Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                                  М.Баярмэнд

Улсын яллагч                                                О.Билгүүндаш

Шүүгдэгч                                                        Б... 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б...           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... нарын хамт амьдардаг, Завхан аймаг, ... сум ... багийн ... тоотод оршин суух, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ... овогт ... / регистрийн дугаар: .../

Шүүгдэгч Б... нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ... сумын ... багийн ... тоот хашаан дотор байсан Х... эзэмшлийн ... маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, эзэмшигч ... зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн ... сумын ... баг ... тоот хашааны гаднаас Н... эзэмшлийн ... маркийн улсын дугааргүй мотоциклийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Н... зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Х..., Н... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хохирогч нар  “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч  ... овогт ... нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ... сумын ... багийн ... тоот хашаан дотор байсан Х... эзэмшлийн ... маркийн мотоциклийг түүний  зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тээврийн хэрэгслээ хашаанаасаа алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Х... “...Би... 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн орчим байх би хашаанаасаа үхрээ гаргаад бэлчээрт нь гаргахаар тууж яваад 30 орчим минутын дараа буцаад хашаандаа орж иртэл манай хашаанд байсан мотоцикл алга болсон байсан юм... Улаан өнгийн улсын дугааргүй ... маркийн мотоцикл байсан ... 2025 оны 04 сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манайд ... гэх залуу согтуу орж ирээд манай нөхрийг сураглачхаад тэгээд яваад өгсөн юм, тухайн өдөр манайхаар өөр хүн орж гараагүй...” гэсэн мэдүүлгээр,

Б... тухайн өдөр улаан өнгийн мотоцикл жолоодож явсан талаар мэдүүлсэн гэрч С... “ ... Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ... 13 цагийн орчим би ахындаа байж байхад ... мотоциклтойгоо ... гэх хүний хамт ирсэн. …Б... улаан өнгийн улсын дугааргүй нэрийг нь сайн мэдэхгүй мотоциклтой явж байсан би тухайн үед хэний мотоцикл юм бэ гэж асуухад ... ахын мотоцикл би өөрөөс нь гуйж авсан юм гэж хэлсэн. … намайг ирж авах үед урд талын кирло нь салж унасныг нь ... өөрөө авсан, өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй, шинэвтэр мотоцикл байсан. …Би тухайн мотоциклийн эзэмшигч ... гэх хүнийг нэг нутгийнх гэдгээр нь танина...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б... нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн ... сумын ... баг ... тоот хашааны гаднаас Н... эзэмшлийн ... маркийн улсын дугааргүй мотоциклийг эзэмшигч Н.... зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт нь

хохирогч Н... “...2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр би ... өөрийн эзэмшлийн ... маркийн улсын дугааргүй улаан шар өнгийн мотоциклоо ... сум ... баг ... тоот хашааныхаа гадна тавиад орхисон юм. ... Тэгээд 19 цагийн үед мотоциклоо хашаа руугаа оруулъя гээд гарахад алга болчихсон байсан.  Манай эхнэр ... нь 18 цаг 20 минутын үед ирэхэд миний мотоцикл гадаа байсан түүнээс хойш л алга болчихлоо...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ч... “…2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед ... бид хоёр ... төв рүү орж хэсэг архи уусан, тэгээд буцаж ... дамжаад ... руу гарсан. Тэгээд ... намайг ... доор байх худгийн хажуу талын хашааны буланд та энд сууж бай би гялс ийшээ явчихад ирье гэж яваад удалгүй шар өнгийн мотоцикл унаад хүрээд ирсэн, тэгэхээр нь би чи хаанаас мотоцикл авчих ваа буцааж тавь болохгүй гэхэд ... зүгээрээ манай ахын мотоцикл байгаа юм түлхүүр нь толгойдоо байна хоёулаа ... орчхоод л буцаад хүрээд ирье гээд явсан... Маргааш нь ... мотоциклоо өнхрүүлж уруудаад нөгөө мотоцикл байсан хашааны урд талынх нь хашаанд байсан нэг машиныг түшүүлээд орхисон. Тухайн хашаанд байсан гэр нь цоожтой байсан би тухайн явдлыг хашааны гаднаас харсан...”  гэсэн мэдүүлгээр,

гэрч Н... “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн дүү болох ... эзэмшлийн шар өнгийн ... маркийн мотоцикл хашааных нь гадна талаас алга болсон. Хэн авсан талаар мэдэхгүй байна гэхдээ ...хойд талын цагаан худгийн арын хашаанд байсан ногоон өнгийн машиныг түшүүлээд тавьчихсан байсан. Тэгэхээр нь алдсан мотоцикл олсон гээд авсан энэ үйл явдлыг би болон ... эхнэр харсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ж... “…2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед намайг ажлаасаа тараад ирэхэд манай нөхрийн мотоцикл гэрийн гадаа байж байсан юм. Цаг гарангийн дараа нөхөр маань мотоциклоо оруулъя гээд гэрээсээ гарсан чинь мотоцикл байхгүй болчихсон байна хэн унаад явчхав гээд гэртээ ороод ирсэн тэр үйл явдал 1 цагийн дотор л болсон. Тэгээд манай нөхөр хөдөө мал руугаа яваад хэд хоноод байж байтал манай арын нэг айлын хашаанд манай мотоциклийг тавьчихсан байсан тэгэхээр нь мотоциклоо тухайн хашаанаас авсан тэр хашаа нь эзэнгүй байсан. …Тэр хашаанд байсан ногоон өнгийн машиныг түшүүлээд тавьсан байсан, эвдрэл гэмтэл гарсан байсныг нь би сайн мэдэхгүй байна. Хүргэн ах буюу нөхрийн маань төрсөн ах ... унаад гэрт хүргэж өгсөн…” гэсэн мэдүүлгээр,

мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.... мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Х... 1,500,000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №ТХҮ-... дугаартай шинжээчийн “…. маркийн мотоциклийн үнийг  1,500,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр,

мөн хохирогч Н...  1,500,000 төгрөгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025  оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №ТХҮ-..... дугаартай шинжээчийн “… маркийн мотоциклийн үнийг  1,500,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгтээ тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авч явдгаараа төсөөтэй боловч ашиг хонжоо олж завших буюу өөрийн өмчлөлд авах, худалдан борлуулах, сольж арилжих зэрэг шунахай сэдэлтгүй байдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

Б... нь хохирогч Х..., Н... нарын тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар бусдад худалдаагүй, арилжаагүй, мөн өөрийн өмчлөлд аваагүй харин хохирогч Х... мотоциклийг Завхан аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хийлгэсэн, мөн хохирогч Н... мотоциклийг эзэнгүй айлын хашаанд орхиж явсан болох нь хохирогч Х... “...Би алдсан мотоциклоо олсон. Цагдаа нар олсон гээд журмын хашаанд хийсэн байсан. Би журмын хашаанаас өөрөө очиж авсан. ...Ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. ...Миний таньдаг дүү болох Б... нь мотоцикл авч явсан байсан болохоор ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн эд хөрөнгөөр хохироогүй...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Н...  “…Би тухайн үед хөдөө байсан. Миний мотоциклийг айлын хашаанд тавьчихсан байсан гэсэн. Яг хэний хашаанд тавьсан гэдгийг нь би мэдэхгүй байна. …Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна. Хэргийн дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б... нь хохирогч нарын мотоциклийг завших зорилгогүйгээр авч явсан гэж үзэх үндэстэй байна.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “ авто тээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор заасан байна. Дээрх хуулийн заалт болон, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дээрх мотоцикл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох авто тээврийн хэрэгсэлд хамаарч байна.

Шүүгдэгч Б... нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч явах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгосон боловч, ийнхүү ухамсарласан хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгон, уг хор уршигт зориуд хүргэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Б... “тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч явсан үйлдэл”  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн обьектив шинжийг, шууд санаатай үйлдлээр тухайн мотоциклийг завших зорилгогүйгээр авч явсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Улсын яллагч шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.

Гэмт хэргийг нийлмэл болон нэгдмэл гэж эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт ангилан үздэг ба энэхүү төрлийг гэмт этгээдийн хүсэл зориг, түүндээ хүрэхийн тулд хэрэглэсэн арга, хэрэгсэл гэх мэт гэмт үйлдлийн объектив хийгээд субъектив шинжүүдтэй нь нөхцөлдүүлэн үндэслэлтэй, бодитой тогтоох нь хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтайгаар оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Нийлмэл болон нэгдмэл гэмт хэргийн хувьд нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээс бүрддэг ижил төсөөтэй талтай байдаг хэдий ч зөвхөн нэгдмэл гэмт хэргийн тухайд үргэлжилсэн, удааширсан үйлдэлтэй гэж ангилан үздэг болно.  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн үйлдэлтэй  гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Б... нь хохирогч Х... мотоциклийг, мөн хохирогч Н... мотоциклийг нь өөр өөр газар, цаг хугацаанд, тус тусдаа үүссэн сэдлийн хүрээнд үйлдсэн буюу тус бүр нь тус тусдаа эхэлж, төгссөн  байгаагаас үзэхэд үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.

Шүүгдэгч Б... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч хохирогч нарт мотоциклийг нь буцааж өгсөн, шүүгдэгчээс хохирогч нар ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б... нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.

Шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэлээ.           

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнд өмнө авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд             

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б... 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б... оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б... нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.   

5. Б... 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.            

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.НАНДИНЦЭЦЭГ