Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга О.Лхагвадорж нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 2020/ШТ/40 дугаар шүүхийн тогтоолтой *******д холбогдох 1834002990409 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Ч.Баттүвшинтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гаран тус газар санаатай хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 2020/ШТ/40 дугаартай шүүхийн тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хорчин Саандарын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1834002990409 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорын газар очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтад нийцээгүй, хэрэгт нотловол зохих байдлыг бүрэн шалгаж нотлосон байхад дахин ажиллагаа явуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Баттүвшин болон яллагдагч ******* нарын хэн аль нь Төв аймаг дахь Цагдаагийн газар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ гэмтэл авсан талаараа дурьдаж гомдол гаргасан байна.

Гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ч.Баттүвшин болон ******* нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор мөрдөгч шинжээч томилсон тогтоол үйлдэж, уг тогтоолыг үндэслэн Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаяр дүгнэлт гаргасан байна.

Дүгнэлтээр Ч.Баттүвшингийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг 277 дугаартай дүгнэлтээр... "Баттүвшингийн биед баруун бугалаганы том судас, мэдрэл тасралт гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэсэн.

*******ийн биед хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Ч.Баттүвшингийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт зэргийг үндэслэн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан байна.

Харин 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаартай Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр *******ийн биед хэвлийд сорви гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт гарсан бөгөөд Ч.Баттүвшинд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахаар Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.

*******д холбогдох хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, *******ийн Ч.Баттүвшинг хутгалсан үйлдлийг санаатай үйлдэл гэж дүгнээд хэргийг зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлээр прокурорт буцаасан.

Мөрдөн шалгах ажиллааны явцад яллагдагч С.Аптангэрэлийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан хүсэлтийг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол үйлдэж уг тогтоолыг үндэслэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 169 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр *******ийн хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо, тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг гаргасан байна.

Дүгнэлт гарсан цаг хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ... "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй" гэх нөхцөл байдал тогтоогджээ.

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болоогүй байсан байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэмэлт өөрчлөлт орсон эрүүгийн хууль 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн № 07 /1109/ дугаартай Төрийн мэдээлэлд нийтлэгдснээр хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг, тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж хуульчилжээ.

Яллагдагч *******, хохирогч Ч.Баттүвшин нар нэг хугацаанд хэн алиндаа гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад тусад нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх шүүхийн заалтыг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжээч томилохоор хуульчилжээ.

Мөн шүүх *******д холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруугийн шүүх хуралдаанаар яллагдагч *******ийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс гаргасан гэрчээр Санжаа, Оргилболд нарыг оролцуулах гэсэн хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарласан атлаа уг хуралдаанд гэрчээр Санжаа, Оргилболд нарыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дах хэсэгт ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах эсэх асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан байхад гэм буруугийн шүүх хуралдаанаар 2 өөр утга агуулга бүхий шийдвэр гаргажээ.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36..2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заасантай нийцээгүй. Дахин шинжээч томилж *******ийн биед гэмтлийн зэрэг тогтоох цаг хугацаанд Баттүвшинд эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцох үндэслэл байгаагүй. Баттүвшингийн биед учирсан гэмтэл нь тус тусдаа юу хамтдаа тогтоогдох ёстой юу гэдэг асуудлыг шүүх шинжээч томилж шийдвэрлэх боломжтой. Хэргийн үйл баримтыг тогтоогоогүй гэж буцааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрч нарыг оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй атлаа гэм буруугийн хуралдаан дээр гэрч нарыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөрдөн байцаалтад буцаагаад ямар ажиллагаа хийлгэх нь ойлгомжгүй. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон яллагдагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан саналдаа: Шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. 2 хүний эрүүл мэнд хохирсон асуудал яригдаж байхад нэгийг нь шийдвэрлээд нөгөөг нь ажиллагаа хийхгүй байгаа нь буруу. Шүүх хуралдаанд шинжээч оролцсон. Өөрийн гаргасан дүгнэлтээ хоёр янзаар тайлбарласан. Энэ асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзээд шүүхийн тогтоол гаргасан. Холоос ирсэн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч оролцуулсан нь үндэслэлтэй. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1834002990409 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

******* нь 2018 оны 3 сарын 09-ний өдөр хохирогч Ч.Баттүвшинд хутгалуулж биед нь гэмтэл учирсан асуудлыг шалгуулахаар Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан байна /1хх-ийн 15-16 дугаар хуудас/.  2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор 2018 оны 6 сарын 06-ны өдөр “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №322” шинжээчийн дүгнэлтээр *******ийн биед хэвлийд сорви тогтоогдсон. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. Дахин Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн /хавтаст хэрэгт уг тогтоол байхгүй/ дахин шинжилгээ хийлгэх тухай 02 дугаартай тогтоолоор “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №169” шинжээчийн дүгнэлтээр *******ийн хэвлийд тогтоогдсон сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна /2хх-ийн 49-51 дүгээр хуудас/. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас дүгнэхэд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөгч дээрхи ажиллагааг явуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж гомдол, мэдээлэл гаргагч болох *******д мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй байна. Дээрх ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул анхан шатны шүүхийн тогтоолд “... *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэнийг тогтоогоогүй байх тул шалган шийдвэрлэх” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. *******ийн гомдол, мэдээллийг шалгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хянан шийдвэрлэх нь прокурорын эрх хэмжээний асуудал байна.  

Мөн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байгаа тул хохирогч Ч.Баттүвшингийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч нарыг оролцуулах саналыг гаргаж уг асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн шийдвэрлэж гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан нь прокурорын эсэргүүцэлд дурдсан “гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...”  гэх үндэслэлд хамаарахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 2020/ШТ/40 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ