| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/117 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/117
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч Б.Н-, С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.с овогт С-ы Н-, У овогт Б-ийн Н- нарт холбогдох эрүүгийн 2513000340075 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цаг 11 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, матемакитийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...... дугаар /Бөхөн-Уул/ багийн нутаг дэвсгэрт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.с овогт С-ы Н-, регистрийн дугаартай: БЙ.........;
Монгол Улсын иргэн, 19...... оны ...... дүгээр сарын .........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...... дүгээр /Хуст-Арал/ багийн нутаг дэвсгэрт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, У овогт Б-ийн Н-, регистрийн дугаартай: БЮ........;
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н-, С.Н- нар нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” пабаар үйлчлүүлж байхдаа таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч Б.Н- нь хохирогч С.Н-ын биед нь зүүн дээд зовхинд зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зулгаралттай, зүүн чамархай хэсэгт хаван хавдартай гэмтэл, шүүгдэгч С.Н- нь хохирогч Б.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, дээд ба доод уруулаар хавантай, дээд ба доод уруулын зүүн дотор талаар хэгзэрсэн шархтай, дээд эрүүний үүдэн шүд эмаль сэтэрч хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд нь 4-р зэргийн суларсан, дотогшоо мурийсан буйл цус хуралттай, цус гарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун тохойд хавдартай гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Н-, С.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна” гэв.
2. Шүүгдэгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
3. Шүүгдэгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
4. Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000340075 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
6. Иргэн Б.Н-, С.Н- нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
7. Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
8. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-аас гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-аас гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
11. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
12. Гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
13. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,
14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,
15. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
16. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
17. Шүүгдэгч Б.Н-, С.Н-, өмгөөлөгч Д.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
18.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
19. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н-, С.Н- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч Б.Н-, С.Н- нар нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” паб-аар үйлчлүүлж байхдаа таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч Б.Н- нь хохирогч С.Н-ын биед нь зүүн дээд зовхинд зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зулгаралттай, зүүн чамархай хэсэгт хаван хавдартай гэмтэл, шүүгдэгч С.Н- нь хохирогч Б.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, дээд ба доод уруулаар хавантай, дээд ба доод уруулын зүүн дотор талаар хэгзэрсэн шархтай, дээд эрүүний үүдэн шүд эмаль сэтэрч хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд нь 4-р зэргийн суларсан, дотогшоо мурийсан буйл цус хуралттай, цус гарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун тохойд хавдартай гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
19. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
20. Иргэн Б.Н-, С.Н- нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
21. Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Р”-д А-, Х-, Ху- нарын хамт очиж тэнд сууж Еden нэртэй 0,75 хэмжээтэй архи авч ууж тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд зодоон гарсан ба би гүйж нэг давхарт буусан чинь “Р”- ын гадна гарах хаалга нь цоожтой байхаар нь тэнд зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн юм. Бид нараас өөр өөр 2,3 ширээнд 10-15 хүн сууж байсан юм. 2026 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед болсон. Би орон нутгийн 00 цаг 29 минутад авсан хоёр шил архины тооцоо хийсэн юм. Мөн 01 цаг 48 минутанд 26,000 төгрөгийн эд зүйл авсан байна. Тухайн үед яг юу авсан талаар санахгүй байна. Харин хоёр шил архи 190,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би дээрх бүх гүйлгээг Хаан банкны ........... тоот буюу Ж.х гэсэн данс руу шилжүүлсэн юм. Би урьд өдөр нь шөнө 02 цаг хүртэл сууж үйлчлүүлсэн юм. ...надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
22. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус өдөр оройн 23:00 цагийн орчим манай найзууд болох Х- нь над руу залган “....хэдүүлээ уулзъя, “Р” пабд хүрээд ир...” гэхээр нь би тийшээ яваад очсон. Удалгүй би найз Х-, Мейрамбек нарын хамт 0.75 литрийн “Ауруг” нэртэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас үл таних 4 залуу орж ирсэн. Уг залуучууд уг паб-ын VIP өрөөнд сууж байсан ба биднийг дуудан “...дуу дуулж өг...” гэхээр нь манай нэг найз ороод дуу дуулж байсан чинь гаднаас бас нэг үл таних залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гартаа 0.5 литрийн шилтэй шар айраг барьж орж ирсэн. Удалгүй уг залуу манай дуу дуулж байсан найз Х-ыг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би тэр залуугийн найзуудад хандан “...танай найз яахаараа манай найзыг хэл амаар доромжилдог юм бэ?...” гэхэд нөгөө залуу гартаа байсан шар айргийн шилээр миний зүүн талын дух руу шууд цохисон. Тэгэхээр нь би босоод түүний нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохисон. Удалгүй уг VIP өрөөнөөс гараад уг паб-ны коридорт уг залуу дахин миний зүүн талын дух руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн...”, “...надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
23. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-оос гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай “Иргэн Б.Н-ийн биед зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, дээд ба доод уруулаар хавантай, дээд ба доод уруулын зүүн дотор талаар хэгзэрсэн шархтай, дээд эрүүний үүдэн шүд эмаль сэтэрч хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд нь 4-р зэргийн суларсан, дотогшоо мурийсан буйл цус хуралттай, цус гарсан. хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун тохойд хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Б.Н-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
24. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-оос гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 124 дугаартай “Иргэн С.Н-ын биед зүүн дээд зовхинд зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зулгаралттай, зүүн чамархай хэсэгт хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
25. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид сууж байхад гаднаас нөгөө VIР өрөөнд Б.Н-, А.А- нар орж ирж сууж Б.Н- нь Ш.Х-д “хандаж чи муу дуугаа зөв дуулаач” гэж хэлж байсан ба би тухайн VIР өрөөнөөс гараад паб дотор камерын хяналтын өрөөнд Р үйлчлэгч Перизаттай хамт VIP өрөөний хяналтын камерыг ширтэж сууж байхад Б.Н- нь өөрөө эхэлж гартаа архины шил барьж сандалд сууж байсан С.Н-ын нүдэн тус хэсэгт нэг удаа архины шилээр цохnсон. Тухайн үед С.Н- нь босож ирж Б.Н-ийн амны хэсэгт нударгаар нэг удаа цохисон. Тухайн VIР өрөөнд сууж байсан Ермурат, Х-, А- нар салгаж авах үед би ч сууж байсан өрөөнөөс гарч эргэж очсон ба Б.Н- нь VIР өрөөнөөс гарч цагдаад дуудлага өгч байсан юм. “Р”-ны VIР өрөөнөөс гараад тэр хоёрын хооронд зодоон цохион болоогүй, цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
26. Гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед хяналтын камерын өрөөнд Б.М-ийн хамт камер ширтэж сууж байхад Б.Н- нь калтинберик нэртэй шар айргийн бор өнгийн шил гартаа барьж авч С.Н-ын зүүн талын хөмсөг хэсэгт нь цохисон харагдсан. Харин С.Н- нь Б.Н-ийн нүүрэн тус хэсэгт нь гараар нэг удаа цохисон юм. Тэгээд С.Н-, Б.Н- нар хоорондоо барилцаж коридорт гарсныг үзэж харсан юм. Тэгээд би эргэж С.Н, Б.Н- нарын хажууд очиход Б.Н-ийн нүүрэн хэсэгт цус гарсан, харин С.Н-ын хөмсөг хэсэгт нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан юм. Б.Н-ийн хажууд цуг явж байсан хүн цагдаагийн газарт дуудлага өгөөд байх шиг байсан юм. Тэгээд цагдаа нар ирж С.Н-, Б.Н- нарыг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
27. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,
28. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,
29. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо барагдуулсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Бид хоёрын хооронд нэхэмжлэх бодит хохирол байхгүй...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
30. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо барагдуулсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Бид хоёрын хооронд нэхэмжлэх бодит хохирол байхгүй. ...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт.
31. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
32. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
33. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
34. Шүүгдэгч Б.Н- нь хохирогч С.Н-ын дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн дээд зовхинд зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зулгаралттай, зүүн чамархай хэсэгт хаван хавдартай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
35. Шүүгдэгч С.Н- нь хохирогч Б.Н-ийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, дээд ба доод уруулаар хавантай, дээд ба доод уруулын зүүн дотор талаар хэгзэрсэн шархтай, дээд эрүүний үүдэн шүд эмаль сэтэрч хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд нь 4-р зэргийн суларсан, дотогшоо мурийсан буйл цус хуралттай, цус гарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун тохойд хавдартай гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
36. Шүүгдэгч Б.Н-, С.Н- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
37. Иймд шүүгдэгч Б.Н-, С.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
38. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.
40. Хохирогч Б.Н-, С.Н- нар нь бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
41. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Н-, С.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоох” дүгнэлтийг,
42. Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Д.А-ээс: “Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
43. Шүүгдэгч нараас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
44. Шүүгдэгч Б.Н-, С.Н- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
46. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-, С.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
47. Шүүгдэгч Б.Н- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож ба шүүгдэгч С.Н- нь ял шийтгүүлсэн болох нь тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 109-118 дахь тал/-аар тогтоогдож байна.
48. Шүүгдэгч Б.Н-, С.Н- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал болон шүүгдэгч нарын хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-, С.Н- нарын тус бүрт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
49. Шүүгдэгч Б.Н-, С.Н- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
50. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.
51. Иймд шүүгдэгч С.Н-ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
52. Шүүгдэгч С.Н- нь тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд эдэлж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
53. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н-, С.Н- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж байна.
54. Шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.с овогт С-ы Н-, У овогт Б-ийн Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, Б.Н- нарын тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, Б.Н- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч С.Н- нь тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд эдэлж байгаа болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.Н-, Б.Н- нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК