хүн хэрэглээгүй байгаа зүйлийг түр компанийхаа үерт элэгдсэн замыг засахад ашигласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээг 1 жил болгож оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Мөнхбатад холбогдох хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Азжаргал гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл тохирсон. Мөрдөн байцаалтын шатанд хийгдэх бүх ажиллагаа хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Зүйлчлэл тохироогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй. Бодит нөхцөл байдалд харуул, хамгаалалт байхгүй, хашаа байхгүй газраас блок, шигшүүр авсан. Шүүгдэгч хулгайлах санаа зорилгогүйгээр авсан. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ прокурорт буцаах боломжгүй гэж үзвэл эзэнгүй эд зүйлийн талаар яригдаж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй. Шүүхээс хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Шүүх хуралдаан дээр прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг хэрэглэж 1 жил хорих ял оногдуулах санал гаргасан байтал шийтгэх тогтоолд энэ нь буруу бичигдсэн. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Ш.Мөнхбат гаргасан тайлбартаа: Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байдаг. Энэ нь тасраад байгаа гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1934006590288 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.Мөнхбат нь 2019 оны  7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөг” гэх газарт байрлах "Гангар инвест” ХХК-ны эзэмшлийн талбайгаас 28-89 УНХ улсын дугаартай Норд бенз загварын тээврийн хэрэгсэл, ковш зэргийг ашиглаж швеллер, булан төмөр, суурийн блок зэргийг хууль бусаар авч бусдад 6.956.290 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Шүүгдэгч Ш.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн /хх-ийн 75, 113/ болон хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Цэцэгжаргал /хх-ийн 23-25, 98/, иргэний нэхэмжлэгч Ц.Энхбат /хх 29-31/, гэрч М.Амгаланбаатар /хх-ийн 37-38/, П.Хаянхярваа /хх-ийн 39-40/ нарын мэдүүлгүүд,

“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн “Швеллер, булан төмөр, суурин блок зэрэг нь 6 956 290 төгрөг.” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 10-11/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/259 дугаартай “...Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл 29.750.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 56-63/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-17/, “Гангар инвест” ХХК-нийн 2020.4.21-ны 01/142 дугаартай албан бичиг /хх-ийн 20/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Ш.Мөнхбатад холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/313 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Мөнхбатад холбогдох хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдлоо өөрчлөн “шүүгдэгч Ш.Мөнхбатад холбогдох хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй. Авсан эд зүйлс нь харуул хамгаалалт, хашаа байхгүй газар байсан. Шүүгдэгч тэдгээр эд зүйлсийг хулгайлах санаа зорилгогүйгээр авсан байхад анхан шатны шүүх хүндрүүлж зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн.” гэсэн гомдлыг тус тус хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч Ш.Мөнхбат нь Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөг” гэх газарт байрлах “Гангар инвест” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас швеллер, булан төмөр, суурийн блок зэрэг биеэр авч явж чадахгүй эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор 28-89 УНХ улсын дугаартай Норд бенз загварын тээврийн хэрэгсэл ашигласныг хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдсэн гэж үзнэ. Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх тул алдагдсан эд зүйлс нь хашаагүй газар байсан гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн уг алдагдсан эд зүйлс “Гангар инвест” ХХК-ийн өмч бөгөөд харж, манадаг байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Цэцэгжаргалын мэдүүлгээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ шүүгдэгч Ш.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн оногдуулсан ялыг багасгаж санал гаргасан мэт буруу бичигдсэн байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан нэг жил хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/313 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 2 дугаар заалтыг

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбатыг нэг жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дугаар заалтын “2 жилийн” гэснийг “1 жилийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбатын 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 130 /нэг зуун гуч/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

4. Шүүгдэгч Ш.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлээгүй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ