| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
2025 05 02 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0098/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*********,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*********,
Шүүгдэгч Э.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********** овогт ******* *****д холбогдох 2539001040077 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.***** нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт 16-61 ХЭА улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрх үйл баримтаас үзэхэд Э.***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.***** гэм буруутай болох нь:
1. Эрх бүхий албан тушаалтын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 10-ны орой эргүүлийн цагдаа, дэд ахлагч С.********** хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-7 тоотод согтуу хун машин бариад ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу очсон. Гэтэл тус хашаанд 16-61 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байдалтай унтраалттай байсан.... Тэр үед нь уг хашаанд байсан айл руу ороход олон хүүхдүүд хүмүүс шуугилдаад байхаар гэрийн эзэнтэй нь уулзаад 16-61 ХЭА улсын дугаартай цагаан енгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хэн барьж ирсэн бэ гэж асуухад ***** гэдэг хүний машин байгаа юм миний машин биш гэж хэлсэн. Мөн ***** манайд бидэнтэй хамт архи ууж сууж байгаад орой хүүхдүүдээ авахаар яваад сая ирсэн. Гэхдээ гэрээр шагайж харчихаад буцаад гарч явсан хаашаа явсанг нь мэдэхгүй гэж хэлсэн. Түүний дараа эргүүлийн цагдаа, дэд ахлагч С.********** бид хоёр тус айлын эзнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар авч яваад буцаагаад гэрт нь очсон чинь хашааны булангаас нэг эрэгтэй хүн буюу 16-61 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн харэгслийн жолооч /***** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүрч ирэхээр нь эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгаж үзэхэд 2.28% хувийн согтолттой гарсан. Мөн ***** нь би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй машинаа айлд үлдээгээд гэртээ ороод 1 том пиво уусан гэж хэлсэн. Гэвч тус машин байсан айлынх нь хүмүүс *****г өөрөө согтуугаар машинаа барьж яваад хашаанд оруулж ирж орхисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
3.Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээр Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах "Од" нэртэй дэлгүүрийн урд талын төв засмал замд хөдөлгөөнд оролцож байх үед миний зүүн гар талаар нэг тээврийн хэрэгсэл /дараа нь дугаарыг нь харахад 16-61 ХЭА усын дугаартай Приус-20 маркийн цагаан өнгөтэй автомашин/ намайг мөргөх шахаад хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгээд миний урд талд гарч яваад урд явж байсан машиныг мөргөчих шахаад замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэр үед нь би 16-61 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн цагаан өнгөтэй автомашины жолоочийг согтуу байгаа юм байх гэж бодоод араас нь дагаж явсан чинь нөгөө машин огцом, огцом тооромсолж яваад байхаар нь би өөрийнхөө машинтай араас нь дөхөж очоод гэрлээрээ дохиж, сигнал дарсан чинь нөгөө машин зогсохгүй тэр чигтээ яваад гэр хорооллын гудамж руу буюу "Од" гэх дэлгүүрийн замын зүүн талын гудамж руу орж яваад зогсохоор нь би машинаасаа бууж очиж жолоочтой нь уулзсан чинь нөгөө жолооч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд нилээн их согтчихсон, хоёр бага насны хүүхэд суулгачихсан явж байхаар нь та ийм байдалтай замын хөдөлгөөнд оролцож болохгүй ээ, та машин тэрэг мөргөж аваар осол гаргалаа шдээ гэж хэлээд машиныг нь унтраахаар цонхоор нь гараа оруулж товчлуурыг нь дарсан чинь унтраахгүй байхаар нь тулхүүрийг нь сугалж авах гэсэн чинь авагдахгүй болохоор нь та түр хүлээж бай, би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байгаа гэж хэлсэн чинь нөгөө жолооч /цэнхэр куртиктэй өндөр ах *****/ нь шууд машинтайгаа хөдлөөд зугтаагаад явчихаар нь би тус тээврийн хэрэгслийн араас нь гар утсаараа бичлэг хийгээд машинтайгаа дагаж явсан гэтэл нөгөө жолооч /*****/ зугтааж, машиныхаа гэрэлээ унтрааж явсаар байгаад Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-75 тоот хашаа руу орж зогсоод машинаасаа буух үед нь бас гар утсаараа бичлэг хийсэн. Ер нь бол ийм л асуудал болсон учраас би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Уг жолооч ***** нь машинаасаа буугаад явах үедээ хөл дээрээ тогтож чадахгүй гуйвсан байдалтай байсан. Мөн надтай ярих үедээ хоёр хүүхдээ айлаас аваад явж байна л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
4.Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл. /хх-ийн 49-50-р хуудас/,
5.Жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тодорхойлсон жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 48-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Э.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан ““Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан ““Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, төрийн байгууллагад хохирол учраагүй тул шүүгдэгч Э.*****г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******** овгийн ********** *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*****г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*****д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*****д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.*****д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
8.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР