Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Иргэдийн төлөөлөгч Ж.Амартөгс

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж, Э.Батбаяр

Шүүгдэгч А.Отгонбаяр, Д.Дамдинжамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржжанцангийн Дамдинжамц, Боржигон овогт Авирмэдийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201701000036 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын В1-343 тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн Бичил хороолол 2а-60 тоотод ах Батбаярын гэрт түр оршин сууж байгаа, Боржигон овогт Доржжанцангийн Дамдинжамц /PД: НМ90082533/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 16-р хороо 75-36 тоотод оршин суух, Боржигон овогт Авирмэдийн Отгонбаяр /PД: ЧГ75072815/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч А.Отгонбаяр, Д.Дамдинжамц нар нь бүлэглэн 2017 оны 02 сарын 09-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 2017 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 6 хэсэг зип лок түгжээ бүхий уутны хамт 56,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, 2017 оны 02 сарын 09-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Дамдинжамц 2017 оны 03 сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Отгонбаяр ахыг анх 2017 оны 01 сарын эхээр тоглоомын газарт тоглоом тоглож байгаад танилцаж байсан. Отгонбаяр ах Нарантуул зах дээр цахилгаан бараа зардаг гэсэн. Тэгээд 2017 оны 01 сарын дундуур байсан байх Отгонбаярын 10-р хорооллын автобусны ар талд байдаг пабд очсон. Тэгээд интернэт тоглоом тоглож байхдаа чи урд Хятадад мөс хэрэглэж үзсэн үү гэсэн тэгэхээр нь би урьд нь Хятадын Бээжин хотод 2016 оны 09 сард явж байхдаа сорж үзсэн талаараа хэлсэн тэгтэл ах нь удахгүй бараа буцаалт хийхээр урагшаа явах гэж байгаа чи хамт явах уу гэсэн, ах нь зардлыг нь даачихъя чи тэндээс олоод өгчих гэсэн. Тэгээд Отгонбаяр ах 2017 оны 02 сарын 07-ны өдөр урагшаа явахаар боллоо намайг хамт явах уу гэж утсаар ярьсан. Тэгээд бид хоёр бөмбөгөрийн 8 шаргын тэнд уулзсан. Тэгтэл ахад нь 3 сая төгрөг байна чи өөрийнхөө хэрэгцээний мөсийг авахгүй юм уу гэхээр нь би найз Дэлгэрдалайгаас 1 сая төгрөгийг Отгонбаярын дансруу шилжүүлж авсан. Тэгээд бид хоёр 2017 оны 02 сарын 07-ны орой 22 цагийн үед Замын-Үүд рүү машинаар явсан. Бид хоёр 2017 оны 02 сарын 08-ны өглөө Замын-Үүд дээр очоод 08-09 цагийн үед хил онгойход хилээр урагшаа Хятадруу гараад цаашаа Бээжингийн унаанд суусан. Бээжинд орой 19-20 цагийн үед очсон. Бээжинд Жангум гэх газарт очоод Санлиатум гэх газраас нэрийг нь мэдэхгүй нэг хар хүнтэй уулзаж нийт 3.700.000 төгрөгөөр 5 хэсэг гялгар ууттай мөс гэх зүйлийг худалдаж авсан. Тэгтэл бонус гээд 1 гялгар ууттай мөс гэх зүйлийг хэрэглэдэг хуванцар савнууд, гуурснуудын хамт өгсөн. Тэгээд Отгонбаяр ах бид хоёр Бээжингээс Эрээний унаа явдаг газар руу орой 22 цагийн үед унаанд сууж явсан. Тэгээд 2017 оны 02 сарын 09-ний өдөр Эрээн хотод очоод Отгонбаяр ах бараа авах хүнтэй уулзана гээд би үүдэн дээр нь хүлээгээд буцаж гарч ирэхдээ өсгөгч авч гарч ирсэн тэгээд бид хоёр хамт Эрээний буудалд орсон. Тэгээд нөгөө өсгөгчний ар талын батарей ордог хэсэгт нөгөө худалдаж авсан гялгар ууттай мөс гэх зүйлээ хийсэн. Бид хоёр буудалд байхдаа хэрэглэхэд хэрэглэдэг хуванцар саванд худалдаж авсан мөснөөсөө нэг удаагийн хэрэглэхээр хэмжээтэйг шилэн гаас шиг зүйлд хийж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь гуурсаар нь сорж хэрэглэсэн. Тэгээд 16-17 цагийн үед явахаар болоод буцаалтын бараагаа буцаачихаад ирье гээд нөгөө мөс нуусан өсгөгчийг авч хамт гараад дэлгүүр рүүгээ ороод гараад ирсэн. Отгонбаяр ах уг өсгөгчийг буцаалтын бараандаа хийгээд оруулж ирэх гэж байсан тэгтэл хариуцсан дүү нь цагаан сар гээд явчихаж гээд буцаад гараад ирсэн. Тэгээд бид хоёр машинаар хил гарахаар явсан. Тэгээд Эрээнээс Замын-Үүд рүү хил гарах гэж байгаад гааль тагнуулын ажилтнуудад баригдсан. Отгонбаяр ах яах гэж ийм их хэмжээтэй авч байгаа гэдгийг мэдэхгүй. Харин би бол өөрөө хэрэглэх гэж авсан. Би мөнгөндөө тааруулж 1 сая төгрөгөнд 7-8 орчим граммыг авах байсан. Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд би Отгонбаяр ахыг та буцаалтын бараандаа хийж оруулна гэсэн яасан бэ гэтэл мөнгөгүй болчихсон Замын-Үүд гарч байж картанд байгаа 150.000 төгрөгнөөс авч зардал өгнө машинаар явчихъя зүгээр гээд явсан. Отгонбаяр бид хоёр зарж борлуулах талаар огт яриагүй. Отгонбаяр ах бид хоёр цагдаад баригдсаны дараа бид хоёр хоёулаа баригдах юм бол хөөцөлдөх хүн байхгүй болно. Ах нь чамайг асуудалгүй гаргаад авчихна гэсэн тэгэхээр нь би Отгонбаяр ахтай Эрээнд үлдсэн би худалдаж авч оруулж ирсэн гэж хэлсэн юм. Отгонбаяр ах эхлээд мөсний талаар яриад хямдхан авъя гэж ярьсан тэгээд намайг таньж мэдэх хүн байна уу гэсэн. Хямдхан үнээр авах гэж л явсан. Би Бээжинд 2016 онд тэмцээнд явж байхдаа хар хүнтэй танилцаж байсан. Тэр хүн надад мөс гэх зүйлийг хэрэглэж үзүүлсэн. Сэргээш гэж хэрэглүүлж байсан. Тэгээд сүүлд очихдоо тэр хар хүн дээр очиж авсан. Би өмнө нь 2017 оны 01 сард Отгонбаяр ахтай 10-р хорооллын пабд очих үед Отгонбаяр ахад 2 хэрэглээ орчим мөс байсныг хамт хэрэглэсэн. Дараа нь Отгонбаяр ах бид хоёр Бээжингээс мөс худалдаж авчихаад Эрээний буудалд хэрэглэсэн гэжээ. /хх-ийн 101-102/    

 

- Шүүгдэгч А.Отгонбаярын 2017 оны 02 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Нарантуул захын хажууд байрлах Баялаг Ундраа худалдааны төвд цахилгаан барааны лангууг эхнэрийн хамт түрээслэн ажиллуулдаг. Би буцаалтынхаа барааг авах гээд 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдөр явахаар болсон. Тэгтэл миний танил Дамдинжамц намайг урагшаа явах гэж байгаа гэдгийг мэдчихээд хамт явъя гэсэн. Бээжин орж хүнтэй уулзана явах ажил байгаа гэсэн тэгээд бид хоёр хамт урагшаа явсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрээн хотруу очоод би шинэ зээлийн орчимд байдаг зочид буудалд орсон. Дамдинжамц Эрээнд буудаллаагүй шууд цаашаа Бээжин явна гээд авто машинаар явсан. Дамдинжамц буцахдаа хамт явна шүү гээд явсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Эрээн хотын шинэ зээлд уулзсан. Тэгээд бид хоёр Эрээн хотоос Замын-Үүд рүү машинаар гарсан. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед байх Замын-Үүд рүү хилээр орж ирэхэд шалган дээр штамбаа даруулчихаад машиндаа буцаад суутал энгийн хувцастай хүмүүс ирээд машинаа эргүүлээд шалгах хэсэгрүү аваачаад тавь гэж жолоочид хэлээд зорчиж явж байсан хүмүүсийг өөр өөрсдийнхөө барааг авцгаа гээд авч буулгасан. Тэгээд авч явсан хүмүүсийн барааг шалгахад Дамдинжамцийн Бээжин хотоос ирэхдээ авчирсан хайрцагтай өсгөгч хөгжмийн ар талаас нь гялгар ууттай цагаан зүйлүүд гаргаж ирээд “энэ юу вэ” гэж Дамдинжамцаас асуусан тэгтэл Дамдинжамц “хар тамхи” гэсэн тэгээд бид хоёрыг саатуулан гаалийн ажилчид шалгаж цагдаад хүлээлгэн өгсөн. Би Эрээн хотод ажилтай байсан. Дамдинжамц хүнтэй уулзана гэсэн надад тодорхой зүйл хэлээгүй. Намайг Эрээн орж буцалтын бараагаа авна гэхэд ханиндаа хамт явъя би Бээжин орно хамт Эрээн хот ортол явъя гээд явсан. Бид хоёр өмнө нь хамт Эрээн явах талаар огт яриагүй байсан. Би 2,800,000 төгрөгтэй явсан. Бараа буцаалт болон давхар бараа авахаар авч явсан мөнгө байсан. Дамдинжамц бид хоёрыг 2017 оны 02 дугаар сарын  07-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явах гэж байхад Дамдинжамцын найз нь гээд нэг залуу ирээд тэр нь нэг хүнээс 1 сая төгрөг авна тэгээд Дамдинжамцад өгнө гэсэн тэгтэл Дамдинжамцад данс виза карт байгаагүй учраас миний Хаан банкны 5063385707 дугаартай дансаар шилжүүлэг хийж 1 сая төгрөг авсан. Би шилжүүлэхээр нь тэр дор нь Дамдинжамцад өгсөн. Тэгээд бид хоёр Замын-Үүд явсан. Дамдинжамц Эрээнд очоод надаас мөнгө байна уу гэж асуусан Бээжинд очоод надад мөнгө хэрэгтэй гэсэн гэхдээ би байхгүй гээд мөнгө өгөөгүй. Дамдинжамц Бээжингээс Эрээнд ирэхдээ миний байрлаж байсан буудалд орж ирсэн. Тэгээд тамир тэнхээ оруулж ирдэг сэргээш маягийн зүйл байгаа юм гээд хошуутай хуванцар савтай урд талдаа гуурс зоосон савтай зүйлийг гуурсаар нь сорж үзэх үү гээд соруулсан. Би мансууруулах бодисын талаар ямар ч ойлголт байхгүй. Би урьд нь хэрэглэж байгаагүй огт мэдэхгүй зүйл. Би сорж үзэхэд ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй биед ямар нэгэн өөрчлөлт ороогүй зүгээр л хэвийн байсан. Надад Дамдинжамц ямар нэгэн зүйл яриагүй, хэлээгүй. Би Дамдинжамцыг тийм зүйл авч явж байгаа гэдгийг мэдээгүй байсан. Урьд нь энэ талаар надад хэлээгүй, би огт мэдээгүй байсан. Тэр хуванцар савтай зүйл дотор шар цагаан зүйл байсан. Тэр саванд зоосон гуурснаас нь утаа гараад байсан түүнээс нь сэргээдэг гэхээр нь нэг л удаа сорж үзсэн. /хх-ийн 104-105/

-Шүүгдэгч А.Отгонбаярын шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Би Дамдинжамцтай уг хэргийн үйлдээгүй. Эрээнд ирээд л сэргээдэг юм гэж хэлхээр нь нэг удаа сорж үзсэн. Хар тамхины хувьд ямар ч ойлголт байхгүй. Дамдинжамц надтай Эрээнд ирээд цаашаа Бээжин явна гэж хэлээд явсан. Тэгээд ирэхдээ нэг үүргэвч, нэг өсгөгчтэй ирсэн. Хилээр түүнийг хар тамхитай явж байгаа гэдгийг мэдээгүй. Хил дээр ирэхэд л мэдсэн. Шалгалтаар Дамдинжамцын авч явсан өсгөгчин дотор байсан юм билээ. Энэ хэрэг надад огт хамаагүй гэв.

- Гэрч Л.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтод суудлын жижиг тээврийн хэрэгслийн Эрээн хотоос Замын-Үүд рүү орох чиглэлд тээврийн хэрэгслүүд шалгах ажил үүргийн хувиарын дагуу ажилаа хийж байтал 17 цагийн үед 01-18 ДГО улсын дугаартай Хятад жийпний жолооч машинаа шалгуулахаар ирсэн тэгэхээр нь гараад автомашиныг шалгах гээд очсон. Намайг уг автомашиныг шалгахаас өмнө хилийн тагнуулаас хилээр хориотой зүйл оруулж ирж магадгүй мэдээ ирсэн анхааралтай шалгаж ажиллах шаардлагатай байна гэх мэдээллийг өгсөн байсан учраас дээрх тээврийн хэрэгслийг нэг бүрчилэн шалгаж зорчигчийн ачаа тээш шалгах рентген аппаратанд уг машинд сууж явсан 2 хүний цүнх, хайрцагтай эд зүйлсийг оруулж шалгасан. Тэгээд ачаа тээшийг шалгах үед бор цаасан хайрцагтай явуулын өсгөгч дипүзерийн арын залгуур хийх онгорхой хэсгийг үзэхэд скочоор ороосон 6 хэсэг ууттай жижиг гялгар ууттай мөс мэт мансууруулах бодис байж болзошгүй хар тамхи мэт зүйлс гарч ирсэн. Уг 6 хэсэг ууттай мөс мэт зүйлийг гаалийн лабораторийн баталгаат жин дээр жинлэж үзэхэд нийт 56,4 грамм жинтэй байсан. Мөн уг дипүзерийн арын хэсгээс шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, хуванцар сав 2 ширхэг /бонго/, хуванцар саванд хийгдсэн цагаан өнгийн уян гуурс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хийсэн байсан. Тэгээд дээрх эд зүйлсийг хураан авч саатуулах хуудас бичиж эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Би тээврийн хэрэгслийг нь шалгаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан А.Отгонбаяр, Д.Дамдинжамц гэх хүмүүсийг хилээр нэвтрэх штамб даруулах үед машинд үлдсэн байсан гар цүнх, хайрцагтай эд зүйлсийг рентгенээр шалгаж үзсэн юм. Дээрх 2 хүнийг цагдаа, тагнуулын ажилтан нар саатуулан шалгаж биед нь үзлэг хийсэн байсан. Дээрх хүмүүсийн биеэс ямар нэгэн хориотой эд зүйл бараа гарч ирээгүй. Би тэр дээрх ачааг авсан хоёр хүнтэй уулзаж ярилцлага хийгээгүй. Харин цагдаа, тагнуулын ажилтан нар үзлэг хийж ярилцлага хийж байсан. Ямар зорилгоор хаанаас оруулж ирэх болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд рүү орж ирэх чиглэлээр хилээр нэвтэрч орж ирсэн. Ямар ч байсан дээрх хоёр хүн улсын хилээр орж ирэх үеийн шалган нэвтрүүлэхээр штамбаа даруулаад Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн байсан. Гаалийн тухай хуулиар бол гаалийн хяналтын бүсэд орж ирсэн байсан гэсэн үг юм. Замын-Үүд дэх гаалийн газрын хувьд авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 буюу суудлын автомашин шалгах гаалийн хяналтын бүсэд тухайн 15 хоногт хувиараар томилогдсон гаалийн улсын байцаагч нар шалгалтыг явуулдаг гэжээ. /хх-ийн 34-35/

- Гэрч Ц.Сарнайгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Авирмэдийн Отгонбаяр нь 1975 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг Авирмэд, эх Ичинхорлоо нарын гар дээр өсч хүмүүжсэн. ...Нөхөр бид хоёр одоо “Нармон” ХХК-ний шөнийн захад цахилгаан барааны лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Би Отгонбаярыг хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон талаар сүүлд мэдсэн. Отгонбаяр бид хоёр Хятад улсын Эрээн хотруу цахилгаан бараандаа бараа хэр хурдан зарагдахаас шалтгаалан явдаг юм. Отгонбаяр одоогоос 1 жилийн өмнө лангууныхаа цахилгаан барааг Эрээн хотоос авчирсан тэгтэл уг бараанууд дунд эвдэрхий ажиллахгүй болсон цахилгаан бараанууд байсан. Тэгээд бараагаа өөрөө авч явж буцааж чадахгүй байсан учраас заримыг нь нэг нэгээр нь урагшаа явж байгаа хүнд дайж буцааж явуулж байсан.  Тэгээд өөрөө 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр урагшаа явахаар болоод түрүүлж буцааж явуулсан бараануудаа буцаагаад аваад ирээрэй гээд явсан.  Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 10-ны орой цагдаад баригдсан тухай мэдэгдэж мэдэх болсон. Би Отгонбаярыг бараагаа буцаалт хийж авчирсан юм уу үгүй юм уу одоогоор мэдээгүй байна. Отгонбаяр бараагаа буцаалт хийгээд аваад ирье гээд явсан. Надад хэнтэй ч явлаа гэж яриагүй. Өмнө нь 3-4 DVD тоглуулагч, том өсгөгч зэргийг түрүүлээд буцаалгаад эргүүлээд авчирах байсан гэжээ. /хх-ийн 36-38/

- Гэрч Л.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би Дамдинжамцтай 2008-2009 оны үед байсан байх биллиардын тэмцээн дээр анх танилцаж байсан. Дамдинжамц биллиардаар хичээллэдэг одоо Монгол улсын биллиардын шигшээ багын тамирчин юм. Дамдинжамц бид хоёр дотно найз нөхдийн холбоотой болсон. Дамдинжамцтай анх танилцаж байхад телевизийн тэнд талийгаач ээжийндээ байж байгаад циркийн орчимд амьдардаг байсан. Ээж нь 2016 онд нас барснаас хойш түрээсийн байранд амьдрах болсон. Дамдинжамц бид хоёр уулзаагүй байж байтал цагдаад баригдсан хоригдож байгаа гэж сонссон.  Би хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Дамдинжамцтай орой уулзахад урагшаа Хятад руу нэг ахтайгаа электрон бараанд явлаа гэсэн тэгээд маргааш нь өөрийнхөө 85555181 дугаараас залгаад надад мөнгө хэрэгтэй болчихлоо 1 сая төгрөг зээлээч гэсэн тэгээд би өөрийнхөө 96019490 дугаараас Хаан банкны 5009471066 дугаарын дансаар Мобайл банкаар шилжүүлэг хийж 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Би Дамдинжамцийн явуулсан Хаан банкны дансны дугаарыг тухайн үедээ цээжлээд одоо мэдэхгүй байна. Надад мөнгө хэрэгтэй байна урагшаа нэг ахтайгаа электрон бараанд явчхаад ирье ирээд өгчихнөө гэсэн өөр зүйл яриагүй. Надад нэг ахтайгаа хамт л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ....Би машин зарсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг Дамдинжамцад өгсөн. Би Дамдинжамцад ямар нэгэн бараа захиагүй, урагшаа юунд явах гэж байгааг нь ч мэдээгүй байсан гэжээ. /хх-ийн 39-41/

- Гэрч Д.Дамдинбазарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Доржжанцангийн Дамдинжамц нь 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. Бага насаа эцэг Доржжанцан эх Тэгшжаргал нарын гар дээр өссөн.  Улаанбаатар хотод Монген сургуульд сурч 8-р анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд биллиардаар хичээлсэн. Түүнээс хойш “Эвс” клубт харьяалагдаж Монголын Покет биллиардаар хичээллэсэн. Түүнээс хойш “Эвс” клубт харьяалагдаж Монголын Покет биллиардын холбооны шигшээ багийн тамирчнаар одоог хүртэл явж байна. Дамдинжамц нь хамгийн сүүлд гэхэд 2015 оны снүкер улсын аварга, 2014 оны Азийн наадамд 8-р байранд орж байсан. Улсын хэмжээнд бол олон тэмцээнээс аваргын медаль авч байсан. Зан байдлын хувьд хүний үгэнд амархан ордог, тамхи хэрэглэдэг, архи хэрэглэдэггүй, элдэв муу зуршилгүй, хүнтэй маргаад байдаггүй, төлөв даруу зантай. Манай аав Доржжанцан нь бид нарыг бага байхад гэр бүл салаад одоо сураггүй байдаг. Дамдинжамц ээжтэй Сүхбаатар дүүргийн 2-р хороо 20б-06 тоотод оршин сууж байгаад 2016 оны 06 дугаар сард манай ээж Тэгшжаргал өвчний улмаас нас барсан түүнээс хойш надтай хамт манайд байдаг байж байгаад ганцаараа бичил хороололд байр түрээслэж байгаад одоо найз Батбаяртайгаа бичил хороололд хамт амьдарч байгаа гэжээ. /хх-ийн 46/

- Шинжээчийн 1895 дугаартай дүгнэлт: 1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Доржжанцангийн Дамдинжамц 1990.08.25. НН90082533 2017.02.09. шээсний дээж мөрдөн байцаагч а/д Б.Шинэзориг” гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрсэн. “Авирмэдийн Отгонбаяр 1975.07.28 ЧГ75072815 21.05 цагт мөрдөн байцаагч Б.Шинэзориг” гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 48-50/

- Шинжээчийн 2177 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. 2.Шинжилгээнд ирүүлсэн №1-1 гэж дугаарласан, №2-1 гэж дугаарласан, №3-1 гэж дугаарласан, №4-1 гэж дугаарласан, №5-1 гэж дугаарласан, №6-1 гэж дугаарласан дээжүүдэд, улаан өнгийн тагтай цорго гаргасан хуванцар сав, сүүл хэсэг нь хагарсан шилэн гаанс мэт зүйл,  ZN3859307 сер дугаартай МУ-ын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг тус тус метамфетамины /МАМР/-ы агууламж илрэв. Шаргал өнгийн цорго гаргасан тагтай хуванцар сав, цэнхэр өнгийн дугуй хэлбэрийн хуванцар соруул мэт 2 ширхэг зүйл, 33 см цагаан өнгийн 2 ширхэг гуурс, 5,5 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 6 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. 3.Шинжилгээгээр илэрсэн метафетамины /МАМР/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” жагсаалтад багтдаг. Жич: Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг гялгар ууттай дээжлэн авсан мөс мэт зүйлүүд, Мөнгөн дэвсгэрт 100 төгрөг, 1 ширхэг хуванцар сав /улаан, шаргал тагтай/ 2 ширхэг, цагаан өнгийн гуурс 2 ширхэг, богино гуурс 2 ш, цэнхэр өнгийн хуванцар соруул-2 ширхэг, хагархай шилэн гаанс-1 ширхэг зэрэг зүйлсийг дүгнэлтийн хамт буцаав. /хх-ийн 52-55/

-Шинжээч Б.Энхмандахын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Шинжээч томилох тогтоолд дурдсан дээж, эд зүйлүүд шинжилгээнд ирүүлсэн дээж, эд зүйлүүдтэй тохирч байсан. Шинжилгээгээр №1-1, 2-1, 3-1, 4-1, 5-1, 6-1 гэж дугаарласан дээжүүд улаан өнгийн тагтай цорго гаргасан хуванцар сав, сүүл хэсэг нь хугарсан шилэн гаанс мэт зүйл ZN3859307 сер дугаартай Монгол улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэгт тус тус метамфетамины /МАМР/-н агууламж илэрсэн. Энэ нь НҮБ-н сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид байдаг болно. Бусад эд зүйлсээс сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Метамфетамин нь төв мэдрэлийн системийг дарангуйлан орчноо мэдрэх чадвараа алдаж хэл яриа, үйл хөдлөл зэргээ хянах чадваргүй болж эсхүл хөөрлийн байдалд орж болно. Идэвхитэй үйлчилгээ нь 4 цаг биеэс ялгарах хугацаа нь 14-16 цаг шээсээр бүрэн ялгарч дуусна гэжээ. /хх-ийн 57-58/

 -Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх-ийн 2/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/

-Бараа, тээврийн хэрэгслийн саатуулах хуудас /хх-ийн 7/

-Ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-12/

-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/

-Эд зүйл дээжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-21/

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл /хх-ийн 22/

-Шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-27/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 314 тоот дүгнэлт: 1.А.Отгонбаяр нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвдөж байсан эх баримт мэдээлэл үгүй байна. 2.Одоо А.Отгонбаяр нь сэтгэцийн өвчингүй байна. 3.А.Отгонбаяр нь сэтгэцийн өвчингүй байна. 4.А.Отгонбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.А.Отгонбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.7.А.Отгонбаярт мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх баримт шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-ийн 60-61/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 313 тоот дүгнэлт: 1.Д.Дамдинжамц нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвдөж байсан эх баримт мэдээлэл үгүй байна. 2.Одоо Д.Дамдинжамц нь сэтгэцийн өвчингүй байна. 3.Д.Дамдинжамц нь сэтгэцийн өвчингүй байна. 4.Д.Дамдинжамц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.Д.Дамдинжамц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.Д.Дамдинжамц мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх баримт шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-ийн 63-64/

-Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/хх-ийн 108-111/

-2006 оны 01 сарын 05-ны 22 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 113-114/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 212-213/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүгдэгч А.Отгонбаярыг Д.Дамдинжамцтай бүлэглэн 2017 оны 02 сарын 09-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 2017 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын жагсаалтад багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 6 хэсэг зип лок түгжээ бүхий уутны хамт 56,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, 2017 оны 02 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Гэм буруугийн хувьд: Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бармтуудаар шүүгдэгч А.Отгонбаяр нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 2017 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын жагсаалтад багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 56,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, мөн өдрөө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Дамдинжамц нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: /хх-ийн 101-102/ “…Тэгээд Отгонбаяр ах 2017 оны 02 сарын 07-ны өдөр урагшаа явахаар боллоо намайг хамт явах уу гэж утсаар ярьсан. Тэгээд бид хоёр бөмбөгөрийн 8 шаргын тэнд уулзсан. Тэгтэл ахад нь 3 сая төгрөг байна чи өөрийнхөө хэрэгцээний мөсийг авахгүй юм уу гэхээр нь би найз Дэлгэрдалайгаас 1 сая төгрөгийг Отгонбаярын данс руу шилжүүлж авсан. Тэгээд бид хоёр 2017 оны 02 сарын 07-ны орой 22 цагийн үед Замын-Үүд рүү машинаар явсан. Бид хоёр 2017 оны 02 сарын 08-ны өглөө Замын-Үүд дээр очоод 08-09 цагийн үед хил онгойход хилээр урагшаа Хятад руу гараад цаашаа Бээжингийн унаанд суусан. Бээжинд орой 19-20 цагийн үед очсон. Бээжинд Жангум гэх газарт очоод Санлиатум гэх газраас нэрийг нь мэдэхгүй нэг хар хүнтэй уулзаж нийт 3.700.000 төгрөгөөр 5 хэсэг гялгар ууттай мөс гэх зүйлийг худалдаж авсан. Тэгтэл бонус гээд 1 гялгар ууттай мөс гэх зүйлийг хэрэглэдэг хуванцар савнууд, гуурснуудын хамт өгсөн. Тэгээд Отгонбаяр ах бид хоёр Бээжингээс Эрээний унаа явдаг газар руу орой 22 цагийн үед унаанд сууж явсан. Тэгээд 2017 оны 02 сарын 09-ний өдөр Эрээн хотод очоод Отгонбаяр ах бараа авах хүнтэй уулзана гээд би үүдэн дээр нь хүлээгээд буцаж гарч ирэхдээ өсгөгч авч гарч ирсэн тэгээд бид хоёр хамт Эрээний буудалд орсон. Тэгээд нөгөө өсгөгчийн ар талын батарей ордог хэсэгт нөгөө худалдаж авсан гялгар ууттай мөс гэх зүйлээ хийсэн. Бид хоёр буудалд байхдаа хэрэглэхэд хэрэглэгддэг хуванцар саванд худалдаж авсан мөснөөсөө нэг удаагийн хэрэглэхээр хэмжээтэйг шилэн гаанс шиг зүйлд хийж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь гуурсаар нь сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлгийг өгсөн байх ба шүүгдэгч Д.Дамдинжамцын 2017 оны 02 сарын 09-ний өдөр өгсөн тайлбар /хх-ийн 32/, 2017 оны 04 сарын 24-ний өдөр ял өөрчлөн сонсгож байцаасан тэмдэглэл /хх-ийн 217-218/ зэрэг нь хоорондоо зөрүүтэй, шүүх хуралдаан дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг гаргаагүй зэргээр дан ганц түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээр шүүгдэгч А.Отгонбаярыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “…яллагдагчийн мэдүүлэг…. дангаараа…. яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Түүнчлэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд /хх-ийн 3/ “Д.Дамдинжамцийн ачаа бараанаас Мөс нэртэй сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл илэрсэн” гэж тэмдэглэгдсэн, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах 0004022 тоот хуудас, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэгт шүүгдэгч А.Отгонбаярыг огт оролцуулаагүй, тэмдэглэл дээр гарын үсэг зуруулаагүй зэргээр шүүгдэгч А.Отгонбаяр нь уг хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч А.Отгонбаяр, Д.Дамдинжамцтай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн гэх санаа зорилго тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч А.Отгонбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан мөн энэ хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч А.Отгонбаярын шээснээс Шинжээчийн 1895 дугаартай дүгнэлтээр “…Авирмэдийн Отгонбаяр 1975.07.28 ЧГ75072815 21.05 цагт мөрдөн байцаагч Б.Шинэзориг гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрсэн” гэх дүгнэлт гарсан боловч уг мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Дамдинжамц нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 2017 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын жагсаалтад багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 6 хэсэг зип лок түгжээ бүхий уутны хамт 56,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2017 оны 02 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Дамдинжамц, А.Отгонбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд /хх-ийн 3/ “Д.Дамдинжамцийн ачаа бараанаас Мөс нэртэй сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл илэрсэн” гэх тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах 0004022 тоот хуудас, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Л.Баасанбатын “…Тэгээд ачаа тээшийг шалгах үед бор цаасан хайрцагтай явуулын өсгөгч дипүзерийн арын залгуур хийх онгорхой хэсгийг үзэхэд скочоор ороосон 6 хэсэг ууттай жижиг гялгар ууттай мөс мэт мансууруулах бодис байж болзошгүй хар тамхи мэт зүйлс гарч ирсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 1895 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Дамдинжамц нь үйлдсэн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дамдинжамцыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 хэсэг гялгар ууттай 50.4 грамм мөс, 7,5 см урттай шаргал өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 7,5 см урттай улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 6 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 5,5 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, сүүл хэсэг нь хугарсан шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, 33 см урттай өнгийн гуурс 2 ширхэг, ZN3859307 сер дугаартай Монгол улсын 100-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг устгах, “Temeisheng A8-2” гэх бичиглэлтэй бор өнгийн цаасан хайрцаганд хийгдсэн хар өнгийн 335х280х503 мм хэмжээтэй зөөврийн өсгөгч 1 ширхэгийг улсын орлого болгож, Д.Дамдинжамцын Е0961465 дугаарын гадаад паспорт 1 ширхэг, А.Отгонбаярын Е1297278 дугаарын гадаад паспорт 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Дамдинжамцад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Авирмэдийн Отгонбаярыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг /2015/ оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Доржжанцангийн Дамдинжамцыг /2002 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Доржжанцангийн Дамдинжамцыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч Доржжанцангийн Дамдинжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дамдинжамцад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дамдинжамцад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Дамдинжамцын цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялаас хасч, А.Отгонбаяр нь 59 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 хэсэг гялгар ууттай 50.4 грамм мөс, 7,5 см урттай шаргал өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 7,5 см урттай улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 6 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 5,5 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, сүүл хэсэг нь хугарсан шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, 33 см урттай өнгийн гуурс 2 ширхэг, ZN3859307 сер дугаартай Монгол улсын 100-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Temeisheng A8-2” гэх бичиглэлтэй бор өнгийн цаасан хайрцаганд хийгдсэн хар өнгийн 335х280х503 мм хэмжээтэй зөөврийн өсгөгч 1 ширхэгийг улсын орлого болгож, Д.Дамдинжамцын Е0961465 дугаарын гадаад паспорт 1 ширхэг, А.Отгонбаярын Е1297278 дугаарын гадаад паспорт 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

9. Шүүгдэгч Д.Дамдинжамц нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

10. Шүүгдэгч Д.Дамдинжамц, А.Отгонбаяр нарт 2017 оны 04 сарын 17-ны өдрөөс гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрийг хүчингүй болгосугай.

11. А.Отгонбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дамдинжамцад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Э.БОЛОРМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ОДОНТУУЛ

ШҮҮГЧ                                                              А.ЦЭРЭНХАНД