Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0602/З |
Дугаар | 128/ШШ2022/0827 |
Огноо | 2022-11-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2022/0827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л**** ХХК /РД: *******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*********, Д.Ж***********нар оролцов.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Л**** ХХК нь тус шүүхэд хандан Л**** ХХК-ийн газар эзэмших эрхийн 000002330 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
1.2. Улмаар шүүх хуралдаан дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн Л**** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Л**** ХХК нь анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, баталгаажуулах тухай захирамжийн дагуу *******ын зүүн хойд талд, аж
ахуйн зориулалтаар 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх авсан.[1]
2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/852 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0069 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 162 дугаар тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/569 дугаартай захирамж гарч, тус захирамжийн дагуу нэхэмжлэгч Л**** ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгасан.[2]
2.3. Үүний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын А/369 дугаартай захирамж гарч, нэхэмжлэгч Л**** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.[3]
2.4. Маргаж буй А/369 дугаартай захирамжийн нэхэмжлэгчид холбогдох эрх зүйн голлох үндэслэлд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэж, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.5. Нэхэмжлэгчийн зүгээс ... Л**** ХХК-д эзэмшүүлэх захирамж гарснаас хойш уг газрыг бусдад давхар эзэмшүүлсэн байсан учраас манай компани захиргааны хэргийн шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлж, 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан. Тогтоол хүчин төгөлдөр болсон учраас дахин 2018 оны 12 сарын 31-ний өдрийн А/569 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо, *******ын зүүн талд хаягтай 13******* дугаар бүхий 19988 м2 газрыг аж ахуйн нэгжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг улсын бүртгэлийн Э-2204002237 дугаарт бүртгэж, гэрчилгээг олгосон. Гэтэл дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудлыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан ёсоор хандаж хүсэлт өргөдөл гаргахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна. Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тушаалаар батлагдсан газрын дуудлага худалдаа төслийн сонгон шалгаруулалтын анхны үнэ тогтоох аргачлалын дагуу 219 868 000 төгрөгийг төлөөгүй төлөх шаардлагатай байна гэсэн. Анх дуудлага худалдааны үнэ 8 800 000 төгрөгийг 2012 оны 06 сарын 07-ны өдөр төлж гэрчилгээ авсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явахад танайх 8 800 000 төгрөг төлсөн нь буруу байна 219 868 000 төгрөг төлөх ёстой байсан гэдэг зүйл огт яригдаагүй. Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны 307, 309 дүгээр захирамжийн дагуу 219 868 000 төгрөгийг төлөх ёстой гэж хэлээд байгаа. Газар зохион байгуулалтын албанаас хоорондоо утга авцалдахгүй хариуг өгсөн. Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 30306/7614 тоот албан бичиг хүргүүлэх тухай хариундаа мессежээр мэдэгдсэн гэж уг компанид мэдэгдсэн. Гэтэл 2021 оны 08 сарын 04-ний өдөр мессеж илгээсэн байсан. Захирамж гарснаас хойш хэдий хугацаанд хариу илгээсэн бэ гэдэг нь харагдаж байгаа. Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцохоос өмнө газар эзэмшигчид мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа мэдэгдсэн нь хууль бус байсан гэж үзэж байна ... гэх зэргээр маргаж байна.
2.6. Хариуцагчийн зүгээс ... Л**** ХХК тус газраа эзэмшиж эхэлснээс хойш буюу 2011 оноос хойш газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй. Газар дээрх байдал болон 2013 оноос 2019 он хүртэлх сансрын зургаар батлагдана. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилийн дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн А/369 захирамжийн үндэслэл бүрдэж байна. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасан газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан. Л**** ХХК газрын төлбөрийн үлдэгдэл 4 790 016 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэж газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус компани шинээр газар эзэмших эрх авахдаа газрын үнэ болох 219 868 000 төгрөгийг төрийн санд төлөх ёстой байснаас 8 800 000 төгрөг төлсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/307, А/309 дугаар 2016 оны захирамжид заасан 2003 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр даалгасан тул дээрх аж ахуйн нэгж байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилсэн болно ... гэх зэргээр маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Л**** ХХК Баянзүрх дүүргийн 11-р хороонд байршилтай 19988 м2 газрыг тус дүүргийн засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн 505 тоот захирамжаар эзэмшүүлсэн. Гэвч газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байтал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 сарын 21-ний өдрийн А/369 тоот захирамжаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй, газрын татвараа хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа шалгаруулж эзэмшүүлээгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг зөвшөөрөх боломжгүй байна. Л**** ХХК-д эзэмшүүлэх захирамж гарснаас хойш уг газрыг бусдад давхар эзэмшүүлсэн байсан учраас манай компани захиргааны хэргийн шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлж, 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан. Тогтоол хүчин төгөлдөр болсон учраас дахин 2018 оны 12 сарын 31-ний өдрийн А/569 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо *******ын зүүн талд хаягтай 13******* дугаар бүхий 19988 м2 газрыг аж ахуйн нэгжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг улсын бүртгэлийн Э-2204002237 дугаарт бүртгэж, гэрчилгээг олгосон. Гэтэл дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудлыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан ёсоор хандаж хүсэлт өргөдөл гаргахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна.
Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тушаалаар батлагдсан газрын дуудлага худалдаа төслийн сонгон шалгаруулалтын анхны үнэ тогтоох аргачлалын дагуу 219 868 000 төгрөгийг төлөөгүй төлөх шаардлагатай байна гэсэн. Анх дуудлага худалдааны үнэ 8 800 000 төгрөгийг 2012 оны 06 сарын 07-ны өдөр төлж гэрчилгээ авсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явахад танайх 8 800 000 төгрөг төлсөн нь буруу байна 219 868 000 төгрөг төлөх ёстой байсан гэдэг зүйл огт яригдаагүй. Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны 307, 309 дүгээр захирамжийн дагуу 219 868 000 төгрөгийг төлөх ёстой гэж хэлээд байгаа. Газар зохион байгуулалтын албанаас хоорондоо утга авцалдахгүй хариуг өгсөн. Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 30306/7614 тоот албан бичиг хүргүүлэх тухай хариундаа мессежээр мэдэгдсэн гэж уг компанид мэдэгдсэн. Гэтэл 2021 оны 08 сарын 04-ний өдөр мессеж илгээсэн байсан. Захирамж гарснаас хойш хэдий хугацаанд хариу илгээсэн бэ гэдэг нь харагдаж байгаа. Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцохоос өмнө газар эзэмшигчид мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа мэдэгдсэн нь илт хууль бус байсан гэж үзэж байна. 2015 онд газрыг 18 айлд хувааж өгөхдөө урьдчилан мэдэгдээгүй учраас шүүхэд өгч 3 шатны шүүхээр явж эрхээ сэргээлгэсэн. 2018 оны 12 сарын 31-ний өдрийн албан тоотоор эрхээ сэргээлгэсэн. 2021 оны 07 сарын 28-ны өдөр газрын эрхийг цуцлах шийдвэр гаргахдаа бид нарт урьдчилан мэдэгдээгүй. Газрын тухай хуульд мэдэгдэх заалт байхад тушаал гаргасны дараа хэлээгүй байж 08 сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг утсаар ирүүлсэн. Би энэ талаар гарсан шийдвэрийг өөрөө хуулбар үнэн даруулж авсан. Миний гомдолтой байгаа зүйл бол урьдчилан хэлээд ярилцаж тохирч болох байсан. Мөнгөө төлөөгүй л гэх юм гэтэл төлөөд л явж байсан. 3 шатны шүүхээр явж байх хугацаанд хүртэл мөнгөө төлж байсан. Татварын тооцоогоо хийх гээд очиход өмнөх үеийн мөнгийг надаас нэхсэн. Энэ ямар учиртай юм бэ гээд Нийслэлийн Газрын албанд хандаад 2021 оны 12 сард нийт тооцоо болох 7 155 704 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан. 2018 онд төлбөрөө хувааж хийсэн. Манай газрыг надад мэдэгдэлгүйгээр цуцалсанд гомдолтой байна. Иймд Л**** ХХК-ийн газар эзэмших эрхийн 0002330 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн А/369 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Тухайн компани Баянзүрх дүүргийн Засаг даргын А/505 дугаартай захирамжаар тус дүүргийн 14 хороо *******ын зүүн талд хаягтай байрлалтай газар аж ахуйн зориулалтаар 20000мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон. Үүний дараа 2018 оны А/269 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаж шийдсэн. Л**** ХХК тус газраа эзэмшиж эхэлснээс хойш буюу 2011 оноос хойш газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй. Газар дээрх байдал болон 2013 оноос 2019 он хүртэлх сансрын зургаар батлагдана. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилийн дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн А/369 захирамжийн үндэслэл бүрдэж байна. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасан газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан. Л**** ХХК газрын төлбөрийн үлдэгдэл 4 790 016 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэж газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус компани шинээр газар эзэмших эрх авахдаа газрын үнэ болох 219 868 000 төгрөгийг төрийн санд төлөх ёстой байснаас 8 800 000 төгрөг төлсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/307, А/309 дугаар 2016 оны захирамжид заасан 2003 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр даалгасан тул дээрх аж ахуйн нэгж байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын А/369 дугаартай газар эзэмших эрх дуусгавар болгох тухай захирамжийн тус хуулийн этгээдэд хамаарах хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.
Нэхэмжлэгч тал газрыг 2011 оны 11 сарын 20-ны өдөр эзэмшиж эхэлсэн. 2021 оны 07 сарын 28-ны өдрийн А/369 захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлд заасныг үндэслэсэн. Дуудлага худалдааны үнийг төлөхгүйгээр газар эзэмшсэн учраас хууль зөрчсөн гэж үзсэн. Мөн газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байтал төлөөгүй. 2021 оны 07 сарын 28-ны өдрийн байдлаар 4 798 016 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэж заасан. 2011 оны 11 сарын 21-ний өдөр газар эзэмшиж эхэлснээс хойш 2018 оны 12 сарын 31-ний өдөр сунгах хүртэл 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй. 2021 оны 07 сарын 28-ны өдрийн А/369 газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжаар 9.7 жил зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогдоно. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт ..энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. гэснийг нэхэмжлэгч зөрчиж газар эзэмшсэн. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. 33.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэж заасан. 2015 оны шүүхийн шийдвэр эцсийн байдлаар 2018 онд гарсан. Уг шийдвэрт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон боловч дуусгавар болоогүй байхад бусдад эзэмшүүлсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэж хугацаа нь үргэлжилсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө 2021 оны 03 сарын 06-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл гаргасан. 2021 оны 11 сард Газар зохион байгуулалтын албанд хандаж нэхэмжлэгч компани гомдол гаргасан. Хариундаа дуудлага худалдааны үнийг төлөх шаардлагатай гэсэн агуулга бүхий зүйл бичсэн байдаг. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжийг олгож 2013 оны 2 захирамж, 2016 оны 1 захирамж гаргасан. А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулахдаа газар эзэмшигч буюу иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу төлбөрийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлснээр холбогдох эрхийг баталгаажуулж ажиллахыг Нийслэлийн Газрын алба, бусад газруудад үүрэг болгосон. Сонсох ажиллагааны тухайд Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 13/562 албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. Нэхэмжлэгчээс ямар нэг гомдол санал ирүүлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан. Нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдсэн. Утсаар хүлээж авсан тухайгаа хэлсэн. Мэдэгдсэн байлаа ч нэхэмжлэгч цаг хугацааны хувьд зөрчлийг арилгах боломжгүй. 10 жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй атар хэлбэрээр байлгаж байсан хүн сонсох ажиллагааны мэдэгдлийг аваад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй. Хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болголоо гээд үр дагавар нь өөрчлөгдөхгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг үүрэг болгосон учраас захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохдоо гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудлыг дүгнээгүй. Өргөдөл, гомдолд хариу өгсөн талаарх баримтыг хэрэгт авч дүгнэх шаардлагатай гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 13/70 дугаартай хариуг Газрын албанаас нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 12 цагт хүлээж авсан.
2011 онд Л**** ХХК-г газар эзэмшиж эхлэхэд мөрдөж эхэлсэн шийдвэрийн дагуу гарсан аргачлалаар бодсон. Сүүлд батлагдсан 2018 оныхоор бодвол газрын төлбөр бүр их болно. Газар ашиглах боломж олгоогүй гээд байна. Гэтэл 2018 онд эзэмшээд 5 жилийн хугацаа өнгөрөхөд хуулийн хугацаа дуусна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд газрыг зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардана. Налайхын зам 2 жилийн хугацаанд үргэлжилсэн. Тэгэхээр газрыг бүхэлд нь ашиглах боломжгүй байсан гэж хэлж болохгүй. Өнөөдрийг хүртэл газрыг атар хэвээр нь байлгана гэдэг бол Газрын тухай хууль, холбогдох зарчмуудыг зөрчиж байна. Дуудлага худалдааны үнийг нөхөж төлөх боломжийг Газрын албанаас олгосон боловч хэрэгжүүлээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:
1.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаж буй А/369 дугаартай захирамжийг[4] 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар Л**** ХХК-ийн газар эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэж, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
1.2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: гээд мөн зүйлийн 33.1.2 дахь заалтад энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. гэж заажээ.
1.3. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус зохицуулжээ.
1.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаан дээр талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд, хариуцагчаас Л**** ХХК-ийг дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэж үзжээ.
1.5. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, нэхэмжлэгч Л**** ХХК нь анх буюу 2011 онд газар эзэмших эрх олж авсны дараа 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газрын дуудлага худалдааны анхны үнэд 8 800 000 төгрөг тушаасан гэж тайлбарлан маргаж байна.
1.6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь дээр дурдсан хугацаанд газрын дуудлага худалдааны анхны үнэд 8 800 000 төгрөг төлсөн болох нь баримтаар[5] тогтоогдож байх бөгөөд хариуцагч нарын зүгээс энэ баримтыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй болно.
1.7. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнэ 219 868 000 төгрөгийг төлөөгүй гэж буруутгахдаа ямар аргачлалыг баримталж ийм хэмжээний үнийн дүн гаргаснаа тайлбарлаагүй буюу нотлоогүй, түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/852 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0069 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 162 дугаар тогтоол гарсны дараа хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахдаа ямар учраас дээрх 219 868 000 төгрөгийг дахин нэхэмжилж, шийдвэрлүүлээгүй үйл баримтыг шүүхэд нотлоогүй болно.
1.8. Иймээс нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.
1.9. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: гээд мөн зүйлийн 34.6.6 дахь заалтад газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: гээд мөн зүйлийн 35.3.3 дахь заалтад газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; гэж зохицуулжээ.
1.10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хуулийн этгээдийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байх явдал бөгөөд энэхүү гэрээнд талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох, улмаар газар эзэмшигч нь газрыг бодит утгаар эзэмшиж, ашигласан эсэхээс үл хамаарч газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.
1.11. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л**** ХХК-ийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээгээр тохиролцсон газрын төлбөр төлөх үүргээ 2019, 2021 онуудад зохих ёсоор буюу бүрэн гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар[6] тус тус тогтоогдож байна.
1.12. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
1.13. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
1.14. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
1.15. Дээрх тайлбараас авч үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.
1.16. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л**** ХХК нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг[7] байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.
1.17. Гэтэл хариуцагчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий А/369 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
1.18. Мөн нэхэмжлэгчийн зүгээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр[8] тогтоогдсон.
1.19. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар дээгүүр УБ-Налайх-УБ чиглэлийн хурдны автозамын трасс барьж байгуулахдаа холбоотойгоор нэмэлт сайжруулсан автозамыг түр хугацаагаар барьж ашигласны улмаас нэхэмжлэгч компани өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон байна.
1.20. Хэдийгээр нэхэмжлэгч Л**** ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх боловч мөн зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан зөрчил гаргасан байх тул тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан талаар мэдэгдэх хариуцагчийн үүргийн талаар:
2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заажээ.
2.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13/3210 тоот албан бичгээр[9] нэхэмжлэгчид хандан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13/3936 тоот албан бичгээр[10] дуудлага худалдааны анхны үнэ 219 868 000 төгрөгийг төлөх ёстой байсан талаар мэдэгдсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13/70 тоот албан бичгээр[11] өмнө нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13/3936 тоот албан бичгээр хариу өгч байсан талаар мэдэгджээ.
2.3. Дээрх 13/70 тоот албан бичгийг нэхэмжлэгч Л**** ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар болон холбогдох баримтаар[12] тогтоогдсон болно.
2.4. Иймд маргаан бүхий А/369 дугаартай захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
2.5. Мөн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 10 өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай байсныг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л**** ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн Л**** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ