| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0940/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1125 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,
Шүүгдэгч Т.Э , түүний өмгөөлөгч Р.Машлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э д холбогдох эрүүгийн 2403008830327 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 10 дугар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам, “Золо” зочид буудлын урд замд “Тоёота Сай” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэх заалтыг зөрчсөний улмаас мотоцикл мөргөж, улмаар тус мотоциклийн зорчигч болох 35 настай, эрэгтэй, Б.О -ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Т.Э нь 2024 оны 10 дугар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам, “Золо” зочид буудлын урд замд “Тоёота Сай” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэх заалтыг зөрчсөний улмаас мотоцикл мөргөж, улмаар тус мотоциклийн зорчигч болох 35 настай, эрэгтэй, Б.О -ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12 дугаар тал/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 22-23 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24 дүгээр тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-29 дүгээр тал/,
Хохирогч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай найз Ц жолоо бариад Нарны замын мопед, унадаг дугуйн замаар явж байсан. Би хойд талд нь сундлаад явж байсан. ...Надад ослын улмаас зүүн хөлийн өвдөгний үенд гэмтэл учирсан. Шаант яс хугарсан байсан. ...Тухайн жолоочоос хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Би баримтаа цуглуулж гаргаж өгнө. Би ослын дараа хагалгаанд хадуулсан. Үүнийг 1 жилийн дараа авхуулах хагалгаанд орно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар тал/,
Гэрч А.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр Да хүрээ захаас 10 дугаар хорооллын Материал импекс дээр байрлах гаалийн талбай орох зорилгоор би өөрийн эзэмшлийн "Hyusong" нэртэй мопедоо унаад, миний араар найз Б.О суугаад 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагийн орчим хөдөлсөн. ...Бид хоёр Дотоод хэргийн их сургуулийн хажуугаар уруудаад Нарны замаар чигээрээ яваад Нарны гүүр орох гэж байсан чинь гэнэт нэг машин зүүн талаас хөндлөн орж ирээд бид хоёрыг мөргөөд газар унагаасан. ...Тухайн үед түргэн тусламж дуудсан байж байгаад удах шинжтэй байхаар нь дуудлагаа цуцалсан ба нөгөө мөргөсөн машины жолоочийнх нь дүү нь ирээд манай найз тэр гурав үлдсэн. Удалгүй бид хоёрыг мөргөсөн жолооч манай найзыг гааль дээр хүргэж өгсөн байсан. ...Миний унаж явсан мопед 110сс хөдөлгүүртэй. ...Би жолоо барих эрхийн В ангилалтай. ...Миний эрүүл мэндэд учирсан гэмтэл бэртэл байхгүй. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Миний мопедод учирсан эвдрэл гэмтэл хохирол байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.М н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тоёота Сай маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. ...урд буфер бага зэрэг халцарсан. ...Ямар нэгэн гомдол санал байхгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй. ...Т.Э нь миний нөхөр байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 144, 151 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь эрүүл мэндийн төвөөс нийт 6,282,880 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6,282,880 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 148 дугаар тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13928 дугаартай: “...Б.О ын биед зүүн шаант ясны хугарал, урд чагтан холбоос, булчин, шөрмөсний суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 472 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-40 дүгээр тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 269 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн, улсын дугааргүй, ... арлын дугаартай тээврийн хэрэгсэл түлхүүргүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. Залуурын урд хаалт, зүүн талын толь, гишгүүрийн баруун доод тал зурагдсан гэмтэлтэй. Учирсан эвдрэл гэмтэл шинэ гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн, улсын дугааргүй, ... арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулагч тоормосны системтэй, тоормос ажиллаж байна. Мопед ангиллын 50 см3 ээс хэтэрсэн тул мотоцикл ангилалд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92-94 дүгээр тал/,
Техникийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08/165 дугаартай: “...1. Хавтаст хэрэгт авагдсан материал, камерын бичлэг зэргээс үзэхэд Toyota Sai маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгалын автомашины буцаж эргэх газарт буюу тухайн явж буй эгнээнээс зүүн гар тийш эргэхийг хориглосон газарт зүүн гар тийш эргэсэн байна. Тиймээс Toyota Sai маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
2. Улсын дугааргүй мотоциклийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон “в”-р заалт буюу “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг... хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
4. Toyota Sai маркийн ... улсын дугаартай мотоциклийн жолооч гэснийг автомашины жолооч гэж ойлгон хариуллаа. Toyota Sai маркийн ... улсын дугаартай автомашины жолооч нь онгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт, улсын дугааргүй мотоциклийн жолооч нь онгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон “в”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 128-129 дүгээр тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Б.О аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 115-120 дугаар тал/,
Б.О ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 172 дугаар тал/,
Шүүгдэгч Т.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би одоогоор хохирол төлж барагдуулаагүй, хохирол төлнө гэдгээ илэрхийлмээр байна. ...хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг Т.Э гэдэг. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, “... ” компанид барилга угсралтын үндсэн гүйцэтгэгч буюу чанар хяналтын ахлах мэргэжилтэн хийдэг. Эхнэр маань 2024 оны 3 дугаар сард хөхний хорт хавдраар оношлогдож, түүнээс хойш эмчилгээ хийлгээд явж байгаа. Нийтдээ 2 удаа хагалгаанд орсон бөгөөд 2024 оны 8 дугаар сард туяа эмчилгээ хийлгэсэн боловч нэмэлт хагалгаанд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул Хөх хот руу эмчилгээнд явах гэж байсан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 04 цаг 30 минутын билет авсан бөгөөд замд явахдаа үхрийн мах шуузалж авч явбал сайн гэхээр нь Барс зах дээр аваачиж махаа боолгуулсан. Барс захаас гараад түгжрэлтэй байсан тул Нарны гүүрний зүүн хойд талд байх байрны дунд оруулж машинаа үлдээх санаатай явж байсан. Түгжрэлтэй байсан учир вагоноос хоцорчих байх гээд зүүн талаас баруун гарах хэсэг рүү буюу эргэх ёсгүй газар луу эргэсэн. Нарны замын хоёр урсгалтай замын хоёрдугаар эгнээний жолооч нар луу дохиж байгаад орсон. Дараа нь нэгдүгээр эгнээнд байсан жолооч нар луу дохиж байгаад орсон. Хөндлөн орсон тул үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Машинуудын цаад талд 70 сантиметр орчим зай байсан бөгөөд цаанаас мопед орж ирнэ гэж бодоогүй. Нэгдүгээр эгнээний жолооч ор гээд гэрлээрээ дохихоор нь урагш хөдлөхөд гэнэт мопед гараад ирэхээр нь тэр дороо тоормосолтол тэр хоёрыг мөргөчихсөн. Гарч ирээд хартал мопедны жолооч хувцсаа гөвөөд босоод ирсэн бөгөөд гайгүй юу ахын дүү гэхэд зүгээр гэж хэлсэн. Нөгөө залуу нь машины урд хөдлөхгүй хэвтээд байхаар нь яасан бэ гэхэд хөл эвгүй болчихлоо, эвгүй байна гэж хэлж байсан. Бид гурав байж байгаад цагдаа, түргэн дуудах уу гэхэд О нь цагдаа дуудаад яах юм бэ, жаахан байж байгаад түргэн дуудъя гэж хэлсэн. Машинууд сигналдаад байна, замаас гарчих уу гэж асуухад тэгье гэхээр нь Ц той цуг өргөөд замаас гаргачхаад машинаа зам чөлөөлөөд тавьсан. О надад хэлэхдээ би машин зардаг юм, миний машин одоо ороод ирчихсэн, бид хоёр машинаа авах гээд яарч явж байгаад ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед эхнэрийн дүүгийн нөхрийг дуудчихсан байсан бөгөөд ирчихсэн байсан. Цагдаа дуудахгүй тул Ц г явуулчихъя гээд хоорондоо бид гурав ярьсан. Зөөлөн эд гэмтсэн байж магадгүй учир тухайн үедээ түргэн дуудсан. Хэсэг байж байгаад О Ц той контейнер бууж байна, одоо задрах гэж байна гэж ярьсан бөгөөд О надад хандан ахаа түргэнээ болиулчих, та намайг Хермес дээр хүргээд өгчих гэж хэлсэн. Би орой үзүүлчхээд танд хэлье, та намайг мурьчихгүй юм байгаа биз дээ гээд ярилцаад явсан. Сүүлд ирсэн дүүгээрээ машинаа бариулаад, би өөрөө Вокзал дээр буугаад, О ыг Хермес рүү хүргүүлсэн. Вагонд суусны дараа сүлжээ орохгүй байж байгаад Сайншандад очиход сүлжээ ороход О аас надад залгаарай гэх мессеж ирсэн байсан. Дүү нь хамаатнуудтайгаа эмнэлэг дээр явж байна, манай гэр бүлийнхэн ийм зүйл болчихсон гээд хэлэхэд их уурлаж байна. Та дүүгээ над руу явуулчих, холбоотой байх хэрэгтэй байна гэхэд нь манай тэр дүү ойрын дүү биш тул би өөрийн төрсөн дүүг холбож өгье гээд хоёр дүү рүүгээ ярьсан. Тэгээд хоёр дүү рүүгээ залгаад болсон үйл явдлыг хэлээд одоо хохирогч нь эмнэлэг дээр байгаа юм, очоод уулзчих гэж хэлсэн. Манай хоёр дүүг очоод уулзахад эгч нь гэх нэг эмэгтэй хоёр дүүг маань загнасан гэж байсан. Та нар гурван хүүхэдтэй хүнийг ийм болгочхоод хаяад явсан, та нарын утасны дугаарыг шалгуулахад биш гэж байна, учир нь би цагдаагийн байгууллагад ажилладаг гэж хэлсэн. Шүүх, прокурор, цагдаа дээр би зөндөө танилтай, та нарыг цагдаад гомдол гаргана, та нар бичиг баримтаа хураалга гэж хэлсэн байсан. Манай дүү маань бид осол гаргаагүй, бид хараад зогсож байгаагүй, манай ах осол хийчихсэн, мөргүүлсэн хүн нь эмнэлэг дээр байгаа гэхээр нь бид хоёр ямар учраас бичиг баримтаа хураалгах ёстой юм гээд бичиг баримтаа өгөөгүй гэж хэлсэн гэсэн. Манай хоёр дүү Мөнгөн гүүр эмнэлэг дээр оччихоод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн доор очиж хөлийнх нь зургийг авхуулсан гэж хэлсэн. Над руу ийм гэмтэл учирсан байна, хагалгаанд орох юм байна гэж мессеж бичсэн байсан. Мессежийг нь өглөө харчхаад О луу залгаад яаж байна ахын дүү гэхэд би хагалгаанд орохоор болж байна, эргээд холбогдъё гэхээр нь шаардлагатай бол манай дүү нартай холбогдоорой, ах нь 10 хоногийн дараа очиж байгаад эмчилгээний зардлыг өгнө гээд утсаар хэлсэн. Ингэж ярьснаас хойш би хил гараад явсан учир миний утас сүлжээгүй болсон байсан. 18-ны өдөр манай дүү рүү хагалгаанд орох боллоо гээд войс бичлэг явуулсан байсныг манай дүү за ойлголоо гээд хариу бичсэн байсан. Манай дүү миний өмнөөс мөнгө гаргаж чадахгүй тул яаралтай ирээд энэ хүмүүстэйгээ уулзах хэрэгтэй байна гээд надад хэлсэн. Би очиж байгаад холбогдъё гэж бодсон байсан. Замын цагдаагийн Ө гэх байцаагч манай дүү нар луу холбогдоод мөргүүлсэн хүн гомдол гаргасан, эрүү үүсчихсэн тул осол гаргасан хүнийг хурдан Монгол Улсад буцаж ир гэх шаардлага тавьсан байсан. Би явах шаардлагатай болсон тул сувилагч авсан бөгөөд эхнэрээ дүү болон өөрийн охины хамтаар үлдээгээд явсан. 24-ний өдөр ирчхээд би О луу 11 цаг 30 минутын орчимд ах нь одоо очиж уулзъя гэхэд дүү нь гэртээ хөлөө гипсдүүлчихсэн, хаалга онгойлгож чадахгүй, манай гэрийнхэн 18 цагт ирнэ та тэр үед хүрээд ирэх үү гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Би цагдаа дээр тухайн өдөр 18 цагаас мэдүүлэг өгөхөөр болоод очиж мэдүүлгээ өгсөн. Мэдүүлгээ өгч дуусчхаад 20 цаг 30 минут орчимд гарч ирээд О луу залгатал би маргааш өглөө Монгол-Японы эмнэлэг дээр боолт хийлгэх үеэр уулзъя гэж хэлсэн. Маргааш тус эмнэлэгт дүүгийн хамтаар очиход О эхнэр, ахын хамтаар очсон байсан бөгөөд боолтоо хийлгэснийх нь дараа уулзаад ах нь ажил төрөлтэй, чиний эмчилгээний зардлыг төлнө, манай эхнэр бас бие нь өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа талаараа хэлсэн. Ө мөрдөгч асуудлыг шийдвэрлэж дуустал ажилдаа явж болохгүй гэж хэлсэн байсан тул О т хандан чи гомдлоо татаад авчих, ах нь мөнгө хэрэгтэй тул ажилдаа явах хэрэгтэй байна, ах нь хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн. Гэтэл О гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад болъё гэж хэлсэн. Ө байцаагч эрүү үүснэ, ажилдаа явж болохгүй гээд байсан учир хуулийн талаар мэдэхгүй учир гомдлыг татуулчихвал ажилдаа явж болох юм байна гэж ярилцсан. Хэдэн төгрөг авах вэ, та нарын гомдол яавал барагдах вэ, гэр бүлийнхэнтэйгээ яръя гэж хэлсэн. Мөн эхнэр нь хүртэл манай хамаатны хүн цагдаа гэж надад хэлсэн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцчих гээд О т хэлсэн. Тэрнээс хойш хоёр, гурав хоног утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Ө байцаагч руу яриад би ажилдаа явах шаардлагатай болсон, нөгөө хүмүүс нь утсаа авахгүй, мөн би хаягийг нь мэдэхгүй байна, гэр бүлийнх нь хүний утас байвал өгөөч ярих хэрэгтэй байна гэхэд эхнэрийнх нь дугаарыг өгсөн. Эхнэр лүү нь залгаад та нар гомдол гаргачихсан бол болно, эхний ээлжид ах нь 3,000,000 төгрөг шилжүүлье, дансаа явуулчих гээд хэлтэл би ажлаа тараад явж байна, гэртээ очоод нөхөртэйгөө холбогдоод хэлье гэж хэлсэн. Тэгээд утас руу нь залгахаар утсаа аль аль нь авахгүй байсан. Ө байцаагчид очоод учир байдлыг хэлэхэд ямар ч байсан холбогд, явж болохгүй гэж надад хэлж байсан. Дараа нь би өмгөөлөгчтэй холбогдоод хуулийн зөвлөгөө авч хэлсэн. Өмгөөлөгч маань эхний ээлжид ажил руугаа явж бай, би араас чинь холбогдоно, байцаагчтай чинь очиж уулзъя гэж хэлсэн тул би ажил руугаа яваад өгсөн. Манай өмгөөлөгч надад хэлэхдээ наадах чинь яс нь хугарсан тул эрүүгийн хэрэг үүснэ, хохирогчид нөлөөлөх гэх хуулийн процесс байгаа тул хохирогч руу байнга битгий залгаарай гэж хэлснээс хойш холбогдож чадаагүй. Мөрдөн байцаалтын шат, прокурорын шатанд хохирогч нарын дансыг мэдэж авч чадаагүй тул хохирлыг төлж чадалгүй прокуророос хэрэг шүүх рүү шилжиж ирсэн. О тухайн үед надад хэлэхдээ би явж байтал хажуу эгнээний машинууд зогсоод зай тавьж гарсан тул хараад машин гарч ирэхгүй байхаар нь гээд хаазлаад ортол танд мөргүүлчихлээ гээд хэлж байсан. Хэргийн материалтай танилцахад Ц гийн мэдүүлэгт тэр талаар дурдагдаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам, “Золо” зочид буудлын урд замд “Тоёота Сай” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэх заалтыг зөрчсөний улмаас мотоцикл мөргөж, улмаар тус мотоциклийн зорчигч болох 35 настай, эрэгтэй, Б.О ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хохирогч Б.О 2,169,290 төгрөгийн баримт гаргасныг шүүгдэгч төлсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн 6,282,880 төгрөгийн шүүгдэгч мөн адил төлсөн талаарх баримтуудыг ирүүлсэн. Шинжээчийн төлбөр 200,000 төгрөг төлснийг дурдаж байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өглөө. Тавилга 1,100,000 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээ, гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа, өмгөөлөгчийн хөлс, сэтгэцийн хор уршиг 24,642,690 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тавилга зэрэг нь дансны хуулгаар байна, хэн гэж этгээдийн данс руу шилжигдсэн нь тодорхой бус байх тул уг баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Өмгөөлөгчийн хөлсний тухайд заавал өмгөөлөгч авах хуулийн зүйл заалт биш, хохирогч сайн дурын үндсэн дээр гаргаж байгаа тул хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах боломжгүй. Улсын дээд шүүхээс болсон асуудал нь сэтгэцийн хор уршгийг заавал дүгнэлт гаргуулж байж тогтоох нь зүйтэй. Хохирогч иргэний журмаар жич нэхэмжлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар авсан сидиг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч баримтаар төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгээс: “...Улсын яллагчтай санал нэг байна. Өмгөөлөгчийг хөлсний тухайд өмгөөлөгчийн хөлсийг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Энэ хэрэг болоогүй бол хохирогч өөрөөсөө зарлага гаргахгүй байсан буюу гарах ёсгүй байсан зарлага гарсан тул ийм төлбөр нэхэмжилж байгаа. Тавилгын тухайд шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой. Цалин хөлс, бусад зардлын тухайд өөрөөсөө гарах ёсгүй байсан хохирлыг шаардаж байгаа нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 228.1 дүгээр зүйл, 299.1 дүгээр зүйл, 497.1 дүгээр зүйл, 499.1 дүгээр зүйл, 505.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд арилгах үүрэгтэй. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэм хорыг тээврийн хэрэгслийн эзэмшигч төлөх ёстой. Сэтгэцэд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах ёстой. Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолын дагуу тодорхой төлбөрийн хэмжээгээр гаргаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлайгаас: “...Улсын яллагчийн гаргасан гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Зам тээврийн осол болж ослын улмаас хүн гэмтсэн. Энд зөвхөн хоёр үйлчлүүлэгчийн дамжмал байдлаар олдсон үл ойлголцлоос болсон. Хавтаст хэргийн хүрээнд миний үйлчлүүлэгч улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн өмгөөлөгчийн баримтуудтай танилцсан. 1,100,000 төгрөгийн эм тариа нь тухайн үйлчлүүлэгч эмнэлгийн байгууллагад хандаад зайлшгүй шаардлагатай эм тариа эсэх нь эргэлзээтэй. Хохирсон хүн эм тариа хэрэглэх нь хэрэглэнэ. Энэ хүн энэ хугарлын улмаас ийм тариаг хэрэглэх ёстой жорыг аваад энийг төлсөн бол нотлох баримтын хувьд үнэлэгдэх байх. Өмгөөлөгчийн хөлсний талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан байсан ч одоо нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн дагуу хохирлоо нотолж, баримт нь шууд хохирол гэж зааж үзэхэд үндэслэл муутай байна. Иргэний журмаар, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шаардах эрх байгаа боловч хохирол төлнө гэдэг зүйл заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл, 45.3 дугаар зүйлд тодорхой заагаагүй, боломжит мөнгө гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой. О нь машины ченж бөгөөд хөлсөөр өөр хүмүүст ажлаа шилжүүлсэн бөгөөд машинаа өдөр болгон оруулдаг. Тухайн асуудлыг иргэний журмаар нотлох баримтаар гаргах боломжтой байна. Сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан. Шинжээчийн дүгнэлтээр төлөх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Шууд 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Гэм буруугийн хэлбэр зэргээр тогтоосон нь үндэслэл муутай байна. Шүүхээс эцэслэн шийдвэрлэвэл миний үйлчлүүлэгчээс татгалзах зүйлгүй. Хохирол төлбөрийг шүүхээс тогтоох байх, үндэслэл бүхий байдал тогтоогдоогүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13928 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.О ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж;
Мөн техникийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08/165 дугаартай дүгнэлтэд: “...Toyota Sai маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж тус тус дурджээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Э гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Э г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.О нь эмчилгээний төлбөрт 3,269,290 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өвчтэй байх хугацаандаа өөрийн ажил үүргийг өөр хүнээр гүйцэтгүүлсэн хөлс 6,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 төгрөг, нийт 26,442,690 төгрөг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч Т.Э нь хохирогчид баримтаар гарсан 2,169,290 төгрөгийг, мөн шүүхийн шатанд 1,100,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,282,880 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршиг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн зардлыг гаргуулахаар заасан. Энэ заалтад хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгээс: “...Хохирогч хохирол төлөгдвөл гомдол саналгүй гэх тайлбар гаргасныг дурдаж байна. Тусгайлан гаргах саналгүй...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлайгаас: “...Улсын яллагчаас гаргасан саналыг сонслоо. Тухайн хэрэг нь сонгох санкцитай. Түүний ажил эрхэлдэг нөхцөл байдал, хохирол төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн шинжийг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар болгоомжгүй гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд зааснаар болгоомжгүй гэмт хэрэг нь өөрөө хөнгөн гэмт хэрэг. Иймд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг харгалзана үзнэ үү. Миний үйлчлүүлэгч гэм буруудаа маргаагүй, хүлээн зөвшөөрдөг, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө маргаагүй. Түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Т.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169 дүгээр тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 51 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Т.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож;
-Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН