| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/01620/И |
| Дугаар | 102/ШШ2022/02206 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/02206
| 2022 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2022/02206 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч З.Доржнамжин, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Н М /
Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо тоотод оршин суух С овогт Д Г /РД:
Гэм хорын хохиролд 896,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, хариуцагч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Н
Иргэдийн төлөөлөгч Т.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Д.Гт холбогдуулан гэм хорын хохиролд засварын зардал 257,035 төгрөг, телевизорын үнэ 579,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийсэн ажлын хөлс 60,000 төгрөг нийт 896,035 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр болон үүнээс өмнө удаа дараа хариуцагч Д.Гынхаас ус алдсаны улмаас ванны өрөөний тааз, хана, том өрөөний таазны 2 хавтангийн заадаснаас ус гойжиж хананд өлгөөтэй байсан телевизор руу ус орж шатсан, том өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний таазны эмульс, шохой хууларч, шарлан засвар хийх шаардлагатай болсон. Иймд дээрх хохирол 836,035 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 60,000 төгрөг, нийт 896,035 төгрөг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Г дараах тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:
2.1. Тухайн өдөр ус алдсан нь үнэн, хохирлын үнэлгээг хийхдээ эд хөрөнгийн ашиглалтын байдлыг харгалзан үзээгүй хэт өндөр тогтоосон гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “К” ХХК-ийн орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тодорхойлох акт, “М Ү” ХХК-ийн үнэлгээний тайлан, тухайн компанийн бэлэн мөнгөний орлогын баримт, ус алдаж байгаа үед хийсэн гэх бичлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 6-22 дугаар тал/
4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр болон өмнө нь хариуцагч Д.Гынхаас удаа дараа ус алдсаны улмаас эд хөрөнгөд 896,035 төгрөгийн хохирол учирсан.
3. Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрсөн байна. Үүнд: ус алдсан нь үнэн, хохирлын үнэлгээг хийхдээ эд хөрөнгийн ашиглалтын байдлыг харгалзан үзээгүй хэт өндөр тогтоосон гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Баянгол дүүрэг тоотод оршин суугч Н.Мын гэрт 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дээд айлаас нь ус алдсаны улмаас ванны өрөөний тааз бүхэлдээ норж шохой унаж, тааз шарласан, хана норсон нөхцөл байдалтай байсан ба харин ванны өрөөтэй залгаа том өрөөний таазнаас ус алдаж телевиз руу нь ус орсон гэж оршин суугч өөрөө хэлсэн гэж дуудлагын дагуу очсон засварчны тайлбарыг үндэслэн “К” ХХК тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Н.Мын хүсэлтээр “М Ү” ХХК хөрөнгийн үнэлгээ тогтоосон байх ба уг үнэлгээг хийхдээ үнэлгээний хөрөнгийн бодит байдлыг тодорхойлж, зургаар баримтжуулж, засвар хийх талбайн хэмжээг тогтоож, эмульс, замаск хусах болон түрхэх ажлын хөлс, материалын үнийг 321,294 төгрөг, телевизорийн үнийг 2022 оны 2, 3 сарын хуучин телевизорын үнэлгээг үндэслэн ашигласан хугацааны хувийг хасч тооцон 579,000 төгрөгөөр тогтоож, засварын зардлаас хөрөнгийг ашигласан хугацааны элэгдлийг 20 хувиар тооцон 64,259 төгрөгийг хасч үнийг тогтоожээ.
Дээрх баримтуудаар 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн дээд айл болох Д.Гынхаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны том өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний тааз бүхэлдээ норж, таазны эмульс, замаск хууларсан, шарласан үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв. Хариуцагч нь ус алдаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтад маргаагүй, харин үнэлгээг үндэслэлгүй тогтоосон гэж маргасан байна.
Хариуцагч нь тайлбартайгаа холбогдуулан ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй буюу “М Ү” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй болохыг баримтаар нотлоогүй болно. “М Ү” ХХК нь орон сууцны бодит байдалтай танилцаж, хэмжилт хийж, засварын зардлын хэмжээг тогтоож, үүнээс хөрөнгийг ашигласан хугацааны элэгдлийг тооцон хассан, мөн телевизорын үнийг тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил хөрөнгөтэй харьцуулж, өртгийн хандлагын аргыг ашиглан элэгдэл тооцон үнэлгээг тогтоожээ. Иймд үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн ашиглалтын байдлыг /хуучин, олон жил ашигласан/ харгалзан үзээгүй үнийг үндэслэлгүй тогтоосон гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн хөрөнгөд “М Ү” ХХК-ийн тогтоосон үнэлгээний дагуу 836,035 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх ба үүнээс нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 246,035 төгрөгөөр багасгасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 246,035 төгрөгийн шаардлагаасаа татгалзсанг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Гаас 650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н Мад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Д.Гт холбогдох 246,035 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,055 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 20,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
М.МӨНХТӨР