| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00226/И |
| Дугаар | 152/ШШ2022/00253 |
| Огноо | 2022-05-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2022/00253
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх
Нэхэмжлэгч: Б ургийн овогт Г-гийн Л-гийн,
Хариуцагч: УАШҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1970 онд төрсөн, 52 настай. Би 2014 онд Завхан сумын шууданчаар анх ажилд орсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл 9 дэх жилдээ ажиллаж байна. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дарга манай гэрт ирээд ажлаа өг гээд миний ажлыг булааж авсанд гомдолтой байна. Надад урьд өмнө ямар нэг мэдэгдэл өгөөгүй шууд ажлаас чөлөөлсөн. Учир нь дарга намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх зүйлд заасныг баримталж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа ба уг хуулийн заалтад талууд харилцан тохиролцсон гэж заасан байна. Надад шуудан үйлчилгээний газрын даргатай тохиролцсон зүйл огт байхгүй. Манай байгууллагын дарга намайг ажлаа өг гэж байнга шаардаж дарамталсаар байж ажлаас минь ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлсөнд туйлын гомдолтой байна. Би олон хүүхэдтэй, 52 настай, оюутан хүүхэдтэй гэдгээ даргад танилцуулж байсан бөгөөд би ядаж 55 нас хүртэл ажлаа хийнэ гэдгээ хэлж байсан. Байгууллагын дарга дураараа аашилж, эрх мэдлээ ашиглан намайг хохироосонд гомдолтой байна. Би 2014 онд Завхан сумын шууданчийн ажилд томилогдсоноос хойш ажлаа ямар нэг дутагдал доголдол гаргахгүйгээр маш хариуцлагатай гүйцэтгэж байсан билээ. Би оюутан хүүхэдтэй учир цалингийн зээл банкнаас авсан бөгөөд зээл маань дуусаагүй байсан. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Увс аймгийн Завхан сумын шууданчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л нь Увс аймгийн Завхан сумын шууданчаар ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 50 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа учир ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлтийг надад гаргасан. Түүний хүсэлтийн дагуу миний бие 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу Завхан сумын шууданчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингээд Г.Л нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Үүний дараа нэхэмжлэгч өөрийнх нь ажиллаж байсан ажлын байранд шинээр хүн авах хүртэл хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэж баймаар байна гэж надаас гуйсан. Миний бие Г.Л-г олон жил энэ салбарт ажилласан, олон хүүхэдтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан ч гэсэн ажилтан маань байсан тул амьдралын нөхцөл байдлын харж үзээд Г.Лгийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар Завхан сумын шууданчийн ажилд шинэ шууданч авах хүртэл түр хугацаагаар ажилд авсан. Энэ нөхцөл байдлаа өөрт нь хэлээд өөрөө бас зөвшөөрөөд түр ч боловч ажлаа хийхээр боллоо, баярлалаа гээд манай өрөөнөөс гарч байсан. Нэхэмжлэгч нь Завхан сумын шууданчийн ажилд түр хугацаагаар ажиллаж байсан. Ингээд тус ажлын байранд шинээр ажилтан авах болсон тул Г.Л-гийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч УАШҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч С.Б Миний бие Г.Л-ийн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу түүнийг Завхан сумын шууданчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улмаар нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар Завхан сумын шууданчийн ажилд шинэ шууданч авах хүртэл түр хугацаагаар ажиллуулж байсан. Ингээд тус ажлын байранд шинээр ажилтан авах болсон тул Г.Л-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
УАШҮГ-ын ахлах менежерийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул Г.Л-ийн хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс цуцалсан бөгөөд үүгээр уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.
Улмаар УАШҮГ-ын ахлах менежерийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Г.Л-г 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс шинээр шууданч авах хүртэл хугацаагаар түр ажиллуусан байх ба энэ үеэс зохигчдын хооронд шинээр хөдөлмөрийн харилцаа үүсчээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч нь ажилтан Г.Л-тэй хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах үүрэгтэй тул хариуцагчийн Г.Л-тэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хуучин хөдөлмөрийн гэрээгээр явж байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан тул хариуцагч нь ажилтан Г.Л-тэй хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулаагүй нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үндэслэл болохгүй юм.
Улмаар УАШҮГ-ын ахлах менежерийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр Г.Л-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Монгол шуудан ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4, 7.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Г.Л-г 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс Завхан сумын шууданчийн ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д Талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор, Монгол шуудан ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т ажил хүлээлцэх, 7.5-д ажлаас чөлөөлөгдсөн ажилтантай тооцоо хийх талаарх заалтуудыг тусгасан байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
УАШҮГ-ын ахлах менежер С.Б нь Г.Л-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг баримталсан байх боловч хэрэгт авагдсан баримтууд болон талуудын гаргасан тайлбараас дүгнэхэд талуудыг харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Г-ийн Л-үг Увс аймгийн Завхан сумын шууданчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Л-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Г-ийн Л-г Увс аймгийн Завхан сумын шууданчийн ажилд эгүүлэн ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Л улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ