| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0997/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1167 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
Улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С т холбогдох эрүүгийн 2503000980323 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Доржийн гудамж, КТМС-ийн урд замд явган хүний гарцан дээр 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд “Hyundai Starex” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н , Н.М нарыг мөргөж, М.Н гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Н.М гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Д.С нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Доржийн гудамж, КТМС-ийн урд замд явган хүний гарцан дээр 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд “Hyundai Starex” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н , Н.М нарыг мөргөж, М.Н гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Н.М гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн осол болох өдөр ээж Н гийн хамт ... тоотод байдаг гэрээсээ нэгж авах гээд оройны 18 цагийн орчимд гарсан. Явах замдаа КТМС-н урд талын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал баруун талаас нэг том машин ирээд бид хоёрыг мөргөчихсөн. Тэгээд бид хоёр газарт унасан. Мөргөсний улмаас миний ухаан балартсан бөгөөд 2 хөл өвдөж байсан. Удалгүй түргэн тусламж ирж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Хохирогч М.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн төрсөн охин М гийн хамт ... тоотод байдаг гэрээсээ оройны 17 цагийн орчимд нэгж авах гээд дэлгүүр явсан. Явах замдаа КТМС-ийн урд талын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал саарал өнгийн Hyundai starex маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний баруун ташаа руу автомашины зүүн урд хэсгээрээ ирээд мөргөчихсөн. Мөргөсний улмаас манай охин цааш шидэгдэж, би машин доогуур орсон. Тэгээд тэр машины доороос мөлхөөд гараад иртэл нэг цагдаа ирсэн байсан. Улмаар түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирж охин бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Очоод үзүүлтэл миний баруун гар хугарсан байсан. Харин манай охины хоёр хөл нь зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Дараа нь цагдаа дээр очсон. ...Мөргөсөн жолооч эмчилгээний зардалд 520,000 төгрөг төлсөн. Ажилгүй байх хугацааны цалин нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Hyundai starex маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин. ...2023 онд би ... гэдэг нэртэй компанид ажилладаг байсан. Манай захирал хүүхэд зөөх машин авчих гээд 2023 онд хувь хүнээс авсан. 2024 оны 06 сард ажлаасаа гарсан бөгөөд нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 33 дугаар тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2212 дугаартай: “...М.Н гийн биед баруун сарвууны чигчий хурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/,
Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0000349 дугаартай: “...Явган зорчигч Н.М , М.Н нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Hyundai starex маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 64 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний эсрэг урсгалд зогсож байсан машин хөдлөөд явахаар нь гарцаар гарч байсан бүх хүн гарчихлаа гэж бодоод хөдөлтөл миний зүүн гар талаас 2 хүн гэнэт гараад ирсэн. Харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч тэр хоёр хүнийг машины зүүн урд их гэрлийн хэсгээр мөргөөд зогссон. ...Би бүх хохирлыг барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.С нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Доржийн гудамж, КТМС-ийн урд замд явган хүний гарцан дээр 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд “Hyundai Starex” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н , Н.М нарыг мөргөж, М.Н гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Н.М гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.С нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2212 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж;
Мөн мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0000349 дугаартай: магадлагаанд: “...Hyundai starex маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тус тус дурджээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.С ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.С ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт “...жолооч миний гомдлыг бүрэн гүйцэд барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг /хх-89/ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Н.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба тус гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.С нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 84 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож;
-Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С т оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М нь тус гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН