| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02473/И |
| Дугаар | 102/ШШ2022/02252 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/02252
| 2022 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2022/02252 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух А овогт Ж С /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг өөрийн байр “Д Ц С” ТӨХК /РД: /
2,361,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн төлөөлөгч Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “ Д ЦС” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дагуу хамтын гэрээгээр олгосон тэтгэмжээс үндэслэлгүйгээр суутган авч хохирол учруулсан гэжээ.
2. Хариуцагч “Д Ц С” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Хуульд заасан хэмжээгээр татвар суутгаж эрх бүхий байгууллагад шилжүүлсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргав.
3. Нэхэмжлэгчээс “Д Ц С” ТӨХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/295 дугаар тушаал, Хаан банкин дахь Ж.Сийн эзэмшиж буй дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан, “Д Ц С” ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
2. Нэхэмжлэгч Ж.С нь 2,361,600 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохироосон” гэж тодорхойлсон байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “хуульд зааснаар 10 хувийн татвар суутгаж, татварын байгууллагад шилжүүлсэн, тухайн байгууллагаас буцааж авах үндэслэлтэй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
“Д Ц С” ХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/295 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, “Д Ц С” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр Ж.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнд эрчим хүчний салбарт ажилласан 30 жил 9 сард ногдох 23,616,000 төгрөгийн тэтгэмж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 6,213,615 төгрөг нийт 29,829,615 олгохоор шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ж.Ст 27,468,015 төгрөгийн тэтгэмж олгосон байх бөгөөд үүнээс эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд ногдох тэтгэмж болох 23,616,000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,361,600 төгрөгийг суутгаж олгосон болох нь тогтоогдов.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох” зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу “Д Ц С” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмжээс гадна өндөр насны тэтгэвэрт гарахад эрчим хүчний салбарт ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгохоор тохирч, хувь хэмжээг нь тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгожээ. Энэхүү тэтгэмжийг хамтын гэрээний дагуу олгосон болон хувь хэмжээний талаар зохигч маргаагүй байна.
Иймд хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан тэтгэмжээс гадна олгохоор тохирсон нэмэлт тэтгэмж байх бөгөөд энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан гэж үзнэ.
Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болно. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагчаас 2,361,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д Ц С” ТӨХК-иас 2,361,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А овогт Ж Ст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,736 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Д Ц С” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 52,736 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА