| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/01313/И |
| Дугаар | 102/ШШ2022/02288 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/02288
| 2022 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2022/02288 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Б овогт Ч Н /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоот “Д М П” ХХК /РД: /
*байршилтай 73.56м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 48,860,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч А.З, гэрч М.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч “Д М П” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг 1 дүгээр хороо байр тоотод байршилтай 73,56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Д М П” ХХК-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний дагуу үүргээ биелүүлж, гэрээний үнийг бүрэн төлсөн. Хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 139,764,000 төгрөг төлөх ба үүнээс урьдчилгаа 40,000,000 төгрөг төлж, үлдсэн 99,764,100 төгрөгийг 18 сарын хугацаанд сар бүр 5,542,450 төгрөгөөр төлж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй.
2.2. Дээрх үүргээ хугацаа хэтрүүлэн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төлж дуусгасан. Гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохирсон ба энэ үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх үүсээгүй гэжээ.
3. Хариуцагч “Д М П” ХХК нь нэхэмжлэгч Ч.Нт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул алдангид 48,860,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
3.1. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.2-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 75,169,240 төгрөгийн 65 хувийг буюу 48,860,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийг Ч.Н дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. 2018 оны 5 сард нийт 110,000,000 төгрөг төлөгдсөн байхад өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, хариуцагч тал дансаа хаалгасан гээд төлбөрийг бэлнээр авсан, хорооны улсын бүртгэгчээс энэ байрыг худалдаж авахаас чинь өмнө шүүхээр орж байсан юм шиг байна гэхээр нь эргэлзэж мөнгөө төлөхөө больсон. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргав.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээлийн барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ Х Б” ХХК-ийн мөнгөн шилжүүлэг, кассын орлогын ордер, бэлэн мөнгөнийн орлогын баримт, орлогын ордер, төлбөрийн баримтууд /ХХ-ийн 10, 33-54 дүгээр тал/
6. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: “Д М П” ХХК-ийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, “Д М П” ХХК-ийн дансны хуулга, төлбөрийн хүснэгт, алдангийн тооцоолол, /ХХ-ийн 17-20, 26-32 дугаар тал/
7. Хариуцагч талын хүсэлтээр М.Оюунбилэгээс гэрчийн мэдүүлэгч авч нотлох баримт бүрдүүлсэн байна.
8. Зохигчдын хүсэлтээр “ГХХК, “Д М П” ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/25690 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/35757 тоот албан бичиг, “Д М П” ХХК-тай холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд, “Д М П” ХХК-ийн төлбөр төлөгдөж дууссан талаарх лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн. /ХХ-ийн 80-98 дугаар тал/
9. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: *байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 73,56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шилжилт хөдөлгөөний дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтууд /ХХ-ийн 99-128 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Д М П” ХХК-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний дагуу үүргээ биелүүлж, гэрээний үнийг бүрэн төлсөн. Хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн, уг үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх үүсээгүй гэжээ.
4. Хариуцагч нь алданги шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тодорхой хэмжээний хохирол учирсан бөгөөд гэрээгээр алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд алдангид 48,860,000 төгрөг гаргуулна гэжээ.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “2018 оны 5 сард нийт 110,000,000 төгрөг төлөгдсөн байхад өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, хариуцагч тал дансаа хаалгасан гээд төлбөрийг бэлнээр авсан, хорооны улсын бүртгэгчээс энэ байрыг худалдаж авахаас чинь өмнө шүүхээр орж байсан юм шиг байна гэхээр нь эргэлзэж мөнгөө төлөхөө больсон. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул алданги төлөх үндэслэлгүй” гэж маргасан.
6. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр “Д М П” ХХК нь Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэрийн төвийн бүс, байр тоотод байршилтай 73.56м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ч.Нийн эзэмшилд шилжүүлэх, Ч.Н нь 139,764,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 40,000,000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр төлөх, үлдсэн 99,764,100 төгрөгийг 18 сарын дотор сар бүр 5,542,450 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлж дуусгах, үнийг бүрэн төлж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийг “Д М П” ХХК шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлж, үнийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болохоор байна. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх юм.
Дээрх гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлсэн, нэхэмжлэгч нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрээний үнийг бүрэн төлж дууссан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн ба уг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан. Үүнээс үзвэл анз буюу алданги нь үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг тохирсон хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээгээр тохирсон хэмжээгээр /хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүй/ төлөх мөнгөн төлбөр буюу хариуцлага гэж ойлгоно. Энэхүү хариуцлага нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой болохыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1 дэх хэсэгт заасан байна. Алдангийн гэрээг бичгээр хийсэн, хэмжээг нь хуульд зааснаас хэтрүүлэхгүйгээр тохирсон, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн буруутай, үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан тохиолдолд алданги төлөх үүрэг үүснэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн үндсэн үүрэгт “алданги төлөх үүрэг” хамааралгүй. Иймд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийг алданги төлөөгүй үндэслэлээр хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзах эрхгүй.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсоны дагуу гэрээний үнийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлснээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Энэхүү үүргийг нэхэмжлэгч 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр биелүүлж дууссан байна. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон байна. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иймд *байршилтай 73.56м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэжээ. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үнийг гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй. Энэхүү үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, дансны хуулга болон төлбөрийн баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтад зохигч маргаагүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн байна.
Ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй, харин 2018 оны 5 сард нийт 110,000,000 төгрөг төлөгдсөн байхад өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, хариуцагч тал дансаа хаалгасан гээд төлбөрийг бэлнээр авсан, хорооны улсын бүртгэгчээс энэ байрыг худалдаж авахаас чинь өмнө шүүхээр орж байсан юм шиг байна гэхээр эргэлзэж мөнгөө төлөхөө больсон гэж маргав.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэжээ.
Талууд гэрээний 2.4-т “Төлбөр тооцоо дууссаны дараа худалдагч тал нь худалдан авагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлнэ” гэж тохирсон ба энэ нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжих бөгөөд 2018 оны 5 сард гэрээний төлбөрт нийтдээ 110,000,000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй ба энэ үндэслэлээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4,800,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 6,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үүнээс өмнөх хугацааны төлбөр болон хамгийн сүүлийн төлөлт болох 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10,000,000 төгрөгийг дансаар өгсөн үйл баримт тогтоогдов.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/25690 дугаар захирамжаар “ГХХК-ийн хүсэлтээр “Д М П” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 144,886,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авчээ. Дээрх захирамжид заасан арга хэмжээг биелүүлэх шаардлагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/35757 тоот албан бичгээр дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэст “Д М П” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байх ба уг албан бичгийг үндэслэн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь маргаан бүхий орон сууц болон үүнээс гадна 2 орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаантай хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэрээр “Д М П” ХХК-иас 94,271,963 төгрөг гаргуулж “ГХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлж, төлбөр төлөгдсөн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд нэхэмжлэгчийг хариуцагчид бэлэн мөнгө өгөх хугацаанд “Д М П” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “хариуцагч тал дансаа хаалгасан гээд төлбөрийг бэлнээр авсан учраас эргэлзэж, төлбөрөө зогсоосон” гэсэн хариуцагчийг буруутгаж буй үндэслэл нотлогдоогүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөхдөө орон сууц битүүмжлэгдсэн болохыг мэдсэн гэсэн атлаа 2018 оны 8, 9, 12 сард үргэлжлүүлэн төлбөр төлсөн байх тул “орон сууц битүүмжлэгдсэн” үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзаагүй байна.
Мөн дээрх үндэслэлүүд нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй. Учир нь: Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг төлөхөөс өмнө орон сууцны эзэмшлийг шилжүүлэх, харин үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд хариуцагчаас өмчлөх эрхээ шилжүүлэхийг шаардах эрхгүй ба харин орон сууцны захиран зарцуулах эрх түдгэлзсэн /битүүмжлэгдсэн/ байсныг мэдэгдээгүй нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна гэж үзвэл гэрээнээс татгалзах эрхтэй юм. Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь түүний гэм буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.2-т “төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн буруутай байна. Иймд хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги шаардах эрхтэй.
2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүрэг 29,784,000 төгрөгөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 6 хоногийн алданги 893,520 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүрэг 23,784,000 төгрөгийн 17 хоногийн алданги 2,021,640 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүрэг 18,984,000 төгрөгийн 26 хоногийн алданги 2,467,920 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгээгүй үүрэг 15,984,000 төгрөгийн 67 хоногийн алданги 5,354,640 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүрэг 9,784,000 төгрөгийн 1173 хоногийн алданги 4,892,000 төгрөг нийт 15,629,720 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Үүнээс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг төлж, 216,000 төгрөг илүү төлснийг хасч, нэхэмжлэгчээс 15,413,720 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэв. Иймд сөрөг нэхэмжлэлээс 33, 446,280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *байршилтай 73.56м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б овогт Ч Нт шилжүүлэхийг хариуцагч “Д М П” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Чойжамцын Нээс 15,413,720 төгрөг гаргуулж “Д М П” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 33,446,280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,985 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Д М П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нт, Ч.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 235,019 төгрөг гаргуулж “Д М П” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА