| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/155 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/155
2025 4 23 2025/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун,
Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О.Э-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................................регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч О.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн ......................., Дивизийн 21 дүгээр байрны үүдэнд 2025 оны 3 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 02 цагийн орчим иргэн А.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан, гар луу нь цохисон, газарт унасны улмаас хохирогч А.О-н биед баруун бугалга, зүүн шуу, баруун шилбэ, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учирсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Хохирогч А.О-гийн өгсөн: "2025 оны 3 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Дивизийн байрны гадна Энхболд бид хоёр ярилцаад ойлголцохгүй муудалцсан. Бид хоёр жаахан пиво уусан байсан. Би гэр рүүгээ явлаа гэж хэлэхэд Энхболд миний машины түлхүүрийг өгөхгүй, намайг явуулахгүй гээд байсан. Тэрнээс болж муудалцаж миний гар луу цохиж, хөл рүү өшиглөж газарт унагасан. Мөн нүүр лүү 1 удаа цохиж, 3 удаа зүүн хацар луу алгадсан. Би биеэ хамгаалаад Энхболдын хамар хэсэгт 1 удаа цохиход хамраас нь цус гарсан. Бусдаар гэмтэл учруулаагүй. Би гэр рүүгээ явлаа гэхэд намайг явуулахгүй, машины түлхүүр өгөхгүй байсан. Тэрнээс болж муудалцсан. Бид нарын хажууд хүн байгаагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч У.Б-ны өгсөн: "А.О бид нар зүгээр л найзууд. Энхболдыг нь танихгүй. 2025 оны 3 дугаар сарын 03-ны орой О, түүний найз Энхболд бид нар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байх DEEP нэртэй бааранд 23 цагийн орчим орсон. Тэнд пиво уусан. Тэгээд тэнд сууж байхад 02 цагийн орчим хаах болоод тэндээс гараад намайг хүргэж өгөхөөр дивизийн байр руу бид гурав алхаж явсан. Замд явж байхад О, Энхболд нар нь муудалцаагүй. Би байрны гадна очоод шууд гэртээ орсон. Манай 21 дүгээр байрны гадна О, Энхболд нар үлдсэн. Тэгээд уулзаагүй байж байгаад 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр О нь над руу утсаар ярьсан. Тэгэхэд та хоёр гайгүй харьсан уу гэж асуухад О нь би Энхболдтой муудалцсан. Намайг гэр рүүгээ явлаа гэхэд явуулахгүй байсан. Тэрнээс болж муудалцаад намайг цохисон гэж хэлж байсан. Би тэр хоёртой ахиж уулзаагүй. О нь утсаар ярьж байхдаа Энхболдод биеийнхээ аль хэсэгт хэдэн удаа юугаар цохисон тэдэн удаа энэ тэр гэж хэлээгүй. Намайг цохисон гэж хэлсэн. Би хажууд нь байгаагүй. Гэр рүүгээ орсон байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүгдэгч О.Э-ын өгсөн: “Би, О бид хоёр 2025 оны 3 дугаар сарын 03-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Дивизийн байранд байдаг О-гийн найз гэх 1 эмэгтэйтэй хамт найзынх нь гэр болох Дивизийн байранд очиж 20 цагийн орчим пиво уусан. Тэгээд бид гурав хамт 20 цаг 30 минутын орчим гэрээс нь гараад төв рүү баар орж жаахан суухаар яваад "Гурван экс" нэртэй бааранд ороод пиво захиалж уусан юм. Хүн болгон 1-2 пиво ууя гээд юм ярьж суусан юм. Бид нар баарнаас 00 цагийн орчим гарсан байх. Гадаа гарахад унаа байгаагүй учраас О-гийн найз гэх эмэгтэйг гэрт нь хүргэж өгөхөөр алхаж явсан. Тэгээд дивизийн байранд байдаг О-гийн найз гэх эмэгтэйг оруулж өгчхөөд шөнийн 02 цагийн орчим О нь машины түлхүүрээ надаас нэхээд байсан юм. Би бодохдоо согтуу машин барьж магадгүй гэж бодоод машины түлхүүрийг нь өгөөгүй юм. Тэрнээс болж О бид хоёр маргалдаж хоёр биенээ үгээр доромжилж муудалцсан юм. Тэгээд бид хоёр муудалцаад намайг үгээр доромжлоод байхаар нь би баруун гараараа О-гийн хацар хэсэгт 2 удаа алгадсан. Намайг 1 алгадсаны дараа нь зөрүүлээд О нь миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд О нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Би хацар хэсэгт нь 2 удаа алгадсан. Миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэрүүхэн тэндээ цус гараад тогтсон. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Баруун бугалгад үүссэн гэмтэл нь нь би гараараа чанга атгаж барьснаас болсон байх. Бусад гэмтэл нь хэрхэн яаж үүссэн талаар мэдэхгүй байна. Би хөл рүү нь цохиж бариагүй. Би өөрөө сайн мэдэж байна. Надаас гомдол санал нэхээгүй. Би одоо О-тай эвлэрсэн байгаа. ...Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүй байхгүй байна. Надаас хохирогч О ямар нэгэн зүйл хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 33/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №Төв0725/166 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.А.О-гийн биед баруун бугалга, зүүн шуу, баруун шилбэ, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх /хх-ийн 22-23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч О.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч О.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн ......................., Дивизийн 21 дүгээр байрны үүдэнд 2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 02 цагийн орчим иргэн А.О-хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан, гар луу нь цохисон, газарт унагасны улмаас хохирогч А. О-гийн биед баруун бугалга, зүүн шуу, баруун шилбэ, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч О.Э-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч А.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч А.О нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан түүний мэдүүлэг, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ