Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.У****/РД: УК********/                                          

 

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/291 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгч Д.У****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Монгол Улсын иргэн Д.У****нь тус шүүхэд хандан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/291 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2. Шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах гэж маргасан болно.

 

 

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1 Нэхэмжлэгч Д.У****нь 2013 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага хүлээн авагчаар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1432 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн Хангалтын албанд хувцас хэрэглэл хариуцсан няравын албан тушаалд тус тус ажиллаж байсан.

 

2.2 Ажиллах хугацаандаа 2021 оны 10 дугаар сард Нийслэлийн онцгой байдлын газарт хамт ажилладаг Г.Ц***-А******хувийн маргааны үүднээс үл ойлголцол гарч, маргалдсан бөгөөд уг асуудлаар иргэн Ц.Г******* Онцгой байдлын ерөнхий газрын даргад гомдол[1] гаргаж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргаас Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид албаны шалгалт явуулах удирдамж[2] баталсан.

 

2.3. Дээрх удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр илтгэх хуудас гарсан бөгөөд тус илтгэх хуудсын Санал гэх хэсгийн 1-д ... ахлах ахлагч Д.У*******ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 37.1.16, 37.1.18-д заасныг зөрчсөн тул 48 дугаар зүйлийн 48.1.5-д заасны дагуу ажлаас халах ... гэжээ.

 

2.4. Мөн уг асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ын 1 дэх хэсэгт заасны дагуу, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэж үзэж нэг зуун м*******ан төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.[3]

 

2.5 Түүнчлэн хяналт шалгалтын ажлын хүрээнд гарсан саналын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Б/291 тушаал гаргаж, нэхэмжлэгч Д.У*******ыг төрийн албанаас халах шийтгэл оногдуулсан[4].

 

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/291 дүгээр тушаалтай[5] маргаж байна.

 

2.7. Ингэж маргахдаа ... Миний гаргасан үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаад, Г.Ц***-А***ийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхэд хийсэн шүүхийн шинжилгээний дүгнэлтэд түүний эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлтгүй буюу хэвийн гэж гарсан тул эрх бүхий албан тушаалтны зүгээс намайг хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэж зохих шийтгэлийг оногдуулсан атал төрийн албанаас халах тухай дээрх шийдвэрт биед нь гэмтэл учруулсан гэж дурдсан, түүнчлэн нэг зөрчилд торгох шийтгэлээс гадна шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, албанаас халах шийдвэрийг давхардуулан гаргасан, мөн миний бие анх удаа зөрчил үйлдсэн бөгөөд тус зөрчил нь төрийн албанаас халах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна

 

2.8. Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын даргын зүгээс ... Нэхэмжлэгч нь уг зөрчлийг 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ажлын байранд ээлж хүлээлцэх үедээ ээлж хүлээн авагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн биед нь халдсан бөгөөд нэхэмжлэлдээ ... хувийн маргааны үүднээс үл ойлголцол гарч маргалдсан гэх боловч тухайн тавьсан шаардлага нь хувийн харилцаа бус ажил үүрэгтэй холбоотой тавьсан шаардлага гэж үзэх үндэслэлтэй. Ажлын байранд алба хаагчид үл ойлголцох асуудал гарч болох хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж заасныг хэрэгжүүлээгүй мөн зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг, Онцгой байдлын алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.4.1-т ... хамтран ажиллагсадтайгаа адил, тэгш хүндэтгэлтэй харьцаж, хүний хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх гэсэн хэм хэмжээг тус тус зөрчин дэд ахлагч Г.Ц***-А***ийн биед халдсан... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

 

 

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У****нь 2013 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага хүлээн авагчаар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1432 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн Хангалтын албанд хувцас хэрэглэл хариуцсан нярваар тус тус ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2021 оны 10 дугаар сард Нийслэлийн онцгой байдлын газарт хамт ажилладаг Г.Ц***-А******хувийн маргааны үүднээс үл ойлголцол гарч, маргалдсан бөгөөд уг асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаад, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн хүний биед халдахын дэх хэсэгт заасны дагуу, миний дээрх үйлдлийг хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэж үзэж, нэг зуун м*******ан төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тус хэргийн улмаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1432 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн Хангалтын албан хувцас хэрэглэл хариуцсан нярваар томилогдон, 2 сар гаруй хугацаанд ажилласны дараа дахин Онцгой байдлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид дуудлага хүлээн авагчаар томилогдсон. Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Б.Б******* нь "шилжин ажиллах хүсэлт өг, өгөхгүй бол ажлаас хална" гэх зэргээр байнга дарамталж, өргөдөл бичүүлдэг байсан ба эрх бүхий байгууллага нь Д.У*******ын гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулсан. Зөрчлөө хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдол, санал гаргаагүй атал өөр албанд шилжүүлэн томилох, улмаар цалингийн шатлалыг бууруулж, дахин дуудлага хүлээн авагчаар томилох зэргээр удаа дараа хохироосны эцэст Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Б.Б*******, хуулийн зөвлөх, ахмад Г.А*******нараас санал гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Б/291 тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаад хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэж, зохих шийтгэлийг оногдуулсан байтал албанаас халах тухай дээрх шийдвэрт "биед нь гэмтэл учруулсан" гэж дурдсан, түүнчлэн нэг зөрчилд торгох шийтгэлээс гадна шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, албанаас халах шийдвэрийг давхардуулан гаргасан. Мөн Д.У****нь анх удаа зөрчил үйлдсэн бөгөөд тус зөрчил нь төрийн албанаас халах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна. Иймд дээрх тушаалыг эс хүлээн зөвшөөрч, маргаан бүхий актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү төлөөлөгч: Маргаан бүхий ажлаас халсан тушаал нь хоёр зүйлийг огт тусгаагүйгээр, захиргааны актын шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4-д тус тус заасан шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасан байдаг. Гэтэл тушаалд биед нь гэмтэл учруулсан гэж бодит нөхцөл байдлыг тусгаж бичээгүй. Мөн хуулийн 40.2.4-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах гэж заасан. Ц.Г******* гэх хүн Онцгой байдлын ерөнхий газарт өргөдөл гаргасан байдаг. Гэхдээ үүнийг тушаалд тусгаагүй, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй байсан. Үнэхээр энэ гомдлын хүрээнд албаны шалгалт явуулж, хянан шийдвэрлэсэн юм бол энэ талаар тусгах байтал тусгаагүй шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. гэжээ.

 

3.2 Нэхэмжлэгч Д.У****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд сургуулиа төгсөөд энэ албанд 10 жил ажилласан. Энэ хугацаанд ямар ч ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Сүүлд ажилдаа ороод 2 жил болсон албан хаагч ирж, хувийн таарамжгүй харилцаатай байсан. Надаас ээлж хүлээлцдэг байсан. Ээлж авах болгондоо ээлжээс буух цаг хумсалж цэвэрлэгээ байнга хийлгэдэг байсан. Би 2 хоёр нялх хүүхэдтэй, гэр рүү яараад тухайн үед бас хүүхэд өвдчихсөн байсан. 9 цагт буух байтал 11 цаг хүртэл цэвэрлэгээ хийлгэсэн. Тэр үедээ олон дахин энэ үйлдэл давтагдаад байхаар нь хэлчхээд, хаячаад явъя гэж бодтол араас хараалын үгээр хараахаар нь буцаж эргэж хараад уурандаа цээж рүү нь түлхтэл плитан дээр уначихсан. Тийм л юм болсон. гэжээ.

 

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.У*******ын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.У****нь нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн дуудлага хүлээн авагчаар ажиллаж байх хугацаандаа алба хаагчтай зүй бус харьцаж зодсон, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 24- ний өдрийн Б/291 дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч нь уг зөрчлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлын байранд ээлж хүлээлцэх үедээ ээлж хүлээн авч байсан дуудлага хүлээн авагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн биед нь халдсан бөгөөд нэхэмжлэлдээ хувийн маргааны үүднээс үл ойлголцол гарч маргалдсан .... гэх боловч тухайн тавьсан шаардлага нь хувийн харилцаа бус ажил үүрэгтэй холбоотой тавьсан шаардлага гэж үзэх үндэслэлтэй. Ажлын байранд алба хаагчид үл ойлголцох асуудал гарч болох хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж заасныг хэрэгжүүлээгүй мөн зүйлийн 37.1,7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; гэснийг, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.4.1-т "... хамтран ажиллагсадтайгаа адил, тэгш хүндэтгэлтэй харьцаж, хүний хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх гэсэн хэм хэмжээг тус тус зөрчин дэд ахлагч Г.Ц***-А***ийн биед халдсан. Үүний дагуу Цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн хуулиар Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үндэслэлээр 100000 /нэг зуун м*******а/ төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээсэн. Иргэн Ц.Г******* 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргад гомдол гаргасны дагуу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас Д.У*******ын гаргасан зөрчилтэй холбогдуулан Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид албаны шалгалт зохион байгуулсан. Тус шалгалтаар нэхэмжлэгч Д.У-гийн ажлын байран дахь зан байдлыг тодорхойлж, дэд ахлагч Г.Ц***-А***ийг зодсоныг тогтоож төрийн албанаас халах саналыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад танилцуулсны дагуу Захиргааны удирдлагын газраас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хийхэд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Дараа нь буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.У****өргөдөл гаргасны дагуу бага насны 2 хүүхэдтэй, амьдралын байдлыг нь харгалзан шилжүүлэн томилсон. Мөн 2022 оны 3 дугаар сарын 01 -ний өдөр өөрийн хүсэлтээр шилжин ажиллах өргөдөл гаргаж Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид шилжүүлэн томилсон. Д.У****нэхэмжлэлдээ ...хурандаа Б.Б******* нь шилжин ажиллах хүсэлт өг, өгөхгүй бол ажлаас хална гэх зэргээр байнга дарамталж өргөдөл бичүүлдэг байсан... гэх бөгөөд дарамт үзүүлсэн зүйл огт байхгүй, харин гаргасан зөрчил нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэйг учирлаж тайлбарласныг дарамталсан мэтээр гуйвуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Харин шилжин ажиллах өргөдлийг өөрийн гараар, хэний ч дарамт шахалтгүйгээр бичсэн бөгөөд бичихгүй байх эрх нь байсаар байтал өөрийн эрх ашиг нь хөндөгдсөний дараа бусдыг гүтгэх, өөртөө давуу байдал бий болгох шинжтэй байна. Нэхэмжлэгч Д.У****нь Зөрчлийн хуулиар торгуулж, буруутай үйлдэл нь нотлогдсон учир 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг биечлэн уулзаж хийсэн бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Д.У****нэхэмжлэлдээ ...миний бие анх удаа зөрчил үйлдсэн бөгөөд тус зөрчил нь төрийн албанаас халах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна гэжээ. Тухайн албаны шалгалтаар Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн зарим алба хаагчдаас нэхэмжлэгч Д.У****зан харилцааны талаар асуумж авсан бөгөөд алба хаагчдын зарим нь түүнийг харилцааны доголдолтой гэсэн байдаг. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.4 дэх хэсэгт сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд Д.У*******ын гаргасан үйлдэл нь тус журмын 3.4.1-т зориуд санаатайгаар зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарах бөгөөд тус журмын 8.1-т ...зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасны дагуу түүний үйлдэлд нь тохирсон шийтгэлийг ногдуулсан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д.У*******ын үйлдлийг хянан шалгаж хууль бус ноцтой үйлдэл гаргасан нь нотлогдож байгаа тул хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг талаар дурдсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/822 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.У****нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг үүргийг зөрчиж бусдын эрх, эрх чөлөөнд халдаж хууль бус үйлдэл гарган төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Маргаж буй Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/291 дугаартай тушаалын эрх зүйн үндэслэлээс үзвэл голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 37.1.16, 37.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт байна.

 

2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: гээд мөн зүйлийн 37.1.3 дахь заалтад эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;, 37.1.7 дахь заалтад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;, 37.1.16 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;, 37.1.18 дахь заалтад хууль тогтоомжид заасан бусад үүрэг. гэж заажээ.

 

3. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гээд мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад төрийн албанаас халах; гэж зохицуулжээ.

 

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчсөн зөрчил нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болохоор заажээ.

 

5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэлсэн болон ирүүлсэн талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Д.У****нь төрийн албанд ажиллаж байхдаа гаргасан буюу 2021 оны 10 дугаар сард Нийслэлийн онцгой байдлын газарт хамт ажилладаг Г.Ц***-А******хувийн маргааны үүднээс үл ойлголцол гарч, маргалдаж цохисон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан видео бичлэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргаас баталсан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид албаны шалгалт явуулах удирдамжид заасны дагуу хийсэн албаны хяналт шалгалтын материал, холбогдох зөрчлийн хэргийн материал[6] зэргээр тогтоогдож байна.

 

6. Мөн дээрх зөрчлийн сэдэл, шинж байдал зэргийг харгалзан үзэхэд хариуцагч нь маргаж буй Б/291 дугаартай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Харин хариуцагч нь маргаж буй тушаалд эрх зүйн үндэслэлийг хэрэглэхдээ Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 37.1.18 дахь заалтуудыг хэрэглэсэн буюу эдгээр хэм хэмжээнд заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

8. Учир нь, нэхэмжлэгч Д.У*******ыг төрийн албанаас халахдаа Алба хаагчтай зүй бус харьцаж, биед нь гэмтэл учруулан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь албаны шалгалтаар тогтоогдсон ... гэж үзсэн энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 37.1.18 дахь заалтууд тухайн зөрчилд хамааралгүй гэж үзнэ.

 

9. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж сахилгын зөрчилд хүлээлгэсэн шийтгэл нь эрх зүйн бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх зарчмыг хуульчлан тогтоожээ.

 

10. Нэхэмжлэгч Д.У****нь гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон үндэслэлээр торгуулийн шийтгэл хүлээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

11. Энэ нь түүнийг төрийн албаны сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад ... Нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаад хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэж, зохих шийтгэлийг оногдуулсан байтал төрийн албанаас халах тухай дээрх шийдвэрт "биед нь гэмтэл учруулсан" гэж дурдсан нь хууль бус болсон ... гэх агуулгаар тайлбарласан.

 

13. Хэдийгээр маргаж буй Б/291 дугаартай тушаалын 1 дэх заалтад ... биед нь гэмтэл учруулан ... гэж дурдсан байх боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан Хүний биед халдах зөрчилтэй ямар нэгэн байдлаар хамааралтай гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч Д.У*******ын гаргасан зөрчлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохооргүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

14. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс ... нэг зөрчилд торгох шийтгэлээс гадна шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, албанаас халах шийдвэрийг давхардуулан гаргасан ... гэх агуулгатай тайлбарыг шүүх үндэслэлгүй тайлбар гэж үзлээ.

 

15. Учир нь, нэхэмжлэгч Д.У*******ыг Онцгой байдлын албаны өөр хэлтэс, нэгжүүдэд шилжүүлэн томилж байсан нь сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүйгээс гадна өөрийнх нь гаргасан хүсэлтүүдийг[7] үндэслэн шилжүүлэн томилж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул эдгээрийг нэг зөрчилд сахилгын шийтгэлийн төрлийг давхардуулан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

16. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... маргаж буй тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй тул хууль бус ... гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

17. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;, 40.2.4 дэх заалтад заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах; гэх шаардлагууд нь тухайн захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагад хамаарах бөгөөд маргаж буй Б/291 дугаартай тушаалаас үзэхэд хууль зүйн үндэслэлүүдийг заасан, алба хаагчтай зүй бус харьцаж, биед нь гэмтэл учруулан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ... гэх зэргээр бодит нөхцөл байдлыг заасан, түүнчлэн иргэн Ц.Г*******ийн гаргасан гомдлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийн хийсэн албаны шалгалтаар тогтоогдсон гэдгийг дурдсан байх тул хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/291 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

19. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магистрын хөтөлбөрийн хичээлтэй гэх үндэслэлээр хүрэлцэн ирээгүй бөгөөд энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.3, 37.1.7 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У****ас гаргасан Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/291 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ