Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х** ХХК /РД:*******/                                                  

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э*********

Гуравдагч этгээд: Ш*** С*** М** ХХК/РД:*******/ нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******, хариуцагч Ч.Э*********нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

Х** ХХК нь тус шүүхэд хандан Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э*************оногдуулсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1453075 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч Х** ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зах зээлд шар тайлагч кондишн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг.

2.2. Гуравдагч этгээд Ш*** С*** М** ХХКнь БНСУ-ын С* Н********* С**********компаниас дистрибьютерийн гэрээгээр[1][1] шар тайлагч кондишн бүтээгдэхүүнийг импортлон зах зээлд худалдан борлуулдаг.

2.3. Ш*** С*** М** ХХКнь CONDITION гэх үгэн барааны тэмдгийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор олон улсын бараа, үйлчилгээний ангиллын 32 дугаар ангиллаар эрхийн хамгаалалт хийлгэсэн.[2][2]

2.4. Тус компаниас Х** ХХК-ийн эсрэг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргасныг[3][3] тус газраас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/753 тоот албан бичгээр харьяаллын дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлсэн.[4][4]

2.5. Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э*********уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр маргаж буй 1453075 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан.[5][5]

2.6. Тус шийтгэлийн хуудсаар Х** ХХК-ийг Condition барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.7. Гомдол гаргагчийн зүгээс ... Уг маргаан бүхий 2 кондишн гэх бүтээгдэхүүнийг энгийн нүдээр харахад барааны тэмдэг өөр болох нь харагддаг. Манай барааны тэмдэг нарны зурагтай, кирилл үсгээр Кондишн гэж бичсэн. Харин гуравдагч этгээдийн барааны тэмдэг эрэгтэй хүний зурагтай. Энэ хоёр бол өөр дүрс, ойролцоо гэж харах ямар ч боломжгүй. Бичиглэлийн тухайд гуравдагч этгээдийнх латин үсгээр томоор Condition гэж бичсэн. Манай бүтээгдэхүүн монгол үсгээр томоор шар тайлагч гэж бичсэн. Доод хэсэгт нь жижгээр кондишн гэсэн байгаа. Тэгэхээр үсгэн дээр хүртэл ийм ялгаатай. Оюуны өмчийн газар Ш******* ХХК-д гэрчилгээ олгохдоо зөвхөн Condition гэдэг үгэн дээр барааны тэмдгийн хамгаалалт олгосон. Кирил, монгол үсгэн дээр хамгаалалт байхгүй. Тиймээс манайх зөрчил гаргаагүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс ... Хамгаалагдсан барааны тэмдэг үгээр хамгаалагдсан учраас тухайн бараан дээр байгаа бусад дүрс, тоо, өнгө хамгаалагдсан бараанд хамааралгүй. Эрэгтэй хүн байна уу, сар байна уу гэдэг нь хамаагүй. Хамгаалагдсан барааны тэмдгийн хүрээнд хяналт шалгалт явагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс ярьсан дүрслэлийн хувьд бол адил хэлж байна. Англи, монгол хэлээр кондишн гэж хэлэхэд дуудлага нь адил. Нэг төрлийн бүтээгдэхүүн учраас нэг лангуу дээр өрөгддөг. Зэрэгцээд байж байх юм бол ямар ч хүн алийг нь ч авах боломжтой. Үүгээр хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах учраас шийтгэл оногдуулсан. Гол үндэслэл нь хамгаалагдсан барааны үгэн дээр авсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.9. Гуравдагч этгээдийн зүгээс ... Манай компанийн барааны тэмдгээр хамгаалагдсан Condition гэх барааны тэмдгийг ашиглах эрх зөрчигдсөн. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар барааны тэмдэг нь илэрхийлэл байна, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар илэрхийлэгдэх хэлбэрийг заасан. Хуулийн энэ агуулга нь хэрэглэгч барааны тэмдгийг зөвхөн харах байдлаар ялгах бус үнэрлэх, хүртэх, амтлах, сонсох байдлаар буюу аль ч мэдрэхүйгээр ялгаж болохыг тодорхойлсон. Англи, кирилээр аль аль нь ижил дуудлагатай ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 06 сарын 04-ны өдрийн огноотой 1453075 дугаартай Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э*************гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Уг маргаан бүхий 2 кондишн гэх бүтээгдэхүүнийг энгийн нүдээр харахад барааны тэмдэг өөр болох нь харагддаг. Нэхэмжлэгчийн барааны тэмдэг нарны зурагтай, манай барааны тэмдэг эрэгтэй хүний зурагтай. Энэ хоёр бол өөр дүрс, ойролцоо гэж харах ямар ч боломжгүй. Бичиглэлийн тухайд гуравдагч этгээдийнх латин үсгээр томоор Condition гэж бичсэн. Манай бүтээгдэхүүн монгол үсгээр томоор шар тайлагч гэж бичсэн. Доод хэсэгт нь жижгээр кондишн гэсэн байгаа. Тэгэхээр үсгэн дээр хүртэл ийм ялгаатай. Оюуны өмчийн газар Ш******* ХХК-д гэрчилгээ олгохдоо зөвхөн кондишн гэдэг үгэн дээр барааны тэмдгийн хамгаалалт олгосон. Кирилл, монгол үсгэн дээр хамгаалалт байхгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд улсын хяналтын байцаагч торгууль оногдуулахаас гадна зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүнийг буцаан татах эрх мэдэл байсан. Бизнес эрхлэгчийн хувьд бүтээгдэхүүнээ буцааж татуулахгүйн тулд тэр үгийг дарчихъя гээд дарсан. Өөрийн бурууг зөвшөөрч байна гэж мушгиж ойлгож болохгүй.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно гэж заасан. Эд нар бүгд барааны тэмдгийг илэрхийлнэ. Гэтэл ганцхан үг англи биш, латин биш, кирилл үсгээр бичигдсэний төлөө торгож болохгүй гэж үзсэн. гэжээ.

3.2. Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгаалагдсан барааны тэмдэг үгээр хамгаалагдсан учраас тухайн бараан дээр байгаа бусад дүрс, тоо, өнгө хамгаалагдсан бараанд хамааралгүй. Эрэгтэй хүн байна уу, сар байна уу гэдэг нь хамаагүй. Хамгаалагдсан барааны тэмдгийн хүрээнд хяналт шалгалт явагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс ярьсан дүрслэлийн хувьд бол адил хэлж байна. Англи, монгол хэлээр кондишн гэж хэлэхэд дуудлага нь адил. Нэг төрлийн бүтээгдэхүүн учраас нэг лангуу дээр өрөгддөг. Зэрэгцээд байж байх юм бол ямар ч хүн алийг нь ч авах боломжтой. Үүгээр хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах учраас шийтгэл оногдуулсан. Гол үндэслэл нь хамгаалагдсан барааны үгэн дээр авсан гэдгийг тодруулж хэлье гэв.

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ш*** С*** М** ХХКнь олон улсын хувийн эрх зүйн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гоо сайхан болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг холбогдох оюуны өмчийн эрх эзэмшигч нарын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол улсын зах зээлд худалдаалдаг аж ахуйн нэгж билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ийн корпорацийн биологийн идэвхт бүтээгдэхүүн болох Condiotion /кондишн/ шарталтын эсрэг ундааг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд борлуулдаг.

Бидний оруулж ирдэг Condition /кондишн/ шарталтын эсрэг ундаа нь чанар, баталгаат байдлаараа зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд бараа, үйлчилгээний ялгах тэмдэг нь Condition /кондишн/ гэх нэршил юм.

Гэтэл бидний зах зээлд нийлүүлж латин үсгээр Condiotion крилл үсгээр Кондишн- ийг /дуудлага ижил/ шар тайлах бие эрүүлжүүлэх бэлдмэлийг Х******* ХХК нь өөрийн бүтээгдэхүүндээ дуурайлган Шар тайлагч кондишн гэж нэрлэж сав баглаа боодлын хувьд мөн л ижил төстэйгөөр заах зээлд нийлүүлж бидний барааны тэмдгийн эрхэнд халдсан явдал нь борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлж хэрэглэгч нар чанартай брэнд бүтээгдэхүүнээ худалдан авахдаа төөрөгдөлд орж байна гэж үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай Монгол улсын хууль зөрчсөнтэй холбогдох асуудал байх тул асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Оюуны өмчийн газарт гомдлыг шилжүүлсэн байдаг.

Оюуны өмчийн газраас Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль-д заасан барааны тэмдэг эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж байгаа эсэхийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Х******* ХХК-нд шийтгэл ногдуулсан.

Бидний зүгээс Х******* ХХК-нд хандаж төрийн захиргааны байгууллагаас ногдуулсан шийтгэлийн асуудлаар прокурорт гомдол гарах хууль зүйн эрхээ эдлээгүй, гомдол гаргаагүй тул зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүнээс Кондишн гэх нэршилтэй бараа бүтээгдэхүүнээ татан авахыг Х******* ХХК-ийн төлөөлөгчид мэдэгдэхэд барааны агуулахад байгаа бүтээгдэхүүнүүд нэгэнт ийм нэртэй гарсан байгаа. Сав, хаяг шошго шинээр хийхэд зардал их гарна тиймээс Шар тайлагч гэх нэрээ ашиглаж Кондишн гэх нэр дээр цаас наах болсноо мэдэгдсэн. Үүний дагуу дэлгүүрт худалдаалагдаж байсан бараа бүтээгдэхүүнүүд нь Шар тайлагч гэх нэршлээр худалдаалагдаж Кондишн гэх нэршилдээ хэрэглэгч нарт харагдахгүй болгож дээр нь цаас наадаг болсон. Энэ явдал нь 2022.03 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд гэнэт цаас наахаа больсон байсныг анзаарсан.

Үүний дагуу Х******* ХХК нь зөрчлийг давтан гаргаж байгаа талаар мэдэгдэхээр 2022.04.01 -нд Оюуны өмчийн газар очиход хариуцаж байсан Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*********эзгүй байсан. Утсаар холбогдоход дараа ирээрэй гэсний дагуу 2022.04.04-ний өдөр очиж уулзахад шүүхийн шийдвэр гарч гомдол тань эцэслэгдэн шийдвэрлэгдсэн, зохих итгэмжлэлтэй ажилтан, эсхүл итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрх бүхий этгээдэд шүүхийн шийдвэрийг харуулна гэсэн тул 2022.04.15-ний өдөр тавьсан шаардлагыг хангаж буй ажилтнаараа дамжуулан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.03-ны өдрийн 0838 дугаар бүхий шийдвэртэй танилцсан.

Бид Х******* ХХК нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э*************2021.06.04- ийн өдрийн 1453075 дугаар бүхий шийтгэлийн хуудсанд гомдлын шаардлага гаргасныг мэдсэн бол тухайн үед шүүхэд энэхүү асуудлаар зохих хүсэлтээ гаргаж гуравдагч этгээдээр оролцох байсан гэж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0838 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гомдлын шаардлага гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх гомдлыг үндэслэлтэй гэж үзэн 2022 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 128/ШТ2022/0030 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0838 дугаар шийдвэрийн 2 дахь хуудас 2 дугаар догол мөр Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .... гээд 3 дугаар догол мөрөнд Зөвшөөрөлгүй ашигласан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Тэр бол ойлгомжтой. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12.3 гэх заалт байдаг. Үүнд хэрэглэгчийн эрхийг тусгайлан заасан байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлийг хууль, эрх зүйн талаас нь үгүйсгэж чадаагүй нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн байна.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг гэж тодорхойлсон. Энэхүү илэрхийллийг дан ганц харагдах байдлаар ялгаж харьцуулсан нь өрөөсгөл ойлголт болно. Хуулийн 4 дүгээр зүйлд Барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэр, 4.1 дэх заалтад Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө өнгөний хослол, дуу авай, үнэр эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.

Хуулийн энэ агуулга нь хэрэглэгч барааны тэмдгийг зөвхөн харах байдлаар ялгах бус үнэрлэх, хүртэх, амтлах, сонсох байдлаар буюу аль ч мэдрэхгүйгээр ялгаж болохыг тодорхойлсон. Х** ХХК-ийн бүтээгдэхүүн дээрх Кондишн гэх үг Ш******* ХХК-ийн борлуулж буй шар тайлагч элэг хамгаалах бүтээгдэхүүний Condition гэх барааны тэмдэг нь илэрхийллийн хэлбэрээрээ ижил. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: гээд мөн зүйлийн 3.1.1 дэх заалтад "барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг; ойлгоно гэж заажээ.

2. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно. гэж заасан.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа барааны тэмдэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэдэг бөгөөд ялгагдах чадвартай илэрхийлэл байх бөгөөд тэрхүү илэрхийлэл нь дангаараа үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр хэлбэрээр, эсхүл эдгээрийн хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болохоор байна.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд, гуравдагч этгээд Ш******* ХХК-иас БНСУ-ын С* Н********* С**********компанитай байгуулсан дистрибьютерийн гэрээгээр[6][6] худалдан борлуулдаг шар тайлагч кондишн бүтээгдэхүүний барааны тэмдэг нь латин үсгээр томоор CONDITION гэх үгэн хэлбэрийн барааны тэмдгийн хамгаалалттай болох нь Оюуны өмчийн газраас олгосон 201600410 дугаартай гэрчилгээгээр[7][7] тогтоогдож байна.

5. Тодруулбал, дээрх барааны тэмдэг нь зөвхөн үгэн хэлбэрээрээ барааны тэмдгээр баталгаажсан байх бөгөөд харин Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хосолсон хэлбэр-ийн хамгаалалтгүй байна.

6. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ: гээд мөн зүйлийн 12.3.5 дахь заалтад бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах; гэж заажээ.

7. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс авч үзэхэд, мөн хуулийн дагуу хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхийг тухайн барааны тэмдгийг эзэмшигч хэрэгжүүлэхээр байна.

8. Гомдол гаргагч Х** ХХК-ийн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрх илэрхийллүүдийг үзэхэд, гуравдагч этгээд Ш******* ХХК-ийн үгээр илэрхийлэгдэж барааны тэмдгээр хамгаалагдсан CONDITION гэх барааны тэмдгийг хэрэглээгүй, харин Кондишн гэж кирилл үсгээр бичсэн үгийг хэрэглэсэн, нарны зурагтай, харин гуравдагч этгээдийн барааны тэмдэг эрэгтэй хүний зурагтай байгаа[8][8] зэргээс дүгнэхэд хэдийгээр ижил дуудлагатай боловч хэрэглэсэн үсэг өөр, түүнчлэн энгийн нүдээр харахад бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээрх зурган илэрхийллүүд илт өөр байх тул зах зээл дээрх хэрэглэгчдэд тухайн бараануудын хувьд ижил төстэй гэж төөрөгдөл үүсгэхүйц нөхцөл байдал бий болохооргүй байна гэж шүүх дүгнэлээ.

9. Тиймээс гомдол гаргагч Х** ХХК-ийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

10. Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

11. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй тул байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 12.3.5 дахь заалт, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х** ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э*************оногдуулсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1453075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ