Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

 

“Э Ж Э М” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00358 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК-нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.С-, “Ч О И” ХХК-нарт холбогдох

 

Хөрөнгө оруулалтын үндсэн төлбөр 260 000 000 төгрөг, 6 сарын ашиг 300 000 000 төгрөг, төлбөр төлөгдөөгүй алданги 150 000 000 төгрөг, нийт 710 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                          Д.Ж

Хариуцагч                                                                                               Д.С-

Хариуцагч “Ч О И” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                                                                        Ц.Ц

Хариуцагч “Ч О И” ХХК--ийн өмгөөлөгч           Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                                   Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч "Ч О И" ХХК-ийн захирал Д. С нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №17/01 дугаар гэрээ байгуулж, “Э Ж Э М” ХХК--иас бэлнээр 260 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар авч, түүний ашиг болгон сар бүрийн 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг төлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар “Ч О И” ХХК--ийн захирал Д.С- нь эхний ээлжид үндсэн зээл 260 000 000 төгрөгийг нэн даруй төлөхөөр, түүний ашиг болох 50 000 000 төгрөгийг сар бүрийн 10-ны дотор багтааж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөгдөөгүй хоног бүрт 0,3 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож. гэрээний талууд үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. 45 хоногийн хугацаанд үйл ажиллагаанаас үл хамаараад 260 000 000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны дотор ашиг болох 50 000 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд тусгасан. 2016 оны 11 дүгээр сард төлсөн 50 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу ашигт тооцож авсан. 14 000 000 төгрөгөөр машин авсан гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хэрвээ манай шаардлагаар авсан бол хариуцагч тал өөрсдийн компанийнхаа нэр дээр авах байсан. Үйл ажиллагаагаа бидэнд тайлагнадаггүй байсан. Хариуцагчийн тайлбарт дурдагдсанаар 300 000 000 төгрөгийн ашигтай ажилласан болох нь тогтоогдож байна. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17/01 гэрээнд 17/05 гэрээний талаар огт тусгагдаагүй, энэ хоёр гэрээ хоорондоо шалтгаант холбоо байхгүй. Гэрээг цуцлах талаар ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй. Иймд хариуцагч “Ч О И” ХХК--ийн захирал Д.С-аас хөрөнгө оруулалтын үндсэн төлбөр 260 000 000 төгрөг, 6 сарын ашиг 300 000 000 төгрөг, төлбөр төлөгдөөгүй алданги 150 000 000 төгрөг, нийт 710 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн төлсөн 50 000 000 төгрөгийг 1 сарын ашиг гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Иймд үндсэн төлбөр 260 000 000 төгрөг, ашиг 250 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 660 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дамдин овогтой Сүхбаатар нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Э Ж Э М” ХХК--тай "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай гэрээ"-г “Ч О И” ХХК--ийг төлөөлж байгуулж байсан бөгөөд хувь хүний хувьд энэхүү гэрээтэй ямар ч хамааралгүй болно. Миний бие “Ч О И” ХХК--ийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос 2018 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. “Э Ж Э М” ХХК--аас 260 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч, нүүрсний уурхайгаас олох ашгаас сар бүр 50 000 000 төгрөг өгнө гэж тохиролцсон юм. Бид ажил гүйцэтгэх гурван компанитай гэрээ байгуулсан. 100 гаруй хүнийг хариуцан ажиллаж, 260 000 000 төгрөгийг зөвхөн байр, хоолны зардалд зарцуулсан. "Баян хүрээ хүн" ХХК-аас орж ирэх 110 000 000 төгрөг орж ирээгүй. Ашиг олох зорилготой байсан учраас эхний мөнгө орж ирээгүй ч бид хадгаламж зээлийн хоршооноос 60 000 000 төгрөгийг зээлээд эхний сарын 50 000 000 төгрөгийг төлсөн. "Б х" ХХК-аас мөнгө орж ирээгүй учраас бид мөнгөө төлж чадахгүй байсан. Бид 2 сар буюу 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажил эхлээд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил зогссон. “Б Х” ХХК- олборлосон нүүрсээ зарах гэж байгаа хүлээж бай гээд нийтдээ 100 гаруй хүн 30 гаруй техникийг 2018 оны 6 дугаар сар хүртэл хүлээлгэсэн. Нүүрсний уурхайн лиценз эзэмшигч нь "Бадмаараг хаш" ХХК байдаг. “Э Ж Э М” ХХК--ийн гүйцэтгэх захирал н.Нямдавааг уурхайн үйл ажиллагаатай танилцуулсан, хилээр гаргаж үйл ажиллагааг бүгдийг нь танилцуулж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 25 000 000 төгрөгийг нийт 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд ашиг олж чадаагүй учраас үндсэн төлбөр 260 000 000 төгрөгөөс хасагдах ёстой юм. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу бид 17/05 гэрээг танилцуулсан. Үүний дараа "Ди И Ти" ХХК, "Мөнхшашир хүрд" ХХК-тай байгуулсан гэрээг бүгдийг нь танилцуулсан. Утсаа авахгүй алга болсон гэж ярьж байна. Би гүйцэтгэх захирал н.Нямдаваа гэдэг хүнтэй бараг өдөр болгон утсаар холбогддог байсан. Би “Э Ж Э М” ХХК-дээр 4-өөс 5 удаа очиж уулзаж байсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бид Эрдэнэцагаан сумын урд байрладаг Улиастай гэдэг хотод очиж, тооцоо хийсэн. Энэ бүгдийг танилцуулж, гүйцэтгэх захирал н.Нямдаваа томилолтын мөнгө өгөхгүй байна, 260 000 000 төгрөгөөсөө зардлаа гаргаад яв гэсэн гэж ярьдаг байсан. Орсон орлого гарсан зарлага бүгдийг бид нотлох баримтаар нотлогдож байгаа. “Б Х” ХХК--аас орж ирсэн мөнгө 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш орж ирсэн мөнгө. 50 000 000 төгрөгийг өгөхдөө хадгаламж зээлийн хоршооноос зээлж өгсөн мөнгө учраас 260 000 000 төгрөгөөс хасагдах учиртай мөнгө юм гэжээ.

 

Хариуцагч “Ч О И” ХХК-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч гэх компанитай гэрээ байгуулахын өмнө нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК-нь манай компаниас Сайн Хөөврийн нүүрсний уурхайд хөрс хуулах, нүүрс олборлох тухай, хөлс төлбөр авах тухай гэрээг " Б Х" ХХК-тай байгуулсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЭБ-17\05 тоот гэрээ, мөн хөрс хуулах, нүүрс олборлох ажлыг гүйцэтгэх тухай "Д И Т" ХХК-тай байгуулсан гэрээг хуулбарлуулан авч танилцсан. Энэхүү гэрээг үндэслэн “Э Ж Э М” ХХК-нь түрээсийн тоног төхөөрөмжийн урьдчилгаа хөлс төлөх, тоног төхөөрөмжийг уурхай руу тээвэрлэн хүргэх хөлс болох 260 000 000 төгрөгийг гарган ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулж, хамтран ажилласныхаа төлбөрт өөрт ашигтай гэрээг манай компанитай байгуулахаар болсон. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Э Ж Э М” ХХК--тай "Хөрөнгө оруулан хамтран ажиллах тухай" 17/01 тоот гэрээг байгуулан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь " Б" ХХК-ийн эзэмшилд байх тусгай зөвшөөрлийн талбай Сайн Хөөврийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг хамтран хийж ажлын хөлсөнд орж ирэх мөнгөнөөс талууд харилцан ашиг олохоор тохиролцсон болно. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэгт заасныг баримтлаад ашиг олох үүднээс байгуулсан. Гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч тал хэт давуу байдлыг өөртөө авсан гэрээ байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хөрс хуулалтын анхны орлого орж ирсэн өдөр ашгийг төлөхөөр зааж өгсөн. Энэ гэрээний ашиг олох гол үндэслэл бол 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ юм. “Б Х” ХХК--иас 300 000 000 төгрөг орж ирсэн. 2017 оны 11 дүгээр сард "Арвин дэм" ХЗХ-ноос 5 удаагийн үйлдлээр 60 000 000 төгрөг, “Э Ж Э М” ХХК--аас 260 000 000 төгрөг, нийт 626 000 000 төгрөгийг авсан байсан. Уг 626 000 000 төгрөгийг техник тоног төхөөрөмж, уул уурхайн машин зэргийг түрээслэхэд зарцуулсан. Нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээний хэвийн нөхцөл байдлыг хангахын тулд машин авъя гээд 14 000 000 төгрөгөөр жил худалдаж авсан. Нэхэмжлэгч тал биднээс хамтран ажиллаж хяналт тавьж байгаа учраас томилолтын зардал хэрэгтэй гээд томилолтын зардлыг шаардсан. Томилолтын зардалд 12 000 000 төгрөгийг төлсөн нь баримтуудаар тогтоогдож байгаа. Ажиллах хүчний зардалд 115 800 000 төгрөг, нийт 633 300 000 төгрөгийг зардалд гаргасан. Гэтэл 17/05 гэрээний үүргийн гүйцэтгэлд ердөө 300 000 000 төгрөг л орж ирсэн. Бид ашиг олоогүй учраас 210 000 000 төгрөгөө төлөөд эвлэрье гэх саналыг тавьсан байдаг. Бид хамтран ажиллах гэрээг цуцлах саналыг тавьсан боловч үгүй гэх хариуг өгсөн. Гэрээ бол ашиг олох үүднээс байгуулагдсан байдаг. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хөрс хуулалтын анхны орлого орж ирсэн өдөр гэдэг нь 17/05 гэрээг хамааруулж ойлгож байгаа юм. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр гэж заасан. Зорилго нь юу вэ гэхээр хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, ашиг олох юм. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэж байна. Учир нь бидний буруугаас болоогүй. Гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй ч нөгөө талын буруугаас болоогүй бол шаардах эрхгүй. Ямар ч ашиг орлого байхгүй икс тайлантай компаниас ашгийн төлбөр нэхээд байгаа нь үндэслэлгүй юм. Тодорхой хэмжээний зарлага, гүйлгээ хийсэн байгаа ч түүнийгээ тайландаа тусгасан. Ашиг олоогүй тул нэхэмжлэгчид ашгийн мөнгө өгөх үндэслэлгүй, нэхэмжлэгч талд шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй тул үндсэн төлбөрийн 210 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч О И” ХХК--иас 260 000 000 /хоёр зуун жаран сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК--д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 400 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.С-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 707 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч О И” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 1 457 950 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК--д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь хуулийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж, хууль бус дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хэт нэг талын байр суурийг хамгаалж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч, нэхэмжлэгч нар нь сайн дурын үндсэн дээр ашиг олох зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №17/01 дугаар “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээ нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал шүүх нь гэрээний "4.6-д Хөрөнгө оруулагч талд төлөх сарын ашиг 50 000 000 төгрөгийг Гүйцэтгэгч талын ашигтай ажиллах эсэхээс үл хамааран гүйцэтгэгч тал хүлээнэ" гэсэн заалтыг буруу тайлбарлаж, буруу дүгнэлт гаргасан. Хариуцагч нь тал нь үйл ажиллагаа явуулж эхний ээлжид 300 000 000 төгрөгийн ашигтай ажилласан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй хөрөнгө оруулалтын 260 000 000 төгрөгийг гэрээний 4.3-д зааснаар "Хөрөнгө оруулагч талаас оруулсан мөнгийг хөрс хуулалтын анхны орлого орж ирсэн үед хамгийн эхэнд төлөх үүрэг хүлээнэ" гэсэн заалтыг ноцтой зөрчиж, олсон орлогоо хөрөнгө оруулагч талд тайлагнахгүй дур мэдэж, өөр ашиг олох зорилгоор ашигласан нь хариуцагчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байхад үүнийг дүгнэхгүй буруу шийдвэр гаргасан. Мөн хариуцагч тал нь эхний ашиг болох 300 000 000 төгрөг орж ирмэгц гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагч талд тайлагнаж, гэрээг цуцлах хүсэлт гаргах эрх нь байсаар байтал өөр ашиг олох зорилгоор гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй мөнгийг захиран зарцуулсан нь хариуцагч талын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх үнийг үнэлж, дүгнэхгүй хэт нэг талын байр суурийг хамгаалж илт хууль бус шийдвэр гаргасан. Гэрээний талууд төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд, гэрээний хариуцлага болгон төлбөр төлөгдөөгүй өдөр бүрийн 0,3 хувийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал холбогдох хуулийг хэрэглэхгүй хууль бус шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээнд заасны дагуу 5 сарын ашиг 250 000 000 төгрөг, төлбөр төлөгдөөгүй алданги буюу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй 125 000 000 төгрөг нийт 375 000 000 төгрөгийг хариуцагч “Ч О И” ХХК--аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК-хариуцагч Д.С-, “Ч О И” ХХК--д холбогдуулан хөрөнгө оруулалтын үндсэн төлбөр 260 000 000 төгрөг, 6 сарын ашиг 300 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 710 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч үндсэн төлбөрт 210 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн төлбөр 260 000 000 төгрөг, 5 сарын ашиг 250 000 000 төгрөг, алдангид 150 000 000 төгрөг, нийт 660 000 000 төгрөг болгожээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Э Ж Э М” ХХК-нь хариуцагч “Ч О И” ХХК--тай 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай” 17/01 тоот гэрээг байгуулж, хөрс хуулалтын ажилд гарааны мөнгө болох 260 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 өдрийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлэх, оруулсан мөнгийг анхны орлого орж ирсэн үед буюу ойролцоогоор 45 хоногийн дараа төлөх, хөрөнгө оруулагч талд төлөх сарын ашиг болох 50 000 000 төгрөгийг сар бүрийн 10-ны дотор төлөх, хугацаа хожимдуулсан тохиолдолд алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

            Дээрх гэрээнд заасны дагуу “Э Ж Э М” ХХК-нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Ч О И” ХХК--ийн Хаан банкны 5175024356 тоот дансанд 260 000 000 төгрөгийг шилжүүлсэн, мөнгө шилжүүлсэн асуудлаар зохигчид хэн аль нь маргаагүй байна.

 

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. 

 

            Хуульд зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг, мөн хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцдаг. Харин нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагад хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 260 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага 45 хоногийн дараа буцаан төлөх, тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан “хамтран ажиллах” гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч байгууллага ашиг олох эсэхээс үл хамааран мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр тохиролцсон байна. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Харин талууд зээлийг буцаан төлөх нөхцөлийн хувьд зээлийн хүүгийн хэмжээг нарийвчлан тодорхойлсон зүйл байхгүй байх тул хүүгийн талаар тохиролцсон гэж үзэхгүй.

 

            Гэрээний 4.7-д зааснаар талууд төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд гэрээний хариуцлага болгон төлбөр төлөгдөөгүй өдөр бүрийн 0,3 хувийн алданги тооцох ба алдангийн хэмжээ нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй болно гэж заасан энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцсэн байна.   /хэргийн 1 дүгээр хавтас 3-4 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд зээлийн гэрээний үндсэн үүрэг, алданги шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК-нь хариуцагч “Ч О И” ХХК--аас гэрээний үүргээ шаардах эрхтэй болно.

 

            Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн шилжүүлсэн 260 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул үндсэн төлбөрт 210 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

            Хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй байх тул талуудын тохиролцоог үндэслэн хоногт 0,3 хувийн алдангийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Алдангийн нийт хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиас хэтрэхгүй байна. Хариуцагч байгууллагаас үндсэн үүрэг болох 210 000 000 төгрөгийн 50% болох 105 000 000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд мөнгийг буцаан төлөх хугацааг 45 хоногоор тогтоосон түүнчлэн хариуцагчийн үйл ажиллагаа амжилтгүй болсон талаарх нотлох баримтыг ирүүлсэн байх тул алдангийг бууруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж 52 500 000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иймд хариуцагч “Ч О И” ХХК--аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 210 000 000 төгрөг, алдангийн 52 500 000 төгрөг, нийт 262 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК--д олгохоор шийдвэрлэлээ. Харин шүүх хариуцагч Д.С-ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хуваариа хариуцах этгээд биш гэж үзсэн нь зөв байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоос алдангийн талаарх гомдлыг хангах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00358 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар “Ч О И” ХХК--аас 262 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 500 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.С-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 1 457 950 төгрөг”  гэснийг “ ...1 470 450 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Ж Э М” ХХК--аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 032 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО