| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00155/И |
| Дугаар | 129/ШШ2022/00307 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 129/ШШ2022/00307
|
| 129/ШШ2022/00307 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багт оршин суух М овгийн Б.Л
Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багт оршин суух Х овгийн О
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М
Хариуцагч О.О
Гэрч О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч О.О-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- О.О нь 2021 оны 06 дугаар сард Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага халзан гэх газарт сураглаж ирээд мал зарах гэж байгаа юм байна малыг тань үзэж харъя гээд үнэ хөлсөө хэлж үзэж харсан байдаг. Тухайн үед монголын соёолон наснаас дээш насны буюу нас гүйцсэн эр үхрүүдээ нэг бүрийн үнийг 1,550,000 төгрөг, мөн нас гүйцсэн эр хонинуудаа нэг бүрийн үнийг 195,000 төгрөгөөр зарж борлуулна гэж хэлээд явуулсан байдаг. Үүнээс хойш сарын дараа хариуцагч О.О утсаар ярьж, өмнө нь малыг чинь үзсэн хүн байна. Тухайн малыг хэлсэн ярьсан үнэ ханшаар чинь авъя гэдэг саналыг тавьсан. Нэхэмжлэгч өмнө хэлж ярьж тохирсон үнэндээ гэсэн учраас зөвшөөрөөд та тэгвэл бэлэн мөнгөтэйгөө ирээд мал аваарай гэж хэлсэн. Хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ачааны чиргүүлтэй том машинтай нэхэмжлэгчийн зусаж байсан газар ирж 12 тооны нас гүйцсэн монголын шар үхрүүдийг нэг бүрийн үнэ 1,550,000 төгрөгөөр, мөн нэхэмжлэгчийн 52 тооны эр хонийг нэг бүрийн үнэ 195,000 төгрөгөөр тооцож, нийт 28,740,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон байдаг. Тухайн үед нэхэмжлэгчид малын үнэнд 16,740,000 төгрөг өгч үлдэгдэл 12,000,000 төгрөгийг маргааш данс руу нь хийе гэж хэлээд нэхэмжлэгчийн дансны дугаарыг нь авч явсан байдаг. Түүнээс хойш 10 гаруй хоносны дараа 8,000,000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд нэхэмжлэгч үлдэгдэл 4,000,000 төгрөгөө авъя гэж хэлэхэд тухайн мал чинь үнэ ханшдаа хүрээгүй гэдэг шалтгаанаар үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед хариуцагчтай хэлэлцэн тохиролцож, хариуцагчид малыг үзүүлж, тоо хэмжээ, биет байдлаар хүлээлгэж өгсөн. Гэрч н.Г, н.Га, н.Л нар нас гүйцсэн 12 тооны монголын шар үхрийн нэг бүрийн үнийг 1,550,000 төгрөгөөр, нас гүйцсэн эр хонийг 195,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 28,740,000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан гэдгийг хэлсэн. Хариуцагч үхрийг 1,300,000 төгрөгөөр, хонийг 175,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан гэж маргаж байгаа боловч түүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хариуцагчийн тухайн маргааны зүйл болох 4,000,000 төгрөгөө өгөхгүй байгаа гол үндэслэл нь авсан үхэр, хонийг хүссэн үнийн дүндээ хүрээгүй гэж нэхэмжлэгчийг очиж уулзахад нь тайлбарласан боловч тухайн малыг хэдэн төгрөгөөр зарж борлуулж, хэдэн төгрөгийн ашиг орлого олсонтой холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнэ болох үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас малын үлдэгдэл үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Л 2021 оны хавар над руу утсаар ярьсан. Таныг мал үнэтэй авч байна гэсэн та мал ирээд үзээч гэж хэлсэн. Тэгээд очиж үзээд үхэр нь аймаар туранхай байхаар нь авахгүй гээд явсан. Тэгсэн сарын дараа над руу дахиад утсаар яриад таныг л өндөр үнээр авч байгаа гэнэ, нутгийн хоёр гурван хүнд үзүүллээ ер нь л олигтой авах шинж алга, та миний малыг ирээд аваадах гэхэд нь би очиж наймаа хийсэн. 5 хязаалан үхэр, 2 бүдүүн шар үхэр, бусад нь соёолон үхрүүд байсан. Эр хонинууд нь хязаалангаас доош насны хонь байсан. Төлөг ч байсан. Би үхрийг 1,300,000 төгрөгт базаж, хонийг 175.000 төгрөг авахаар тохиролцоод 16,740,000 төгрөг бэлнээр өгч, 8,000,000 төгрөг өгөх үлдэгдэлтэй үлдсэн. Тэгтэл би танд малаа хямдхан өгсөн байна, хаа сайгүй үхэр 1,500,000 төгрөг, хонь 200,000 төгрөгөөр авч байна. Та мөнгөө нэм гэж хэлсэн. Тэгвэл чи надаас малаа ав, мал чинь амьдаараа байна, буцаагаад ачих зардлыг нь чи өг гэж хэлэхэд та 8,000,000 төгрөгөө хийчих, малаа зар, зар гэж хэлсэн. Тэгээд малыг зарах гэтэл туранхай зарагдахгүй байсан. Хэд хоногийн дараа намайг мөнгө өгөхгүй байна гээд цагдаад, өгсөн байсан. Тэгээд би цагдаад өгөнгүүт нь эхнэр рүүгээ утасдаад цагдаа шүүх болоод 8,000,000 төгрөгөө нэхээд байна гэж хэлэхэд цагдаа нь тэднийг 12,000,000 төгрөг нэхэж байгаа гэсэн. Манай эхнэр 8,000,000 төгрөгөө хиймээр байна яах вэ? гэхэд цагдаа тооцоо дуусав гээд хийчих гэж хэлсэн байсан. Манай эхнэр 8.000.000 төгрөгийг нь тооцоо дуусав гээд хийсэн. Дансны хуулга нь байгаа. Би Б.Л-с 12 тооны үхэр, 52 тооны хонь авсан гэх малын тоон дээр маргахгүй. Би Б.Л-с үхрийг нь 1,300,000 төгрөг, хонийг нь 175,000 төгрөгөөр бодож авсан. Худалдаж авсан бүх малын үнийг төлсөн учраас тооцоо дууссан гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- 1 ширхэг CD шүүхэд гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр Д.Ганбаатар, Х.Гантогтох, Б.Лхагвасүрэн нараас, хариуцагч О.Отгонбатын хүсэлтээр О.Отгонбаяраас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Л-н нэхэмжилсэн хариуцагч О.О-д холбогдох гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч О нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр ачааны том чиргүүлтэй машинтай ирээд миний 12 тооны нас гүйцсэн монголын шарыг нэг бүрийн үнийг 1,550,000 төгрөгөөр нийт 18,600,000 төгрөг, эр хонь 52 толгойг нэг бүрийн үнэ 195.000 төгрөг нийт 10,140,000 төгрөгөөр бүгд 28,740,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр даруй надад 16,740,000 төгрөг өгөөд үлдэгдэл 12,000,000 төгрөгийг маргааш өглөө данс руу чинь хийе гээд малаа ачаад миний дансны дугаарыг авч явсан. 2021 оны 08 сард 8,000,000 төгрөгийг нь өгөөд 4,000,000 төгрөгийг өгөөгүй. Иймд О.О-с 4,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Би Б.Л-с 12 үхрийг нэг бүрийг нь 1,300,000 төгрөгт тооцож 15,600,000 төгрөгөөр, 52 хонийг нэг бүрийг нь 175,000 төгрөгт тооцон 9,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Үхэр нь 5 хязаалан үхэр, 2 бүдүүн шар үхэр, бусад нь соёолон үхрүүд байсан болохоор үхрийг нь 1,300,000 төгрөгт базаж авахаар тохирсон. Эр хонинууд нь хязаалангаас доош насны хонь байсан. Б.Л-т бензиний үнэ 40,000 төгрөг нэмж өгсөн. Нийт 24,740,000 төгрөг болсноос 16,740,000 төгрөгийг бэлнээр нь тоолж өгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2021 оны 08 сард шилжүүлэн өгч тооцоо дуусгасан. Б.Л-т малын үнийг төлж дуусгасан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Л-с хариуцагч О нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр 12 тооны үхэр, 52 тооны хонь худалдан авч, хариуцагч О нэхэмжлэгчид үнийг төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу хэлцэл хийсэн байх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
Б.Л 12 тооны үхэр, 52 тооны хонийг тус тус шилжүүлсэн, хариуцагч О уг малыг хүлээн авсан, малын үнэнд 16,740,000 төгрөг бэлнээр, 8,000,000 төгрөгийг дансаар төлсөн гэх үйл баримттай зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Л үхрийн нэг бүрийн үнийг 1,550,000 төгрөгөөр, эр хонины нэг бүрийн үнийг 195.000 төгрөгөөр тооцож худалдсан гэж, хариуцагч О үхрийн нэг бүрийн үнийг 1,300,000 төгрөгөөр тооцож, эр хонины нэг бүрийн үнийг 175,000 төгрөгөөр тооцож худалдан авсан гэж маргаж байна. Зохигч гэрээний үнийн талаар хэрхэн хэлэлцэн тохиролцсныг тэдний тайлбар, нотлох баримтыг үндэслэн тогтоох боломжтой тул зохигчийн үнийн талаар маргаж байгааг гэрээний үнийг хэлэлцэн тохироогүй гэж үзэхгүй.
Гэрч Д.Г “Б.Л, О.О нар нь наймаа хийж өгөлцөж авалцаж байхад нь би очсон. Би очоод үхрийн үнийг асуухад 1,550,000 төгрөг гэсэн. Нас нийлсэн 10 гаруй үхэр байгаа гэж хэлсэн” гэж,
Гэрч Х.Г “манай хүргэн ах мал зарна гэсэн. О гэдэг хүн худалдаж авахаар ирсэн. Тэгээд би малыг нь ачилцсан. 12 тооны бүдүүн эр үхэр, 52 тооны нас гүйцсэн эр хонь худалдсан. Хонио нэг бүрийн үнийг 195,000 төгрөг, үхрээ нэг бүрийн үнийг 1,550,000 төгрөгөөр бодож зарсан” гэж,
Гэрч Б.Л “Б.Лха 2021 оны 07 сард наадмаас хойно билүү өмнөхөн билүү О.О-д 12 үхэр, соёолонгоос дээш нас нийлсэн монголын шарнуудыг нэг бүрийн үнийг 1,550,000 төгрөгөөр, 52 тооны нас гүйцсэн эр хонийг нэг бүрийн үнийг 195,000 төгрөгөөр тооцож зарсан. Бид малаа үзүүлээд үнэ ханшин дээр нь тохиролцоод наймаа хийсэн” гэж,
Гэрч О “Б.Л нь манайд очоод мал үзээдхээч гээд манай нөхрийг авч явсан. Манай нөхөр малыг нь үзээд нэг үхрийг 1,300,000 төгрөгөөр, хонио 175,000 төгрөгөөр авахаар тохирч авсан байсан. Нийт 24,740,000 төгрөг болсноос 16 сая гаруй төгрөгийг нь бэлнээр өгөөд 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 8,000,000 төгрөгийг нь би шилжүүлж тооцоо дуусгасан. Үхрүүд нь 2 том үхэр, нэг соёолон үхэр, жижиг хязаалан үхрүүд байсан. Тэр үед би нөхөртэйгээ хамт яваагүй.” гэж мэдүүлжээ.
Гэрч Д.Г Х.Г, Б.Л нар нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч О.О-с үхэр, хонь худалдан авах үед хамт байсан, харсан, тооцоо хийхийг нь мэдэж байсан учир эдгээр гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.
Гэрч О “үхрийн нэг бүрийн үнийг 1,300,000 төгрөгөөр тооцож, эр хонины нэг бүрийн үнийг 175,000 төгрөгөөр тооцож худалдан авсан” гэж мэдүүлдэг боловч тэрээр Б.Л О нарыг мал худалдах, худалдан авах үед хамт байгаагүй бөгөөд түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд гэрч Д.Г, Х.Г, Б.Л нарын мэдүүлгээр нэг үхрийг 1,550,000 төгрөгөөр, нэг хонийг 195,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авахаар талууд тохиролцож, хариуцагч 12 тооны монголын шар үхэр /нас нийлсэн/, 52 тооны эр хонь /нас гүйцсэн/ худалдан авсан нь тогтоогдож байх бөгөөд О нь худалдан авсан малын үнэ 28.740.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч О нь үхэр, хонины үнээс 24,740,000 төгрөг төлж үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч О.О-с 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-т олгох үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримтаар дууны бичлэг бүхий CD-г шинжлэн судлуулсан. CD-нд бичигдсэн бичлэгийг хариуцагч О “манайд Б.Л эхнэртэйгээ ирсэн” гэж тайлбарладаг боловч бичлэгийн огноо болон хэний яриа бичигдсэн, мөн хэдэн төгрөг төлүүлэх талаар ярилцаж байгаа нь тодорхой биш тул бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О-с 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч О.О-с 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.О-с улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-т олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА