Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

 

 

 

Г.Анхбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Одонпүрэв /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга О.Лхагвадорж нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/822  дугаар шүүгчийн захирамжтай Г.Анхбаяр нарт холбогдох 2034001080111 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.Анхбаяр, Ц.Бямбацогт, Ц.Чинзориг нар нь гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 09-10 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн нутаг "Уушигхайрхан гэх газарт хохирогч Т.Бадамсүрэнгийн нас гүйцсэн сувай үнээг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Г.Анхбаяр, Ц.Бямбацогт, Ц.Чинзориг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/822 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чонос овгийн Ганхүүгийн Анхбаяр, Ахиад овгийн Цогтбаатарын Бямбацогт, Яргай овгийн Цэрэнпилийн Чинзориг нарт холбогдох эрүүгийн 2034001080111 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн 2034001080111 дугаартай хэргийг прокурорт очтол шүүгдэгч Чонос овгийн Ганхүүгийн Анхбаяр, Ахиад овгийн Цогтбаатарын Бямбацогт, Яргай овгийн Цэрэнпилийн Чинзориг нарт урьд авсан тус бүрийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокуророос эс зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зөрчиж, хэргийг дахин прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/822 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон яллагдагч нарын өмгөөлөгч Б.Одонпүрэв гаргасан саналдаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Анхбаяр, Ц.Бямбацогт, Ц.Чинзориг нарт холбогдох эрүүгийн 2034001080111 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс эхлэн уг гэмт хэргийг төгссөнд тооцдог. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болгосноор төгсдөг.

Шүүгдэгч Г.Анхбаяр, Ц.Бямбацогт, Ц.Чинзориг нар бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 09-10 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн нутаг "Уушигхайрхан гэх газарт хохирогч Т.Бадамсүрэнгийн нас гүйцсэн сувай үнээг тууж яваад Уушиг гэх газрын хойд жалганд уг үхрийг нядалж” байгаа үйлдэл нь шүүгдэгч нар бусдын өмчийг зөвшөөрөлгүйгээр өөрсдийн мэдэлд авч, хууль бусаар захиран зарцуулж байгаа хэлбэр мөн тул анхан шатны шүүх шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь төгссөн гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “завдалтаар” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэх боломжгүй учир шүүгдэгч Г.Анхбаяр, Ц.Бямбацогт, Ц.Чинзориг нарт холбогдох эрүүгийн 2034001080111 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/822 дугаартай шүүгчийн захирамж нь өмнө хэргийг прокурорт буцааснаас өөр үндэслэлээр буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа тул “анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зөрчиж, хэргийг дахин прокурорт буцаасан” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг зөв зүйлчилж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/822 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Г.Анхбаяр, Ц.Чинзориг, Ц.Бямбацогт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ