Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/02303

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/02303

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Г.Ариунаа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг   тоотод оршин суух Ш овогт Б Х /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг   оршин суух А овогт Г Х /РД:  /

 

Хохиролд 2,426,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, хариуцагч Г.Х, иргэдийн төлөөлөгч Б.Н

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Г.Хт холбогдуулан гэм хорын хохиролд 2,426,640 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө хариуцагч нь автомашин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган, биед гэмтэл учруулж эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан. Энэ ослын улмаас 2,426,640 төгрөгийн хохирол учирсан гэжээ.    

 

2. Хариуцагч Г.Х дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

2.1. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган нэхэмжлэгчийг мөргөсөн нь үнэн, тухайн үед эмнэлэгт үзүүлж 362,500 төгрөг төлсөн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр ослоос үүдэлтэй гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамааралгүй байсан гэж маргасан байна.   

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоол, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зөвлөмж, эмийн жор, “Н У” эмнэлэгт хийгдсэн эмчилгээ, шинжилгээний баримтууд, Н УР эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт, тус эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөрийн баримт, эмнэлгийн үзлэгийн төлбөрийн баримт, шатахууны төлбөрийн баримт, “Н Т” ХХК-д төлбөр төлсөн баримт, Манба дацан эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх бичиг болон эмийн жор зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 5-16 дугаар тал/

 

5. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны  дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 23 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.Хийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас биед гэмтэл учруулж, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан. Уг осолтой холбоотой гарсан зардал 2,426,640 төгрөгийг шаардаж байна.

 

3. Хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гаргаж, нэхэмжлэгчийг мөргөсөн нь үнэн, тухайн үед эмнэлэгт үзүүлж гарсан зардал болох 362,500 төгрөгийг төлсөн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр ослоос үүдэлтэй гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Хариуцагч Г.Х нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Энэбишийн өргөн чөлөө гудамж Ovootel зочид буудлын хойд замд nissan note маркийн *улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Хыг мөргөж, түүний биед баруун өгзөгт цус хуралт гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Дээрх үйл баримтын улмаас нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул Г.Хийн гэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулж байгаа үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, дээрх зөрчилд нь торгох шийтгэл ногдуулсан болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдов.

 

Хариуцагч нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчийн амь нас, эрүүл мэндэд халдаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн байх тул үүнээс гарах үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна. 

 

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй буюу гэмт хэрэг гэж үзэх нөхцөлд хамаарахгүй ба харин эрүүл мэндэд хохирол учраагүй, эрүүл мэндээ хамгаалахтай холбоотой зардал гараагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээнэ.    

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг хохирогчийн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно. Эрүүл мэндэд учирсан хохирол гэдэгт хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал хамаарахыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан. 

 

Нэхэмжлэгч нь эмнэлгийн үзлэгийн төлбөр 30,000 төгрөг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хугацаанд гарсан шатахууны зардал 75,500 төгрөг, осолд орох үед өмсч явсан хувцсыг ашиглах боломжгүйгээс шинээр авсан хувцасны үнэ 570,000 төгрөг, Н УР эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1,334,140 төгрөг, тус эмнэлгээс авсан эмний үнэ 67,000 төгрөг, бүсэлхий нурууны MRI зураг авахуулсаны төлбөр 350,000 төгрөг нийт 2,426,640 төгрөг гаргуулах шаардлага гарсан ба үүнээс эмнэлгийн үзлэгийн төлбөр болон шатахууны зардал нийт 105,500 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа 105,500 төгрөгөөс татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэсэн байх ба ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аливаа этгээд эрүүл мэндээ хамгаалж эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй. Иймд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нь эрүүл мэндээ хамгаалах шаардлагаар MRI зураг авахуулсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд түүнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Н УР эмнэлэгт нурууны доод хэсгийн аарцагийн өнгөц гэмтэл оноштойгоор 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн, эмийн эмчилгээ хийлгэсэн болох нь тухайн эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний баримтууд, хийгдсэн эмчилгээний талаарх эмчийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд бүсэлхий, нурууны MRI зураг авахуулж, төлбөр 350,000 төгрөгийн 105,000 төгрөгийг нэхэмжлэгч төлж, 245,000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байна. Эдгээр зардлаас 245,000 төгрөг нь нэхэмжлэгчээс гарсан зардалд хамаарахгүй, үлдсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарна. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1,334,140 төгрөг, эмний үнэ 67,000 төгрөг, MRI зураг авахуулсан төлбөр 105,000 төгрөг нийт 1,506,140 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.     

 

Харин осол болох үед өмсч байсан нэхий куртикийг ашиглах боломжгүй байсан гэж үзэх баримтгүй, энэ талаар нэхэмжлэгч ямар нэг баримт гаргаж өгөөгүй тул шинээр авсан куртикний төлбөрийг зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдоогүй. Иймд куртикний үнэ 570,000 төгрөг болон эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн MRI зурагний төлбөр 245,000 төгрөг нийт 815,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь осол болсны дараа нэхэмжлэгчийг эмнэлэгт үзүүлж төлбөрт 362,500 төгрөг төлсөн талаарх дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ зардлыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй эм болон эмчилгээний төлбөр нь дээрх хугацаанаас хойш гарсан зардал байх ба нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах үндэслэлгүй байна. 

 

Иргэдийн төлөөлөгч Б.Н нь хариуцагч Г.Хийг зам тээврийн осолд буруутай, нэхэмжлэгчид учирсан хохирлоос куртикний төлбөр үндэслэлгүй, бусад хохирлыг нотлох баримтад үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Хээс 1,506,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Хд олгож, нэхэмжлэлээс 815,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Г.Хд холбогдох 105,500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,780 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 39,048    төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА

 

                                        ШҮҮГЧИД                                             Г.АРИУНАА

 

                                                                                 Ж.КУЛЬДАНА