Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

2025       04         15                                           2025/ШЦТ/85

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0052/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

Улсын яллагч Д.********,

Хохирогч М.********,

Шүүгдэгч М.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********** ********эд холбогдох 2439006160011 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******** нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой 21:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, к28-13 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.********гийн толгой хэсэгт 1 удаа цохих, 2024 оны 08 сарын 17-ны өглөө 10:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, к28-13 тоот гэртээ хамтран амьдрагч М.********гийн "залгаад байхад гар утсаа авсангүй" гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүнтэй хэрүүл хийж, ор луу түлхэж унагаах, 2024 оны 10 сарын 18-ны өдөр 10:00 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг, к28-13 тоот гэртээ хамтран амьдрагч М.********гийн гарыг мушгих, 2024 оны 11 сарын 27-ны орой 17:00 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 3 дугаар баг к28 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхрын шатан дээр үсдэх, цээж рүү нь 1-2 удаа түлхэх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.******** нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой 21:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, к28-13 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.********гийн толгой хэсэгт 1 удаа цохих, 2024 оны 08 сарын 17-ны өглөө 10:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, к28-13 тоот гэртээ хамтран амьдрагч М.********гийн "залгаад байхад гар утсаа авсангүй" гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүнтэй хэрүүл хийж, ор луу түлхэж унагаах, 2024 оны 10 сарын 18-ны өдөр 10:00 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг, к28-13 тоот гэртээ хамтран амьдрагч М.********гийн гарыг мушгих, 2024 оны 11 сарын 27-ны орой 17:00 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 3 дугаар баг к28 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхрын шатан дээр үсдэх, цээж рүү нь 1-2 удаа түлхэх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь шүүгдэгч М.******** гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хохирогч М.********гийн биед байнга халдаж зодсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.******** гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч М.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Бид 2024 оны 02 дугаар сараас эхлэн манай гэрт хамтран амьдарч байсан. Бид 12 сар хүртэл хамтран амьдарч байсан. Хамгийн анх 3 дугаар сард утсыг маань хагалчихаад, миний биед гуя, хөл маань маш их хөхөрч байсан. Тэгээд би утасгүй болсон болохоор гадаа гараад машинаар дайрах гэж байсан, тэгэхээр нь би айгаад дуудлага өгч байсан. Тэгж дуудлага өгөөд тэр үед 7 хоног баривчилгаанд явж байна. Тэр үед би эмнэлэгт үзүүлээгүй.

2024 оны 09 дүгээр сард Хэнтий зар дээр өөрөө лайв хийгээд энэ халдвартын эмч гээд намайг маш их хэл амаар доромжилж бичлэг хийж тавьсан байсан. Тэгээд дараа нь 10 дугаар сард гэртээ хоёулаа байж байсан чинь намайг газар савж унагаагаад, зодоод байсан. Хэл амаар маш их доромжилсон. Намайг байнга чамайг яаж дарамтлах уу яах уу гэж байнга дарамт үзүүлдэг байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд 10 сард 14 хоног баривчилгаанд явж байсан. Энэ үед би эмнэлэгт үзүүлээгүй. Бие маань жаахан шалбарсан байсан.

Тэгээд 10 дугаар сараас хойш 12 дугаар сарын 17-ны үед манай гэрт ирээд биед маань халдаад хацар амыг маань зулгаагаад байсан, тэгээд хэд хоног миний хацар хавантай, хөндүүр л яваад байсан. Эмнэлэгт бол үзүүлээгүй. Хөнгөн л шарх гэж бодоод үзүүлээгүй байгаа.

Миний биед бол том, жижиг хэмжээгээр гар хүрээд байдаг. Тэгээд гудамжаар миний нэр төрийг гутаагаад хашхираад яваад байсан. Тэгээд 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг хамар луу маань 2, 3 цохиод, нүдний шилийг маань аваад хугалчихсан, надаас мөнгө нэхээд намайг зодоод байдаг. Мөнгө л өгөхгүй бол миний эд материалыг эвдээд, хэл амаар доромжлоод, миний нэр төрд маш ихээр халддаг. Би 4 удаа машиныхаа бичиг баримтыг ураад шинээр авсан, миний эд хөрөнгө, үнэ цэнтэй гэсэн зүйлүүдийг бүгдийг урж, тастаад үгүй хийгээд байна.

Тэгээд 11 дүгээр сарын 20-диор миний Samsung S8 маркийн гар утсыг, надаас 50,000 төгрөгийг шилжүүлж аваад, нүдний шилийг маань эвдээд явчихсан.

Тэгээд ******** нь өөрөө өөр эмэгтэйчүүдтэй явалдаад нийлж намайг муулж, нэр төрд халдаад байгаа. Надаас байнга мөнгө нэхнэ, миний биед халдана. Эд материалуудыг минь үгүй хийнэ. Мөнгө өгөхгүй бол намайг маш их дарамталдаг. Тэгээд өөр эмэгтэй хүмүүстэй чатлаж, уулзаж манай гэрт очоод байх шиг байна. Надад маш их хэцүү байна. Би хууль дүрмийнх нь дагуу шийдүүлмээр байна. Хамт амьдрах хугацаандаа надаар байнга тэжээлгэдэг байсан, надаас байнга мөнгө авдаг байсан. Тэгээд одоо хүртэл байнга мөнгө нэхээд байна. Миний утсан дээр өөр эмэгтэйтэй чаталсан чат нь хүртэл байгаа. Энэнээс цааш юу ч болох юм билээ хуулийн байгууллагад хандсан дээр юм байна гэж бодсон. Одоо миний машиныг эвдчихсэн. Би өрөнд ороод л сууж байна. Энэ бүх мөнгө, төгрөгөө гаргуулж авмаар байна.

   Эрдэнэ суманд 11 дүгээр сард хөдөө хээр газар намайг зодчихоод машинаас буугаад яваад өгсөн, тэгээд би машинтайгаа хөдлөөд Хэнтий аймаг руу явж байгаад зам тээврийн осолд орсон. Би ингэж осолд орсон маань ******** гэх хүнтэй маш их хамааралтай гэж бодож байна. Маш их сэтгэл санааны дарамтанд орж байна. Одоо хохирлуудаа бүгдийг нь нөхөн төлүүлээд, бие махбод сэтгэл санаагаараа тайван баймаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

 

2.Гэрч С.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг К28-13 тоотод амьдардаг бөгөөд ********, ******** 2 нь гэр бүл болоод 1 жил орчим болж байгаа. ******** нь гаднаа даруу төлөв боловч огцом ууртай, ширүүн дориун зантай мөртлөө маш зальжин зантай. ******** нь ********тай хамт амьдарч байхдаа дуртай үедээ цуг амьдраад дургүй үедээ Улаанбаатар хот руу Налайх дүүрэг рүү явчихдаг ******** 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр над руу залгаад байрныхаа орцны 3 давхарт шатан дээр үсдэж цохисон гээд уйлаад надад хэлэхээр нь би яаж байгаа юм цагдаад хэлээч гэсэн чинь утсаа тасалчихсан. Тухайн үед цагдаад мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Ер нь цуг байхад ********г харцаараа хөдөлгөж удирдаад өндөр дуугаар харьцдаг. Ер нь ярилцаад сууж байгаад жоохон юм дээрээс огцом далайгаад больж байхыг нь харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

 

3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогч М.********д хийсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

 

4.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/293 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 67-70-р хуудас/,

 

5.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1358 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 71-73-р хуудас/,

 

6.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/1848 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 74-77-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч М.********, хохирогч М.******** нар хамтын амьдралтай байгаа нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх  тул тэдгээрийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид гурав ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

 

Хохирогчийн биед халдах үйлдэл нь үсдэх, алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэргээр хүний бие махбодид өвдөлт, зовиур мэдрүүлсэн аливаа үйлдлээр илэрдэг.

 

Шүүгдэгч М.******** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч хохирогч М.********г байнга буюу 3 түүнээс дээш удаа биед халдаж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн шинжийг хангажээ. 

 

Иймд шүүгдэгч  М.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

         Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

          Шүүгдэгч М.********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.********эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.******** нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********** овгийн ********* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.********ийг 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.********эд оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч М.********эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.********эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.ЭНХБААТАР