Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/02191

 

 

 

 

 

 

 

2022 05 11 101/ШШ2022/02191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э-н Э,

Хариуцагч:  Б-ы Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 75,665,983 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , Б.П ,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , Б.П  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.Э Б.Т нар нь 2019-09-06-ны өдөр В13019090601 тоот зээлийн гэрээ, C13019090601 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 2  тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-220  дугаартай 371 м.кв талбай бүхий автомашины граж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг,   тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Э-220  дугаартай 441 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй. Иймд 2021-12-17-ны өдрөөр тооцож үндсэн зээл 34,999.999 төгрөг, зээлийн хүү 33.473.469 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,376,971 төгрөг, нийт 70,850,439 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021-12-27-ны өдрөөс хойшхи зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2022-03-25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн үндсэн хүү 3,834,082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 981,462 төгрөг, нийт 4,815,544 төгрөгөөр нэмэгдүүлж, Э.Э Б.Т нараас В13019090601 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 75,665,983 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ба  шүүхэд гаргасан хариу тайлбар, өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Э, Б.Т нар И ХК-тай 2019-09-06-ны өдөр В13019090601 тоот зээлийн гэрээ, 43019090601 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөг, сарын 3.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар бизнесийн зээл авсан. Сарын үндсэн хүүг 3.4 хувиар харилцан тохиролцож тогтоосон боловч зээлдэгчийг цаг хугацаандаа зээлийн үндсэн хүүг төлүүлэх баталгаа гэх тайлбарыг гаргаж гэрээний 3.1.3-д заасан сарын үндсэн хүү 4,40 хувь тусгасан. Хариуцагч нар нэхэмжлэгчээс олгосон зээлийг бизнесийн зориулалтаар буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тахианы махан хоол хүргэлтийн үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулж 2020 оны 02-р сар хүртэл буюу 6 сарын турш зээлийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлсөн. Гэвч 2020 онд дэлхий нийтэд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын удаа дараагийн тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон байдлын улмаас хоол хүргэлтийн бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болж зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн. Хариуцагч нар 2020 оны 06 дугаар сард зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, давагдашгүй хүчин зүйл үүссэн байдлыг харгалзан зээлийн гэрээний 3.5-д заасан зээлийн 1 хувийн хөнгөлөлтөөс дахин 1 хувийг буруулж 2.4 хувийн үндсэн хүүтэй болгох хүсэлтийг гаргасныг нэхэмжлэгч тал зээлийн хорооны хурлаар шийдвэрлэнэ гэсэн боловч ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэгч И ХХК-тай 2020 оны 10 дугаар сард дахин уулзаж зээлийн үндсэн хүү бууруулах, зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг дахин гаргахад нэхэмжлэгч хүлээн аваагүй бөгөөд харин 2019-09-06-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн боловч 2020 оны 11 дүгээр сараас дахин хатуу хөл хорио тогтоосон. 2021 оны 02 дугаар сард Улсын онцгой комиссын зүгээс онцгой байдлын зэрэглэл бууруулж хатуу хөл хориог цуцалсан даруй нэхэмжлэгчийн зээл хариуцсан ажилтантай дахин уулзахад зээлийн гэрээг цуцалж, 2021 оны 03 дугаар сарын дотор шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,451,089 төгрөг гаргуулах шаардлагаас зээлийн хүү 33,473,469 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,376,971 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс 2019-09-06-ны өдрийн В13019090601 зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8-11 тал/, мөн өдрийн С13019090601 дугаартай зээлийн барьцааны гэрээ /хх-ийн 12 тал/, Ү-220  дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13 тал/, Э-220  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14 тал/, зээлийн дансны хуулга /хх-ийн 15 тал/, зээл хүсэгчийн анкет /хх-ийн 16-17 тал/, хуулийн этгээдийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-21 тал/, Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 51 тал/, санхүүгийн баримт /хх-ийн 75 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, хариуцагчаас 2021-10-19-ний өдрийн 17656 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 63-65 тал/, эмнэлгийн магадлагаа /хх-ийн 104 тал/, Монгол улсын Засгийн газрын тогтоолуудын хуулбар /хх-ийн 106-113 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, шүүхийн журмаар ИХК-ийн зээлийн дансны хуулга /хх-ийн 81 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 89-94 тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Э.Э, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,665,983 төгрөг гаргуулах, Э.Эын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,   тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 000 тоот гэрчилгээний дугаартай, 371 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 0000  тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-220  дугаартай, 180  нэгж талбарын дугаартай 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Э, Б.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 34,999.999 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 40,665,984 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

ИХК нь Э.Э, Б.Т нартай 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр В13019090601 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 35,000,000 төгрөгийг, сарын 4,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн   дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна, энэ үйл баримт дээр зохигч маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б  нь зээлийн гэрээнд зээлийн хүүг 3,4 хувиар тохиролцсон, Дэлхий нийтэд гарсан ковидын тархалттай холбогдуулан зээлийг зогсоолгох, шүүхэд нэхэмжлэл гаргахаар И ХК-д удаа дараа хандсан, ярилцаж тохиролцсон гэж тайлбарыг гаргаж байгаа хэдий ч баримтаар нотлогдоогүй.

Зохигчийн 2019-09-06-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.8-д зээлийн гэрээний үүргээ хавсралтанд заасны дагуу биелүүлсэн тохиолдолд сарын хүүнээс 1 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцжээ. Зээлийн гэрээний 3.1.4-т зээлийн хүүг сарын 4,40 хувиар тохиролцсон байна. Иймд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт зээлийн гэрээнд хүүг 3,4 гэж тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 2020-12-02-ны өдрөөс зээлийн хүүг хөнгөлсөн болох нь зээлийн дансны хуулгын баримтаар нотлогдож байна. Хариуцагч энэ баримт дээр маргаагүй.

Нэхэмжлэгч И ХКомпани нь тус шүүхэд Э.Э, Б.Т нарт холбогдуулан 63,451,089 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2021-07-22-ны өдөр шүүхэд гаргасан, 2021 оны 10-р сарын 19-ний өдрийн 17656 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дэмжиж шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж, шүүгчийн захирамж хуулийн хүчин Т болсон. /хх-ийн 63-65 тал/

Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Э.Э, Б.Т нараас үндсэн зээл 34,999,999 төгрөг, 2021-07-21-ний өдрөөр тасалбар болгон зээлийн хүү 27,644,099.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 904,751 төгрөг, нийт 63,548,850.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгож, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан, Дэлхий нийтэд гарсан ковид өвчлөлийн тархалтаас шалтгаалан хариуцагч нар бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг байдал нөлөөлсөн байх тул 2021-07-22-ны өдрөөс 2022-03-25-ны өдрийг хүртэлхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,117,132.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Зохигчдын хооронд C13019090601 дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулж, Э.Э-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,   тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаартай, 000738122 тоот гэрчилгээний дугаартай, 371 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 000  тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-220  дугаартай, 180  нэгж талбарын дугаартай 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч И ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 674,403 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Э, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 63,548,850.57 төгрөгт ногдох 475,694 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад ногдох 70,200 төгрөг, нийт 545,894 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Э, Б.Т нараас 63,548,850.57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,117,132.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Э, Б.Т нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Эрдэнэбаатарын Эын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,  тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаартай, 000 тоот гэрчилгээний дугаартай, 371 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 000 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-220 дугаартай, 180  нэгж талбарын дугаартай 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 674,403 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Э, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 545,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХК олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА