| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02387/И |
| Дугаар | 101/ШШ2022/02442 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/02442
2022 05 25 101/ШШ2022/02442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, хаягт оршин суух, Д.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, С.Ч-д холбогдох 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүрэгт металл хийцийн жижиг үйлдвэртэй. Захиалгын дагуу бүх төрлийн төмөр хийцийг үйлдвэрлэдэг ба голчлон уул уурхайн тоног төхөөрөмж хийдэг. 2018 оны 04 дүгээр сарын эхээр С.Ч ирж уулзаж, Ховд аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Скруббер-100 төхөөрөмж /металл баяжуулах зориулалттай/ сонирхож буйгаа илэрхийлсэн. Би үйлдвэрлэсэн төхөөрөмжийг үзүүлэлт, хүчин чадал, инженерийн хийцлэл зэргийг тайлбарлан үзүүлэхэд С.Ч ... танай төхөөрөмжийг газар орны нөхцөл, баяжмалын онцлогт тохируулан бага зэргийн өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хариуцсан хүнээ хамт явуулаач... гэсэн хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2018-04-12-ны өдөр 30,000,000 төгрөг төлсний дагуу өөрийн ажилтан инженер Даваадоржийг Ховд аймаг руу явуулсан. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт байх уурхайд очиж уурхай нөхцөлд тааруулан Скруббер-100 төхөөрөмжийн рам, тор, бункер, градус болон бусад жижиг эд ангийг өөрчлөх зураг гарган ирсэн. Тухайн замын зардал болон бусад зардлыг С.Ч бүрэн даасан. Тоног төхөөрөмжийн үндсэн хийцэд өөрчлөлт оруулан шинээр засварлаж, 2018-04-27-ны өдөр Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан Скруббер-100 төхөөрөмжийн үнийг 80,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. С.Ч 2018-04-27-ны өдөр төхөөрөмжийг ажиллуулан шалгаж өөрийн тавьсан шаардлага, хийцийн өөрчлөлт нь бүрэн нийцсэн тул 20'000'000 төгрөгийн төлж Скруббер-100 төхөөрөмжийг хүлээн авсан. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийн төлбөрийг 2018-05-31-ний өдөр С.Чын 99118601 дугаарт залгаж ярихад ... уурхай бүрэн ажиллаж чадаагүй байна. Ашигт малтмалын газар, сум орон нутаг эсэргүүцээд байгаа учир мөнгөтэй болоогүй. Бичиг баримт бүрдүүлэхэд нэлээд хугацаа ороод байгаа тул 1 жилээр төлбөрийг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан, хойшлуулж 2019-05-31-ны өдөр авахаар болсон. Мөн энэ хугацаа болоход С.Ч олдохгүй зугтааж байгаад биеэр ирж уулзсан. С.Ч 2019 оны сүүлээр ирж уулзахдаа ...төлбөрийг дахин хойшлуулж өгөөч шүүх, цагдаа дээр асуудалтай байна... гэж гуйсан тул харилцан тохиролцож төлбөрийг 2020-05-01-ний дотор багтаан төлөхөөр бид тохиролцсон. Үүнээс хойш бид С.Чтай нэг ч удаа уулзаж, утсаар холбогдож чадаагүй. Харин 2021 оны 12 дугаар сард зурагтын мэдээгээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээр С.Ч нь шүүгдэж байгаа талаар олж мэдсэн. Иймд хариуцагч С.Чаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Бтай ямар нэгэн гэрээ хийснээ санахгүй байна. Найз Хуягаа гэх залуугаар дамжиж танилцсан. Надтай хамт байсан ХХК дэд захирал Д.П нь Д.Бтай гэрээ хийсэн байх. Скруббер-100 төхөөрөмжний урьдчилгаа 60,000,000 төгрөгийг Д.Бгийн компанийн дансанд Д.П төлсөн, би төлөөгүй. Миний мэдэхийн 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бодож байсан. Төхөөрөмж зээлээр авсан нь үнэн, 20,000,000 төгрөг дутуу байгаа нь үнэн. Ямар нэгэн хүү, алданги тохироогүй, ажил ашигтай сайн явагдаж байвал хурдан төлнө гэж тохирсон. Хүний юм авсан учир үлдэгдэл 20,000,000 төгрөг дээр боломжийн хүү өгч болно. Д.Бгаас зугтсан юм байхгүй, би ганцаараа авч хэрэглээгүй, цуг авч хэрэглэсэн хүмүүс нь надтай хамт хоригдож байна. Би гарч байгаад цуг авсан хэрэглэсэн хүмүүсээс 20,000,000 төгрөгийг хүүтэй нь авч өгнө, энэ үлдэгдэл мөнгийг төлнө.
Би хөдөө байгаа учраас шүүх хуралд очих боломжгүй байна. Миний зүгээс шүүх хурал болоход татгалзах зүйл байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс 2018-04-27-ны өдрийн бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 6-8тал/, 2018-04-12, 2018-04-27-ны өдрийн кассын орлогын ордер /хх-ийн 9 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч С.Ч-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч С.Ч нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлээр худалдах, худалдан авах гэрээг би хийгээгүй, алданги төлнө гэж тохиролцоогүй тул үлдэх 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хариуцагч С.Ч-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хариуцагч шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй шалтгааныг илэрхийлж хүсэлтээ шүүхэд гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч С.Ч-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч С.Ч-д 2022-04-28-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг танилцуулан 2022-04-28-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан ба нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018-04-27-ны өдрийн Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан маргаагүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хууль болон гэрээнд зааснаар Скруббер-100 төхөөрөмжийг хариуцагч С.Ч-д 2018-04-27-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул төхөөрөмжийн үнэ, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч С.Ч нь ХХК-ийн дэд захирал Д-н П нь Д.Бтай гэрээ хийсэн байх, Скруббер-100 төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөгийг Д.Бгийн компанийн дансанд Д.П төлсөн, би төлөөгүй, алданги төлөхөөр тохиролцоогүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Ч-аас Скруббер-100 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 382,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ч-с 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 382,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА