| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/152 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/152
2025 4 18 2025/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Хохирогч Т.Б, Г.Г,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.С.Б.д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................................ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн замд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж "Nissan advan" маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж жолооч Л.Идэрийн жолоодож явсан "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Т.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Т.Б-ы өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум руу тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Идэр нь найз Г.Гийн хамт ажлаа хүлээлцэхээр ирсэн байсан. Тэгээд орой 18 цагийн үед Жаргалант сумын төвд захирал Л.Идэр машинаа жолоодоод хажуу талд түүний найз Г.Г, харин арын суудалд би, танил дүү С.Ганчимэгийн хамт суугаад хөдөө мал гаргах ажилд нь тусалж гэдэс дотор арилгаж янзлах гээд явсан. Тэгээд засмал замд явж байтал гэнэт зам тээврийн осол болсон. Би тухайн үед хүнтэй утсаар ярих гээд утсаа оролдож байсан тул яагаад осол болсныг ойлгоогүй. Тэгээд хажууд сууж байсан танил дүү С.Ганчимэг нь "бууя эгчээ хаалгаа онгойлгоорой" гэж хэлсэн. Тэгэхэд миний баруун гар эвгүй болчихсон тул зүүн гараараа машины хаалга онгойлгоод бид хоёр машинаас буусан. Тэгтэл жолоо барьж байсан захирал Л.Идэр нь шокт орсон байдалтай хэсэг суусан. Харин тээврийн хэрэгслийн зүүн урд сууж явсан Г.Гийн толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Идэр нь манай Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-н захирал, мөн Ганчимэг дүү нь тус сургуулийн үйлчлэгч ажилтай. Харин Г.Г гэх хүнийг сайн танихгүй. Жолооч Л.Идэр болон хажууд нь сууж явсан Г.Г нар суудлын бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Харин арын суудалд С.Ганчимэг бид хоёр бүс зүүгээгүй байсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Цаг агаар тогтуун байсан. Би урсгал сөрсөн "Nissan Advan" маркийн тээврийн хэрэгслийн буруу гэж бодож байна. Ослын улмаас миний баруун гарын шуу хэсэг хугарсан. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно. Би гомдолтой байна. Би өөрт учирсан хохирлоо буруутай жолоочоос барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос найз Л.Идэрийн хамт Төв аймгийн Жаргалант суманд ирсэн. Тэгээд орой 18 цагийн үед Жаргалант сумын төвд Л.Идэр машинаа жолоодоод би хажууд нь суугаад арын суудалд С.Ганчимэг, Т.Б нарыг суулгаад бид дөрөв хөдөө гарах гээд засмал замд явж байтал гэнэт урдаас мөнгөлөг саарал өнгийн “Nissan Advan" маркийн тээврийн хэрэгсэл зам голлоод хурдтай давхиж ирээд машины жолоочийн эсрэг тал руу буюу миний сууж явсан хэсэг рүү мөргөчихсөн. Би машины урд салхины шил мөргөөд миний толгой хагарч цус гарсан байдалтай байсан. Л.Идэрийг машинаасаа буугаач гэсэн чинь хөдөлж чадахгүй гарч чадахгүй байна гэсэн. Тэгээд би өөрөө машинаас буухад бид нарыг мөргөсөн саарал өнгийн "Nissan Advan" маркийн машины жолооч машинтайгаа хөдлөх гэж байхаар нь машиных нь хаалгыг нээгээд жолоочийг нь татаж гаргасан. Тэр машины жолооч их согтуу намайг "чи үхээгүй юм уу" гээд над руу агсраад байсан. Би 93-73 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 8-р сард найз Л.Идэрт 10.000.000 төгрөгөөр зараад үлдэгдэл мөнгөө өгөөгүй учир миний нэр байдаг. Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Жолооч Л.Идэр нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг хараад хурдаа хасаад маш зөөлхөн явж байсан. Зам үзэгдэх орчин хэвийн чөлөөтэй байсан. Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд нэлээн их эвдрэл гэмтэл учирсан байсан. Мөн тээврийн хэрэгслийнхээ эвдрэл гэмтлийн үнэлгээг хийлгүүлсэн. Би машины урд салхины шил мөргөсний улмаас толгой дух хэсэг хагарсан. Би гомдолтой байна. Өөрийн эмчилгээтэй холбоотой зардал болон тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Иргэний нэхэмжлэгч П.Б-н өгсөн: “07-27 УБГ дугаарын тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. Би 2023 онд уг тээврийн хэрэгслийг хамаатны дүү Баасанболдод бэлэглэсэн. Тэгээд нэрээ шилжүүлж өгөх гэсэн боловч миний ажил төрөл амжихгүй шилжүүлж өгч чадаагүй. Тэгээд хамаатны дүү Баасанболд нь 2024 онд нутгийнхаа танил хуурай ax C.Баасандоржид зарсан юм байна лээ. Гэхдээ С.Б нь 2.000.000 гаруй төгрөг дутуу өгсөн тул нэрээ шилжүүлээгүй. Ослын улмаас таны 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд салхины шил хагарсан, урд талын гуфер хэсэг нэлэнхийдээ эвдрэлтэй харагдсан. Би машины эвдрэл гэмтлийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Уг тээврийн хэрэгслийн үлдэгдэл 2.000.000 гаруй төгрөгийг дүү Баасанболдод өгөөд нэрээ шилжүүлээд авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Гэрч Л.Идэрийн өгсөн: ”Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум руу найз Г.Гийн хамт өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20" маркийн машинтай очиж сургуулийн захирлын ажил хүлээлцэхээр очсон. Тэгээд орой нь ажил хүлээлцэх боломжгүй болоод маргааш өглөө нь ажил хүлээлцэхээр болсон. Тэгээд би орой нь өөрийн малаас идэшний мал гаргахаар С.Ганчимэг, Т.Б нарыг аваад Г.Г бид дөрөв сумын төвөөс Жаргалант сумын Өгөөмөр баг мянган үнээний ферм гэх газар руу уруудаад засмал замаар явж байтал миний урдаас мөнгөлөг саарал өнгийн “Nissan Advan" маркийн машин урсгал сөрж хурдтай ирээд миний машины жолоочийн эсрэг тал руу мөргөсөн. Осол болох үед би машин жолоодож явсан. Миний 2 өвдөг маш их өвдсөн. Би хэсэг зуур шокт ороод машиндаа хэсэг суусан. Миний хажуу урд сууж явсан Г.Г машины урд салхины шил мөргөөд нүүрнээс нь цус гарсан байсан. Харин арын суудалд сууж явсан Ганчимэг, Б нар мөн сандарсан байдалтай байсан. Би машинаасаа буугаад хартал намайг мөргөсөн машины жолооч С.Б гэх залуу согтуу орилоод байсан. С.Бийн машинд жолоочийн хажуугийн суудалд эхнэр нь суучихсан согтуу манай нөхрийн буруу шүү гээд орилоод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 93-73 УКУ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл би найз Г.Гээс 2024 оны 8 дугаар сард 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үлдэгдэл 1.500.000 төгрөг дутуу нэрээ шилжүүлж аваагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед цагдаа ирээд намайг драгераар үлээлгэж шалгасан. Зам үзэгдэх орчин хэвийн чөлөөтэй байсан. Миний 2 өвдөг юманд цохигдоод тухайн үедээ өвдсөн. Гэхдээ гэмтэл, бэртэл учирсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Гэрч С.Г-н өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум руу тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Идэр нь найз Г.Гийн хамт ажлаа хүлээлцэхээр ирсэн байсан. Тэгээд орой 18 цагийн үед Жаргалант сумын төвд захирал Л.Идэр машинаа жолоодоод хажуу талд түүний найз Г.Г, арын суудалд би танил эгч Т.Бы хамт суугаад хөдөө мал гаргах гээд явсан. Тэгээд засмал замд явж байтал гэнэт урдаас мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн гэрэл харагдаад зам тээврийн осол болсон. Жолооч Л.Идэр нь хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Гэхдээ зөөлөн явж байсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Цаг агаар тогтуун байсан. Замын тусгаарлах цагаан зураас давж орж ирээд манай машинтай мөргөлдсөн нөгөө мөнгөлөг саарал өнгийн "Nissan Advan" маркийн тээврийн хэрэгслийн буруу гэж бодож байна. Тухайн үед толгойн зүүн талын хэсэг хавдсан, зүүн нүд хөхөрсөн, зүүн гарын булчин зөөлөн эдийн гэмтэл авсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Шүүгдэгч С.Б-ийн өгсөн: “Би яллагдагчийн эрх үүрэгтэй танилцсан. Эрх үүрэгтэй холбоотой асуух зүйл байхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгч Р.Мөнхбаясгаланг оролцуулж мэдүүлэг өгнө. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй хүний биед гэмтэл учирсан асуудал байна. Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум Буурал 1-р баг Бууралын 15-17 тоотод гэрийнхээ хашаанд өөрийн 00-00 ОООулсын дугаартай "Nissan Advan" маркийн тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа 0.75 граммын "Хараа" нэртэй архи уусан. Тэгээд машин дотроо унтаж машинаа жолоодоод эхнэр Б.Батсайхан нь хажуу талын урд суудалд суугаад, арын суудалд охин Болорчимэг /10 настай, эм/ нарыг суулгаад хашаанаас гараад эхнэрийн найз Цацралыг суулгаад найз Цацралыг Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 2-р багийн нутагт айлд хүргэж өгөөд буцаад эхнэр, хүүхдийн хамт гэр рүүгээ явах замдаа согтуу цонх цантсаны улмаас урсгал сөрж өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед би нэлээн их согтуу байсан бөгөөд машин мөргөөд гэнэт ухаан орсон. Би согтуу байсан цагдаа драгер багажаар үлээлгэхэд 1.53%-ийн согтолттой байсан. Би жолооч биш жолоочийн үнэмлэх авч байгаагүй. Би 2024 оны 02 дугаар сард согтуугаар эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулиар 200 000 төгрөгөөр торгуулсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Харин замын нөхцөл байдал нь асфальтан, тэгш, өгсүүр, халтиргаатай, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, голоороо үргэлжилсэн цагаан шугамтай, хайлс хашлагагүй зам байсан. Миний тээврийн хэрэгслийн зүүн урд талын гуфер, крылон, гопуд, их гэрэл зэрэг эвдэрсэн. Тэгээд үнэлгээгээр 2.150.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд миний тээврийн хэрэгсэд П.Б гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би худалдаж авсан боловч өөрийн нэр дээрээ шилжүүлж чадаагүй юм. Би машиндаа эхнэр Б.Батсайхан, охин Болорчимэг /10 настай, эмэгтэй/ бид гурав гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Харин нөгөө тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэйн гар нь хугарсан гэмтэл тогтоогдсон байсан. Одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй. Гэхдээ гарсан хохирлыг төлж барагдуулна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би жолоо барьж байхдаа хурдтай явсан. Яг хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж осол гарсан гэж үзэж байгаа. Миний буруу. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Би нөгөө машины жолооч Л.Идэрийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Харин хүний биед учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118, 169/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №46 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.Г-ийн биед духанд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-ийн 49-50/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №101 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.С.Г биед дух, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэжээ /хх-ийн 53-54/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №102 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Т.Б-ы биед баруун шуу ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 57-58/,
“Гарьд Гүрү Үнэлгээ” ХХК-ийн 00-00 ООО улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 2 150 000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосон." үнэлгээний тайлан /хх-ийн 63-78/,
ВЕНДО Appraisal company-н 2024 оны 12 дугаар сарын 26-ны №49476/ДД, №32365909 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-88/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 98, 171/,
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа: "1.00-00 ООО улсын дугаартай "Nissan Advan" маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно."
2.93-73 УКУ улсын дугаартай "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Идэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.07-24УБГ улсын дугаартай "Nissan Advan" маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5.Нэмж тусгах саналгүй.
Дээрх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн үндсэн шалтгаан болсон нь материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж магадлалаа.
8.Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчид мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэжээ /хх-ийн 99-100/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн хохирлын и-баримт, дансны хуулга /хх-ийн 127-135/,
С.Г-н “Med trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас, и-баримт /хх-ийн 138,
Хохирогч Т.Бы эмчилгээтэй холбоотой баримт /хх-ийн 141-142/,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 101 дугаартай шийтгэвэр /хх-ийн 144-148/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн замд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж "Nissan advan" маркийн 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг тус тус зөрчиж жолооч Л.Идэрийн жолоодож явсан "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Л.Идэрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Бийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б-ийн буруутай үйлдлийн улмаас Л.И-н эзэмшлийн 9373 УКУ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлд 3 961 800 төгрөгийн хохирол, Л.И-н тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирч, Л.И болон С.Г нарын эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
Шүүгдэгч С.Б тээврийн хэрэгсэлдээ ганцаараа явсан байх бөгөөд түүний жолоодож явсан 00-00 ООО улсын дугаартай "Nissan Advan" маркийн тээврийн хэрэгсэлд 2 150 000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрөөс иргэний нэхэмжлэгч Л.Идэрт тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоосон хохирол болон ачилтын хөлс 4 689 800 төгрөгийг нөхөн төлсөн,
Хохирогч Г.Гийн баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас /эмчилгээний зардал гэх 27.0+10,700+30,0+30,0+9,200+3,100 төгрөг/ нийт 110 000 төгрөгийг, хохирогч Т.Б-ы сэтгэцэд учирсан хохирол 3 сая төгрөг баримтаар нэхэмжилсэн эмчилгээний болон унааны зардал 234 000 төгрөгийг тус тус хангаж, шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд нөхөн төлсөн болохыг дурдав.
Хохирогч Г.Г-ийн хавтас хэргийн 127-135 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг судлахад юунд зарцуулсан тодорхойгүй мөнгөн дүнгүүд /депоцит дансны хуулганууд/ байх бөгөөд хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд духанд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирч цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох нь зүйтэй гэж үзэн 1 860 022 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Хохирогч Г.Г, Т.Б нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч "Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоох." санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 9-лээ амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөөч.”,
Шүүгдэгч С.Б "7 жоохон хүүхэдтэй, айл амьтнаар явж юм хийдэг, Зүүн хараа руу ногоонд явдаг. Миний амьдралын боломж нөхцөлийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү." гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч .............................тоотод оршин суух хаягтай, өөрт ногдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, тогтсон орлогогүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа /хх-ийн 154-157/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 158/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, ам бүл 9, эхнэр, бага насны 7 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг хүлээн авч түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б-ийн 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.С.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Б-ийн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч С.Б-ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Хохирогч Т.Б, Г нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
8.Эрүүгийн 000000000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ