Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

2025       04         07                                         2025/ШЦТ/77

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0038/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

Улсын яллагч Н.***********,

Шүүгдэгч Ц.**********ын өмгөөлөгч С.***********,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.***********

Шүүгдэгч Ц.**********, Д.*****нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ************ ***********, ******** ********** нарт холбогдох эрүүгийн 2239002440352 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*****нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргээс 56-41 УНР улсын дугаартай North Benz маркийн улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн чиглэлд явж байхдаа буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн хөдөө хэсэг, замчдын овоо гэх газраас ертөнцийн зүгээр баруун хойд талд 6- 7 км орчим зайд А0501 дугаартай төв зам дээр тухайн тээврийн хэрэгсэл нь зогсолт хийх үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.************ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч Ц.********** нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргээс 59-57 УНХ улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын чиглэлд хөдөлгөөнд оролцож байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.************** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.**********, Д.*****нар нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргээс 56-41 УНР улсын дугаартай North Benz маркийн улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн чиглэлд явж байхдаа буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн хөдөө хэсэг, замчдын овоо гэх газраас ертөнцийн зүгээр баруун хойд талд 6- 7 км орчим зайд А0501 дугаартай төв зам дээр тухайн тээврийн хэрэгсэл нь зогсолт хийх үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Б.************ биед баруун эгэм ясны зөрөө бүхий далд хугарал, нүүрэнд зулгаралт, тархи доргилт, Ц.**********ын биед тархины дунд зэргийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун хоншоор ясны хугарал, зулай, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.**********, Д.*****нар гэм буруутай болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 33-р хуудас/,

2.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хх-ийн 35-43-р хуудас/,

3.Хохирогч Р.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед өөрийн хөдөө гэрээсээ Улаанбаатар хотын Багануур дүүрэг лүү явах ажилтай болоод өөрийн бага насны 2 хүүхэд болох 7 настай Б.***********, 2 настай Б.************, мөн саахалт айлын хүн болох найз Ц.********** нарын хамтаар худалдаж аваад 1 сар болж байсан 59-57 УНЛ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Приус-11 маркийн машинтай явсан юм л даа.... Ингээд Улаанбаатар хотын Багануур дүүрэг орчихоод ажил төрлөө амжуулчихаад мөн би бас жолооны сургуулиас жолоодох эрхийн үнэмлэхээ авчихаад 21 цаг өнгөрөөгөөд Багануур дүүргээс эргээд Жаргалтхаан сум руу гарсан. Тухайн үед миний машиныг Ц.********** жолоодоод би өөрөөр жолоочийн хажуу талд суугаад 2 хүүхдээ арын суудалд суулгаад явсан. Ингээд замдаа явж байхдаа би жоохон зүйрмэглээд зам дээр нэг машин зогсож байхад сэрээд "Хүүш машин байна гэж хэлэхэд" машин маань зам дээр зогсож байсан машиныг юу юугүй араас нь мөргөөд юу болсныг сайн санахгүй байна, ухаан алдаад удалгүй хүмүүс ирээд сэрсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53-54-р хуудас/,

4.Гэрч Д.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 12-ны орой харуй бүрий болж байхад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас Улаанбаатар хот руу М.******* түүний 27-09 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Пажеро маркийн машинтай явсан. Ингээд Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг "Замчдын овоо" гэх газраас нэлээн доош уруудаад явж байхад эсрэг урсгалд North Benz маркийн ачааны машин замын хөвөө рүү үл ялиг шахаж зогссон, эвдэрсэн байдалтай зогсож байсан бөгөөд түүний цаанаас нэг машины гэрэл гараад ирж явсан. Ингээд ************ машиныхаа хурдыг хасаад зогсож ачааны машины ойролцоо ирэхэд цаанаас нь ирж байсан машин зогсолгүйгээр гэнэт манай урсгал руу машинтайгаа орж ирээд буцаж өөрийнхөө урсгалд ороод том машины арын дугуйг хүчтэй мөргөөд эргэж манай урсгалд шидэгдэж орж ирээд манай машинтай мөргөлдөөд замын хойд тал руу замын шороо хэсэг дээр зогсоод манай машин бас замын хөвөө рүү хонхор хэсэг лүү хамраараа орж зогссон. ...Өөдөөс ирж мөргөсөн Приус-11 маркийн 59-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бидэнд зам тавьж өгөлгүйгээр урсгал сөрж орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Миний хувьд их л хурдтай явж байгаа санагдсан бөгөөд юу юугүй л орж ирсэн. Уг нь тээр доор явж байсан машин байгаа юм л даа.... North Benz маркийн тээврийн хэрэгсэл ардаа ослын гурвалжин тэмдэг байхгүй байсан бөгөөд усны саван дээр поспорттой куртек байсан. Харин сүүлд цагдаагийн ажилчид ирээд машинаасаа ослын гурвалжинг гаргаж тавьж хэргийн газрыг хамгаалалтад авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 84-85-р хуудас/,

5.Гэрч М.************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 12-ны орой гэгээ тасраа харуй бүрий болж байхад өөрийн хуурай ах Д.************ хамтаар Хэн аймгийн Цэнхэрмандал сумаас Улаанбаатар хот руу өөрийн 27-09 УБВ улсын дугаартай булчин Пажеро маркийн машинтай явсан. Ингээд 22 цаг өнгөрч байхад Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг хөдөө хэсэг "Замчны овоо" гэх газарт гарч ирээд доошоо уруудаад явж байхад эсрэг урсгалд замын хажуу руу үл ялиг шахаж зогссон эвдэрсэн бололтой ардаа поспорттой куртик тавьж анхааруулсан машин байсан бөгөөд түүний цаад талд нэг машин ирж яваа харагдсан. Ингээд машиныхаа хурдыг хасаж 20 гаран км цагийн хурдтай болгож том ачааны машины хажууд ирэхэд цаана ирж явсан машин том машины ард анхааруулсан байсан саадыг тойрч эсрэг урсгалд миний талын эгнээнд гарч ирээд явж байсан эгнээндээ орохдоо зам дээр зогсож байсан том машины арын дугуйг жолооч талын урд хэсгээрээ мөргөж, эргэж шарваж миний урсгалд орж ирээд бөгс буюу ар хэсгээрээ миний унаж явсан машины урд хэсгийг мөргөөд миний явж байсан урсгалд зогссон. Би өөрөө замаас доош бууж машиныхаа хамраараа газар тулж хендлөн зогссон. ...Миний бодлоор 56-41 УНР улсын дугаарта North Benz маркийн тээврийн хэрэгсэл ослын зогсолт хийсэн үедээ аваарын гэрэл дохиогоо асаагаагүй, ард, урдаа ямар нэгэн ослын гурвалжин тэмдэг тавиагүй, зам дээр машиныхаа ард поспорттой куртик тавьж анхааруулж зогссон. Мен ведеес ирж байсан 59-57 УНЛ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж орж ирсний улмаас дээрх зам тээврийн осол үүссэн гэж бодож байна.... Тухайн үед надтай цуг явж байсан Д.*********** ах надад хандан энэ өөдөөс ирж яваа машин ямар хурдтай явж байна аа галзуу, согтуу хүн биш биз дээ гэж хэлж байсан. Осол болсны дараа 59-57 УНЛ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Бат-Эрдэнэ машинаасаа гарч ирээд машин жолоодож явсан нөхөртөө хандах зөөлөн яв гээд байхад их хурдтай явсан даанч яав даа зөөлөн явахгүй гэж бахираад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88-90-р хуудас/,

 

6.Иргэний хариуцагч Р.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 5987 УНЛ улсын дугаартай улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан 6.800.000 төгрөг, охин Б.************** эмчилгээний зардал 1.450.000 төгрөг, нааш цаашаа явсан гэм хорын хохиролд 1.250.000 төгрөг, өөрийн эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68-р хуудас/,

 

7.Иргэний хариуцагч Б.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны өвөл л авсан байх. Яг хэзээнээс миний нэр дээр байсан хэдэн төгрөгөөр авсан болох хэдэн төгрөгөөр зарсан болох талаар би юу ч мэдэхгүй. ...Би зам тээврийн осол гаргсан талаар юу ч мэдээгүй. Бүр сүүлд л нөхөрөөсөө мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 17-18-р хуудас/,

 

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр Р.*********** хүү *******, охин ********* нарын хамт явж байгаад 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осолд орсон. Уг осолын улмаас *********** биед учирсан хохирол хөнгөн, охин Аялгуугийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарч байгааг шинжилгээний дүгнэлттэй танилцаад мэдсэн. ...Хоёр хүүхдийнхээ эмчилгээний зардалыг нэхэмжилж байна. нэхэмжлэлтэй холбоотой баримтыг нөхөр ******** *********** өмгөөлөгчид өгсөн байх...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 13-14-р хуудас/,

 

9. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжэээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 136 дугаартай "...Б.*********** биед баруун эгэм ясны зөрөө бүхий далд хугарал, нүүрэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /1 хх-ийн 145-148-р хуудас/,

 

10.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаартай "...Ц.**********ын биед тархины дунд зэргийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун хоншоор ясны хугарал, зулай, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /1 хх-ийн 157-159-р хуудас/,

 

11.Хэнтий аймгийн Политехникийн коллежийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "... 5957 УНХ улсын дугаартай улаан хүрэн өнгийн "Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ********* овогт ******** ********** /РД: **********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-р заалт "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ... 12.3-р заалт буюу "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчин аюул тохиолдох үед тээврийн дэгслийг зогсоох аpra хэмжээ аваагүй...." гэх дүгнэлт. /1 хх-ийн 179-181-р хуудас/,

 

12.Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/104 дугаартай ... 56-41 ****** улсын дугаартай шар өнгийн Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******** овогт ******* *****нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаарт заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна", 9.3.в заалт буюу "харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэнэ" гэснийг тус тус зөрчсөн байна. Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Авга овогт ************ *****/*********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтыг зөрчсөн нь нэг дэх зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...." гэх дүгнэлт,

Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/104 дугаартай "... 5957 ******* улсын дугаартай улаан хүрэн өнгийн "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ********** овогт ********** ********** /РД: *******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р заалт буюу "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байна.... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р заалтыг зөрчсөн нь нэг дэх зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...." гэх дүгнэлт. /1хх- ийн 195-197-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.********** нь 5957 ********** улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-р заалт "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна., 12.3-р заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, шүүгдэгч Д.*****нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаарт заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна", 9.3.в заалт буюу "харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэнэ" гэж заасныг тус тус зөрчжээ.

 

Шүүгдэгч Ц.**********, Д.*****нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүдийн улмаас хохирогч Б.**********, Ц.********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч Ц.**********, Д.*****нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.**********, Д.*****нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.************ хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.**********ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 37 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Д.************, Ц.********** нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.*************, Ц.********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************, Ц.********** нарт оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэв.

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.**********, Ц.********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч Б.************ эрүүл мэндэд учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******** 348,500 (гурван зуун дөчин найман мянга таван зуу) төгрөгийн баримт мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн. Хохирогч Ц.********** болон түүний өмгөөлөгч Б.Жавхлан нараас 2,957,900 (хоёр сая есөн зуун тавин долоон мянга есөн зуу) төгрөгийг нэхэмжилсэн хүсэлт болон баримтыг шүүхэд гаргасан байна.

 

Хохирогч Ц.**********ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг хянаж үзэхэд 581,413 (таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван гурав) төгрөгийн зардал холбогдох баримтаар тогтоогдсон бөгөөд уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.**********, шүүгдэгч Д.*****нар харилцан гэм буруутай байх тул уг хохирлыг хувь тэнцүүлэн хариуцуулж шүүгдэгч Д.*********** 290,706 (хоёр зуун ерэн мянга долоон зуун зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.**********т олгуулж шийдвэрлэв.

 

Харин хохирогч Ц.**********ын нэхэмжилсэн 1,150,900 (нэг сая нэг зуун тавин мянга есөн зуу) төгрөгт холбогдох хэсэг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн зардал байх тул уг 1,150,900 (нэг сая нэг зуун тавин мянга есөн зуу) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,150,900 (нэг сая нэг зуун тавин мянга есөн зуу) төгрөгийн зардлыг холбогдох нэхэмжлэх эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

        Хохирогч Б.********** эрүүл мэндэд учирсан хохиролд 348,500 (гурван зуун дөчин найман мянга таван зуу) төгрөг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.**********, шүүгдэгч Д.*****нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 174,250 (нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Б.********** хууль ёсны төлөөлөгч Х.************ олгуулж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Р.********** 59-******* улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5,009,224 (таван сая есөн мянга хоёр зуун хорин дөрөв) төгрөгийг нэхэмжилсэн. 

 

            Энэ хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.*****нь иргэний хариуцагч Д.Пагмадуламын 56-41 ******* улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ц.********** нь иргэний хариуцагч Р.******** 59-57 ****** улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг тус тус жолоодож явахад энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас 59-57 ****** улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч Р.********* нэхэмжилсэн 5,009,224 төгрөгийг шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Ц.**********, иргэний хариуцагч Д.**********, иргэний хариуцагч Р.******** нар хувь тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 1,252,306 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун зургаа) төгрөгийг хамтран хариуцах нь хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.*********, шүүгдэгч Ц.**********, иргэний хариуцагч Д.******* нараас тус бүр 1,252,306 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун зургаа) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.******** тус тус олгуулж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.********* хууль ёсны төлөөлөгч Х.**********, хохирогч Ц.********** нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.**********, шүүгдэгч Д.*****нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овгийн ****** *********, ******** овгийн *********** ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********, Ц.********** нарыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********, Ц.********** нарт оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.***********, Ц.********** нарт мэдэгдсүгэй.

           

            5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********, шүүгдэгч Ц.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.**********ын нэхэмжилсэн эмчилгээний зардлаас эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 1,150,900 (нэг сая нэг зуун тавин мянга есөн зуу) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.********** 290,706 (хоёр зуун ерэн мянга долоон зуун зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.**********т, шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Ц.********** нараас тус бүр 174,250 (нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Б.********* хууль ёсны төлөөлөгч Х.***********, шүүгдэгч Д.**********, шүүгдэгч Ц.**********, иргэний хариуцагч Д.*********** нараас тус бүрээс 1,252,306 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун зургаа) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.************ тус тус олгосугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.********** хууль ёсны төлөөлөгч Х.*********, хохирогч Ц.********** нар цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           

            9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.**********, шүүгдэгч Д.*****нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мө****************, Ц.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХБААТАР